NTV телевизийн “Лхагвын тойм” ярилцлагын зочноор Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Мөнх-Эрдэнэ оролцлоо.
-----------------
-Өнгөрсөн хугацаанд тантай холбоотой олон зүйлс Монголчуудын анхаарлын төвд байлаа. Болсон явдлын ард яг юу болж өнгөрөв. Одоо та юу хийж байна вэ ?
-Хувь, хувьсгалын ажлаа хийгээд явж байна. Би чинь хувийн салбарт олон жил ажиллаж байна. Улс төрд ч ч ажиллаж явлаа.
-Тэгвэл хувьсгалын ажлын хувьд?
-Монгол Улс Ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 34 жил болж байна. Энэ хугацаанд төрийн ажилд хоёр нам оролцож ирлээ. Нэг нь АН. Тэр утгаараа би АН-даа олон жил тууштайгаар үзэл бодлоо уралдуулж, сорьж ирсэн улс төрийн зөвлөлийн гишүүний хувьд өөрийгөө төрийн ажил хийгээд явж байна гэж ойлгож байгаа.
-АН сонгуульд хэр их бэлдэж байна даа?
-Намууд дор бүрнээ л бэлдэж байна. Үндэсний аудитын ерөнхий газарт 30 гаруй нам мөрийн хөтөлбөрөө батлуулахаар өгч байх шиг байна. Хоёр гол нам дээр л аливаа асуудал, мэтгэлцээн явах байх. Түүний нэг нь яах аргагүй АН. АН-ын хувьд мөрийн хөтөлбөрөө олон бизнесмэн, ААН, иргэд, төрийн бус байгууллагуудаас санал авч боловсруулж өгсөн. Дараагийн асуудал нь мэдээж УИХ-д нэр дэвшигчдийг тодруулна. Үүн дээр би АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүний хувьд байр сууриа илэрхийлээд оролцоод явна. Сонгуульд идэвхтэй оролцоно гэж бодож байна.
-Таны хувьд нэр дэвших боломжгүй болсон байх?
-Байлгүй яах вэ. Үндсэн хуульд “УИХ-д 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан. Зөв үү. Үндсэн хуультай уялдуулж Сонгуулийн тухай хууль батлагддаг. Нөгөө талаараа би нэр дэвшлээ гэхэд намайг сонгох, сонгохгүй байх эрх нь иргэдэд байгаа. Тэгэхээр иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд Үндсэн хуулийг давж халдах эрх хэнд ч байхгүй.
-Анхан шатны шүүхээс нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хассан санагдана?
-Сонгуулийн тухай хуулиар яривал тийм байгаа биз.
-Таны ярьж байгаа өнцгийг би ойлгож байна. Гэхдээ одоогийн хуулиар бол боломжгүй шүү дээ.
-Үүнийг Үндсэн хуулийн цэцэд өгвөл унахаар л даа. Ганц надаас болж Сонгуулийн тухай хуулийг гацаагаад яах вэ дээ.
-Улс төртэй холбоотой яриаг сүүлд ярина. Би эхлээд системтэй ярилцая гэж бодлоо. Та өөрөө шүүхийн шийдвэрт ямар бодолтой явдаг юм бэ. Шүүх шударгаар шийдэж чадсан уу?
-Би өнгөрсөн зүйлсийг ярих дургүй. Маргааш, ирээдүйг хардаг. Болж ирсэн процессыг намайг таньдаг, мэддэг Монголчууд бүгд харсан, мэдсэн. Бүх зүйл илэрхий байсан. Үнэн зөвийг цаг хугацаа харуулна. Худал зүйл цаг хугацаанд гүйцэгддэг. Үнэн зүйл үнэнээрээ үлдэхийг түүх гэдэг. Цаг хугацаа, түүх л бүхний шалгуур. Тиймээс одоо энэ үнэн, тэр худал гэж яриад өнгөрсөнтэй зууралдах сонирхол алга. Би ганцаараа үүнийг туулаад явж байгаа юм биш. Олон аавын хүү алдаж, оносон, хэлмэгдэн дамждаг газар. Ийм л байна.
-Зарим зүйлсийг ярьж үнэн, худлыг нэг талд нь гаргах нь зөв байх л гэж бодож байна. Таныг буруутгасан 2-3 асуудал байгаа. Таныг улсад 82 сая төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх үзсэн. Энэ зүйлсийг та хүлээн зөвшөөрч байгаа юм уу. Үгүй юу ?
-Энүүгээр зөндөө ярьсан учраас гоншгинож байгаа юм шиг өнгөрсөн зүйлийг ярих сонирхол надад алга. Гэхдээ хоёр жилийн хугацаанд би үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Үндсэн хуульд зааснаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь Монгол Улсын иргэн бүрт бий. Би үзэл бодлоо илэрхийлснийхээ гороор заримдаа хэтрүүлсэн ч зүйл байхад яг сайхан таарсан ч юм байгаа. Алдаа гаргасан зүйл ч бий. Үүнтэй холбоотой Эрүүгийн хоёр хэрэг үүсгэсэн байсан. Иймэрхүү аахар шаахар зүйлүүд бий.
-Хэтрүүлсэн гэдгээ та ухаарчээ?
-Ер нь хүн алдаж болно. Хамгийн гол нь алдаагаа ухаараад маргаашаа хараад л явах ёстой. Гэхдээ би өөрийгөө алдсан гэхээсээ илүүтэйгээр туршлага дутсан, аливаа асуудалд хөнгөн хандсан, төлөвлөгөөгүй явж ирсэн юм байна гэдгийг бүтэн жилийн хугацаанд бясалгал хийж ухаарлаа. Их ч юм судалж, сурлаа. Өнгөрснөө эргэцүүлж бодлоо. Алдаа нь юундаа байсан юм миний туулсан зүйлсийн давуу тал нь юу байсан, цаашаа хэрхэн амьдрах вэ гэж бодох нь чухал. Ер нь бол ухаарах нь чухал.
Жижиг, том хамаагүй алдаа бол алдаа. Би хэн нэгэнд буруу өгөхөөсөө илүү өөртөө дүгнэлт өгч эргэцүүлсэн.
Би өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх ёстой. Цаашдаа явах зам мөрөө ч өөрөө төлөвлөх ёстой. Тиймээс ирээдүйгээ хараад л төлөвлөөд явна даа.
-Таны яриаг сонсохоор өмнөхөөсөө даруухан болсон юм шиг санагдлаа?
-Даруухан ч гэж юу байх вэ. Аливаа юманд хэм, хэмжээ гэж байна. Би өнөөдөр таны нэвтрүүлэг, үзэгчдийг хүндлээд зарчмын асуудал ярьж байгаа гэж ойлгож байгаа. Зөв үү. Даруухан болсон гэдэг нь яг юу хэлэх гээд байна.
-Таны өмнөх лайв хийдэг байсан үетэй харьцуулахад л..
-Яах вэ. Ер нь бол лайв хийдэг байхдаа үзэл бодлоо биеийн хэлэмж, үг ярианы сонголт заримдаа бас бухимдалтай хэлбэрээр илэрхийлдэг байсан. Тиймээс хүмүүс намайг ширүүн гэж хардаг байсан байх. Тэгэхээр лайвтай харьцуулахад өнөөдрийн намайг даруухан гэж байх шиг байна. Зөв үү.
-Тийм ээ..
-Миний уригдаж ирсэн цаг чинь таны цаг учраас таны асуултад хариулах ёстой. Зөв биз. Би өөрийнхөө лайвыг хийгээд явбал өөрийнхөө ааш араншинг гаргаад явах нь тодорхой. Унаган араншинг юугаар ч сольшгүй зүйл.
Шүдэнз асаагаад түүдэг тавихад өрдсөн хүн ч бий. Өртсөн хүн нь би...
-Та үзэл бодлоо илэрхийлэхдээ олон улстөрийн хүрээнийхнийг шүүмжилсэн. Хэлбэр, хэлж байгаа агуулгаасаа юу ямартай ч олон хүнд хүрсэн. Таныг олон хүн үзэж дэмждэг. Гэхдээ үүний цаана таныг улс төрд ашиглах гээд байсан бусдын хандлага байсан уу. Та үүн дээр ямар бодолтой явдаг юм?
