Гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнээ дураараа нэмдэг, зах зээлд монопол болсон нь тариалан эрхлэгчдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж иргэдийг шулж байгааг “Ургац хүдэр” ХХК-ийн захирал Л.Цандэлэг хэлсэн. Хариуд нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өчигдөр өгсөн ярилцлагадаа дараах тайлбарыг өгсөн юм. Тэдний эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.
- ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧИД 3 ЖИЛД 3 ИХ НАЯД ТӨГРӨГ ХАЛААСАЛСАН -
“Ургац хүдэр” ХХК-ийн захирал Л.Цандэлэг: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан шиг муу хүн байхгүй мэт ойлгогдож байна. Энэ бол гурилын мафийн ажиллагаа. Засгийн газар ард түмнээ бодох ёстой. Д.Амарбаясгалангийн зөв. Засгийн газар ард түмнийх болохоос биш “Алтан тариа”-гийнх биш. Өнөөдрийг хүртэл хугацаанд таван гэр бүл Монголын бүх тариаланчдын үр тарианы үнийг тогтоодог гажуудал арилсангүй. Газар тариалангаа алгадаж унагасан. Бид жилдээ дунджаар 360 мянган тонн улаан буудай иддэг. Нэг килограмм улаан буудайнаас хамгийн багадаа 1000 төгрөг унагахад нийт дүнгээрээ 360 тэрбум төгрөг болно. Сүүлийн гурван жилийн хугацаанд гурил үйлдвэрлэгчид 3 их наяд төгрөг ард түмнээс халаасалсан. Улсын хэмжээнд ханасан улаан буудай байхад үйлдвэрлэгчид даварч үнэгүйдүүлж биднээс хямд үнээр авдаг. Бидний үр тариаг голж шилсээр 500-600 мянган төгрөгөөр авч, цааш нь гурилыг долоо дахин нугалсан үнээр 3600 төгрөгөөр зарж байна.
- ГУРИЛ ӨНДӨР АШИГТАЙ БОЛ Л.ЦАНДЭЛЭГ ГУРИЛАА ХИЙ -
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Буруу ойлголт байгаа нь үйлдвэрлэгчид 700 мянган төгрөгөөр улаан буудай авч 2 сая 800 мянган төгрөгөөр зардаг тухай асуудал. Үүнийг өнгөц харвал ямар өндөр ашигтай юм бэ гэж бодно. Энэ бол худлаа.
700 мянган төгрөг бол гурван жилийн өмнөх буудайн үнэ. Өнгөрсөн жил зөвхөн тэжээлийн будаа 800 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Тэгвэл будаа нь нэг саяас нэг сая 250 мянган төгрөгийн үнэтэй байсан. Өнөөдөр зарж буй гурилын үнэ нэгдүгээр зэрэг нь 1900-2100 төгрөгийн хооронд бөөндөж байна. Дундаж ашиг нь 5-6 хувьтай байхаас биш инфляцын түвшин 15 хувьтай байгаа тохиолдолд даблдсан өндөр ашиг байхгүй. Хэрэв тийм өндөр ашигтай байсан бол арав гаруйхан жилийн өмнө 20 гаруй гурилын үйлдвэрээс яагаад 10 болов. Яагаад хаалгаа барив. Гурил өндөр ашигтай байсан бол Л.Цандэлэг гурилаа хий л дээ
Гурилын үнэ ханш, гаалийн татвараас чөлөөлөхтэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү