Ан амьтад ичээнээсээ гарч, байгаль дэлхий өнгөө сэргээж, энэ өдрийн өнгөөр ирэх улирлын өнгийг шинждэг "Ханш нээх" өдөр өнөөдөр тохиож буй. Өнөөдөр бол билгийн тооллын Хаврын дунд улаагчин туулай сарын Шинийн 25-ны билигт сайн өдөр бөгөөд аргын тооллын дөрөвдүгээр сарын 04-ний өдөр. Иймд эл өдрийг Монголчууд хэрхэн бэлгэддэг талаар МБШТ Гандантэгчэнлин хийдийн Зурхайч лам Ч.Очирбатаас тодрууллаа. Тэрбээр,
"Энэ жилийн хувьд Ханш нээх өдөр нь аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр тохиож байна. Билгийн улирлын тооллоор хаврын дунд сарын шинийн 25 таарч байна.
Ханш нээх өдрийг "Гэгээн тунгалгийн өдөр" хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хорвоо дэлхий гэгээн тунгалаг болж, ус агаар, байгаль дэлхий, газрын өнгө гээд бүх зүйл цэвэр цэмцгэр байдаг гэж Бурхны ном сударт үздэг. Жилийн дөрвөн улирлыг хуваагаад 24 улирал болдог. 24 улирлын нэг нь "Ханш нээх" улирал байдаг. Мөн ханш нээх улиралд хүмүүс тариа ногоогоо тарьж, газар, хөрсөө бэлддэг гэж үздэг.
Мөн ханш нээх өдрөөр Монголчууд үхэгсдийн газраар явах нь элбэг байдаг. Угтаа бол энэ өдөр бурхан болоочдын газар очдог, талийгаачдын газрыг эргэдэг ёс байхгүй. Энэ нь бурхны номд ч бас байдаггүй" хэмээв.
Ханш нээх өдөр юуг бэлгэддэг вэ
Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай бөгөөд газар шороо гүйцэд гэсэж, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирж буйг билэгддэг байна.
Энэ өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно гэж үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн амьтад нүхнийхээ ам руу харж хэвтдэг аж. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг байна. Мөн шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж гэж үздэг бол хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг.
Ханш нээх өдрөөр малчин түмэн ямаагаа самнаж, адууныхаа дэлийг засдаг
Ханш нээх өдрөөр малчид ямааныхаа ноолуурыг самнаж, хонь малынхаа хашаа хороог цэвэрлэдэг байна. Мөн адууныхаа дэлийг засаж, хязаалан үрээг хөнгөлдөг аж. Тийм ч учраас унаганд нь уяашуулж, дааганд нь давтуул, шүдлэнд нь шүттүгэй, хязааланд нь хөнгөлж өднөөс хөнгөн сумнаас хурдан, хүлэг болтугай хэмээн ерөөдөг гэнэ.
Ханш нээх өдрөөр зул өргөвөл сайн
Ханш нээх өдрөөр элдэв цээр байдаггүй ч зул өргөх нь сайн хэмээн үздэг. Учир нь зул бол гэрэл гэгээ, гал, хүч, дулаан гэсэн утгыг илэрхийлдэг гэх бөгөөд буддын шашны тахилын зан үйлд чухал байр суурь эзэлдэг. Мөн зулыг билиг ухааны билэг тэмдэг болгон тахилд өргөж, мунхаг муу сэтгэлийг арилган таслах гэрэл гэгээ хэмээн үздэг байна.
Ч.Очирбат: “Ханш нээх“ өдөр бурхан болоочийн газрыг эргэдэг ёс байхгүй pic.twitter.com/M7ZhBx814m
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) April 4, 2024