Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таны хувьд сүүлийн хэдэн жилд улстөрөөс хол, нам жим байлаа. Энэ хугацаанд ямар ажил хийв, юун дээр төвлөрч байна?
-Ер нь нэг ном бичих гээд анхаарлаа төвлөрүүлж байна. Ном маань нэлээн амаргүй, улстөр, нийгмийнх. Гэхдээ тэр бүхэнд боломжоороо философийн тунгаалт хийж байна. Яагаад амаргүй гэж хэлсэн бэ гэхээр, би ардчиллын төлөө 30 гаруй жил тэмцэж явахдаа хачирхалтай үзэгдлүүдэд сүүлийн жилүүдэд санаа зовох болсон. Тухайлбал,
Хүмүүс дарангуйлал руу эргэж зүтгэдэг, хүсдэг байдал газар авдаг юм байна. Би үүнийг гайхдаг. Яагаад гэхээр 1990 онд Ардчилсан хувьсгал ялж, бид эрх чөлөөтэй болоод, яаж хэлмэгдэж, дарангуйлалд зовж яваагаа зөндөө л хэлсэн. Бидний үеийнхэн дарангуйлал дотор хязгаарлагдмал байдалтай амьдарч байснаа мэднэ. Дураараа ч үгээ хэлж чаддаггүй. Төр, Засгийг шүүмжилвэл шоронд орох нь бага хэрэг. Амь насаа ч алдах эрсдэл байсан. Энэ бүгдийг үзэж явчхаад, эргээд энийгээ нэхээд, хүсээд эхэлдэг нь ямар учиртай юм бэ гэдэг хачирхалтай үзэл суртлыг судалсан. Үүнийгээ л ном болгох гээд зүтгээд, анхаарлаа төвлөрүүлж байна.
Өнгөрсөн найман жилд хийсэн ажлуудыг нь харахад, бидний хийсэн ажлын 10 хувьд нь ч хүрсэнгүй
-“Улаанбаатар-Бүсчилсэн форум” болж өндөрлөлөө. Та форумд оролцсоны хувьд ямар чухал асуудлуудыг хэлэлцсэн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Улаанбаатарын тулгамдсан асуудлуудыг суурь байдлаар нь шийдье гэсэн хэлэлцүүлэг болох шиг боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч энэ чиглэлээр үг хэлсэн. Ерөнхий сайдын хэлсэн үгэнд суурь хандлагаар нь өөрчилье гэдгийн илэрхийлэл болсон чухал зүйл яригдсан. Тэр нь юу вэ гэхээр нийслэл гэдэг Засаг, захиргааны нэгж дотор амьдарч буй орчныхоо онцлогт нийцсэн хотуудыг зохион байгуулъя гэх чухал асуудал хөндөгдсөн. Энэ бол яах аргагүй суурь өөрчлөлт мөн.
Гэхдээ энэ өөрчлөлтүүдийг УИХ-аар 2013 онд баталсан “Ерөнхий төлөвлөгөө”-тэй уялдуулах уялдаа холбоо сайн харагдахгүй байсан. Энийгээ тойроод, олон сэдвүүд яригдсан л даа. Өөр нэг чухал сэдэв гэвэл нүүрс. Ойрын хэдэн жилд үнэ цэнтэй байх юм шиг байна. Нүүрс, уул уурхайн баялагаа борлуулах замаар мөнгөтэй байх юм шиг байна.
Энэ боломжийг ашиглаж, асуудлаа шийдье гэж хэлэлцүүлгийн үеэр мөн ярьсан. Гэхдээ Ерөнхий сайдын хэлсэн зүйлст шүүмжлэлтэй хандах хоёр асуудал байсан. Миний ярих сэдэв өөр байсан учраас тайзан дээр энэ талаар би ярьж чадаагүй. Харин энд чамтай ярих боломж олдож байна.
Ерөнхий сайдын ярианд дутуу байсан хоёр зүйлийн нэгийг нь түрүүн хэлчихсэн. Нөгөө дутуу асуудал нь юу вэ гэхээр тавьж байгаа зорилгыг хэрэгжүүлэхэд хүмүүсийн сэтгэл чухал байхгүй юу. Мөнгөтэй байгаад, сэтгэлгүй бол асуудал шийдэгдэхгүй. Мөн дампууралд хүрч, бөөн гарз хохирол амсдаг. Сүүлийн хэдэн жилийн практик чинь энэ шүү дээ. Мөнгө байсан ч сэтгэл байгаагүй. Харин идэж, уухын “дон” байсан. Ингээд л дампуурсан. Тэгэхээр сэтгэл зүрх байна уу гэдэг асуудалд Ерөнхий сайд анхаарлаа муу төвлөрүүлэх шиг болно лээ.
Намайг Хотын дарга байхад нийслэлийн төсөв өнөөдрийнхөөс тав дахин бага байлаа шүү дээ. Өнөөдөр 2-3 их наядаар яригдаж байгаа бол миний үед шавхаад шавхаад, 500 тэрбум хүрдэггүй байсан. Жилийн хөрөнгө оруулалтын боломж ердөө 260 тэрбум төгрөг. Гэтэл өнөөдөр хэдэн их наядаар яригдаж байна.
Өнгөрсөн найман жилд хийсэн ажлуудыг нь харахад, бидний хийсэн ажлын 10 хувьд нь ч хүрсэнгүй. Бид одоогийнхтой харьцуулахад 100 дахин их ажил хийсэн л гэх гээд байна. Энэ бол сэтгэл зүрхний асуудал. Сэтгэл зүрхээ асаахын тулд би төрийн алба хаагчдад, хотын ажилчдад нэг л шаардлага тавьдаг байсан.
-Ямар шаардлага вэ?
-Хүүхдүүдийнхээ зургийг ширээнийхээ өмнө заавал тавьж бай гэдэг. Ерөнхийлөгчийн зургийг өрөөндөө өлгөдөгтэй адил гэсэн үг шүү дээ. Тэгээд хүүхдийнхээ зургийг хараад “Та нарынхаа төлөө зүтгэнэ ээ” гэж хэлдэг байх хэрэгтэй. Би тухайн үед шууд л хэлдэг байсан. Та нар эх орноо бодоод зүтгэнэ гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ нэг зүйлийг битгий мартаарай. Хүүхдийнхээ зургийг харах бүрдээ эд нар маань энэ хотод амьдарна. Үүний төлөө зүтгэж байгаагаа ойлгоорой” гэдэг байсан юм. Би ямар сайндаа Ерөнхий сайдад хандаж, “Төрийн алба хаагчдыг ширээн дээрээ үр хүүхэд, ач зээ нарынхаа зургийг тавихыг шаард” гэж жиргэж байсан л даа. Үр, хүүхдийнхээ төлөө зүтгэх нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ манайд буруу зүтгээд байна. Бусдын хүүхдийн боломжийг хулгайлж, өөрийнхөө хүүхдэд ашигтай байдал бий болгоод байгаа шүү.
-Нийслэлийн шинэ удирдлагын багийн хэрэгжүүлэхээр ажиллаж буй метроны бүтээн байгуулалтыг хэрхэн харж байна вэ. 2028-2029 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, шинээр ТЭЗҮ боловсруулж байгаа юм билээ?
-Би бол сонгуулийн өмнөх PR битгий болчихоосой гээд л залбираад, мөргөөд сууж байна. Бүсчилсэн форум дээр Б.Дэлгэрсайхан сайд “Э.Бат-Үүл даргын санаачилсан метро” гээд хэлнэ лээ. Миний ч санаачилсан юм биш. Япончуудтай хамтарч хийсэн “Ерөнхий төлөвлөгөө”-нд тусгагдсан л зорилтууд. Метро бол Улаанбаатарт математик модулиар тооцоод үзэхэд, маш их үр ашигтай гарсан. Уг нь метро чинь гурван сая хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянган ам.доллартай тэнцэх хотод л ашигтай байж чаддаг. Гэтэл Улаанбаатарт ашигтай гарсан. Бид битгий хэл, япончууд ч гайхаж байсан. Яагаад гэвэл бид угаасаа метронд зориулсан хоттой юм билээ. Метро барина гэдгийг мэдсэн юм шиг нэг өргөн чөлөөг дагаад төвлөрсөн хот. Энхтайваны өргөн чөлөөгөөр жилд 250 сая хүн зорчдог. 2013 онд метроны ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө нь батлагдсан, тухайн үеийн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар санамж бичигт гарын үсэг зурсан. Ингээд бид метронд суугаад, метро хэзээ ашиглалтад орох вэ гээд Японы талтай санал зөрөлдөөд сууж байлаа шүү дээ. Японы тал 2020 оны 9-р сар, би 2020 оны 7-р сар гээд шахаад сууж байсан юм. Харамсалтай нь, 2016 онд сонгуульд ялагдсан.
Сонгуульд МАН ялалт байгуулснаас хойш миний хамгийн их гайхсан асуудал бол Су.Батболд Хотын даргын ажлыг аваад хамгийн эхэнд зогсоосон ажил нь метро. Хамгийн гол нь УИХ-аар батлагдсан “Ерөнхий төлөвлөгөө”-нд байгаа ажил шүү дээ.
Одоо Амгаланд байгаа Японы эмнэлэг гээд байна шүү дээ. Энэ чинь өөрөө метронд зориулсан эцсийн буудлын бүтээн байгуулалт. Өөрөөр хэлбэл, байгууламж нь ашиглалтад орсон, метро нь ашиглалтад ороогүй. Харин одоо Б.Дэлгэрсайхан сайд, Х.Нямбаатар нар энэ ажлыг идэвхтэй өрнүүлж буйд би баяртай байгаа. Гэхдээ сүүлийн үед харсан чинь 330 тэрбум төгрөгийг гялс батлаад, хачин замбараагүй юм болоод эхлэхээр нь бүр их гайхсан. Ингээд зогсохгүй 9-р сард газар шорооны ажил эхлүүлнэ гэнэ. Метро гэдэг бол газар шорооны ажил эхлүүлдэг зүйл биш шүү. Аягүй их том цогц ажил. Юун газар шороо. Хэрвээ тэгж ойлгож байгаа бол аюул болно гэсэн үг. Хоёрдугаарт, метрог маш хариуцлагатай байгууллагаар хийлгэдэг. Яагаад гэвэл метроны бүтээн байгуулалтыг дутуу орхих эсвэл мөнгөгүй гээд “шантаажилж” зогсвол аюул болдог.
Тодорхой яривал нүхийг нь ухаад, 100 метр явснаа “Мөнгөө нэмэхгүй бол болохоо байлаа” гэвэл тэгээд л өнгөрөө. 1.3-1.5 тэрбумаар барина гэж байсан бол 15 тэрбумаар барих хэрэг гарна шүү дээ.
Өөр нэг гайхаж байсан зүйл бол метроны асуудал ярихад, Ерөнхийлөгч асан Х.Баттулга метрог Богд уулын урдуур тавих юм яриад явсан. Одоо байгаа Монголын ДНБ-ийг бүгдийг нь зарж байж л хийх болно шүү дээ. Ингэхээр нь л би чинь үнэхээр метро барих гээд байна уу, үзэл суртлын юм болоод байна уу гэж бодсон. Тийм учраас л их болгоомжилж байна.
-Та бүхэн нийслэлийг удирдаж байх үедээ ЖАЙКА-гаар метротой болох судалгааны ажлыг хийлгэж ТЭЗҮ боловсруулсан байдаг. Энэхүү судалгаа, ТЭЗҮ-ийг одоо хэрэгжүүлэх боломж байгаа юу?
-Тэр цагаас хойш ам.долларын ханш гэхэд л өчнөөн өөрчлөгдсөн. Тэгэхээр ТЭЗҮ-д нэмэлт өөрчлөлтүүд хийхээс өөр аргагүй. Хотын дарга Х.Нямбаатар "Тухайн үед метро барьсан бол өнөөдрийнхөөс илүү өндөр зардлаар хийх байсан” гэж байна лээ.
Тооцоо бол зайлшгүй шинээр хийгдэнэ. Гэтэл Хотын удирдлагууд тооцоогүй ТЭЗҮ зарлачих шиг болсон. 330 тэрбумыг гэр хороолол руу “Эргэлтийн сан” болгоод өгсөн бол энэ зун гэхэд өчнөөн айлыг дахин төлөвлөлтөд оруулах боломж мөнгө гэж би дотроо бодож л байлаа. Тийм учраас тооцоо, ТЭЗҮ-ийг шинэчилж байж, тендер зарлах ёстой.
-Нийслэлийн одоогийн удирдлагууд шаардлага хангахгүй гээд шинээр ОУ-ын тендер зарласан байгаа. Үнэхээр тийм шаардлага хангах ТЭЗҮ болсон юм уу?
