Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам болон НЗДТГ хамтран “Соёлын цаг” аяныг эхлүүллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нар оролцлоо.
“Соёлын цаг” аяныг нийслэлийн 9 дүүргийн 24 байршилд зохион байгуулах бөгөөд мэргэжлийн урлагийн байгууллагууд оролцох юм. Энэхүү аянд соёл урлагийн байгууллагууд оролцон урлагийн тоглолт, музей, нүүдлийн номын сан зэрэг үзвэр үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүйгээр толилуулах аж.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Иргэдийн соёл урлагийн хэрэгцээг хангах шаардлагын хүрээнд номын сан, кино театр зэргийг үе шаттайгаар нээж байгаа ч томоохон урлагийн үйл ажиллагаанууд хаалттай хэвээр байна. Иймээс олон хүн цуглуулахгүйгээр иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн дүүрэг бүрт нийтийн бие тамирыг дэмжих хөдөлгөөн өрнөж байгаа. Соёлын цагаараа дамжуулж иргэддээ соёл урлагийн үзвэр үйлчилгээ тоглолтуудаа хүргэхээр зорьж байна” гэв.
Аянд:
- Дуурь бүжгийн эрдмийн театр
- Драмын театр
- Үндэсний урлагийн их театр
- Улсын филармони
- Хүүхэлдэйн театр
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн театр
- Хилийн дуу бүжгийн чуулга
- Улаанбаатар чуулга
- Цагдаагийн Сүлд чуулга
- Номын сангууд болон музейн байгууллагууд оролцож байна.
“Соёлын цаг” аян 2020 оны 10-р сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.