Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу ирэх сонгуулийн дараа 126 гишүүнтэй шинэ парламент бүрдэнэ. Уг өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын дэгийн тухай хуулийг, УИХ-ын тухай хуулийг шинэчлэх ажлыг эрх баригчид тэргүүтэй энэ парламент хийх гэж байна. Товчхондоо 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагаа хэрхэн явагдах вэ гэсэн нарийн зохицуулалтыг хийнэ гэсэн үг. Тэгвэл эдгээр хуулийн өөрчлөлтийн хүрээнд тусгагдсан онцлох зарим заалтуудын талаар товчхон өгүүлье.
-Парламентыг ганц нэг поп гишүүд биш бодлогын нам л авч явах ёстой-
Гишүүдийн үг хэлэх минутыг хязгаарлаж, бүлгийн хүрээнд асуудлыг илүүтэй ярихаар хуулийн төслийн өөрчлөлтөд тусгажээ. Зөв. Мэдээж ардчилсан улс, ардчилсан парламент байгаа цагт үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх орон зайг ор мөргүй хаана гэж байхгүй. Үзэл бодлоо илэрхийлэх индэр зөвхөн УИХ-ын танхимд л байдаггүй. Хүсвэл хаана ч бий. Хуулийн хэлэлцүүлгийг илүүтэй мэргэжлийн бөгөөд ажил хэрэгч байлгах онцлог нь тухайлсан асуудлаар бүлгийн зүгээс байр суурь илэрхийлэх явдал мөн. Хүн болгон микрофон аваад мэдлэггүй сайхан сэтгэлтний дүрийг харуулсаар байх нь эцсийн дүндээ нийгэмдээ л хортой. Ийм хортой жишээг бид өнгөрсөн гучин жилд хангалттай харсан. Бусдаас өөр байх гэж, сонгогчдын хайрыг татахын тулд С.Ганбаатар, Ж.Батзандан, Ц.Даваасүрэнгээс эхлээд тоймгүй олон популизмыг шүтэгчид төрсөн. Бид хууртсан. Арван жилийн өмнө бүгд тэднийг сонсдог, хэвлэлийн байгууллагууд нь хэлсэн болгоныг нь өөд, уруугүй дамжуулдаг байв. Өнөөдөр үнэн хэрэгтээ итгэдэг нь үлэмж цөөрч, мэдээллийг нь авдаг хэвлэл ч эрс багассан. Харамсалтай нь энэ бүх хугацаанд хичнээн олон боломжийг бид алдаж, хичнээн олон хүн тэдний хоосон үгээр толгойгоо хоосолж үлдсэнийг тоолж барамгүй. Энэ бол хоосон популизмын хор хөнөөл. Хэрвээ 126 гишүүнийг бүгдийг нь үг хэлүүлж, байр суурийг нь сонсдог болвол үүнээс дутахгүй улстөржилт, хор хөнөөлийг бид өлгийдөж авах нь гарцаагүй. Асуудал ингэж буруугаар эргэвэл арай гэж Үндсэн хуульдаа оруулсан сонгуулийн холимог тогтолцооноосоо ч хэдэн жилийн дараа буцах аюултай.
Одоо 76 гишүүнд микрофон нь нээлттэй байхад ашиглаад сүйд болсон тохиолдол ер нь байхгүй. Ихэнх нь попорч, зарим нь даргад доль цохиж, үлдсэн нь өөрийгөө таниулахын тулд утга авцалдаагүй үгийг арай ядан холбож л суудаг. Мөн одоо ч гэсэн намын бүлгүүд аливаа асуудал дээр “мафи” шиг ханддаг. Дэмжинэ гэснээ нүдээ аниад дэмжинэ. Дэмжихгүй гэсэн асуудлаа эсэргүүцээд л дуусдаг. Гагцхүү бизнес, улс төрийн эрх ашиг нь зөрчилдсөн нөхцөлд л яс булаалцалдсан ноход шиг уралддаг. Бид түүнд нь дэмий алга ташиж, баахан хөөрдөг. Үнэн хэрэгтээ асуудал бидний боддогоос шал өөр дүрмээр, ойлголцлоор явдаг.
Ер нь парламент гэдэг бол төлөвшсөн намуудын “тоглоом” байх учиртай. Сайн дурын уран сайханчид болон төлөвшөөгүй намуудын гороор өнөөдөр төрийн чадамж хэрхэн балран доройтож буйг бүгд харж байна. Хоосон попролоор биш бодлогын намууд улс орныг удирдана. Цүнхэндээ цаастай, тамгатай намууд өнгөрсөн хугацаанд бидэнд гавьяа байгуулснаасаа илүү гай л болсон. Одоо байгаа МАН, АН болон шинээр орж ирсэн ХҮН нам шиг бодлогын нам төрж, түүгээрээ төрд өрсөлдөх гэж үзэх нь зүйтэй. Тиймээс бодлогын намыг бий болгох чиглэлд урагшлах нь хамгийн зөв шийдэл юм.
