NTV телевизийн “Лхагвын тойм” ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн асан АН-ын Стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа оролцлоо. Түүнтэй ярилцсныг хүргэе.
---------------------------
-Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол цөм Стратеги бодлого судалгааны хүрээлэнд байгаа байх. Сүүлийн үед ямар ажил дээр төвлөрч байна?
-Улс төрийн намуудын ихэнх нь дэргэдээ бодлого судалгааны хүрээлэнтэй байдаг. Учир нь, жил бүр бодлогоо “update” хийх, судлах институт ажиллавал намын ирэх жилийн бодлогын шийдэл зөв гардаг. Гэвч ардчилсан нам өмнө нь бие даасан хүрээлэнтэй байгаагүй. Л.Гантөмөр дарга намын тэргүүнээр сонгогдсныхоо дараа дэргэдээ институт байгуулах нь зөв гэж үзээд дөрөвдүгээр сараас хүрээлэнгээ байгуулаад ажиллаж байна. Бид Монгол Улсын эдийн засаг, нийгэмд өнгөрсөн хугацаанд гарсан өөрчлөлт шинэчлэлтүүд, сорилт болон одоо эрх барьж буй намын явц өрнөлийг тооцох судалгаа хийж ажиллаж байгаа. Мэдээж улс төрийн нам учраас өөрсдийн бодлогоо гаргах, мөрийн хөтөлбөртөө зорих ёстой. Энэ мэтчилэн голлох ажлуудын суурь судалгааг хийж байгаа.
-Сонгууль хаяанд ч ирлээ. Шууд асуухад Ардчилсан нам өмнөх асуудлуудаа цэгцэлж чадсан уу. Эв нэгдэл хэр байна, давгүй юу?
-Давгүй байна. Ямартай ч эв нэгдлээ хангаад ирэх сонгуульд нэг багаар оролцохоор зорьж байна. Мэдээж хүн бүрийн мэдэж байгаачлан Ардчилсан нам олон фракц, олон лидертэй. Их хурлын сонгуульд хоёр ч удаа ялагдах нь намын хувьд том сорилт. Иймээс дахиж алдахгүйн тулд хүн бүр эв эеээ хичээж аль болох зорилт дээрээ нэгдэхэд анхаарч байна. Үр дүнд нь, нэлээн ахиц гарч байгаа.
-Хоёулаа ярилцлагын үндсэн сэдэв рүүгээ оръё. Ардчилсан зах зээлийн нийгэмд шилжээд 30 гаруй жил боллоо. Энэ хугацаанд бид бүхэн улс төр, хувь хүний хөгжил, боловсрол, эдийн засгийн асуудлуудаа эргэж хараад дүгнэх цаг болж байна. Бид хүссэн өөрчлөлтөө өнгөрсөн хугацаанд хийж чадав уу?
- Бидний хэлдгээр 1990 оны Ардчилсан хувьсгал хоёр чиглэлээр шилжилт хийгдсэн. Үүнийг хос шилжилт гэж ярьдаг. Нэг нь засаглалын хувьд социалист дэглэмээс Ардчилсан засаглал руу шилжилж хөгжүүлнэ гэж сонгосон. Энэ бол улс төрийн шилжилт. Хоёрт, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засгийн зарчим руу шилжүүлсэн. Өмнө нь социалист лагерт байсан улсууд тухайн цаг үед адилхан Ардчилсан засаглал руу шилжсэн. Гэхдээ манай улс шиг хос шилжилт хийсэн орон цөөн. Бид 2000 оны дунд үе хүртэл шилжилт хийгдсэн гэж үздэг. Мөн адил судлаачид дүгнэдэг.
Алдаа нь, эдийн засгийн шилжилтийг төгс хийж чадаагүй. Төрийн өмчийн бүх үйлдвэрүүдээ хувьчилж ашигтай ажиллуулж чадах хэмжээнд хүрч чадаагүй байна. Төрийн өмчийн харьяа маш олон газар өнөөдөр ч хэвээрээ.
Нийгмийн салбараа хувьчлаагүй, нийтийн дэд бүтцийн институт одоо ч төрөөс хамааралтай. Энэ шилжилтээ хийж дуусгаагүй, үр дагаварууд нь гарсаар байна.
-Эдийн засаг дахь улс төрийн оролцоо 70 хувь хүртэл өссөн энэ зүйлийг яаж хумих вэ. Олон шийдэл байна?
-Сонирхолтой судалгаа бий л ээ. Чөлөөт зах зээл хөгжүүлнэ гэж эхэлсэн төрийн оролцоог хамгийн бага түвшинд байлгана гэсэн бидний зорилт биелээгүй байгааг тоон баримт харуулна. Өнөөдөр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 98 хуулийн этгээд бий. Эрчим хүчний яам л доороо 10 гаруй компанитай. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд 45 компани байна. Нийт 59 их наяд 237 тэрбум төгрөгийн эд хөрөнгөтэй том компаниуд төрийн өмчийнх.
Ашиг багатай, 21.2 их наяд төгрөгийн алдагдалтай 59.2 их наядын эд хөрөнгөтэй том ачааг төр өөр дээрээ үүрэх шаардлага байхгүй. Эдийн засагт хувийн сектор, дундаж давхарга шахагдаж шударга бус өрсөлдөөн авлига цэцэглэж байна. Төр өмчүүдээсээ салж хувийн секторуудээс салж дэмжих хэрэгтэй.
Төр хувийн сектортой уралдвал ардчилсан хэв маягтай улс биш болно. Энэ хэв шинжийг төр илэрхийлсэн байгаа. Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ томилсон зэрэг олон асуудал төрийн төрийн менежмент ямар байдаг, хулгай хэрхэн өрнөдгийг харуулсан шүү дээ. Төр авлигын уурхай болсон институтээ шийдэхгүй байгаа нь асуудал байна. Хэрэв эрх барьж буй улс төрийн нам үнэхээр авлига хулгайтай тэмцье үр бүтээлтэй төрийн засаглалыг бүтээе гэвэл төрийн өмчөөс салах ёстой. 8 жил болоход нэг ч төрийн өмчийн компанийг хувьчаагүй. Системээ өөрчлөөгүй бол нэг удаагийн хариуцлага яриад нэмэргүй. Дараагийн авлигажсан систем ахиад л гарч ирнэ.
-Б.Ганхуягийг шийтгэсэн ч дараагийн Б.Ганхуяг гараад л ирнэ?
-Тийм учраас авлигатай тэмцнэ, төр засгаа шударга болгоно, шударга ёсыг бүх түвшинд сахиулах бол системд зарчмаа зөв суулгах нь л Засгийн газрын үйл ажиллагааны гол зорилго. Энэ хийх ажил нь байх ёстой. Түүнээс нэг сайд нь гарч ирээд хэсэг нэр бүхий хүмүүст хариуцлага хүлээлгэнэ гэж яриад үндсээрээ үр дүнгүй. ТОдорхой хүмүүст хариуцлага хүлээлгэх нь сайн ч уг үндэс, шалтгааныг нь засахгүй бол тэмцэл биш.
-Шууд хэлэхэд МАН төрийн өмчийг цэгцэлж чадахгүй байна. Улс төр өөрөө хар тамхи гэдэг шиг өөрчлөхийг хүсэхгүй байна. Ардчилсан нам өөрчилж чадах уу?
-Чадна. Үүний төлөө стратеги төлөвлөлтийн хүрээлэн судалгаанууд хийж удирдлагуудад зөвлөмж болгон өгч байна. Төр авлигын идээ бээрийг эхлээд олж харах хэрэгтэй. