Хүн бүрийн сэтгэлд 100-гийн ундаа, 100-гийн чихэр гэхээр цаанаа л нэг дотно, үнэ цэнтэй санагддаг. Хямдхан ч гэлээ хамгийн үнэтэй дурсамжуудыг өөртөө агуулах тэр тоо хайрын өмнө очвол нандин дурсамжийг бүтээж чадах болов уу?
YZ TV-ийн бүтээл “100-гийн хайр” влогийн Ука буюу жүжигчин Д.Өсгүүнбилэгтэй тус влог болон хувийн амьдрал, болзооны тухай ярилцлаа.
-Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Д.Өсгүүнбилэг гэдэг. Найзууд маань намайг Ука гэж дууддаг. Би одоо 21 настай. Энэ жил СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Анх мобикомын рекламанд тоглох үеэр хийсэн пранк бичлэгийг маань YZ TV-ийн Ганлхагва ах харсан юм билээ. Тэгээд надад хамтарч ажиллах санал тавиад, өнгөрсөн 7-р сараас эхэлж YZ TV-д уран бүтээлчээр ажиллаж байна.
-"100-гийн хайр" гэх влог хийх санааг анх хэн гаргасан бэ? Өөрийн тань санаачилсан контент уу?
-YZ TV-гийн Ганлхагва ахтай танилцсаны дараа би Эркатай хамтарч контент хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Тэгээд бид 3 хоорондоо ямар контент хийвэл хүмүүст сонирхолтой байх вэ гэж ярилцаж байх үед Ганлхагва ах бие биедээ дургүй хэрнээ болзоод байдаг солонгос кино шиг влог байвал ямар вэ гэсэн санаа гаргаад бид хоёр дэмжээд влогоо хийж эхэлсэн.
-Хүмүүс "100-гийн хайр"-ыг зохиолын дагуу явдаг уу, эсвэл үнэхээр бодит амьдралаа харуулсан влог уу гэдгийг их сонирхдог. Аль нь вэ?
-Бид хоорондоо ярилцаж зохиолоо гаргаад, зохиолын дагуу влогоо бичдэг. Зохиолыг Сайхнаа ах, Ганлхагва ах, Эрка бид нар нийлж суугаад, болзооны үеэр өөрсдөдөө тохиолдож байсан дурсамж, туршлагуудаасаа санаа авдаг. Тэгээд Эрка бид 2-ын дүрд тохируулж үйл явдлыг нь найруулан бичдэг.
-Тэгэхээр "100-гийн хайр" хэдий зохиолын дагуу явагддаг ч, үйл явдлууд нь ихэвчлэн өөрсдөд нь тохиолдсон зүйлсээс сэдэвлэсэн юм байна. Тэгвэл влогийн аль хэсэг нь яг өөрт чинь тохиолдсон зүйл вэ?
-Үүрүүлж явдаг хэсэг бол миний дурсамжаас санаа авсан. Харин кофений саванд текила хийж уудаг хэсэг нь манай Ганлхагва ах, түүний эхнэр хоёрын маш нандин дурсамжуудын нэг байгаа юм.
-Өдөр тутмын амьдралаа бодитойгоор харуулсан влог, урьдаар бэлдсэн зохиолын дагуу хийгдсэн влогуудын аль нь илүү хүмүүсийн сонирхлыг татаж байна вэ?
-Манайх энэ хоёрыг хооронд нь нийлүүлэх замаар хийсэн болохоор бусдаас илүү сонирхолтой байгаа байх гэж боддог.
-Эрка та хоёр влог дээр бие биенийхээ сэтгэлийг хайхардаггүй хүмүүс шиг гардаг. Амьдрал дээр хэр ойлголцдог вэ?
-Эрка их сургуулийн доод курсын маань дүү байсан юм. Харин одоо бид 2 сайн найзууд болсон. Эрка маань их даруухан болохоор би яриад л тэр сонсох үе олон.
-Эхэндээ Эрка та хоёрын влог явж байгаад, тавдахь дугаараас Номин орж ирснээр үйл явдал нилээд өрсөлдөөнтэй, сонирхолтой өрнөдөг. Номинг влогт оруулах санааг хэн гаргасан бэ?
-Номинг влогт оруулах санааг намайг эмнэлэгт хэвтэж байх үеэр Эрка, Ганлхагва ах, Сайхнаа ах гурав гаргасан байна лээ. Надад нэг охинтой влог хийж байгаа гэж хэлсэн ч би яг болзоод явсан гэдгийг нь мэдээгүй байсан юм. Дараа нь влогоо үзээд үнэхээр шоконд орсон.
Номин бол манай “100-гийн хайр” влогийн эхлэлийн шторк, ‘’Toxic love” контентийн монтаж зэргийг хийдэг маш мундаг охин. Ер нь л яг влог дээр гардаг шигээ өвөрмөц зан чанартай, байгаа байдал нь хайр татмаар хөөрхөн охин байдаг.
-Нэг влог бичихэд хэр их хугацаа болон төсөв мөнгө зарцуулдаг вэ? Хамгийн өндөр өртгөөр бүтсэн дугаар аль нь байсан бэ?
-Хамгийн их төсвөөр бүтсэн влог бол Эркагийн надад гэнэтийн бэлэг барьж, парк, цэцэрлэгт хүрээлэн явсан дугаар байсан. Тэр влогт надад цэцэг, бэлэг, Эркагийн унасан машины бензин дээрээс нь паркад тоглосон гээд нэлээн хөөрхөн төсөв гарчихсан. Уг нь ихэвчлэн нэг влог ойролцоогоор 30 мянган төгрөгийн өртгөөр бүтдэг.
Ер нь тэгээд влогт бидний энерги л хамгийн их зарцуулагддаг юм даа. Хамгийн эртдээ шөнийн 1,2 цаг гэж л дуусдаг.
Сүүлийн влогийг авах гэж бид гурав нусаа хацартаа наасан. Гурвуулаа ханиад хүрчихсэн байсан.
-Влог хийхэд учирдаг бэрхшээлтэй тал нь юу вэ?
-Жишээлбэл, сүүлийн влог дээр Эрка бид 2 хамтдаа нар жаргахыг харахаар төлөвлөж байтал тэр өдөр нь тэнгэр бүрхээд бороо орчихсон. Яг төлөвлөснөөр болсон влог бараг байгаагүй.
Тийм болохоор байгаа нөхцөлдөө тааруулаад л влогоо бичнэ. Төлөвлөгөө яаж ч өөрчлөгдөх үе байдаг болохоор тэр нь жаахан хэцүү.
-Влогийн зураг авалтын үеэр хамгийн олон давтсан хэсэг юу вэ?
-Номиотой хийсэн влогийн хэсгүүдийг авахад давтаж бичих үе олон байсан. Номио бид хоёр амьдрал дээр их дотно. Бие биерүүгээ муухай харах гэхээр инээд хүрээд л. Бас нэг зураг авалт нь би Эркаг алгадаад зугтаах хэсэг дээр бид 2 тэсэхгүй инээгээд, тэрийг бараг дөрвөн удаа давтаж бичсэн санагдаж байна. Тэр болгонд Эрка жинхнээсээ алгадуулж байсан. (инээв)
-Хүмүүсийн зүгээс ямар шүүмж, сэтгэгдлүүд ирж байна? Сөрөг сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Ихэнхдээ Эркаг муулсан байдаг (инээв). Эрка тоохгүй ч би өмнөөс нь жаахан санаа зовоод байдаг. Харин хэт доромжилсон сэтгэгдлийн тухайд сошиал медиа ашиглаж байгаа хүн бүр аз жаргалтай, бие махбодь, сэтгэл санааны хувьд эрүүл байгаа гэж боддоггүй. Сөрөг сэтгэгдэл бичээд сууж байгаа хүн цаанаа сэтгэл санааны гутралд орсон, өвдсөн ямар ч асуудалтай байж болно. Монголд сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалд тэр болгон анхаараад байдаггүй учраас сошиал тэдгээр хүмүүсийн стрессээ гаргах талбар болдог байх гэсэн үүднээс уужуу тайван хандаж ойлгохыг хичээдэг.
-"100-гийн хайр" влогийн эхний улирлын дугаарууд дуусаж байгаа. Влог цааш хэрхэн үргэлжлэх вэ?
-Цаашаа хэрхэн үргэлжлэх нь одоогийн байдлаар нууц. Ямартай ч, 100-гийн хайрын сүүлийн ангийг маш урт хийхээр төлөвлөж байгаа. Тэгээд IP TV, эсвэл аппликейшнд оруулах төлөвлөгөөтэй байгаа.
-YZ TV сургалт зохион байгуулна гэж сонссон. Энэ тухай дэлгэрүүлээд ярьвал?
-Бид GEN Z үеийнхээ залууст зориулан контентоороо хэрхэн бизнес хийх вэ, яаж бага төсвөөр их хандалттай контент бүтээх вэ талаар сургалт явуулах гэж байгаа. Одоогоор маш олон хүмүүс сургалтанд суухаар бидэнд хандаж байгаа.
-Влог дээрх биш амьдрал дээрх Ука-
-Одоо өөрийн тань тухай асуулт руу оръё. "100-гийн хайр" дээр гардаг Ука бодит амьдрал дээрх Укагаас хэр өөр вэ?
-100-гийн хайрын Ука бол их тэвчээртэй, санаачлагатай охин. Харин би түүнээс тэс өөр. Эмэгтэй хүн эрэгтэй хүнд түрүүлж санал тавих, өөрөө харилцааг эхлүүлэх зэргийг дэмждэггүй. Бас эхний влог дээр Эркагийн мэдрэмжгүй үйлдлүүдийг маш их тэвчдэг. Би магадгүй өөрөө байсан бол тэвчихгүй байсан байх. Ер нь тэвчээртэй байхын тулд надаас маш их хичээл зүтгэл шаарддаг. (инээв)
-"100-гийн хайр" влогийг хийж эхэлсний дараа зар сурталчилгаа, киноны санал ирсэн үү?
-Зар сурталчилгааны санал ирсэн. Киноны санал хараахан ирээгүй байна. Эрка бид хоёр нэг пробонд ороод хоёулаа тэнцээгүй уйлж гарч ирсэн. (инээв)
-Жүжигчин хүн болгонд тоглохыг хүсдэг дүр байдаг. Таны тоглохыг мөрөөдөж явдаг дүр юу вэ?
-Миний тоглохыг хүсдэг дүр бол “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Смералда. Би багадаа эцэг эхийгээ дагаж театрт жүжиг их үздэг байсан. Тийм болохоор театрт хайртай. Намайг үздэг олон хүмүүстэй болсныхоо дараа “La la land” дээр Эмма Стоун өөрөө бие дааж уран бүтээл гаргадаг шиг, өөрийнхөө байгуулсан жижигхэн газар тийм зүйл хийж амьдрахыг хүсдэг. Орчин үед дэлхийд гарч ирж байгаа театрын шинэ хэв маягийг Монголдоо нэвтрүүлэхийг мөрөөддөг.
-Укагийн хобби нь юу вэ?
-Хобби юу, кофе уух (инээв). Ер нь гитар тоглож дуулахаас гадна шүлэгт их дуртай. Яруу найргийн ном унших, олон удаа хийгдсэн сайн кинонуудыг үзэх дуртай. Миний амьдралдаа үзээд анх удаа шүтэн биширсэн кино бол Францийн Амели гээд кино. Тэр киноны өнгө, дүрс гээд бүх зүйл нь үнэхээр гайхалтай. Харин одоогийн байдлаар хамгийн өндөр сэтгэгдэл төрүүлсэн кино бол “Coffee and Cigarretes”.
-Укагийн хувьд нэгэнт болзооны тухай влог хийдэг учраас энэ сэдвээр ярилцъя гэж бодлоо. Өөрт тань ямар эрэгтэй хүн таалагддаг вэ?
-Надад царайлаг эрчүүд тэр болгон таалагдаад байдаггүй. Тийм царайлаг биш ч ухаалаг, мэдлэгтэй, өөрийнхөө сонирхолтой зүйлийнхээ төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг, амьдралынх нь үзэл баримтлал нь зөв хүн таалагддаг. Би өөрөө ном унших, кино үзэх, философи судлах дуртай. Тийм болохоор миний дэргэд байгаа эрэгтэй хүн миний сонирхдог зүйл болон урлагийн талаар мэдлэг нимгэн байх нь миний урмыг хугаладаг.
-Таны хувьд өмнө нь явж байсан хамгийн гоё болзоо ямар болзоо байсан бэ?
-Натурын гүүрэн дээр хөгжмөө чанга тавиад голд нь бүжиглэж байсан. Яг л “Notebook” кинон дээр гардаг шиг л болзоо байсан. Ер нь хамгийн гоё болзоонууд дандаа гүүрэн дээр байсан юм байна.
- Эхний влог дээр Эрка нилээд мэдрэмжгүй үйлдлүүд гаргадаг. Тэрэн шиг өөрийн чинь бодлоор болзооны үеэр эрэгтэй хүний гаргадаг хамгийн том алдаа юу вэ?
-Би, би, би гээд яриад байдаг ш дээ. Би мундаг шүү гээд л зодооны түүхээ яриад байдаг. (инээв) Тэр ер нь болзоог нураадаг.
Гэхдээ бас хүн бүрээс авах мэдрэмж өөр өөр байдаг. Мэдрэмж нь нийлээд байвал алдаа гаргасан ч уучлаад л байдаг. Тэгэхээр миний хувьд хамгийн чухал зүйл бол тэр хүнээс авч байгаа мэдрэмж.
-Тэгвэл эсрэгээрээ өөрийнхөө мөрөөдлийн болзоог дүрслээч гэвэл?
-Зуны яг долоон сард, тэнгэрт олон хонин үүл гарчихсан, бүрхэг хэрнээ үүлний завсраар нар тусаад нэг тийм дулаахан өдөр байдаг ш дээ. Яг тийм өдөр уулан дээр суугаад нүд нүдрүүгээ хараад бие биенийхээ тухай яриад, байгалийн сайхныг бишрээд суух л миний мөрөөдлийн болзоо юм даа.
-Эцэст нь Эрка найз охинтой юу? Ер нь сошиалаар олон охин сонирхож байгаа харагдсан болохоор зарим уншигчид мэдмээр байгаа болов уу?
-Эркад найз охин байхгүй ээ. Азгүй амьтан (инээв). Гэхдээ Эркад аягүй их чат ирдэг. Манай Эрка влог дээр гардаг шиг мэдрэмжгүй биш л дээ. Гэхдээ их шаардлага өндөртэй. Тийм болохоор Эркад таалагдахын тулд их зүйл хийх хэрэгтэй болно доо.
-Харин Укагийн хувьд найз залуутай юу?
-Аан тэр одоогоор нууц байгаа. (инээв)
-Ярилцсанд баярлалаа.
Л.Дэлгэрмаа