Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.26) хуралдаан гишүүдийн 52.6 ирцтэйгээр 10 цаг 36 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хуралдааны эхэнд зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 2020-2023 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах, бичил бизнес эрхлэгчдэд хөдөмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн коронавируст цар тахлын тархалтын улмаас шаардлага хангасан даатгуулагчдыг шимтгэл төлөх үүргээс түр хугацаанд чөлөөлж байгаатай холбогдуулан НДСанд үүсэх санхүүгийн хэрэгцээний зохих хувийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлнэ хэмээн Сангийн сайд танилцуулав.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, Үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь 84.6 хувийн саналаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжсэн бөгөөд энэ талаарх санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.