Монголын гэрэл зурагчдын шилмэл бүтээлүүдийг дэлгэдэг Улаанбаатар-2024 гэрэл зургийн 7 хоног” нэгдсэн үзэсгэлэн Мишээл экспо төвд өнөөдөр нээлтээ хийжээ.
Үзэсгэлэнд гэрэл зургийн бүхий л төрөл жанрын 3000 бүтээлээс шилэгдсэн 620 гаруй гэрэл зургийг дэлгэж үзэгч, сонирхогчдын хүртээл болгож байгаа аж.
Гэрэл зураг нь шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнес, дүрслэх урлаг, соёлын бүтээл болохыг харуулсан энэхүү нэгдсэн үзэсгэлэн долоон өдрийн турш гарна. Сэдэв хязгааргүй, гэрэл зургийн бүхий л төрөл жанраар харуулж буй уг үзэсгэлэнд дэлгэсэн гэрэл зургууд нь гэрэл зурагчны оюун тархи, зүрх сэтгэлээс урссан өнгө будаг, уран санаа, дуранд туссан амьдралын өнгө, баримт, гэрэл сүүдэр нь технологийн дэвшил, арга хэрэгсэл, хүчин чадалтай хэрхэн хосолж бүтсэнийг үзүүлэх юм.
Өдөржин гадаа хөврөх, хөлхөх бидний амьдралын өнгө төрх, хэмнэл, араншинг буулгасан “Street photo” залуусын бүтээл, цаг хугацаа, үзэгдэл, үйл явдал, баримт, нотолгоот мэдээлэл түгээгч хэвлэлийн гэрэл зурагчдын бүтээл, хараа булаан гайхуулдаг байгаль, нүүдэлчдийн соёл ахуйг харуулсан шилдэг гэрэл зургуудыг эл үзэсгэлэнгээс үзэх боломжтой юм.