Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дөлгөөн: Малын тоонд биш чанарт анхаарах хэрэгтэй

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
30 минут 54 секунд

NTV телевизийн “Лхагвын тойм” ярилцлагын зочноор эдийн засагч Б.Дөлгөөн оролцлоо. Түүнтэй ярилцсныг хүргэе.

-------------------------------

-Зуд зөвхөн орон нутгийн асуудал биш эдийн засагтай шууд уялдаж байна. 2009 оны зуданд 10 орчим сая толгой мал хорогдсон байдаг юм билээ. Зудын дараа хотын шилжилт хөдөлгөөн ч нэмэгддэг. Малчин хот руу нүүх нэн ядуу ангилалд орох эрсдэлтэй. Зуд болсны дараа хөдөлмөрийн зах зээл ямархуу дүр зурагтай байх таамаг байна. Шилжилт хөдөлгөөн ажиглагдахаар байна уу?

-Зудын сөрөг нөлөөг харахад шууд шилжилт хөдөлгөөн нэмэгддэг. Статистик мэдээллээр, 2000-аад онд гарсан зуд ойролцоогоор 11.1 сая толгой мал хорогдсон. Дараа нь шилжилт хөдөлгөөн 47 мянга, 2001 онд 30, 2002 онд 42 мянган хүнээр нэмэгдсэн. Сүүлд та бүхний санаж байгаагаар 2009, 2010 онд болсон зуданд 12 сая толгой мал хорогдсон. Үүний дараа 2009 онд 52 мянган хүн Улаанбаатарт шилжсэн бол 2010 онд 76 мянга болтол өссөн.

Зуданд малаа алдсан малчид хэдэн жилийн давтамжтай Улаанбаатарт нүүж байна. Зайлшгүй нөхцөлд орж нийслэл рүү нүүж байна. Энэ шилжилт хөдөлгөөн 2024, 2025 онд нэмэгднэ.

-Улсын эдийн засгийн дархлаа нь мал аж ахуйн салбар. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд зудын байдал хүндэрч улсын хэмжээнд хандив тусламжийн аян ч өрнөлөө. Өмнө нь ч зуд болж байсан. Гэвч дараа нь жинхэнэ хүнд ачаа нь малчдын нуруунд ирдэг. Үүнийг улс төрчид ч тэр, олон нийт ч анзаарч хардаггүй. Энэ бол зудын дараах эдийн засгийн хор хөнөөл, сөрөг үр дагавар. Энэ жилийн зудын гамшиг эдийн засагт ямар сөрөг үр нөлөө дагуулах бол. Үүнийг та мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Зуд бол асар хөнөөлтэй зүйл. Тэр дундаа манай хөдөө аж ахуйн салбарт томоохон цохилт өгч байна. Миний тооцооллоор хөдөө аж ахуйн салбар 2024 онд нэлээн хасах үзүүлэлттэй гарах хүлээлт байна. Мэдээж 110 мянган малчин зудын нөхцөлд орсон гэдгийг Засгийн газар мэдэгдэж байна шүү дээ. Энэ нь тоо мэт боловч зуданд нэрвэгдсэн айлаар ороод гарахад маш хүнд байдаг. Хот нь харлаад сүүтэй цай ч байхгүй, сэтгэл санаа маш хүнд. Сэтгэлзүйн шок малчдад томоохон цохилт болж байгаа. Би хувьдаа зудыг хоёр төрлөөр харж байгаа. Мэдээж байгалийн гамшгийг техник технологи хөгжсөн ч бүрэн урьдчилж харах боломжгүй. Эдийн засагчийн хувьд харахад энэ бол байгалийн гамшгаас илүү менежментийн гамшиг гэж хэлж болно.

Монгол Улсад бэлчээрийн даац дээд тал нь 40 сая мал даах чадвартай гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Гэтэл малын тоо нь 70 сая хүрч байна. Энэ нь байх ёстой бэлчээрт 70 сая мал байх нь байгалийн гамшиг тохиолдоогүй ч эргээд хорогдлын тоог жил ирэх тусам энэ нөхцөл байдал нэмж байгаа.

Эдийн засагчийн хувьд авч үзэхэд бэлчээрийн даац 40 сая хүртэл мал байх ёстой бол ийм л байх ёстой. Малчид малын тоонд биш чанарт анхаарах ёстой. Нэг үгээр, 40 сая малаас авах махны хэмжээ 70 сая малаас авах махны хэмжээ тэнцэж байвал 70 сая мал байлгах ямар ч шаардлагагүй.

-Тэгэхээр малчин мянгат малтай байх шаардлагагүй 200 аль эсвэл 300 орчим малтай байх хэрэгтэй гэж ойлгох нь зөв үү?

-Зөв. Миний байнга хэлдэг зүйл хөдөлмөрийн бүтээмж. Энэ нь маш хол сонсогдож магадгүй. Малчны тухайд авч үзвэл 100 бог малтай байхад өөрөөсөө гадна хэдэн өрх тэжээх вэ. Ашиг шим тэжээл нь ямар байх юм. Тиймээс малчин өрхөө л авч явахад хангалтай. Өнөөдөр Монгол Улсын хамгийн бага бүтээмжтэй салбар нь хөдөө аж ахуй болжээ.

Статистик харуулахад, Монгол Улсын нийт газар нутгийн 60 хувь нь бэлчээрийн даац хэтэрсэн байдалтай байгаа. Зурагнаас харвал олон дахин эвдэрсэн нь 60 хувь. Энэ байдлаараа удвал бэлчээрийн даац эргээд хамгийн дээд тал нь 40 сая малаас доош орно. Цөлжилт үүсвэл байлгаж болох малын тоо унаж салбарт сөргөөр нөлөөлнө.

-Өөрөөр хэлбэл, заавал зудаар хорогдол гарахгүйгээр эрсдэл бий гэсэн үг?

-Бүрэн байна. Үүнийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Бодлого гаргагчид ч тэр, малчид ч тэр мэдэж байгаа. Гэтэл бүтээмжийг нь авч үзвэл уул уурхайн бүтээмж 2009 оноос хойш зургаа дахин нэмэгдэж байна. Хөдөө аж ахуйн бүтээмж хоёр дахин нэмэгдэж байна. Үүнээс эргээд яривал хамгийн бага бүтээмжтэй салбар нь хөдөө аж ахуй болжээ. Иймээс салбарын бүтээмжийг сайжруулах, хөгжүүлэхэд бидний гол ажил байна.

-Яаж салбарын бүтээмжийг сайжруулах вэ. Малчид тооныхоо араас хөөцөлдөх хэрэгтэй юу. Үүнд ямар зохицуулалт хэрэгтэй вэ. Яагаад шилжилт хийгдэхгүй байгаа юм бэ?

-Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хоёр төрлийн арга бий. Нэг нь бага бүтээмжтэй салбараас хүмүүсийг өндөр бүтээмжтэй салбар руу шилжүүлэх. Жишээ нь 100 богтой малчин малаа зараад хот руу шилжээд үйлдвэрийн ажил эрхлэнэ. Тухайн хүний бүтээмж хөдөө зөвхөн өрхөө авч явдаг байсан бол хотод орлого нь хоёр дахин нэмэгдэж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Тиймээс аж үйлдвэрийн салбар нь хөдөө аж ахуйн салбараас 2-3 дахин илүү өндөр бүтээмжтэй.

ФЕРМЧИН МАЛЧНААС 12 ДАХИН ИЛҮҮ ҮР АШИГТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

-Үндсэн хуулиараа бид мал аж ахуйгаа хамгаалсан. Мөн энэ салбар ирээдүйд ухдаг биш шургуулдаг баялаг гэж гоё зүйл ярьж байна. Тэгвэл мал аж ахуйн салбараас өөр салбарт шилжихгүйгээг дотроо яаж хөгжиж сайжруулах юм?

-Салбар дотроо бага бүтээмжтэй ажлаас өндөр бүтээмж рүү шилжих. Жишээ нь, бэлчээрийн мал аж ахуйгаас фермерийн мал аж ахуй руу шилжих. Энэ бол монголчуудын ихэнх нь мэддэг зүйл биш.

Харьцуулахад, Америкт нэг фермчин Монгол малчнаас багадаа 12 дахин илүү өндөр бүтээмжтэй ажиллаж байна. Тэгэхээр нэг малчин дунджаар 2-3 айл тэжээдэг бол Америк нэг фермчин 40 айлыг тэжээж байна. АНУ-ын түүхийг харвал 1900-аад онд Монгол шиг л байсан.

Нийт хүн амын 1/3 нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Энэ үзүүлэлт буурсаар өнөөдөр 2023 оны тоог харахад нийт Америк ажилчдын 1 хүрэхгүй хувь нь хөдөө аж ахуйн салбарт орж ажиллаж байна.

-Эдийн засагт үзүүлж буй үр нөлөө нь?

- Ердөө 1 хувийг эзэлж байгаа мөртлөө Америкаас Европ, Хятад руу экспортолж байгаа. Тэгэхээр энэ шилжилтийг 100 жилийн хугацаанд хийсэн байна гэсэн үг. Статистикаас харвал 2009 онд нийт ажилчдын 33 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 2022 онд 10 хувиар буурч нийт ажилчдын 1/4 нь буюу 23 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Бүтээмж нь хүртэл тодорхой хэмжээгээр өссөн.

Хүмүүс энэ салбараас гарахын хэрээр тодорхой хэмжээнд бүтээмж өсч байна. Гэхдээ хангалтгүй. Яагаад гэвэл дэлхий дахинд фермерийн аж ахуйг өндөр бүтээмжтэй авч явах тухай мэдлэг мэдээлэл шинэ зүйл биш. 30 жилийн өмнө хангалттай түвшинд байсан. 30 жилийн өмнөх Америкийн хөдөө аж ахуйн салбарын өндөр бүтээмж рүү манайх өнөөдрийг хүртэл очиж чадаагүй. Магадгүй дараагийн 30 жилд очих уу, үгүй юу гэдэг нь тэр мэдлэг мэдээллийг хэрхэн Монголд нутагшуулах, малчдыг бүтээмжтэй ажиллуулах зэргээс шууд хамааралтай.

-Шилжилт нь гарсан ч бидний ярьж байгаа шиг үр дүн нь хангалттай гарахгүй байна. “Эрчимжсэн мал аж ахуй” гэж ярьдаг ч шилжилт хийж буй тоо нь хангалтгүй. Тэгвэл яаж малчдыг фермийн мал аж ахуй руу шилжүүлэхийн тулд ямар бодлого, зохицуулалт хийх шаардлагатай вэ. Иргэд мэдэхгүй байгаа учраас шилжиж чадахгүй байна гэдэг л хар зураглал байгаа шүү дээ?

-Хоёр зүйл яримаар санагдлаа. Би мал маллаад явж байна. Ямартай ч өөрийнхөө гэр бүлийг авч явж болж байна. Тэгвэл надад өөр газарт татгалзахын аргагүй өндөр цалинтай ажлын санал байгаа юм уу. Хэрэв байвал би илүү орлого авмаар байгаа байхгүй юу. Гэтэл хөдөө аж ахуйн салбарын хүмүүсийн шилжилт хөдөлмөрийн бүтээмж зөвхөн салбараас гадна бусад салбараасаа ч хамаарах нь.

Хэрэв Монголын эдийн засагт чанартай ажлын байр, өндөр цалин хөлстэй ажлын байр ихээр бий болговол хөдөө аж ахуйн салбараас олон тооны өндөр бүтээмжтэй залуус шилжнэ. Хэрэв ийм ажлын байр байхгүй нөхцөлд над шиг залуус хаашаа очих юм. Хэрэв би малчин бол надад өндөр цалинтай ажлын байр байхгүй бол баталгаатай нь малаа маллаад амьдарсан нь надад илүү дээр байгаа юм.

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” бол чанартай ажлын байр бий болгох зорилготой. Энэ нь цахилгаан дулааны хангамжийг нийлүүлж боомтын сэргэлтийн хүрээнд тээвэр ложистикийн асуудлыг шийдснээр бид олон жижиг дунд том гэсэн ажлын байруудыг бий болгоно. Эдгээр нь төрийн оролцоогүй шилжилт хөдөлгөөнийг эдийн засагт бий болгоно. Түүнээс биш үйлдвэр барихгүй, төр экспортын бизнес хийхгүй, төр гадаадын хөрөнгө оруулалтыг авчирч хамтраад хийгээд байгаа юм биш.

- 2023 онд эдийн засаг 7 хувийн өсөлттэй гарлаа. Зудын гамшиг эдийн засагт өсөлтөд сөргөөр нөлөөлөх байх. Таны хувьд хэрхэн зураглаж байна?

- Урьдчилсан байдлаар эдийн засаг 7 хувийн өсөлттэй гарахад нүүрсний экспорт жин дарлаа. Сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш харвал Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортолно гэж зориод чадаагүй. 2023 онд 70 сая гаруй тонн нүүрс экспортоллоо. Энэ нь зорилтот хэмжээнээсээ хоёр дахин нугарсан үзүүлэлт. Яагаад чадав? гэдэг нь “Шинэ сэргэлтийн бодлого”-той шууд уялдаж байгаа. Өмнө нь яагаад чадаагүй вэ гэвэл тээвэр ложистикийн асуудлууд байсан. Мэдээж Covid-19 нөлөөлсөн. Цар тахлын үед хамгийн уналттай үе нь 18 сая тонн нүүрс экспортолсон нь эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлж байгаа. Нэг үгээр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт нь тээвэр ложистикийн гацаа, үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэж эхэлснээр экспортын хэмжээг дагаад валютын урсгал нэмэгдсэн.

Айлаар зүйрлэвэл, манайд орлого нэмэгдэж эдийн засаг өссөн гэсэн үг. 2024 оны дүр зургаар уул уурхайн бүтээгдэхүүний үнэ одоогоор мөчлөг дээр явж байна. Төмөр, зэс, алтны үнэ цаашлаад нүүрсний үнэ ирэх жилшшлэл боломжийн байх юм байна.

Тэгэхээр цаашид уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурахаар манай эдийн засагт шууд сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр бидний хамгийн их гаргаж байгаа 90 хувийн экспортын үнэ ханш сайн байгаа ураас иэдийн засгийн хувьд таатай нөхцөл байдал хүлээж байна гэж хэлж болохоор байна.

-Таны хэлснээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Боомтын сэргэлтийн хүрээнд ямар ямар ажил хийгдэж экспортын хэмжээ нэмэгдэх үр нөлөө авчрав?

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулахад эдийн засгийн өсөлтөөс хойш татаж буй хүчин зүйлсүүдийг судалж гаргасан. Монголд эдийн засгийн өсөлтийг, шинээр бизнес эрхлэхэд хойш нь татаж буй зүйл нь нэн тэргүүнд эрчим хүчний асуудал дараа нь тээвэр ложистикийн асуудал, төрийн чадамжийн асуудал бий. Мэдээж “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд ногоон хөгжил, аж үйлдвэржилтийн сэргэлтийг тусгасан. Ингэж бодлого гарсан. Боомтын сэргэлтийн хүрээнд яривал Замын-Үүд, Гашуунсухайтаас гадна сүүлд Ханги- Мандлын боомтыг барилаа. Өмнө нь улсын хэмжээнд 80-аад оноос хойш ойролцоо 200 километр төмөр зам тавьсан байхад жилийн дотор Зүүнбаян Ханги-Мандал чиглэлийн 220 гаруй километр замыг нэг жилийн дотор барьж дуусгасан байхгүй юу. Энэ бүхэн цаашид нүүрс тээвэрлэх боломжуудыг нэмж өгч байгаа юм. Магадгүй хязгаарлагдаж байгаа зүйл нь 2024 онд хилээр үүсэж буй асуудлаас илүү дотооддоо бид 70 сая тонныг хийж чадах уу гэх асуудал байна.

-Магадгүй боломж нь байгаа ч энэ хэмжээнд бүтээгдэхүүнээ гаргаж чадах уу гэх асуудлыг хөндөх гээд байна уу?

-Тийм. Дотоодын хүчин чадлыг нэмж тээвэр ложистикийн бүх асуудал шийдэгдсэн гэсэн үг биш. “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хийх ажил олон бий. Жишээ нь, Улаанбаатарт болон Дархан, Эрдэнэт хотод байгаа үйлдвэрүүд гадагшаа экспортлохын тулд хамгийн ойрын зах зээл рүү хэдэн өдөр бараа тээвэрлэж байна.Төмөр замын тээвэр газар дээрх хамгийн хямд тээвэр.

Ачаа тээвэр төмөр замын тээврээс 4-8 дахин их байдаг. Иймээс төмөр замаар тээвэрлэвэл өнөөдөр Монголд үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүнийг гадны зах зээлд хямд үнэ ханшаар хүргэж чадна гэсэн үг.

Төмөр замтай холбоотой тээврийн хугацаа, зардалд төдийлөн ахиц гаргаж чадаагүй. Энэ нь зөвхөн экспорт биш импортод ч бас нөлөөлж байгаа.

-Ер нь хэдэн хоногийн хугацаатай тээвэр хийж чадаж байна вэ. Жишээ нь шинэчилж буй бодлогын хүрээнд өмнөх тээвэрлэлтийн хугацаанаас одоогийн хугацааг нэмж чадсан уу. Тооцоо байна уу?

-Бидний тооцооллоор зардлын хувьд нэг тонн ачааг нэг километр зам зөөх зардал Монголын төмөр зам Казасхтаны төмөр замаас хоёр дахин үнэтэй. Адилхан ааруулыг ааруултай нь харьцуулж байна гэсэн үг. Тиймээс биш ааруулыг ээзгийтэй адилтгаагүй.

-Шалтгаан нь?

-Олон хүчин зүйл багтах байх. Менежментийн асуудал ч багтна. Ер нь Монголын хувьд бид ирээдүйд экспортлох, Монголдоо үйлдвэрлэж гадаад зах зээлд экспортлох боломжтой бараа бүтээгдэхүүний орон зайд харахад хүнсний бүтээгдэхүүнүүд багтаж байгаа. Мал ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд орж байгаа. Хүнсний бүтээгдэхүүнүүд аль болох хурдан хугацаанд очиж байж зардал хэмнэгднэ. Бас шаардлага хангана. Үүгээр бодсон ч тэр манайд тээврийн дундаж хурд 40-өөс доош орж ирж байна.

-Хоногоор тооцоход уу?

-40 километр цагийн вагоны тээвэр. Хятадыг Монголтой харьцуулах хэрэггүй. Манай улстай ойролцоо түвшинд харьцуулахуйц орлогын түвшинтэй улс орнуудыг харьцуулахад энэ хугацаанд сүүлийн 30 жил ахиц гаргаж чадаагүй гэдэгт буруудахгүй.

-“Эдийн засгийг солонгоруулна” гэх гоё үг уриа лоозон боллоо. Бодит байдал дээр уул уурхайгаасаа улам хараат болж нүүрсний үнэ өсөхөд олсон орлогоо шавар байшин, халамж болгож тараадаг. Тэнд Covid-19 хадлдвар гарч хил хаахад асар хүнд нөхцөлд ордог. Эдийн засгийг тэлж чадамжийг нэмэх хамгийн чухал салбар нь хөдөө аж ахуй мөн үү. Энэ салбар уул уурхайтай адил жин дарж чадаж байна уу?

