Хандив хүлээн авах данс: 5016513555 /Хаан банк, Дагвадорж Энхмандах/
“Таван хүүхдийнхээ төлөө амь тэмцэж явахаас өөр аргагүй. Хэвтэрт ортлоо өвдөж, үхэж болохгүй шүү гэж өөртөө хэлээд л явж байна. Эрүүл саруул, элэг бүтэн явахдаа ах нь хэнээс ч юу ч гуйж байгаагүй. Өвчний өмнө нугарч байна. Их хэцүү юм” хэмээн Д.Энхмандах нулимс унаган ярилаа. Тэр 39 настай. Чихрийн шижингийн хүндрэл нойр булчирхайн хавсарсан өвчнөөр өвджээ. Өвчиндөө шаналж явахдаа 2023 оны дөрөвдүгээр сард гэргийгээ алдаж, таван хүүхдийн хамт үлдсэн байна.
Түүний хүүхдүүд 3, 5, 7, 12, 13 настай. Хоёр багаа 24 цагийн 28-р цэцэрлэгт өгчээ. Удаах хүүхэд нь нэгдүгээр ангид сурдаг бол түүний ахыг хөдөө явуулсан аж. Харин том охин нь 8-р анги. Охин гэрийн хамаг ажлаа хийж, аавыгаа асран дүү нартаа “ээж” болж байна.
Д.Энхмандах дөрвөн хүүхдийн хамт 3, 4-р хорооллын эцэс дэх нийтийн байрны нэг өрөөнд амьдарч байна. Өрөө хааш хаашаагаа таван алхам. Баруун хананд нь хувцас, хэрэглэлээ уутанд хийж хураажээ. Залгуулаад буланг нь гал тогооны хэсэг болгосон байв. Харин эсрэг талын буланд зурагт байрлуулсан байх ба гурван бага нь зэрэгцэж суугаад, шимтэн үзэж байлаа. Том охин гал тогоо хавиар эргээстэй.
“ТАВАН ХҮҮХДЭЭ ХҮНИЙ ЗЭРЭГТЭЙ БОЛТОЛ АМЬД ЯВЧИХ ЮМСАН”
Иргэн Д.Энхмандахтай ярилцлаа.
-Уучлаарай, таны эхнэр юуны улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бэ?
-Хань минь жирийн л нэг сайхан эмэгтэй байлаа. Өвдсөнөө мэдээгүй явсаар гэнэт өөд болсон юм. Шүүх шинжилгээний дүгнэлтээр элэг нь өөрчлөлттэй, уушги нь унжчихсан байсан гэсэн.
-Танд эмч нар ямар онош тавьсан бэ. Одоо биеийн байдал тань ямар байна вэ?
-Би нойр булчирхай хавсарсан сахарын хүндрэл гэдэг өвчтэй. Ажил хөдөлмөр эрхэлж чадахаа байгаад хоёр жил болж байна. Энэ өвчин эхлээд нүд рүү ордог юм билээ. Хавар баруун талын нүд минь юм харахаа болиод, хагалгаанд орсон. Одоо хөл рүүгээ орж байна. Гишгэхэд хэцүү. Уг нь ах нь барилгын плитачин хийдэг байсан юм. Одоо ажил хийх манатай. Таван хүүхдээ хүний зэрэгтэй болтол амьд явахыг хичээж байна.
-Энд хэзээнээс амьдарч байгаа юм бэ?
-Эхнэрээ өөд болсны дараа ирсэн.
-Өмнө нь хаана амьдардаг байв?
-Талийгаач эхнэрийн маань эмээ Хайлаастад хашаа, байшинд амьдардаг байсан юм. Тэр эмээг харах хүн байхгүй учраас хамт амьдраад өгөөч гэж эхнэрийн ах бид хоёроос гуйсан. “Та хоёроос өөр энэ хүнийг харж хандах хүн алга” гэж хэлсэн. Би жаахан дургүйлхэж байсан ч эхнэр маань эмээгээ харна гээд байсан болохоор зөвшөөрч нүүсэн юм. Тэнд амьдрахаар болсон юм чинь гээд таван ханатай гэрээ зараад, миний эмчилгээнд зарцуулчихсан. Долоо орчим сарын дараа хань минь өөд болсон.
