Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарыг сайжруулах зорилгоор Биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй ажил хэргийн хуваарьт уулзалт зохион байгуулж буй. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Монголын үндэсний паралимпийн хорооны удирдлагуудыг хүлээж авч уулзлаа.
Уулзалтанд МҮПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү, дэд Ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Монголын паралимпийн анхны алтан медальтан, Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Д.Баатаржав Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.
МҮПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Өнгөрсөн 4 жил маш амжилттай хамтарсан. Агентлаг маш сайн ажилласны үр дүнд өнөөдөр Улсын хороо болон өргөжиж Ерөнхий сайдын дэргэд ирж байна. Нэг том удирдлагад ороод бусад орны хөгжиж буй жишгээр явах болсонд баяртай байна. Олон улсад эх орноо төлөөлдөг 2 том хорооны нэг болох Монголын үндэсний паралимийн хороо чадах бүхнээрээ дэмжиж, хамтарч ажиллана. Монгол улсын далбааг олон удаа мандуулж, спортоор дэмжин үндэсний бахархалыг сэргээх ажилд хамтран амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар Монголын паралимпийн баг тамирчид Токиод болох паралимпийн наадамд спортын 4 төрөлд 5 тамирчин албан ёсоор оролцох эрхээ авчээ.
Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын хувьд Монголын үндэсний паралимпийн хороог өнгөрсөн 4 жилийн хугацаанд чадах чинээгээрээ дэмжиж ажилласан. Ирэх жилүүдэд ч мөн адил дэмжих болно. Монголын паралимпийн тамирчид ирэх онд зохион байгуулагдах паралимпийн наадамд өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байгаа. Токио-2020 хойшилсон ч тамирчдын бэлтгэлжилтийг алдагдуулахгүй байхад анхаарч, аль болох олон цугларалтанд хамруулан тогтмол бэлтгэлтэй байлгахын тулд төсөв санхүүд нь анхаарч байгаагаа онцолсон юм.
Монголын үндэсний паралимпийн хорооны хувьд паралимп хойшилсонтой холбоотойгоор шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн хөтөлбөр, төлөвлөлтөнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн спортын холбоодуудаа дэмжих, шинээр холбоод байгуулах тал дээр дэмжлэг үзүүлэн анхааран ажиллаж байгаа юм байна. Цар тахлын улмаас олон нийтийг хамарсан ажлуудаа хойшлуулсан. Гэхдээ ирэх 11-р сараас нийслэлийн 4 дүүрэгт паралимпийг сурталчилсан өдөрлөг, сурталчилгааг зохион байгуулахаар төлөвлөжээ.