-Зарим талаараа шаардлага хангахгүй ТЭЗҮ гэдгийг тодруулж хэлэхгүй байна лээ. Найман жилийн хугацаанд зам дагуу барилга, байгууламжууд нэлээн нэмэгдсэн шүү дээ. Зогсоолын газар чөлөөлөх эд нар чинь их өөр болсон шүү. Энэ бүгдийг яаж хийгээд, “пижигнээд” байгааг би ойлгохгүй байна л даа.
Анх метроны ТЭЗҮ боловсруулж байхад зорчих тариф 600 төгрөг гэж тооцоолж байсан
-Нийслэл хот метротой боллоо гэхэд зардлаа хэрхэх вэ. Эрчим хүч, хэрэглээний зардлаас шалтгаалж, алдагдалд орж, төрөөс татаас авах дүр зурагтай байна. Энэ татаасыг нь нийслэл эсвэл улсын төсвөөс өгөөд байх боломж нь хэр байгаа бол?
-Яг зөв. Чи харин мэдэж байгаа юм шиг асуучихлаа. Жишээлбэл, Хонхорын наад талд V цахилгаан станц барих гэж байсан. Метроноос гадна цахилгаан галт тэрэг явуулах төлөвлөгөөтэй байсан. Ер нь гэр хорооллын дахин төлөвлөлт, метро, V цахилгаан станц, цэвэр усны эх үүсвэр гээд бүгд хоорондоо уялдаатай.
Анх метроны ТЭЗҮ боловсруулж байхад зорчих тариф 600 төгрөг гэж тооцоолж байсан. Үр ашгийн үзүүлэлт сайн гарч байсан юм. Нэг жишээ хэлэхэд, агаарын температурын хэлбэлзэлтэй оронд метро ашигтай байдаг. Яагаад гэвэл -35 хэмийн хүйтэн болохоор бас эсрэгээрээ халуун болохоор хүмүүс метро руугаа гүйдэг юм билээ. Тэр үеийн ТЭЗҮ боловсруулж байхад метро дагуух үл хөдлөх хөрөнгүүдийг 10 тэрбум ам.доллар болгох асуудал ярьж байсан. Тэр битгий хэл, Сүхбаатарын талбай доор “Акуа парк” барихаар ярилцаж байсан юм.
Нэмж хэлэхэд, метро дагаж цахилгаан станцаас гадна нарийн нийлмэл ажил маш ихтэй. Дор хаяж 1500 хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн ажилтнууд бэлтгэх ёстой. Мөн нийтийн тээврийн нийт сүлжээгээ цагийн нарийвчилсан уялдаа, нэгдмэл системтэй болгох хэрэгтэй. Яагаад гэвэл Баянхошуунаас автобус ирлээ. Хүмүүс метрондоо суухад бэлэн байх хэрэгтэй байхгүй юу.
-Ер нь таны үед метро барих ажилд юу саад болов. Улстөр саад болсон уу?
-Засаг солигдоод л бидний ажлыг үргэлжлүүлээгүй. Хачирхалтай нь, ганц метро ч биш, хийж байсан бүх ажлыг зогсоосон. Энүүхэнд хэлэхэд, ах нь тэр бүгдийг харж зүрх шимшрээд, хөдөө гарч амьдрах вэ дээ. Харсаар байтал бүх ажлыг зогсоочхоор сэтгэл санаагаар унаад, нэг л эвгүй байдаг юм билээ.
-Нууц биш бол хөдөө гэдэг нь аль аймагт амьдарч байв?
-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд амьдарсан. Хэдэн үхэртэй фермерийн аж ахуйтай. Бас жаахан ногоо таримаар санаатай.
-Нийслэлчүүд түгжрэлийг бууруулахын тулд жилд 420 тэрбум төгрөг зарцуулах чадамжтай гэж үзээд 2 жил боллоо. Үүний зарцуулалтыг та хэрхэн харж байгаа вэ?
-Ийм хэмжээний мөнгө зарцуулаад үнэндээ түгжрэл шийдэгдсэнгүй. Хүмүүс намайг худлаа PR-даж байна л гэдэг юм. Нэг зүйлийг хэлэхэд, би бол түгжрэлийг гурван сарын дотор шийдэж чадна. Жишээлбэл, өнөөдрийн автобусны дундаж хурд 11-12 км/цаг. Миний санал болгож буй аргыг хэрэглэвэл 30-40 км/цаг буюу 3-4 дахин хурд нэмэгдэнэ. Амгалан хүртэл 30-40 минут давхиад орно оо л гэсэн үг. Ямар сайндаа манай намын зарим залуучууд “Та одоо яагаад “шпаркаль” өгөөд байгаа юм бэ” гэдэг.
Би юу санал болгоод байгаа вэ гэхээр түгжрэлийн үеэр автобусны эгнээнээс бусад эгнээний урсгалыг эсрэг болго гээд байгаа юм. Баруу талдаа жолоотой машинууд зөв талдаа жолоотой болно гэсэн үг. Миний саналыг залуучууд өлгөж аваад бөөн баяр болох байх гэсэн чинь харин ойлгож өгдөггүй.
Гаднаас ирсэн хүмүүс “Танай замын хөдөлгөөн ямар дүрэмтэй вэ” гэхээр нь “Баруун” гэдэг. “Танай машинууд бүгд зүүн дүрмээр яваад байна шүү дээ” гээд байдаг. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний дүрмийнхээ эсрэг яваад байна гэсэн үг. Манайх шиг дүрмийнхээ эсрэг хөдөлгөөнд оролцдог улс дэлхийд байхгүй.
-Таны үед дугаарын хязгаарлалт, 1-р эгнээ гээд хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш 10 жил өнгөрсөн байна. Тэр үедээ үр дүн гарч байсан мэт боловч одоо түгжрэл нийслэлчүүдийн толгойны өвчин хэвээр байгаа. Дээрх ажлуудыг хэдий хугацаанд үргэлжлүүлнэ гэж анх эхлүүлсэн бэ?
-Би ер нь энэ журмыг 2016 оноос болиулах гэж байсан. Болиулах гэж байсан аргаа чамд хэлчихлээ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн эгнээг хэн ч орох боломжгүй тусгай эгнээ болгох юм. Нийтийн тээвэр хурдан үйлчлээд байвал хүмүүст машин шаардлагагүй болно. Яагаад гэвэл Амгалан хүртэл 2 цаг явмаар байна уу, автобусаар 20 минут явмаар байна уу гэдэг сонголтын асуудал.
-НИТХ-аар автомашинд олгох дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар тогтоосон. Хувийн өмч талаас нь харвал энэ зөв шийдвэр мөн үү?
-Ийм л балмад арга хэрэглээд байна шүү дээ. Хүмүүсийн машин авах эрхийг хязгаарлаж байна. Социализмын үед л ингэдэг байсан. Жилдээ 1500 иргэнд л хувийн автомашин авах эрх олгодог байлаа. Бүр “Москвич Лада” гээд заачихсан. УАЗ-469 зэрэг машины жолооч нар авбал хэрэгт орно шүү дээ. Энэ аргыг л сэргээгээд байна. Энэ бол бүтэхгүй. Хоёрдугаарт, бөөн авлига болно. Хар тамхи шиг л юм болно доо. Харж л байгаарай. Зам дээр авлига эхэлнэ. Хөдөөний иргэдийг өдөрт 5000 төгрөгөөр торгоод байвал цагдаагийн “хармаа” руу л орно. Х.Нямбаатар тэрийг хараад байж чадахгүй. Бусад ардчилсан оронд машин тоо хязгаарладаг улс байхгүй. Энийгээ Сингапуртай харьцуулаад байсан. Сингапур бол эдийн засгийн чанартайгаар буюу мөнгийг нь автомашин бус ЖДҮ болгох гэж шахсан зүйл.
Гэр хорооллын дахин төлөвлөлт Х.Нямбаатарын ярьж байгаа шиг явахгүй ээ
-Х.Нямбаатар Хотын дарга болсныхоо дараа яаралтай горимоор Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг батлуулсан. Үүнийг хэр оновчтой хууль болсон гэж та үзэж байгаа вэ?