Тэр явдлаас хойш 10 гаруй хоногийн дараа миний бие муудаад, эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт байхад эхнэрийн ах яриад “Ачаа, бараагаа ирж ав. Одоо нүү” гэлээ. Хүн их муухай юм байна. “Таван хүүхэдтэй, өвчтэй хүн ээжийг минь харж чадахгүй” гэж бодсон биз. Би эмнэлгээс гараад, учраа олохгүй явж байтал дүү маань намайг “Асрал” гээд төрийн бус байгууллагатай холбож өгсөн. “Асрал”-ынхан бидэнд энэ байрыг олж өгч, түрээсийг нь төлж байгаа. “Асрал”-ын Бурмаа гэж их сайн хүн бий.
-Гурав нь жаахнаараа хоцорчихож. Асаргаа их шаардаж байна уу. Ээжийгээ нэхэж байна уу?
-Бага маань мөөмнөөсөө гараагүй л үлдсэн дээ. Шөнө уйлна. Аргаа барахаараа эгчийнх рүүгээ аваад очдог байсан. Нөгөө хэд нь “Ээж хаашаа явсан юм бэ, хэзээ ирэх вэ” гээд л эхийгээ их нэхсэн. Одоо овоо биеэ даацгааж байна. 24 цагийн цэцэрлэгт явуулахаар биеэ даагаад сурчихдаг юм байна.
Заримдаа шөнө босоод, энэ хэдийгээ хараад уйлах юм. Хажууд нь ямар уйлж чадах биш. Ханийгаа бас их үгүйлж байна. Юм болгонд ганцаараа зүтгэх хэцүү юм. Надад түшиг болж байгаа ганц хүн нь охин маань л байна.
“ОРОЙ ХИЧЭЭЛЭЭ ТАРААД ИРЭХДЭЭ МАШ ИХ АЙДАГ”
Дөрвөн дүүдээ ээжийн оронд ээж, аавдаа түшиг тулгуур болж яваа охинтой нь бид ярилцлаа. Охин дөрвөн дүүгээсээ өөр ээжтэй. Түүнийг гурван настай байхад ээж нь нас баржээ. Улмаар охин эмээтэйгээ өсөж, саяхныг хүртэл эгчийндээ байсан аж. Дүү нарынх нь ээж өөд болсныг сонсоод, жилийн өмнөөс хамт амьдарчээ.
-Дүү нараа асарч, гэрийн ажлаа ганцаараа хийдэг юм байна. Хажуугаар нь аавынхаа эм тариаг зөөж, хичээлдээ ч явна. Ядарч байна уу?
-Эхэндээ хэцүү санагдаж байсан. Одоо дасчихсан. Том болоод нэгэнт хийхээс хойш. Эртнээс ажил хийж сурсан нь дээр гэж бодож байна.
-Энэ их ажлыг яаж амжуулж байна вэ?
-Манай хичээл 13:30 цагаас ордог юм. Тиймээс нэг дэх өдрийн өглөө гурван дүүгээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Эргээд гэртээ ирж, ойр зуурын ажил хийж байгаад, хичээлдээ явна. Хичээл маань орой 19.00 цаг орчимд тардаг. Нэгдүгээр ангийн дүүгийн хичээл тарахаар “Асрал” төрийн бус байгууллагынхан авчихдаг. Би зарим орой тэндээс дүүгээ очиж авна. Заримдаа аав авчихсан байдаг юм. Манайх руу ирэхэд харанхуй гудамж бий. Тийм болохоор би орой хичээлээсээ ирэхдээ маш их айдаг.
-Аав нь хэр их эм тариа хэрэглэж байна. Бие өвдөж байна гэж хэлж байна уу?
-Бие нь байнга өвдөж байгааг харах их хэцүү. Хөөрхий, их өвдвөл л хэлдэг юм шиг байгаа юм. Олон төрлийн эм, тариа хэрэглэдэг. Мөнгө хүрэхгүй үед эмчийн бичиж өгсөн эмийн заримыг нь авдаггүй.
Охин ийн ярилаа. Нийтийн байранд нь шөнө орой хүмүүс архидан согтуурч, зодолдох явдал шөнө бүр гардаг аж. Энд чимээ, аниргүй шөнө гэж барагтаа л үгүй. Тиймээс аав нь хүүхдүүдээ орхиж, гэрээсээ алхам ч холдож чаддаггүй гэв.
Д.Энхмандах сууж, босохдоо ч хөндүүрлэж, хөл нь өвдөж байгаа анзаарагдана. Гэсэн ч тэр хүүхдүүд рүүгээ харж инээмсэглэж байв. Өвчиндөө шаналж, өдөр хоногийг өнгөрүүлж байгаа түүний ганц хүсэл хүүхдүүдээ хүний зэрэгт хүртэл амьд явах.