УИХ-ын гишүүн Д.Ганбаттай 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр болон улстөрийн хүрээн дэх цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улстөрийн нам, эвслүүд Аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, энэ талаар ярьцгааж байна. Танай намын мөрийн хөтөлбөр юугаараа онцлог, шинэлэг байна. Хуулийн хүрээнд боломжит хэмжээгээр нь ярьж өгөхгүй юу?
-Миний ойлгосноор нийт 29 нам, эвсэл сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө Аудитад хүргүүлээд байна. Хуулийн хүрээнд мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй ярих ёсгүй. Гэхдээ нэлээн жигд, хувь хүний эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг тал руу чиглэсэн мөрийн хөтөлбөр байгаа. Сүүлийн 10-аад жил ард түмний амьдрал маш их доройтлоо. Нэг нам хэт олонх болж, дангаараа Засаг барих нь тийм ч зохистой биш гэдгийг бүгд ойлголоо. Удахгүй болох ес дэх удаагийн сонгууль олон онцлогтой. Тиймээс бүсчилсэн хөгжлийг түлхүү ярьцгааж байна.
-Монгол Улс хамгийн ядуу орны тоонд орох гээд байна шүү дээ-
-Тэгвэл өнгөрсөн мөрийн хөтөлбөрийг яръя. Эрх баригч намын 2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд ямар байр суурь, дүгнэлттэй байна. Аудитаас 73 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн байгаа шүү дээ?
-Мэдээж, улс орон юм чинь хөгжиж дэвшээд явж байгаа. Гэхдээ XXI зууны хурдтай, ард түмний хүлээлттэй нийцэхгүй байна. 73 хувийн гүйцэтгэлтэй гээд ярьж байна лээ. Үнэхээр Монголын ард түмний амьдрал тухайн мөрийн хөтөлбөртэй дүйцэхүйц хэмжээнд хүрсэн үү гэвэл үгүй. Хамгийн наад зах нь зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулна гэсэн. Тийм зүйл алга л байна. Хамгийн гол үзүүлэлт болох авлига, албан тушаалын гэмт хэрэг гаарсан. Авлигын индексээр 70 дугаарт байсан улс сүүлийн найман жилд илүү ухарсан байна.
Тэгэхээр өөрөө өөрсдийгөө дүгнэсэн үзүүлэлт нь л энэ 73 хувь болохоос, бараа бүтээгдэхүүний үнэ, иргэдийн амьдралыг харьцуулаад үзэхэд, тэгж бахархахаар юм алга.
Ид хийж бүтээх насны 300-аад мянган залуу гадагшаа явчихсан байна. Бараг виз нь гардаг бол хамгийн сүүлийн хүн “Чингис хаан” онгоцны буудлын хаалгыг нь хаагаад, гэрлийг нь унтрааж явах нөхцөл байдал үүсээд байна шүү дээ. Тэрийг өөрсдөө ч ярьж байна. Захын нэг судалгаагаар, иргэдийн 70 хувь нь өндөр хөгжилтэй, ардчилсан улс руу явж ажиллана гэж байсан. Бид угаасаа ардчиллаар ч ухарч байна. Манай улс өмнө нь ардчилсан улс гэдэг байсан бол тэр нь саарал буюу дарангуйлал тал руугаа шилжсэн улсуудын тоонд оржээ. Энэ бол бүгд хараат бус, гаднын байгууллагын дүгнэлт л дээ.
Ядуурал 27-28 хувьтай хэвээрээ. Гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Цас, зудын нөхцөл байдал улам хүндрээд, гадагшаа гарч байгаа нүүрсний экспорт буурлаа гэж бодоход, бас л ядуурлын ирмэгт очихоор байна. Зүүн хойд Азийн орнууд дунд Монгол Улс хамгийн ядуу орны тоонд орох гээд байна шүү дээ.
-Баянхонгор аймагт иргэдийн амьжиргаа, нөхцөл байдал ямар байна. Төрийн ордонд ялангуяа, орон нутгаас сонгогдсон гишүүд харагдахгүй байгаа. Таныг тойрогтоо нэлээн их очсон гэж ойлгоод байна л даа?
-Чуулган нээхийн өмнө буюу 10-аад хоногийн өмнө тойрогтоо очоод ирсэн. Өвөлжилт хаа сайгүй л хүнд байна. Яах вэ, зүүн аймгуудыг бодвол манай Баянхонгор аймаг харьцангуй гайгүй. Хангайн болон зундаа гантай байсан хүндрэлтэй хэдэн сум бий. Гэхдээ одоо “Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж” буй учраас гайгүй байхаа гэж бодож байна. Улсын хэмжээнд малын хорогдол зургаан саяд хүрчихлээ шүү дээ. Харин Баянхонгор аймаг 200-300 мянган малын хорогдолтой байгаа.
Энэ бол Засгийн газар болон орон нутгийн удирдлагууд бэлтгэлгүй байсныг харууллаа. Цаг уурын өөрчлөлтөөс болж, байгалийн гамшиг ойр ойрхон тохиолддог болсон шүү дээ. Бензин, тос тасарсаны улмаас малчид өвс, тэжээлээ татаж чадаагүй.
Үүнээс гадна өнөөдөр малчдыг малжуулна, гурилын татварыг багасгана гээд хуулийг нь оруулж ирснийг бид хэлэлцэж байна. Энэ бол хурд муутай, зохих үед нь арга хэмжээ аваагүй “Ниргэсэн хойно хашхирав” гэх үлгэрээр ажиллаж буйг харуулж байна л даа.
-Эрх баригч нам бүлэг дотроо асуудлыг хэлэлцээд, байр сууриа нэгтгэх ёстой-
-Гурилын импортын татварыг тэглэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Түүнчлэн, ЗГ өөрсдийнхөө оруулж ирсэн хуулийн төсөлд санал зөрөлдөж буй дүр зураг харагдсан шүү дээ?
-Засгийн газар танхимын журмаар ажиллах ёстой л доо. Эрх баригч нам бүлэг дотроо асуудлыг хэлэлцээд, байр сууриа нэгтгэх ёстой. Гэвч УИХ-ын чуулганд гишүүд нь нэгдсэн байр суурьтай байж чадахгүй, хэд хэдэн хуульд эсрэг тэсрэг байр суурьтай байгаа нь харагдлаа. Мэдээж, аливаа шийдвэр гаргалт бол нэлээдгүй судалгаатай “Долоо хэмжиж нэг огтол”-сны үр дүнд гарах ёстой. Гэтэл энэ нөхдийн байгаа байдал тийм ч оновчтой биш, танхимын журмаар ажиллаж чадахгүй байна.
Мөн сүүлийн 2-3 жилийг харахад, барааны үнэ өссөн, цалин үнэхээр бага, малаас гарч буй хөрөнгүүдийн үнэ өсдөггүй. Энэ талаар үйлдвэр, завод байгуулаагүй. Тэгсэн хэр нь 22 сайдтай, 200-300 төрийн албан хаагч, компанитай хэр нь үр дүн нь маш муу байна.
Чуулганы завсарлагааны үеэр хүнд нөхцөлд ээлжит бусаар хуралдаж, шийдвэр гаргах боломж бүрэн байлаа. 1-2 жилийн өмнө ч зөв шийдвэр гаргаад ирсэн бол малчид, ард түмэн бэлтгэлтэй байхаар байсан шүү дээ. Гурилаа боломжийн үнээр авч байсан бол тэр мөнгө нь үлдэнэ. Гэтэл гурил үйлдвэрлэгчдийг татвар төлөгчдийн мөнгөөр зээл, тусламж хэлбэрээр хандсан боловч үр дүнд хүрээгүй. Хэдэн компани хуйвалдаж, үнэ 2-3 дахин өсчихсөн. Эсрэгээрээ дэлхийн зах зээлд 2-3 дахин буурсан байна.
-Та энэ удаагийн хаврын чуулганд хэр их ач холбогдол өгч байна. Гишүүдийн хувьд чуулганаас илүү тойрогтоо ач холбогдол өгч, сонгуулийн ажлаа хэдийнээ эхлүүлсэн дүр зураг харагдаж буй. Ер нь гишүүдийн оролцоо ямар байх шиг байна вэ?
-Ер нь гишүүдийг хоёр ангилдаг шүү дээ. Эхнийх нь дараагийн сонгуулиар дахин сонгогдох гэсэн гишүүд. Үүнийхээ төлөө явдаг хүмүүс. Нөгөө хэсэг нь улс орныхоо амьдралыг сайжруулах гэсэн, дараагийн үеэ зөв бэлтгэдэг хүмүүс. Өнөөдөр өвөлжилт, хаваржилт хүнд байна. Тиймээс орон нутагт очиж, хэдэн одон медаль тараах биш, хоёр өвс өгөхийн тулд араасаа 20-30 машин дагуулж, зуд дээр зуд нэмэх биш. Би бол малчидтайгаа уулзаж, аймаг, сумынх нь Онцгой комиссыг хуралдуулаад штабынх нь нэгдсэн мэдээллийг сонсоод ирсэн хүн шүү дээ.
Сүүлийн 20-30 жилд малчдын төлөө боловсруулсан бодлого байхгүй. Малчдын гарт мал очсоноос хойш АН анх удаа эзэнд нь хувьчилсан. Үр дүнд нь 25 сая хүрдэггүй байсан малын тоо 70 саяд хүрсэн байна.
Банкууд малчдад маш өндөр буюу 20-30 хувийн хүүтэй зээл өгдөг байсан. Харин одоо зуд болж, барьцаанд тавьсан хэдэн мал нь хорогдчихлоо. Ийм үед даатгалын системээр банк нь хариуцах ёстой. Гэтэл эд нарын явуулж буй бодлого маш буруу байна. Жишээлбэл, зээлийн хүүг нь хойшлуулсан нэртэй татвар төлөгчдийн мөнгийг өглөө. Дахиад малжуулна гээд ярьж байна. Дахиад л нөгөө банкны малыг хариулдаг малчид бий болж байна гэсэн үг.
Тэгвэл энэ үед Онцгой байдлын байгууллага, тухайн орон нутгийн захиргаа нь зуд болсон учраас барьцаанд байгаа мал нь хорогдсон гэх тодорхойлолт олгож, зээлийг тэглэх ёстой. Гэвч одоо малчдыг биш, банкны эздийг дэмжсэн шийдвэр гаргаад байна.
-Үндсэн хуулиа янз бүрийн наймааны хэрэгсэл болгож байна-
-Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар танай намын бүлэг завсарлага авсан. Энэ хугацааг хэр үр дүнтэй өнгөрүүлэв?
-Хууль санаачлагчид хуулиа танилцуулсан. Бид яагаад завсарлага авсан бэ гэхээр энэ парламентын хамгийн "отгон" чуулганаар Үндсэн хуулийг оролдох шаардлагагүй юм аа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг ард түмэнтэйгээ байгуулсан гэрээ гэж үздэг. Тэр тусмаа Үндсэн хуулийг хянадаг ҮХЦ-ээр тоглох хэрэггүй. Гэтэл Үндсэн хуулиа янз бүрийн наймааны хэрэгсэл болгож байна.
Ер нь ҮХЦ, Дээд шүүхэд байгаа нөхөд эрх баригчдын гар, хурууны үзүүрээр хөдөлж байна. Өөртөө байхгүй эрхийг эдэлж, гаргаж чадахгүй хуулиа ч ҮХЦ-ээр гаргууллаа. Тэр нь “давхар дээл”-ийн асуудал.
УИХ-ын гишүүн нь Сайдын албыг давхар хашиж болохгүй гэсэн ҮХ-ийн заалттай байтал Цэц нь энэ заалтаа зөрччихсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь өөрөө ҮХ-ийг зөрчсөн. Хамгийн наад талын заалт гэхэд “ҮХЦ-ийн гишүүнд Улсын дээд шүүхээс гурван шүүгч очиж болно” гээд заасан байгаа. Энэ бол явах ямар ч боломжгүй гэдэг нь харагдаж буй. Үүнийг илүү сайн боловсруулаад, дараагийн УИХ-аар хэлэлцсэн нь дээр.
-Ж.Батзандан бид хоёр нэг ангид байсан-
-Нэгэн цагт АН-ын гишүүн байсан Ж.Батзандан Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Ингэхдээ, АН, ИЗНН болон Шинэ нам нэгдэн “блок” үүсгэж сонгуульд оролцвол ялалт байгуулах боломжтой гэсэн. Үүнд та ямар байр суурьтай байна?
-Би чуулганы хуралдаанд сууж байсан болохоор мэдээлэл хийснийг нь мэдсэнгүй. Хэн ч юу ч ярьж болно шүү дээ. Хэлсэн зүйлийг сонсож байж, дүгнэлт хийнэ. Ж.Батзандан бид хоёр нэг ангид байсан. Улстөрчийнх нь байр суурийг сонгогчид нь дүгнэх байх. Энэ удаагийн сонгуулиар ямар үр дүн үзүүлэхийг нь мэдэхгүй байна.
-Төгсгөлд нь асуухад, энэ удаагийн сонгуульд та нэр дэвших үү. Намдаа хүсэлтээ өгөв үү?
-Нам маань намайг хаана бай гэх нь үү. Тэнд нь би байна. Хэрэгтэй үед нь хэрэгтэй газар нь байдаг ийм л хүн. Нэр дэвших хүсэлтээ өгөөгүй байна. Хүсэлтээ өгсөн, өгөөгүй мэдэж байгаа байлгүй дээ.
Ярилцсанд баярлалаа.