-Хөдөө аж ахуйн салбар бол ажлын байрны хувьд Монголд хамгийн чухал салбар. Нийт ажил эрхлэгчдийн 24 хувь нь амжиргаагаа залгуулж байна. Тэр дундаа малчид бий. Хөдөө аж ахуйн салбарын өсөлт цаашид дундаж давхаргын орлогын өсөлттэй шууд холбоотой гэж хэлж болно. Таны дүгнэлт зөв, манайх уул уурхайгаас улам хараат болж байгаа нь үнэн. Экспортын бүтцийг 2004 оноос авч үзвэл хэчнээн хувь эзэлж байсан нь тодорхойгүй. Ер нь 1.5 гэх мэт маш бага байгаа юм. Өнөөдөр 70 сая тонн нүүрсийг экспортоллоо. Нийт экспортын 80 хувь нь дөрөвхөн бүтээгдэхүүн байгаа нь нүүрс, зэс, алт, нефт, төмрийн хүдэр таван бүтээгдэхүүн л байгаа юм. Энэ нь эргээд эдийн засгийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлээс бид илүү хамааралтай болж буй харагдаж байна. Тэгвэл бид санаа зовох ёстой юу үгүй юу гэдэгт орлогоо юунд зарцуулж байгаагаар хэмжигднэ. Нэг үгээр хэлбэл, орлогоо хүндээ чиглүүлж эргээд олон чадвар эзэмшиж олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай болж байвал богино хугацаандаа уул уурхайн хамаарлыг нэмэгдүүлэх нь сэтгэл зовоосон зүйл биш.

-Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цойлж эдийн засаг сэргэж байна. Гэвч энэ эерэг үзүүлэлт иргэдэд мэдрэгдэж байна уу. 7 хувийн өсөлт яаж нөлөөлж байна вэ. Ерөнхийдөө 2010, 2011 оных болон 2023 онд гурван удаа уул уурхайг дагасан эдийн засгийн өсөлт харагдлаа. Гэвч өнөөх л инфляцид даруулдаг аль эсвэл томоохон аж ахуй нэгж, цөөн хэсэг бүлэгт л орлого хамаардаг уу. Уул уурхайг дагасан орлого, эдийн засгийн өсөлт бидэнд яагаанд мэдрэгдэхгүй байна вэ гэдэг нь сонирхол татаж байна?

-Хүн бүрт мэдэгдэхгүй байх хэмжүүр өөр. Яагаад гэвэл, нийт орлого олж буй хүмүүсийг орлогын түвшинээр нь 10 ангилъя. Хамгийн өндөр орлогоос хамгийн бага орлоготой бүлэг үүсгэж байна шүү дээ. Жишээ нь, 2011, 2012 оны өсөлт 17 хувь хүрч байхад хамгийн бага орлоготой бүлэг 10, 20 хувьд өсөлт нь бодит утгаараа 4 хувиар мэдрэгдсэн. Эдийн засаг 17.5 хувь өссөн ч хамгийн бага орлоготой бүлэгт дөрвөн хувь л өсөж мэдрэгдэж байгаа?

Ямар салбараас хурдтай өсөж байгаагаас шууд хамаарна. Хэрэв бид хөдөө аж ахуйн салбарт өндөр өсөлт гаргасан бол нийт хүнд мэдрэгднэ. Гэтэл зуд боллоо. Уул уурхайн салбар бол манай улсын нийт ажилчдын 4.6 хувь нь л хамаардаг. Энэ салбараас орж буй орлого бусад салбарт шилждэг. Үүнийг эдийн засагт үржүүлэгч гэж нэрлэдэг. Уул уурхайгаас орж буй орлого зарим салбартай харьцуулахад үржүүлэгчийн нөлөө бага. Тэгэхээр илүү олон хүн ажилладаг салбар өндөр өсөлттэй байхын хэрээр бидэнд өсөлт илүү мэдрэгднэ. Цөөн хүн ажилладаг байх тусам илүү бага мэдрэгднэ. Гэхдээ 2023 онд эдийн засгийн өсөлт 3.4 сая хүнд нөлөөлсөн гэж хэлж болно. Яаж? гэж та асууж магадгүй. Та 104 мянган төгрөгөө авсан уу?

-Аваагүй.

-Би гурван хүүхэдтэй. Эхнэр бид тавуулаа 520 мянган төгрөгийн орлоготой болсон. Энэ нь манай гэр бүлийн хувьд цалингийн бус орлого тухайн сард олж буй орлого нэмэгдэж орж ирж байгаа юм. Үүнийг манай бүх өрх мэдэрсэн байх. Магадгүй сарын 10-20 сая төгрөгийн орлоготой топ 5 хувьд нөлөөлөөгүй байж магадгүй. Гэтэл бидэн шиг дундаж давхаргын бүх хүн л ноогдол ашгаа шалгаж хүлээж хэрэгцээтэй зүйлдээ зарцуулж байгаа байхгүй юу.

