Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Нярай хүүхэд хэт их нойртой болж, хөхөө хөхөхгүй байвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 27 секунд

Ubn.mn сайт энэ удаагийн сурвалжилгаа ЭХЭМҮТ-ийн "Нярайн эмгэг судлал"-ын тасгаас бэлтгэн хүргэж байна. Энэхүү тасагт бүхий л эмгэгтэй, өвчлөлтэй нярай хүүхдүүд ирж удаан хугацаанд эмчлүүлдэг аж. Тэгвэл шинэхэн ээж, аавууддаа зориулан нярай хүүхдийн эмгэгийн талаарх ойлголт хийгээд хүүхдийг дөнгөж төрсний дараа хэрхэн анхаарч, анзаарч байх ёстой талаар мэргэжлийн эмч нарын зөвлөгөө мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Улаанбаатар хот, ЭХЭМҮТ

ЭХЭМҮТ-ийн Нярайн эмгэг судлалын тасагт хөдөө орон нутаг төдийгүй бусад эмнэлгүүдээс ч дамжин ирсэн төрөх хоногоосоо өмнө буюу дутуу төрсөн, шарлалттай болон бусад төрлийн эмгэгтэй нярай хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг байна.

Нярайн эмгэг гэдэг нь хүүхэд дөнгөж төрсний дараа ямар нэгэн өвчний эмнэлзүй илрэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл нярай үед өвдөж буй бүхий л өвчлөл үүнд багтдаг байна.

Тус тасгийн ... дугаар палат. Тав, зургаан ээж дөнгөж төрсөн үрээ тэвэрсээр бас хөхүүлэн сууна. Хамгийн бага нь төрөөд ганц хонож байгаа бол жаахан том нь 2, 3 сартай байх аж. Тэдний дундаас онцолж нэгэн бяцхан хүү нүдэнд тусав. Хүү амандаа гуурстай, хамартаа амьсгалын аппарат зүүжээ. Одоогоор амьсгалын дутлаас болж аманд нь хөөс тогтож бас түүнээс болж гуурсаар хооллож буй нь энэ гэнэ. Энэ нярай эхийнхээ гэдсэнд 7 сартай байхдаа "Өрцний эвэрхий" гэх оношоор оношлогдож, төрснийхөө дараа яаралтай хагалгаанд орж, сэхээний тасагт 15 хоноод хэдхэн хоногийн өмнө тус тасагт иржээ. "Одоогоор нярайн биеийн байдал тогтворжсон бөгөөд амьсгал дутал ч сайжирсан тул удахгүй эхийнхээ хөхөөр хооллож чаддаг болно" гэж тус тасгийн Эрхлэгч Г.Батцэнгэл бидэнд тайлбарлав.

-Ихсийн цусан хангамж алдагдсанаас үүдэж нэг ихэстэй ихрүүдийн аль нэг нь хүндрэлтэй төрөх магадлалтай-

Үргэлжлүүлэн бид дутуу төрсөн нярайнуудын эмчилгээний палатыг зорилоо. Төрөх цагаа тэсэлгүй яаран мэндэлсэн ихэр хоёр жаал ээжтэйгээ хамт сар гаруйн хугацаанд хэвтэн эмчлүүлж байна гэв.

1500 гр, 1600 гр төрсөн 2 ихэр өдгөө 1900 гр болтлоо өсөж томорчээ. Түүнчлэн ихэр хүүхдүүд нэг ихэстэй байвал ихсийн цусан хангамж алдагдсанаас үүдэж аль нэг нярай нь хүндрэлтэй төрөх магадлалтай аж. Мөн ихэр жирэмслэлтийн үед дутуу төрөлт тохиолдох магадлал өндөр байдаг ба эхийн эрүүл мэндийн байдлаас хамааран харилцан адилгүй байдаг байна.

Тэгвэл шинэхэн ээж, аавууд төдийгүй шинэ хүнээ өлгийдөн авсан эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх үүднээс ЭХЭМҮТ-ийн Нярайн эмгэг судлалын тасгийн Зөвлөх эмч Ш.Чимгээгээс дараах тодруулгыг авлаа.

-Нярай хүүхэд 2-3 цагийн зайтай сэрж хөхөө хөхөх ёстой. Хэрэв хөхөө хөхөхгүй бол хүүхдэд эмнэлзүйн шинж байна гэж ойлгож болно-

-Нярайн эмгэг гэж юу вэ. Бас хүүхдэд ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй вэ?

-Хүүхэд дөнгөж төрсний дараа ямар нэгэн өвчний эмнэлзүй илрэхийг нярайн эмгэг гэж нэрлэдэг. Энд нярайн бүхий л өвчлөл багтана. Хэрэв хүүхэд дөнгөж төрсний дараа дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж, тусламж авах хэрэгтэй. Үүнд,

  • Халуурах
  • Даарахааргүй нөхцөлд биеийнхээ дулааныг алдах. Өөрөөр хэлбэл 36-аас доош дулаантай болох
  • Гулгиж, бөөлжих
  • Гэдэс дүүрэх
  • Татах
  • Унтаа ноомой болох
  • Тайван бус болох зэрэг шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

-Нярай хүүхдийг цаг минут тутам унтаж байдаг гэх ойлголт байдаг шүү дээ. Энэ нь нэг талаараа буруу юм байна. Тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Эмнэлгийн байгууллагад унтаа, ноомой болсон хүүхэд ирвэл энэ нь тухайн хүүхдэд ямар нэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Угтаа бол нярай хүүхэд 2-3 цагийн зайтай сэрж, хөхөө хөхөх ёстой. Хэрэв хөхөө хөхөхгүй бол хүүхдэд нэг асуудал байна гэж ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр хоногт хэдэн удаа хөхөө хөхөх ёстой гэсэн үг вэ?

-Гүйцэд төрсөн хүүхэд 3 цагийн зайтай хоногт 8-аас доошгүй, дутуу төрсөн нярай 2 цагийн зайтай хөхөө хөхөж, хооллох ёстой. Гэхдээ бүх хүүхдийг яг энэ цагаар хөхүүлэх ёстой гэсэн үг биш л дээ. Ялангуяа дутуу төрсөн хүүхдийг хэдэн нидельтэй төрснөөс нь хамаараад хэдэн цагийн зайтай хооллох вэ гэдгийг эмч нар шийддэг.

Зарим тохиолдолд хүүхдийг хүссэн үед нь сайн хөхүүл гэж зөвлөдөг ч тэр дороо гулгих эсхүл гэдэс нь дүүрээд байгаа тохиолдолд байнга хөхүүлээд байж болохгүй. Нярай хүүхэд том хүн шиг өвдөж байгаагаа хэлж чадахгүй, мэдэхгүй учраас цаггүй хооллох нь буруу гэсэн үг.

-Сүүлийн үед ээж, аавууд хүүхдийн нэмэлт тэжээлийг сонгож хэрэглэх нь элбэг болсон. Энэ нь зөв үү?

-Угтаа бол эхийн сүү гэдэг бол юугаар ч солихгүй хамгийн чухал амин дэм. Хөхний сүүг орлох, түүнтэй тэнцэх сүүн тэжээл гэж дэлхий дээр огт байхгүй. Дутуу төрсөн, хөхөөрөө хооллож чадахгүй хүүхэд байсан ч гэсэн бид тэжээлээр биш хөхний сүүгээр хооллохыг л зөвлөдөг.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн хэлэмжид сайтар анхаарах нь чухал-

Ташрамд дурдахад, энэхүү тасагт дээр дурдсан нярайнуудаас гадна бусад эмнэлзүйн шинж тэмдэгтэй олон хүүхэд бий. Хүүхэд өөрийгөө өвдөж байгааг, өлсөж, цангаж байгааг бас гэдэс нь цатгалдаж, дүүрсэн байгааг илэрхийлж чадахгүй учраас эцэг эхчүүд та бүхэн өөрсдөө хүүхдийнхээ биеийн хэлэмжид сайтар анхаарах нь чухал. Ингэхдээ хүүхэд тань нойр ихтэй болж байна уу үгүй юу, хөхөө сайн хөхөж байна уу, амархан даарч хөрөөд байна уу гэдгийг хянаж байхыг зөвлөж байна. Магадгүй дөнгөж төрсөн нярайд тань эмчийн ярианд дурдагдсантай ижил шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандаарай.

Монголд автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн. Тэд үүнийгээ Хятадад зардаг
Монголд автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн. Тэд үүнийгээ Хятадад зардаг
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.