-Юм болгоныг улс төртэй хольж хутгаад дэмий. Та бид хоёр Монгол Улсын иргэн хүмүүс. Иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд энэ нийгэмд түм бумаараа л байна. Аливаа нэг хууль иргэдийн хүсэл зоригоор батлагддаг. Учир нь иргэд парламентын гишүүдийг сонгож, өөрсдөд нь тулгамдаад байгаа асуудлуудыг гишүүд хууль болгож баталдаг. Зөв үү. Иргэдийн хүсэлтийн эсрэг хууль батлахаар иргэдэд бухимдал төрнө. Тийм биз. Иргэн бүр бухимдалтай байгаа нь үнэн шүү дээ. Нийгмийн стрессийг яривал нэвтрүүлгийн цаг хүрэхгүй.
Иргэн Лхагваагийн хэлэх гэсэн үгийг иргэн Мөнх-Эрдэнэ лайваараа хэлсэн байна. Иргэд ч үүнд алга ташсан. Үзэл бодол нийлж байгаа нь миний лайвын үзэл хандалтаас харагддаг.
Зөв үү. Тиймээс үүнийг заавал улс төрийн өнцөг гэхээс илүүтэйгээр иргэдийн хүсэл зориг байсан гэж харах хэрэгтэй. 3.5 сая хүн энэ том газар нутагт сайхан амьдрах боломж дүүрэн байна. Бид өөрсдөө ийм боломжийг бий болгох шаардлагатай. Тэгэхээр иргэд болж бүтэхгүй зүйлийг төр засагтаа илэрхийлэх нь зүйн хэрэг. Илэрхийлж байгаа нь би байна. Сүүлийн үед хараад байхад болж бүтэхгүй олон асуудлыг сошиалд илэрхийлэхээр тэр асуудлыг нь засаж, залруулдаг болжээ. Энэ бол ололт гэж харж байна. Энэ бол ардчиллын буян. Би ямар нийгэмд амьдарч байгаагаа дэндүү мэдэрдэг учраас эрх чөлөөгөө л эдлэхийг хүссэн. Цаашдаа ч хүсээд явна. Бидэнд ганцхан зүйл дутагдаж байгаа нь хөгжил. Хөгжилд хүрэхийн тулд хүн бүр ярилцаж зөвшилцөлд хүрэх ёстой. Тиймээс ардчилсан парламентын засаглалыг Монголчууд 1990 онд сонгосон. Сонгосон засаглалын эрх чөлөөг бид эдлэх ёстой. Тэр нь гэхдээ эрх чөлөөтэй байлаа гээд хүний эрхийг зөрчөөд байх асуудал биш.
-Эрх чөлөөгөө эдэллээ гээд хүн гүтгэж, доромжилж болохгүй. Тань дээр ийм алдаа, зөрчил гарч байсан шүү дээ...
-Тиймээ. Гарсан. Эрхээ эдэлж хүн шүүмжилж байна гээд тийм зүйл болсон. Би хүнийг өнгө үзэмж, баян хоосон, дарга цэргээр нь ялгаж байгаагүй. Гэхдээ бухимдсан үедээ хэтрүүлж хэлсэн үе байхыг үгүйсгэхгүй.
-Таныг улстөрийн хүрээнд энэ асуудал дээр чиний лайв хэрэгтэй байна гэдэг зүйлс тохиолдож байсан уу ?
-Тийм зүйл байгаагүй. Хүн бүр зорилготой амьдардаг. Би гэр хороололд өссөн. Өөрийнхөө амьдралын замыг өөрөө сонгоод л явж байна. Амьдралаа өөрөө бүтээгээд явж байна. Надад бас бусдаас илүү боломж байна. Энэ боломжоо би ашигламаар байна. Зөв үү. 21 дүгээр зуунд хамгийн боломжит нөхцөл нь мэдээллийн эрин зуун. Талбай дээр 20-30 мянган хүн цуглуулна гэдэг том асуудал.
Гэтэл миний лайвыг 200-300 мянган хүн үзнэ гэдэг чинь том боломж байгаа биз дээ. Энэ боломжийг ашиглаж үзэл бодлоо илэрхийлж, тэр нь улстөрчдийн чихэнд хүрч, сайн сайхан нийгэмд далайд дусал үлдээхийн төлөө явж байна. Заавал Мөнх-Эрдэнэ гэдэг хүний үзэл бодлоо илэрхийлсэн болгон зөв байх албагүй. Хэлсэн болгон нь ч буруу байх албагүй. Энэ дундаас авахыг нь аваад зөвийг нь иргэд уухайлан давалгаалж байвал ажил хэрэг болоод явах байх.
-Та бүгд сонсоод дагах албагүй гэж байгаа ч таныг олон мянган хүн үздэг. Таны хамгийн их үзэлт чинь хэд билээ?