-Захиргаадалтын аргыг л хуулийн арга болгоод байна. Эд нарыг нь би “Бүтэхгүй ээ” гэж хэлээд байгаа юм. Жишээлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлт Х.Нямбаатарын ярьж байгаа шиг явахгүй ээ. Х.Нямбаатар нэг зүйлийг ойлгохгүй байгаа юм. Гэр хорооллын иргэд чинь хашааны манаач биш эзэд нь байхгүй юу. Газрын эздийн газрыг үнэ тулгаж байгаад чөлөөлж авах тухай яриад байна шүү дээ. 60 хувийг нь дэмжвэл үлдсэн 40 хувийг нь албадна гээд байгаа. Энэ бүтэх ч үгүй. Үндсэн хуулиар хориотой. ҮХЦ-д ганц асуудал гаргаж тавиад л дуусна. Яагаад гэвэл иргэний газрыг нөхөн төлбөртэйгөөр авах асуудал бол Засгийн газрын тусгай хэрэгцээнд авдаг хуультай. Би бол илүү сайн арга санал болгоод байгаа шүү дээ.
Юу вэ гэхээр айлуудынхаа хашаа руу дэд бүтэц явуулчих. Сэлбэ, Баянхошуунд оруулчихсан байгаа. Дэд бүтэцтэй газар чинь үнэтэй болдог юм байгаа биз дээ. Үнэтэй газраар нь барьцаалаад, үл хөдлөх хөрөнгийг нь санхүүжүүлээч ээ гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, газрын эзэдтэй түншлэх хэрэгтэй. Харин захиргааны арга бүтэхгүй. Захиргааны аргаа хэрэгжүүлэх гэж л тийм хууль батлуулж байхгүй юу.
-Таныг Хотын даргаар ажиллаж байх үед Нийтийн тээврийн ТӨК-уудыг нэгтгэж, “Зорчигч тээврийн нэгтгэл” болгож байсан. Саяхан болсон НИТХ-ын хуралдаанаар буцаан задалж, шинээр байгуулах асуудал хөндөгдлөө. Энэ хэр зөв алхам бэ?
-Эд нар их буруу жишиг тогтоосон. Бие биедээ ажлын байр, бизнес гаргаж өгөх гээд Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээг гурав салгачихсан. “Зорчигч тээврийн нэгтгэл” болгож байх үед их хэмжээний бэлэн мөнгө эргэлдэж байсан. Энэ бизнесийг буюу бялуу хувааж байсан байгаа юм. Тэгэхээр нь бид менежментийг нь сайжруулах гээд нэгтгэл болгосон. Хүмүүс санаж байгаа бол тэр үед өвлийн хүйтэнд иргэд автобусанд оочерлож зогсдоггүй байсан шүү дээ.
Яагаад гэвэл нэгдсэн менежменттэй болохоор цаг хугацаагаа тааруулж чаддаг. Нэгдсэн удирдлагатай байгууллага чинь маршрутаа булаацалдахгүй. Тэр битгий хэл, бид чинь автобусанд урдуураа ороод, хойгуураа буудаг соёл тогтлоо шүү дээ.
-Нэгдүгээр сарын сүүлээр нийтийн тээврийн чиглэлийг өөрчлөөгүй юу?
-Өө, харин тийм. Өвлийн хүйтэнд шүү дээ. Бид болохоор зун наймдугаар сард буюу зам сийрэг, дулаахан үед чиглэл өөрчилж байсан. Тэгсэн чинь энэ хэд гүйж очоод, өвлийн хүйтэнд, идэр есөөр аваад хаядаг байгаа.
Цаашид улс, нийслэл парк шинэчлэлд мөнгө зарах шаардлагагүй
-Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд ирсэн “ногоон автобус”-нууд дуулиан дэгдээсэн. Улмаар үе үеийн парк шинэчлэлийг шууд худалдан авалтаар хийсэн гэж үзээд, хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээ Хотын удирдлагууд мэдэгдсэн. Таны байр суурь?
-Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал үнэндээ нийслэлийн төсөв, мэдлийн хүрээнд шийддэг асуудал биш байгаа юм. Дандаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэл хийж байдаг. Тиймээс тухайн үеийн сайд нараас холбогдчихоод, хэл ам болоод байна шүү дээ. Хотод хөрөнгө хомсдолтой учраас тэгж шийдэж байгаагүй. Хоёрдугаарт, нийслэл өөрөө автобусны компанитай. Тэндээ л автобус авч өгч байгаа. Хувийн компаниуд өөрсдөө “Бид ч гэсэн парк шинэчлэл хийе” гэж хүсэлтээ гаргадаг байсан. Чи их чухал асуулт асуусан.