-Миний хувьд ноогдол ашгаа оюутны төлбөрт шингээсэн. Хүүхдүүдийн дансанд мөнгө орж ирсэн байсан. Нөгөөтэйгүүр, зах зээлд мөнгө орж ирэх нь сайнаас илүү саар зүйл Монголд бий боллоо. Тэтгэврийг урьдчилж өгөх, ноогдол ашиг тараах зэрэг нь инфляцтай холбогддог. Эдийн засагч хүний хувьд та ямар бодолтой байна вэ?

-Энэ бол бүтээгдэхүүнээс шууд хамаарна. Судалгаагаар та бидний санаа зовоож буй хамгийн том асуудлуудын нэн тэргүүнд үнийн өсөлт. Дараа нь ажилгүйдэл, амжиргааны түвшин, авлигал, эдийн засаг багтаж байна. 13 асуудлыг жагсаахад эхний тавдугаарт дөрвөн эдийн засгийн өсөлт багтаж байгаа юм. Тэр дундаа үнийн өсөлт хамгийн санаа зовоосон асуудал байгаа юм. Үнийн өсөлт бол би ч бас хохирогч болсон хүн мөн. Тэгвэл үнийн өсөлтийн шалтгаан нь 2022 онд нийт өсөлтийн 60 гаруй хувь нь импортын бараа эзэлж байсан. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлт гадаадад болж энэ нь импортоор дамжуулан Монголын өрх бүрт хүндээр туссан. Жишээ нь, ургамлын тосны үнэ 50-60 хувь нэмэгдсэн шалтгааныг бид дотоодоосоо эрээд олохгүй. Яагаад гэвэл, ОХУ, Украины дайны улмаас нийлүүлэлт багасхаар энд үнэ гозойж байгаа юм. Бидний хэтэвч рүү орж ирж байгаа юм. Улаанбуудай ч яг адил. Хамгийн сүүлд гурван сарын тоон мэдээллийг харахад, нийт үнийн өсөлтийн 40-50 хувийг гурил болон гурилан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн эзэлж байна. Яагаад гэвэл, махны тухайд иргэдийн хэрэглээтэй холбоотой. Монголчууд дунджаар жилд 10 сая мал идэж байгаа. Нийлүүлэлтийг харвал нийт махны 60-70 хувь нь 9-12 дугаар сар хүртэл байгаа юм. Малчид энэ саруудад махаа зардаг. Хамгийн хэцүү үе нь цагаан сарын дараа махны нийлүүлэлт тасардаг. Энэ үед махны үнэ өсдөг.

Махны үнэ хамгийн хямд нь 9-12 дугаар сар бол хамгийн өндөр үе нь дөрөв, тавдугаар сар байдаг. Үнийн хэлбэлзлийг бууруулахын тулд өндөр нийлүүлэлттэй үнэ хямд үед бөөнөөр нь авч хадгалж эргээд зах зээлд нийлүүлэх. Үүнийг өнөөдөр төр нөөцийн махаар дамжуулан хийж буй хэмжээ нь нийт махны нийлүүлэлттэй харьцуулахад маш бага. Иймээс эдийн засагчийн хувьд дөрөв, тавдугаар сараас эхлэн махны үнэ өснө гэсэн хүлээлттэй байгаа. Заавал нөөцийн мах гэлтгүй хувийн хэвшлээр нийлүүлэлтийн арга хэмжээг хийлгэвэл дөрөв, тавдугаар сард өсдөг махны үнийг буулгах бүрэн боломжтой салбар.

-Яг одоо маргаан дагуулж буй асуудал бол гурилыг импортын татвараас чөлөөлөх. Энэ нь ирээдүйд зах зээлд ямар нөлөө үзүүлэх бол. Нөгөө талд төр нөөцийн мах зах зээлд нийлүүлдэг шиг өнгөрсөн хугацаанд гурилын салбарт оролцох нь хэр зөв байсан юм бэ. Үүнийг та хэрхэн харж байна?