Хувь улстөрчийг төлөвшүүлнэ гэж байхгүй. Харин улс төрийн намыг тогтсон бодлоготой, тойрдог дүрэмтэй, дотоод ардчилалтай болгож төлөвшүүлж байж л төрд итгэх итгэл нэмэгдэж, төрийн чадамж сайжирна.
-Үг хэлэхээс илүүтэй бүлэг байгуулах эрхийг хэрхэн олгож буйг анзаарах хэрэгтэй-
Гишүүдийн үг хэлэх эрхээс илүүтэй анхаарах чухал зүйл нь бүлэг байгуулах босго юм. Хэрвээ бүлэг байгуулах босгыг хэт өндөр тавьсан нөхцөлд жинхэнээсээ эсэргүүцэх нь зүйтэй. Бүлэг байгуулна гэдэг нь парламентын үйл явцад жинхэнэ утгаараа оролцож эхэлнэ гэсэн үг. Бүлгийн байр суурь, санал дүгнэлт, завсарлага авах гээд стратегийн олон ач холбогдолтой. Тиймээс бүлэг байгуулах боломжийг хэрхэн олгож байгааг нарийн анзаарах шаардлагатай. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр 12 гишүүнтэй байхад бүлэг байгуулах эрхийг нь олгохоор заажээ. 76 гишүүнтэй байхад бүлэг байгуулах босгыг 8 гишүүн буюу 10.5 хувийг нь бүлэг болгодог байв. Өөрөөр хэлбэл, 12 гишүүн гэдэг бол 126 гишүүний 9.5 хувь юм. Олон улстай харьцуулахад харьцангуй цөөн гишүүдийг бүлэг болгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бодлогын хэлэлцүүлэг, эрүүл мэтгэлцээнийг үндэслэсэн төлөвшсөн намуудын орон зайг бүрдүүлэхэд бүлгийн тоо нэн чухал. 12 гишүүнийг сонгох хэмжээнд намууд хөгжиж, УИХ-д сууж чадвал улс төрийн намын хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт сая нэг юм амилах замдаа гарна гэсэн үг.
-Хаширсан гишүүд парламентыг гүйцэтгэх засаглалын "өвөрт" оруулахаас эмээж байна-
Гишүүдийн бүрэн эрх, халдашгүй байдлын агуулгыг энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр салгахаар болов. Хэрэв прокуророос санал оруулж ирвэл халдашгүй байдлыг нь оруулж ирвэл гишүүний бүрэн эрх нь үлдэж хуулийн байгууллагуудад шалгуулах, нэгжүүлэх үүд хаалга нь нээгдэнэ гэсэн үг. Мөн өөр нэг өнцөг өчигдөр МАН-ын бүлэг дээр яригдсан нь сайд нарт хариуцлага тооцох асуудлыг холбогдох байнгын хороо дээр ярих гарцыг нээх явдал юм.
Өөрөөр хэлбэл, энэ хоёр өөрчлөлтийн цаад агуулга нь Ерөнхий сайддаа буюу гүйцэтгэх засаглалынхаа барьцаанд энэ удаагийн парламент шиг орохгүй байхыг л зорьж буй хэрэг юм. Одоо 15 гишүүн хэрэгт татагдаж, яллагдагч болсон. Энэ нөхдүүд дунд гэмтэй нь ч бий. Нөгөө талдаа тойрог суллах, өөрийнх нь эсрэг байх магадлалтай гэдэг агуулгаар асуудалд орсон нөхдүүд ч бий гэдэг. Хамгийн сонин нь эдгээр 15 хүний хэрэг бүгд 2020 оны сонгуулиас хойш нээгдсэн байдаг юм билээ.
Эдгээрээс гадна нэг байнгын хороонд нэг л сайд ордог байх зохицуулалтыг оруулсан нь ч гэсэн парламент нь гүйцэтгэх засаглалынхаа атганд орохгүй байхыг зорьж буй гэлтэй. Сайнаар харвал Ерөнхий сайдад бүх эрх мэдлийг өгсөн Үндсэн хуулийн хүрээнд гардаг саар жишгийг парламентынхан боломжоороо зохицуулж, янзлах гэж байна. Муугаар харвал гэмт хэрэгтэй найзуудаа дур зоргоор нь явуулж, өөрсдийгөө хамгаалах гэж байна гэж харж болох юм.
Аль ч тохиолдолд эцсийн дүндээ сонгогчид л зөв, элдэв гэмт хэрэгт холбогдоогүй хүнийг сонгох нь хамгийн чухал юм.
Г.Лхагвадорж