Хар тамхины хэрэгт 16-30 насныхан илүү их холбогдож байна гэх мэдээллийг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн хяналтын прокурор Ш.Анужин ярилцлагадаа дурджээ. Тэрбээр "Энэ төрлийн гэмт хэрэгт 16-30 насныхан илүү их холбогдож байна. Өсвөр болон идэр насны залуучууд хэрэгт холбогдсон нийт иргэдийн 67 хувийг эзэлж байна. Мэдээж олон шалтгаантай. Гэхдээ өсвөр насны хүүхдүүдийн хувьд үзэл бодол төлөвшиж амжаагүй, бусдын нөлөөнд автах нь амархан байдаг тул найз нөхдийн буруу хүрээлэл, хэн нэгнийг даган дуурайх, мөн интернэт орчны баталгаагүй мэдээлэлд итгэж сонирхох, улмаар хэрэглэж донтох байдал ажиглагддаг.
2022 онд 13 эмэгтэй хар тамхины хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан бол 2023 онд 40 болж өссөн. Өсвөр насны охид, нас залуу эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нь буруу мэдээлэл, ойлголттой байдаг. Тухайлбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэвэл жин нэмэхгүй байх боломжтой ч гэдэг юм уу, эсвэл хэрэглэвэл гоё мэдрэмж өгдөг гэх зэрэг худал зүйлд итгэж хэрэглэсэн тохиолдол байдаг. Нэг хэрэглээд үзчих гэсэн найз нөхдийн ятгалга мөн нөлөөлж байхад гадаад улсад ажиллаж, амьдарч байсан иргэд энэ төрлийн бодисын хамааралтай болчхоод ирсэн тохиолдол ч байна" гэсэн юм.