-Эдийн засагчийн үүднээс харахад хоёр, гурван зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, төр өөрөө гурилын компани, үйлдвэр, тариан талбайтай байж болохгүй. Энэ нь тухайн салбарт төр хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөж байна гэсэн үг. Харин төр хяналтаа тавьж оролцох ёстой. Хувийн хэвшлийн компаниуд шударга өрсөлдөж байна уу, үгсэн хуйвалдаж үнээ нэмж байна уу гэдгийг хянах нь чухал. Хэдийгээр одоо хувийн компаниуд дургүйцэж байгаа ч үүний цаана 3.4 сая хүний эрх ашгийг хамгаалах хэлбэрээр төр оролцож байна. Хэрэв компаниуд үнэ болон брэнд, маркетингаар өрсөлдөж байвал төр орхих хэрэгтэй. Үүний тулд төр шударга өрсөлдөөний чадавхиа үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай.

-Засгийн газрын шийдвэр нь гурилын үйлдвэрийг хүнд байдалд оруулах уу. Энэ нь хэр үндэслэлтэй тайлбар вэ. Аль эсвэл бүгд зах зээлийн зарчмаар өрсөлдөх ёстой юу?

-Эдийн засагчийн үүднээс хэлэхэд гурилын үйлдвэрүүд хэдэн жил ажиллав, хөрөнгө оруулалтаа нөхсөн үү, хүчин чадлаа ашиглаж байна уу гэдэг асуудал яригдна. Яагаад гэвэл зарим улс орон тухайн салбарыг сэргээхийн тулд тодорхой хэмжээний импортын татвар тавьдаг. Хөрөнгө оруулалтаа нөхөж эхлэхээр импортын татварыг үе шаттай бууруулж заавал гурил, цемент байх албагүй, тухайн үйлдвэр хөрөнгө оруулалтаа нөхөж дэлхийн үнэтэй өрсөлдөж эхэлнэ. Үгүй бол хөрөнгө оруулалтаа нөхөөгүй үед импортын татварыг тэглэвэл үйлдвэрүүд шууд гадаадын үнээр нийлүүлж өрсөлдөөд хөрөнгө оруулалтаа нөхөх боломжгүй. Үүнийг эдийн засгаар импортыг орлох бодлого гэдэг.

Монгол Улсын хувьд импортыг орлох бодлогоос илүү “Шинэ сэргэлтийн бодлого”-ын амин сүнс нь импортыг орлох. Тэр дундаа гурил шиг ийм салбаруудад байж болно гэж хувь хүний хувьд боддог.

Дэлхийн геополитикийн өнөөдрийн нөхцөл байдал улам эрсдэлтэй тодорхойгүй болж байна. Энэ нь бидний импортолж буй гурил, улаан буудай, бензин гэнэт зогсох эрсдэлтэй. Энэ үед бид үйлдвэрлэлээ ядаж 70 хувь авч үлдэж энэ огцом гарах дарамтыг тэсэж гарах улсын дархлаагаа бий болгоно гэж хувь хүний зүгээс үздэг.

-Ярилцлагын төгсгөлд асуухад хөдөө орон нутгаас Улаанбаатарыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр ядуурал нэмэгдэх эрсдэл ч бий боллоо. Угтаа бол таны хэлсэнчлэн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх эдийн засгийг тэлэх боломж нь байна?

-Манай улс далайд гарцгүй ч хүн далайд гарцтай гэж яригддаг. Хөдөө аж ахуй бол сэргээгдэх нэг том салбар. Үүний тулд өнөөдөр Монголд нэвтрээгүй мэдлэг, ноу хауг буулгахдаа хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй бүх хүнд хүртээмжтэйгээр буулгах хэрэгтэй.

ОХУ-аас манай улсад үзүүлж буй 8500 тонн буудайн хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа өнөөдөр ирнэ
ОХУ-аас манай улсад үзүүлж буй 8500 тонн буудайн хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа өнөөдөр ирнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.