Ер нь цаашид улс, нийслэл парк шинэчлэлд мөнгө зарах шаардлагагүй. Яах вэ гэхээр компаниудыг хувьчлах хэрэгтэй. Өмнө нь хувьчилж байсан. Гол алдаа нь маршрутыг нь хамт өгдөггүй. Жишээлбэл, Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийг “Тэнүүн-Огоо”-д 20 жилээр өгсөн байсан бол өөрсдөө хөрөнгө оруулах байхгүй юу. Эсрэгээрээ тэд маршрутаасаа хөөгдчихвөл яаж хөрөнгө оруулалт хийх юм бэ. Чадахгүй шүү дээ. Урт хугацааны хөрөнгө оруулалттай бол тэд чинь супер автобус оруулж ирнэ.
-2015 онд Нийтийн тээврийн картын системд шилжсэн. Тухайн үед Солонгосын компанид тендергүйгээр өгчихсөн. Тухайн компани одоо өр төлбөртэй, тайлан тооцоогоо тавьдаггүй, аудит хийлгэдэггүй гэх зөрчил илэрсэн талаар мөн нийслэлийн удирдлагууд мэдэгдээд байгаа. Ямар эрх ашгийн үүднээс “УБ смарт карт” ХХК-ийг шалгаруулсан юм бэ, ямар нэг ашиг сонирхол байв уу?
-Хүмүүст нэг зүйлийг тодорхой ойлгуулъя. Смарт карт нэвтрүүлэхэд нийслэлээс нэг ч төгрөг гараагүй. Өөрөөр хэлбэл, худалдан авалт, тендер огт биш шүү. Бизнесийн эрхийг нь өгсөн юм. Энийг хийсэн Нийтийн тээвэртээ баярладаг. Ямар сайн зүйл хийгээ вэ. Даанч эд нар цаашид хөгжүүлэлтийг нь хийгээгүй. Анх хөрөнгө оруулагчийг шалгаруулахад, их дажгүй компани шалгарсан юм билээ. Сөүл хотын захиргааны эзэмшдэг компани байсан. Бид хотын харилцаатай улс учраас эргээд гомдол гаргах эзэнтэй байна шүү дээ.
Х.Баттулга бид хоёрт хувийн янз бүрийн асуудал байхгүй. Монголыг Оросын нөлөөний тоглоомон улс болгох гээд байгаа. Үүнд л дургүйцээд байна
-Ардчиллын анхдагчдын нэг гэдэг утгаар асууя. АН-ын эв нэгдэл, өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. Монгол Улс ардчиллын индексээрээ жил бүр ухарсаар байна?
-Ардчиллын индекс ухарч байгаа нэг шалтгаан бол саяны Х.Нямбаатар эд нарын хийж байгаа шиг захиргаадалтын арга ихсээд, хүний эрх рүүгээ халдаад байна шүү дээ. Жишээлбэл, барууны орнуудад машин худалдаж авах эрхийг хязгаарлалаа гэвэл ойлгохгүй шүү дээ. Мөн сэтгүүлчдийг хорьж цагдсан асуудал нөлөөлсөн гэж үзэж байгаа.
Намын эв нэгдлийн талаар яривал манай нам олны өмнө ил хэрэлддэг л дээ. Х.Баттулга бид хоёр муудалцаад, би Х.Баттулгыг элдвээр шүүмжилж л байдаг. Бидэнд хувийн янз бүрийн асуудал байхгүй. Нөгөө улстөрөөсөө болоод үзэл бодол зөрдөг. Тэрийгээ ил цагаан хэлчихдэг. Ардын нам бол битүү л цохилцоод байна.
АН тамга тэмдгээс болоод “гацаа”-нд орсон асуудал бий. Манай нам гэхээс илүү шүүх л шийдэх асуудал байсан юм билээ. Шийдэх асуудлыг шийдэхгүй яваад байсантай холбоотой л гэж би хараад байгаа юм.
Би ерөөсөө коммунист нам биш л дээ. Асуудалд 99 хувь гар өргөдөг улс биш. Яая гэх вэ дээ, ардчилагч нар ил тод үзэлцэж л байдаг. Би “Ардчилсан намын дарга нь дарга биш, манлайлагч хүн байх ёстой” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, дарга энэ намыг хэзээ ч удирдаж чадахгүй. Намайг Нийслэлийн намын дарга байхад, манайхан зангидсан гар шиг л байсан. Би тэднийг ерөөсөө даргалдаггүй, манлайлдаг л байсан шүү дээ.