-Ярьж байгаа сэдвээс хамаарна.
-Би ганцхан тоо л асуусан шүү дээ?
-Лайв хийж эхлэхэд хоёр сарын дотор намайг 200 мянган хүн дагасан байсан. 23:00 цагт лайв хийхэд 24 цагийн дотор буюу нэг өдрийн дотор намайг 1 сая хүн үзсэн. 3.5 сая хүнтэй харьцуулахад би рекорд эвдсэн юм байна лээ. Сая нөгөө газраас гарж ирээд лайв хийсэн. Гурван цагийн дотор 1 сая хүн үзсэн.
-Таны үгийг үнэн гэж итгэж, дэмжиж байгаа маш олон хүн бий. Сайн ч бай муу ч бай та хүмүүсийн анхаарлын төвд байна гэсэн үг. Тэгэхээр та хүний нэр төрд халдах, гүтгэх асуудал дээр анхааралтай байх хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ сонирхоод асуухад таны яг ямар яриан дээр хүний нэр төрд халдсан гэж шийтгэсэн юм бэ?
-Надад буруу зүйл хийсэн хүмүүс далдуур хийсэн. Би энэ мэдээллийг мэдээд өөрөө ийм юм болсон гэж хэлэхээр нотол гээд нотлох баримт байхгүй учраас би худал мэдээлэл түгээсэн болсон. Надад нотлох баримт байсан. Үндэсний аудитын ерөнхий газрын дэд даргыг энэ хүн ингэсэн гэж хэлснийхээ төлөө би 1 саяар торгуулсан. Уг нь тэр хүний гаргасан үйлдэл нь үнэн. Энэ асуудал нь хоёр талтай.
Хөшигний ард болж байгаа зүйлс, надад бичсэн зохиол нь үнэн. Үнэн гэж ярьчихаар нотол гээд надад гомдол гаргасан.
Уг нь хууль сахиулагчид маань үнэн эсэхийг нь нотлохын тулд олон талын эх сурвалжийг олж уулзах ёстой. Тийм биз. Үзэл бодлоо илэрхийлсэн би, над дээр гомдол гаргасан хохирогч, энэ асуудлыг дэнсэлж байгаа цагдааг оролцуулахаар гурван талтай асуудал. Аливаа асуудлыг олон талаас нь авч хэлэлцэхдээ зөв өнцгөөс нь авч хэлэлцэх ёстой. Энэ хамгийн чухал. Хэн нэгэн хүн өөрийгөө хамгаалах эрхтэй. Эрхээ эдэлсний төлөө торгуулийн ял авах нь зохимжгүй. Төрд ажиллаж байгаа хүмүүс иргэдээс сонгогдсон.
Тэгэхээр эдгээр хүмүүс үг даах гэж явдаг. Гэтэл энэ хүн намайг гүтгэлээ гээд гомдол гаргаад явдаг. Гомдол гаргах нь иргэний журмаар явах ёстой. Нэхэмжилсэн мөнгийг нь төлөхгүй бол хилийн хориг тавьж болно. Тийм биз. Заавал Эрүүгийн хууль руу оруулж хүндрүүлэх шаардлагагүй байсан. Худал мэдээллээр нэг хэрэгт орчихоод магадгүй өөр хөнгөн зэргийн Эрүүгийн гэмт хэрэгт холбогдвол давтан хэрэг болж байна. Тэгэхээр энэ нь их хортой. Төрд явж байгаа хүмүүс үг даах ёстой. Аливаа асуудалд бодитой ханддаг байх нь чухал. Худал мэдээлэл тараах гэдгийг Эрүүгийн хуулиас илүү Иргэний хууль руу оруулаасай гэж бодож явдаг.
-Та яриандаа “Над дээр зохиол явсан” гэдгийг онцоллоо. Үүний цаана хэн байсан юм?
-Монгол Улс иргэн төвтэй, ардчилсан төртэй улс. Иргэн нь төрөө сонгодог. Түүнээс биш дарга төвтэй улс биш. Иргэн төвтэй төр учраас иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь байгаа. Би үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Үзэл бодол нэгтэй Монголчууд намайг давалгайлан үзсэн.
-Хэрэгт татагдсан талаар л асуусан юм л даа?
