Эцэг эхчүүд, томчуудын хайхрамжгүй хэнэггүй зангаас болж бага насны хүүхэд гэмтсэн, амиа алдсан гэх аймшигт мэдээ өдөр алгасалгүй дуулдах боллоо. Хамгийн сүүлд гэхэд гуравдугаар сарын 16-нд "Н нар нь цэргийн баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас 1 ой, дөрвөн сартай хүүхэд монгол гэрийн гадна талд осгосон байдалтай хэвтэж байсныг хөрш нь олж цагдаад мэдэгдсэн байдаг.
Тухайн хөрш нь 08:38 цагийн үед “Ой гарантай хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ. Хүүхэд өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэгвэл энэ хэргийн талаар өнөөдөр /2024.03.19/ дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Бидэнд олдсон мэдээллээр Н-ийн гэрт найз нь Дарханаас 1 ой, дөрвөн сартай хүүхдийнхээ хамт ирсэн. Тэд гэртээ хүүхдээ унтуулаад, гэрээ цоожлолгүй баар орчихоод өглөө иртэл дээрх харамсалтай хэрэг гарсан байна.
Өөр нэг эх сурвалжийн мэдээллээр "Н нь 31 дүгээр хороонд иргэний үнэмлэхний хаяг нь бүртгэлтэй боловч хаягаа шилжүүлэлгүй, 32 дугаар хороонд айлын хашаа түрээсэлж амьдардаг. 31 дүгээр хорооны харьяалалтай болоод 8 сар болсон. Н нь Хэнтий аймагт малчин байсан бөгөөд нөхөр нь нас бараад хот бараадсан. Тэрбээр архи дарсны хамааралгүй 2-12 насны гурван хүүхэдтэй, 40 гаруй насны эмэгтэй бий. Хэрэг гарсан өдөр Н-ийн хүүхдүүд нь гэртээ байгаагүй" гэх мэдээллийг өгсөн юм. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Н-тэй холбогдох гэсэн боловч тусыг эс олов.
Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны Засаг дарга н.Батзориг "Хорооноос Н-тэй нөхцөл байдлын үнэлгээ хийлгэхээр холбогдсон. Гэтэл "Би танай хаяг дээр амьдардаггүй. Тиймээс танай хорооноос ажиллах шаардлагагүй" гэх хариуг өгсөн. Тиймээс бид амьдарч байгаа 32 дугаар хорооны Засаг дарга, нийгмийн ажилтанд нөхцөл байдлын үнэлгээ яаралтай хийлгээрэй гэж мэдэгдсэн" гэлээ.
- Хүүхдийн ээжид ямар хариуцлага тооцох вэ -
Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт "Хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй" улмаас хүүхдэд хүндэвтэр, түүнээс дээш хүнд хохирол учирсан бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хязгаарлах, 5-8 жил хорих зэрэг ялтай,
Зөрчлийн тухай хуульд 6.20-д "Хүүхдийн эрхийг зөрчих" 300 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт бий.
Уг хэрэгт тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлт хэрхэн гарахаас хамаарч аль хуулиар явахаа шийдвэрлэх бөгөөд хүүхдийн гэмтлийн зэрэг хөнгөн эсхүл гэмтэлгүй гэж гарвал Зөрчлийн тухай хуулиар торгож шийдвэрлэх гэнэ.
- Үл хайхрах хүчирхийлэл хамгийн түгээмэл тохиолдож байна -
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий:
-Хүчирхийлэл гэхээр хүмүүс бэлгийн хүчирхийлэл, бие махбодийн хүчирхийллийн талаар илүү мэдээлэлтэй байдаг. Гэтэл сэтгэл санааны хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийллийн талаар ярьдаггүй, зарим нь бараг мэддэггүй. Үл хайхрах хүчирхийлэл гэж асран халамжлах үүрэг хүлээсэн хэн нэгэн этгээд хүүхдийн суурь хэрэгцээг гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулсан, эсхүл учруулахаар завдсан үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
Хүүхдэд өгөх ёстой хайр энэрэл, орон байр, боловсрол, хувцас хунар гэх мэт хэрэгтэй зүйлсээр нь гачигдуулах, наад захын хэрэгцээгээр хангахгүй байна гэсэн үг. Манай уламжлалт соёл, хандлага түүнчлэн хуулиа мэддэггүй байдал, ингээд л өсчихсөн юм, буруудсан, муудсан юм алга гэж цөөнгүй эцэг эхчүүд ярьдаг. Гэтэл эдгээр нь нь хүүхдийн эрхийн зөрчил гэдгийг эцэг эхчүүд ойлгож, хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавьж хүндэтгэн дээдлэх хэрэгтэй байна.
Үр хүүхэд төрүүлээд тэднийхээ өмнө хариуцлага хүлээх чадваргүй эцэг эхчүүд бий болоод байдаг түүнийг зохицуулах, хуулийн хариуцлага тооцох механизм манайд байдаггүй.
Учир нь манай одоо мөрдөж буй Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан. Энэ хуулинд одоо үүсээд байгаа нийгмийн өөрчлөлт, гэр бүлийн асуудал, эцэг эхтэй холбоотой хариуцлагын асуудлууд зохицуулагдаагүй учраас олон хүндрэл үүсдэг. Тэгэхээр энэ тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлахаас эхлээд тулгамдсан асуудал манай салбарт цөөнгүй байна.