Хүнд хэцүү даалгаварт хэнтэй явах вэ гэвэл би Х.Баттулгатай явна гэж хэлнэ
-Та Х.Баттулгатай сайндвал сайнддаг, муудвал муудчихдаг гэж байна. Ер нь одоо Нийслэлийн АН-д Х.Баттулгын фракц зонхилж буйг та юу гэж харж байна. Таны хувьд намдаа ямар оролцоотой байгаа вэ?
-Үгүй ээ, яах вэ. Сонгуулиар намаа ялаасай л гэж бодож, дэмжиж байна. Саяхан Нийслэлийн намын даргатайгаа хамт явж, хийсэн ажлуудынх нь талаар ярилцлаа. Тэр маань олон нийтэд хүрсэн үгүйг би мэдэхгүй байна. Залуучууд хийх цаг болсон гэж би хэлээд байгаа. Миний хувьд сонгуульд нэр дэвшихгүй. Улстөрийн сонирхол алга.
Х.Баттулгатай үзэл бодлын хувьд нэлээн хол зөрүүтэй болсон. Бид хоёрын дунд ямар ч асуудал байхгүй. Сайхан нөхөрлөж ч явсан. Х.Баттулгыг би сайхан түшигтэй гэж боддог. Хүнд хэцүү даалгаварт хэнтэй явах вэ гэвэл би Х.Баттулгатай явна л гэж хэлнэ. Энэ ташрамд хэлэхэд, Баянхонгорынхонд их сонин зан байдаг юм. Би Баянхонгорын олон найзтай л даа. Жудаг сайтай. Харин хоорондоо үзээд байдаг сонин талтай.
Х.Баттулгатай яагаад үзэл бодол харш болоод байна гэхээр Х.Баттулга Зөвлөлтийн үеийн байдлыг сэргээх гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголыг Оросын нөлөөний тоглоомон улс болгох гээд байгаа. Үүнд л дургүйцээд байна. Хятадын зүгээс эвгүй алхам хийж болох тийм аюул руу Монголыг түлхээд байна. Яагаад тийм өдөөн хатгалга хийгээд байгааг ойлгохгүй байна.
Юу вэ гэхээр сүүлийн үед Хятадын эсрэг үзлийг галзуу, солиотын хэмжээнд хүргэлээ. Тэр Л.Мөнхбаясгалан эд нар цус эд нар ч ярьж байх шиг, юу юм бэ. Л.Мөнхбаясгалан шиг цус ярьдаг хүмүүс аль ч улсад байдаг юм л даа. В.В.Путин чинь иймэрхүү хүмүүсээр нь далимдуулж, Украин руу дайрсан байхгүй юу. Манайх руу Хятадаас дайрвал яах юм. Социализмыг, Зөвлөлтийг сэргээе гэдэг хүн манай намд байгаа гэдэгт би итгэхгүй байгаа юм.
30 гэр бүлийн өмчийг хураая гэдэг л хүн. Тэгдэг нь яаж байгаа юм. Хууль бус хөрөнгийг хураах нь зүйн хэрэг. Хууль ёсоор бизнес, хувийн өмчтэй болсон хүмүүсийг яаж байгаа нь тэр вэ. Тэгж яривал Х.Баттулга өөрөө хүнсний үйлдвэрийн том манлайлагч, олигархи шүү дээ. Ер нь ардчиллын эсрэг явж байгаа хэнтэй ч би таарахгүй.
-Иргэдийн дунд таныг боломжийн ажилласан Хотын дарга гэх яриа байдаг. Тиймээс та 2024 оны УИХ эсвэл НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж, өөрийн баримталж байсан бодлогоо үргэлжлүүлэх үү?
-Нэр дэвшихгүй. Одоо харин залуучуудаа дэмжинэ. Бид байгаа дээрээ тэднийг сургаж, зааж чиглүүлж явмаар байна шүү дээ. Тэд цаашид энэ намыг, ардчиллыг авч явна. Дараа үедээ зааж сургана. Тийм л байна.
-Ярилцсанд баярлалаа.