-Хэлээд байна шүү дээ. Хүн бусдад муу зүйл хийхээрээ муу зүйл хийх гэж байгаагаа хэлдэггүй. Хөшигний ард нууцаар, нуугдаж хийдэг. Процесс явсан уу явсан. Ний нуугүй хэлэхэд би пойлдуулчихсан. Мэдэж байгаа биз дээ.
-Хэнд, яаж..
-Пойлдуулсан гээд ойлго. Би төрд ажиллаж байгаа хүмүүсийг том, жижиггүй бүгдийг нь шүүмжилсэн. Нэрлээд байвал олон хүн бий. Гэхдээ энэ цаг үед аль нам засаглаж байна, би хэнийг шүүмжилсэн нь ил тодорхой байгаа. Маш ойлгомжтой.
-Хамгийн түрүүнд Хууль зүйн салбартай холбоотой хоёр хүний нэр орж ирж байна. Тэдгээр хүмүүстэй холбоотой асуудал байгаа юм уу?
-Нэг нь шүдэнз асаагаад түүдэг тавина. Түүдэг дээр нь нэмээд шатах, тослох материал асгахаар дүрэлзэнэ биз дээ. Тэгээд дүрэлзүүлсэн. Өрдсөн хүн ч бий. Өртсөн хүн нь би. Тэдэнтэй хамтарсан хүмүүс ч байгаа. Би бүгдийг нь мэдэж байгаа.
-Та нэрийг нь хэлэхгүй юм уу ?
-Бүгд л мэдэж байгаа. Тэнэг хүн ойлгохоор хангалттай ярьсан учраас хүмүүс мэдэж байгаа.
-Та нэг хэсэг АН-ын бүлгийн зөвлөхөөр ажилласан. Танд хэн санал тавьсан юм.
-УИХ-д 8-аас дээш суудал авсан нам бүлэг болж ажилладаг. Манай нам 11-12 гишүүнтэй. Мэдээж намынхаа журмын нөхдийг орон тооны бус зөвлөхөөр цалингүй, өрөө савгүй ажилласан. Зүгээр л ордон орох ганц үнэмлэх л байдаг. Өнөөдрийг хүртэл зөвлөхөөрөө ажиллаж л байна.
-Тухайн үеийн АН дотроо бужигнаантай байсан. Бүлэг нь хүртэл дотроо хэрүүл, тэмцэлтэй. Тухайн үед бүлгийн даргаар Д.Ганбат ажиллаж байсан. Та хоёр нэг нутгийн хүмүүс. Таныг зөвлөхөөр авчихаар нь Д.Ганбат даргад хэрэг болох зүйл танд байсан юм болов уу гэж бодож байлаа?
-Үзэл бодол нийлдэг учраас хоорондоо нийлдэг байсан. Тийм болохоор л намайг орон тооны бус зөвлөхөөр авсан байлгүй. Зарим хүмүүс намайг том машин унаад, тусгай хангамж хэрэглээд байдаг гэж ойлгоод байдаг. Тийм зүйлгүй. АН 2016 онд тухайн үеийн нөхөр дарга З.Энхболд маань олон гишүүнтэй болсон гээд зарим хүмүүсийг хөөсөн юм байна лээ. 2020 оны сонгуульд С.Эрдэнэ дарга бас баахан хүмүүс хөөсөн. Хоёр Э бол олон хүн хөөсөн. Харин одоо Лу.Гантөмөр дарга эвлүүлж байна. Жижиг намуудыг хүрээд ир нэгд гээд уриалж байна.
МАН бол 100-н жилийн түүхтэй том мангас. Мангасын эсрэг олуулаа нийлж тэмцдэг. Сонгууль болсон, Мангас ялсан гэхээр утгагүй байгаа биз дээ.
Тиймээс ядаад нэг парламентад ойролцоо байр суурьтай нам байх нь Монгол Улсад хэрэгтэй. Тиймээс хөөж явуулсан гишүүдийг урьж авчирч, нийлүүлж байна. Зарим нь ч хаалга саваад гарч байна. Явж байгаа хүмүүсийг яалтай билээ.
-2018 оны сүүлээр та Хөх хотод консулаар ажиллаж байгаад буцаж ирээд машины асуудал үүссэн. Буцаан татагдсаны дараа Н.Анхбаяр гээд яриад эхэлсэн. Тухайн үед Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан. Ийм асуудлууд нь хөврөөд өөр дээр чинь асуудал үүсээд эхлэхээр та түрүүлээд тэдгээр хүмүүс рүү дайралт хийсэн юм уу ?
