Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү хоёр улсын иргэд харилцан зорчих таатай нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарна гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 28 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй Сөүл хотноо уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол оронд хаваржилт хүндэрч, зудын сорилт бэрхшээлтэй тулгарсан хүнд үеийг даван туулахад зориулан БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв.

БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улсыг гадаадад сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг БНСУ-аас эхлүүлж, 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Сөүл хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг сайжруулахад анхаарч Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах асуудлыг шуурхайлах, эрдэс баялгийн хамтын ажиллагааг өрнүүлэх асуудалд ач холбогдол өгч буйгаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд манай улсад зорчсон солонгос жуулчдын тоо цар тахлын өмнөх үеэс 60 гаруй хувиар нэмэгдэж хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, уг салбарт бизнес хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн “Хөх толботон” аялал жуулчлалын маршрутыг хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлж, хоёр улсын иргэд харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, харилцан таатай нөхцөлөөр зорчих боломжийг бүрдүүлэхийн төлөө шат дараатай арга хэмжээ авахад онцгойлон анхаарч, дэмжиж ажиллахыг хүсэв. Аялал жуулчлалын хувьд өмнөх айлчлалын үр дүнд нэг жилийн хугацаанд томоохон дэвшил гарсан, бусад салбарт ч ийнхүү эрс өөрчлөлт гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас чанартай эм импортлох, Солонгосын эмийн үйлдвэрлэлийн стандартыг Монголд нутагшуулах, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, Монголоос улаан буудай, тэжээлийн буудай экспортлох чиглэлээр хамтран ажиллах боломжийг харилцан судлахаар тохирлоо.

Мөн өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Эксим банкны дэд Ерөнхийлөгч Хон Юнсүн, Ерөнхий захирал Ань Бюнхо нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр 1992 оноос хойш хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцэж цаашдын хөрөнгө оруулалт, зээл олгох нөхцөлийг сайжруулах, төсөл хэрэгжүүлэх процессийг хурдасгах, хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичиг, хүрээгээ даруй шинэчлэх талаар ярилцав.

Эксим банкны тухайд Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллах, туршлага солилцох, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэрэг асуудлыг хөндөв. Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын дахин төлөвлөлт тухайлбал, нүхэн гарц, гүүр, автозамын бүтээн байгуулалт зэрэг дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг онцоллоо.

ДУЭЛЬ: С.Баяр VS О.Цогтгэрэл /Авлигын эсрэг тэмцэл/
ДУЭЛЬ: С.Баяр VS О.Цогтгэрэл /Авлигын эсрэг тэмцэл/
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.