Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Болц гүйцээгүй үед, буруу технологиор самар түүснээр хушин ойн 40 хувь нь доройтолд оржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 30 секунд

 

БОАЖЯ-наас зүй зохистой технологиор самар түүхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн үед есдүгээр сарын 10-наас өмнө буюу хугацаанаас эрт самар түүснээр хушин ой доройтож, мөн самар болоогүй үед нь түншүүрдсэнээр мөчрийг гэмтээх зөрчил их гарч байгаа юм байна. 

-Энэ жил самрын их ургацын жил тохиож байна-

БОАЖ-ийн сайд Д.Сарангэрэл:

Монгол  орны байгалийн талбайн ойн тавхан хувь нь хуш модон ой байдаг. Үүнээс самар ургадаг. Энэ жилийн хувьд баруун аймгийн 63 суманд самар ургасан. Ер нь бол улсын хэмжээнд 10 аймагт, УБ хотын ногоон бүсэд самар ургадаг. Үүнээс Сэлэнгэ, Төв аймагт хамгийн их нөөц байдаг.

Энэ жилийн хувьд 8 аймгийн 25 суманд их ургацтай байна гэсэн мэдээ гарсан.

Ойн тухай хуулийн 38.7-д зааснаар их ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүж болно. Харин дунд ургацтай жил зөвхөн ахуйн зориулалтаар самар түүхийг зөвшөөрдөг. Бага ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар аль алинаар нь самар түүхийг хориглодог.

Энэ жилийн тухайд их ургацын жил тохиож байгаа ч хугацаанаас эрт болон буруу түүснээс ойн тавхан хувийг эзэлдэг хуш модны маань 40 хувь нь доройтолд ороод байна. Тиймээс ойн тухай хуулийнхаа дагуу есдүгээр сарын 10-наас гуравдугаар сарын 15 хүртэл самар түүхийг уриалж байна.

БОАЖЯ-ны Ойн бодлогын зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа:

Энэ жил нийт хушин ой бүхий газруудын 40 орчим хувь нь их ургацтай, 60 орчим хувь нь дунд зэргийн ургацтай байна. 

Хуш мод ургах орчноосоо хамаараад 3-5 жил их үрийн жил болдог. Харин энэ 2020 оноос их үрийн жил эхэлж байх шиг байна. Хуш модны хувьд 40-50 насандаа анхны үр буюу самраа гаргаж өгдөг. Тиймээс нэгэнт хуш модны нөөцөө доройтуулчихвал дахиж тарьсан ч ийм удаан хугацааны дараа самраа өгнө гэсэн үг.

Иргэд уулнаас самар түүхдээ дараах хэд хэдэн зүйлд анхаарах ёстой.

  • Юун түрүүнд хуш мод нь өндөр, эгц налуу газар ургадаг учраас хүмүүс өөрсдийн аюулгүй байдал эрүүл мэндэд анхаарах
  • Зэрлэг байгальд байгаа тул амьтдыг үргээхгүй байх, эргээд өөрсдөө чоно, баавгай зэрэг амьтдад өртөхгүй байхад анхаарах
  • Намрын түймрийн улирал эхэлж байгаатай холбогдуулан түймрээс урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Ойн судалгаа хөгжлийн төв, улсын үйлдвэрийн газрын төлөөлөл н.Алтансүх:

Хуш модны самрыг түүж бэлтгэхдээ зохих зөвшөөрлийн дагуу бэлддэг. Зохих зөвшөөрлийг тухайн орон нутгийн хариуцсан сумын болон сум дундын ойн ангиас авна. Хэрэв ойн анги байхгүй бол тухайн газар нутгийг хариуцсан байгаль хамгаалагчаас зөвшөөрлийг авч бэлтгэдэг. 

Зөвшөөрөл авахдаа ямар зориулалтаар авч байгаагаас шалтгаалаад хэдий хэмжээтэй түүх эрхтэй нь тогтоогдоно.

Ахуйн зориулалтаар түүж бэлтгэж байгаа бол иргэд 25 кг хүртэлх самрыг, судалгаа шинжилгээний зорилгоор бэлтгэж байгаа бол 10 орчим кг самрыг, ААН-үүд үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж байгаа бол тухайн нутаг дэвсгэрт ургасан самрын 40 хүртэлх хувийг түүх зөвшөөрөл олгодог.

Ингээд самар түүж буй иргэд, ААН-үүдэд нэг кг самранд 500 төгрөгийн хураамж төлөхөөр зохицуулсан байдаг.

Иргэд дээд тал нь 25кг самар түүлээ гэхэд 12500 төгрөг л төлөх тул цаг хугацаанд нь зөвшөөрлийн дагуу, ил тод түүхийг уриалж байна гэлээ.

Хуш модны самрыг хэрхэн түүх, ямар технологи баримтлах талаар НМХГ-ын ахлах байцаагч Д.Батзориг:

Самар түүх зохист хэмжээ бол 30 хувийг нь түүгээд 70 хувийг үлдээх юм. Энэ нь эргээд ойдоо сэргэн ургах процессийг бий болгох болон тухайн ойд самраар хооллодог ан амьтдад идэш тэжээлийг нь үлдээх зорилготой харьцаа юм.

Сүүлийн үед гэмтэл авсан хушин ойн зураг сошиал орчинд маш их явж байна. 

Хуш модны самрыг түүхийгээр нь түүснээс хүнээс хүнд дамжих шар өвчин, гэдэсний халдварт өвчин тусах, самар түүх гэж байгаад өндрөөс унах зэрэг эрсдэлд иргэд өөрсдөө орж байна. Мөн эргээд хуш модоо гэмтээж байгаа юм.

Түншүүр буюу хатуу биетээр хушийг доргиох аргаар самар авснаар хуш модонд гэмтэл учирдаг. Ингэж гэмтэл учирсан хушны 20 хувь нь амьдрах чадвараа алддаг. Тиймээс зөв технологиор самар түүх нь маш чухал. Жишээ нь, хуш модны самрыг хөнгөн аргаар доргиох, урт иштэй зүйлээр мөчрийг нь хөдөлгөх, эсвэл түншүүртээ зөөлөвч хийх хэрэгтэй.

Самрыг болц гүйцээгүй үед нь эрт түүсэн болон тусгай зөвшөөрөл авалгүй түүсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх талаар ЦЕГ-ын харьяа Экологийн цагдаагийн албаны хошууч н.Нэмэхбаатар мэдээлсэн юм.

Самрыг түүж, бэлтгэхдээ тусгай зөвшөөрөл аваагүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8.1-т зааснаар 5400 нэгж буюу 5 сая 400 мянган төгрөгөөс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл зорчих эрхийг 1 жилээс 5 жилийн хугацаагаар хасах эсвэл 1-5 жилийн хугацаагаар хорих ялыг хуульчилж өгсөн байдаг.

 

 

 

3D хэвлэмэл хоол нь дэлхий дээрх хүнсний хаягдлыг багасгана
3D хэвлэмэл хоол нь дэлхий дээрх хүнсний хаягдлыг багасгана
 
Сангийн сайд Б.Жавхлан Хархорум хотын бүтээн байгуулалтын ажлын албаныхныг ажлаа сайн хийсэнгүй хэмээн шүүмжиллээ
Сангийн сайд Б.Жавхлан Хархорум хотын бүтээн байгуулалтын ажлын албаныхныг ажлаа сайн хийсэнгүй хэмээн шүүмжиллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.