-Би ер нь хүнд өс санаад явдаг хүн биш. Ядаргаатай шүү дээ. Би өс санаж лайв хийгээгүй шүү. Үзэл бодлоо илэрхийлж л лайв хийсэн. Би 2016-2019 онд дипломат албаны тухай хуулиар гурван жил хугацаандаа ажиллаад хугацаа дуусаад ирсэн. Тухайн үед ялихгүй үл ойлголцсон асуудлууд явсан. Үүнийг тэнэг хүн ойлготол хангалттай ярьсан. Мэдэх хүмүүс нь мэднэ. Одоо үүнийг ярих хэрэггүй. Хая. Хаа байсан 2019 оны юмыг энд яриад яах вэ. Дууссан. Юу ч байхгүй. Бүх юм хуулийн дагуу явж байгаа.
-Би асуудал руу нь орсонгүй. Таны анх лайв хийсэн сэдэв болохоор нь л асуулаа.
-Хугацаа дуусаад татагдаад ирсэн. Бүр зургаан сар илүү ажилласан шүү.
-Яагаад илүү ажилласан юм..
-Тухайн үеийн л асуудал. Сайн ажилласан болоод илүү ажилласан байлгүй.
-Дээрх хоёр хүний талаар тухайн үед илэрхийлж байсан байр суурь тань одоо хэвээрээ юу ?
-Би наад хүмүүстэй чинь янз бүрийн өс санасан зүйл байхгүй. Бид нэгнээ мэдэхгүй, танихгүй. Амьдрал дээрээ хүнтэй муудахыг алийг тэр гэх вэ. Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан “Хүн хэнтэй яаж муудаж болно. Эргээд уулзах орой зай үлдээх сайхан” гэж хэлсэн байдаг. Би ер нь хэнтэй ч мууддаггүй. Хэнд ч муу санадаггүй. Миний төрөлхийн хүмүүжил ийм. Тухайн цаг үедээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ширүүн ярьсан. Үүнийг хүн муудаж байна гэж хардаг байх. Гэхдээ тийм биш ээ. Үзэл бодол муудаж болно. Амьдрал цааш үргэлжилнэ. Би хэн нэгэнтэй алт, мөнгө булаацалдаж үзсэнгүй. Үзэл бодлоороо бол олон хүнтэй муудалцсан. Манайхан үүнийг зөв өнцгөөс нь хардаг болоосой.
-Хэцүү газар ороод гарлаа. Таны амьдралыг харах хандлага хэрхэн өөрчлөгдсөн бэ ?
-Эр хүн туг ч барина. Тугал ч хариулна. Хэлмэгдэхээ тулвал бүх хүмүүс л хэлмэгдэж байсан. Тийм биз. Хүний туулах ёстой зам, гишгэх ёстой мөр харилцан адилгүй.
-Тэгвэл та улс төрд яаж ажиллахаар төлөвлөж байна?
-2012 оноос хойш идэвхтэй явж байна. 2012 онд нэр дэвших гэсэн чадаагүй. Дэвшсэн бол би УИХ-ын гишүүн болчих л байсан.
-Дэвшүүлээгүй юм уу ?
-Дэвшүүлээгүй. Улстөрд залуучууд 2-3 янзаар явдаг. Монголын нийгэмд ч ялгаагүй. Сайн дарга ах нь гишүүн болчихвол чирэгдээд дарга, сайд болоод явдаг. Эсвэл УИХ-д нэр дэвшдэг ч юм уу. Тэгэхээр даргын заавраар явдаг нэг замнал байна. Нөгөө нь өөрийн үзэл бодлоор явах ёстой. Улс төр олон нийтийн байгууллага. Тэр дундаа олон хүмүүсийн үзэл бодлоо уралдуулдаг талбар. Би үзэл бодол зөрөхөөр даргын асуудлыг хөндөхөөр би шүүмжилнэ, шүүмжлэхээр даргад таалагдахгүй учраас нам дарагдах асуудал байдаг.
Тэгээд дарагдаад л явж байна. 2012 онд дарагдсан. 2015 онд бас З.Энхболдыг шүүмжилж баярын хурлаас нь хөөгдөж түүнээс болж хонгилоор чирүүлсэн. Нөхөр З.Энхболд надад мандат өгөхгүй нь тодорхой учраас би нэр дэвшиж чадаагүй. 2020 онд бас яасан. Миний зөв байсан байгаа биз дээ. Тухайн үед З.Энхболд хэтэрхий ёдор зантай хяргачих гээд л байдаг байсан. Олдсон дөрвөн жилийн албан тушаалаа мөнхийн юм шиг бодсон. Тийм биз.
Вакумнаасаа сэрж чадахгүй байсан. Одоог хүртэл сэрж чадаагүй. Өөрийгөө дарга гэж зүүдэлж явдаг юм уу хаашаа юм.
Хандаж байгаа хандлага нь захирангуй, тушааж байгаа нь коммунист намын дарга шиг. 2015 онд энэ алдааг нь хэлсэн. Бүх залуусаа намаасаа хөөсөн. Тэгээд өөрөө ч гараагүй, навс ялагдсан. Нам гэдэг чинь олон нийтийн байгууллага. Гэтэл тэгж чадаагүй.
-Танай нам хоёр удаа дараалан ялагдал хүлээлээ. Сүүлдээ өөрөө, өөрсдийнхөө асуудлыг шийдэж чадахгүй хэмжээнд хүрлээ. Нөгөө намаараа тамга тэмдгийн асуудлыг шийдвэрлүүлэх хэмжээнд хүртэл доройтжээ. 2024 оны сонгуульд нөхцөл байдлаа засаад Засгийн эрх авч чадах орон зай байна уу. Тэгж чадах уу?
-Найман удаагийн сонгуульд хоёрхон удаа АН хагас, дутуу ялсан байдаг. 1996-2000 онд малыг малчдад өмчийг эзэнд нь өгсөн байдаг. Гадаад, дотоод явах эрх чөлөөг нь бүрдүүлсэн байдаг. Энэ хугацаанд АН олон ажил хийсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг татсан байдаг. Өргөс авсан юм шиг нэг амьсгаагаар хийчих зүйл биш шүү дээ. Дөрвөн Засгийн газар солигдсон ч гэсэн АН үр бүтээлтэй ажилласан. 2012 онд АН хагас, дутуу ялсан. Бүрэн биш. 32-хон суудал аваад МАН-тай хамтарсан. 34 жилийн дөрвөн жилд нь АН дангаараа засагласан гэсэн үг. Бусдад нь дандаа МАН. Өөрөөр хэлбэл, 30 жил АН ялагдсан байна. 30 жил дараалан МАН засаглалаа.
-Сонгуульд АН хүчтэй орж ирж чадах уу. Нэр дэвшигч нар шударга хүмүүс байж чадах уу ?
-Өмнө нь манай дарга шийддэг байсан. Хуйвалдаж, фракцаараа шийддэг байлаа. Одоогийн дарга нарт би олуулаа шийднэ гэж хэлж байгаа. Нэр дэвшигчийг олуулаа шалгаруулна. Хөшигний ард хэн, нэгэн шалгаруулахгүй. Манай нам хэвтээ тогтолцоотой. Дарга биш гишүүд шийддэг болно. Аливаа асуудлыг Үндэсний бодлогын хороо, улс төрийн зөвлөлийн гишүүдтэйгээ ярилцана. Тиймээс нэр дэвшигчдээ олонхоороо шийднэ. Зөв хүмүүсийг дэвшүүлнэ. Миний хувьд жагсаалтад онцгой анхаарч байгаа. 126 гишүүний 48 нь жагсаалтад АН зөв хүнээ эрэмбэлж чадвал магадгүй 38-ыг ч авч магадгүй. 48 нэр дэвшигчийг манай намыг дэмждэг гишүүдээсээ, ард иргэдээс асууж байж жагсаах ёстой.
Магадгүй Монгол Улсад хэрэгтэй инженер, эрдэмтэн, доктор, профессорууд ороод ирвэл жагсаалтад оруулаад иргэдээс санал авна. Ийм л зарчмаар явна. Түүнээс биш хуйвалдааны аргаар ганц дарга таалагддаг, аавынхаа буянаар гадаадад сураад ирсэн, тойрогтоо ажиллаж чадахгүй нөхдүүдийг жагсаалтад оруулахгүй.
Хууль зүйн, сайд асан Х.Тэмүүжин 2012 онд жагсаалтаар гишүүн болсон. 2024 онд жагсаалтар гишүүн болно гэж байгаа бол уучлаарай хэрэггүй ээ. Тойрог руугаа яв.
Тийм мундаг хуульч юм бол МАН-ын Хууль зүйн сайдыг онилж авч гараад Хууль зүйн сайд бол. Зөв үү. Манай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Жаргалан, МАН-ын Х.Булгантуяаг амалж аваад өрсөлд. Сонгогдоод тойргоос гарвал Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд бол. Эмэгтэйчүүдийн асуудал нийгэм хамгаалалд багтдаг. Тулаанд лидерүүд нь явдаг. Би ийм л бодолтой байгаа.
-АН өнгөрсөн хугацаанд хоёр салсан. Одоо дотор нь байгаа хүний хувьд харахад эв нэгдлээ хангаж чадаж байна уу ?
-Сай, муу нийлж сав дүүрдэг.
-Гэхдээ АН-ын сав муугаар нь илүү дүүрчив үү..
-Ер нь бол АН либериал баруун төвийн үзэл баримтлалтай. Үүн дотроо улс төрд орж ирсэн залуу гишүүд маань нийгэмд олон жил хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдэд түшиглээд явж байна. Манай ахмадууд дөнгөж 60 хүрж байна. Зөв байвал улс төр тэтгэвэртээ гардаггүй. АНУ-ын Ерөнхийлөгчийг хар. 90 настай. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийг хар. Тэгэхээр өнөөдөр зөв байгаа ахмадууд нь иргэдээс дүнгээ аваад яв. Хөгшин, залуугүй, эр, эмгүй яв.
Зөвийн төлөө чөтгөртэй ч нийлнэ. Буруу бол бурхан байсан ч цаашаа.
Бид аль болох эвлэлдэж байгаа. Би намынхаа ах нарыг зөндөө шүүмжилсэн. Бүх алдаа оноог нь ярьсан. Одоо бол байх ёстой байр суурин дээрээ өөрөө, өөрсдийнхөө оролцоогоор намдаа идэвхтэй явцгаана.
-Таны шүүмжилж байсан хүмүүс АН-ын үйл ажиллагаанд ил далд хэлбэрээр оролцож байна. Таны мянганы суут хулгайч гэж нэрлээд байгаа Х.Баттулга гэдэг хүн нийслэлийн АН дээр, залуучуудын холбоон дээр ч гэсэн эрх мэдэлтэй хэвээр.
-Хаан байсан хүн хаанаараа төгсдөг. Тэгэхээр улсын тэргүүн байсан хүнийг тэргүүнээрээ л мөнхрөөсэй гэж би боддог. Манай намаас гарсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намдаа зөвлөгчийн байр сууринаас оролцож байгаа. Уг хүний хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон туршлага бидэнд хэрэгтэй. Мэдээж алдаагаа тэр хүн өөрөө дэнсэлнэ. Х.Баттулгаас зөвлөгөө авдаг залуус мөн байгаа л байх. Гэхдээ энэ нь тэдний эрхийн л асуудал. Тэр бүрийг утсан хүүхэлдэй гэж ярих нь өрөөсгөл. УИХ-ын дарга байсан З.Энхболд сая шүүхээр ороод ял авлаа. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан гэж байгаа байхгүй юу. Тэр хүн УИХ-ын даргаараа л байх ёстой байсан. УИХ-ын дарга асан гэсэн бол арай илүү зангарагтай сонсогдож байгаа биз дээ. Хүн ер нь аливаа зүйлийн оройд гарсан бол тэр чигээрээ дуусвал амар.
-Тэгээд та сонгуульд нэр дэвших юм уу ?
-Дэвшинэ. Дэвшүүлэх, дэвшүүлэхгүйг эрх бүхий байгууллагууд л шийдэх байх. Тэд нар нь хориг саад тавих эсэхийг мэдэхгүй байна. Надтай адилхан гарж ирсэн нөхдүүд эвсэл байгуулаад яваад байгааг харахад бодвол болдог юм байлгүй. Хүнд ямар ч шийтгэл оногдуулж болно. Тэр хүн шийтгэлээ биеэр эдлээд гарсан байхад сонгуульд оролцуулахгүй гэж давхар шийтгэл оногдуулж байгаа нь ардчилсан улсад байж болохгүй үзэгдэл. Давхар шийтгэл байж болохгүй биз дээ.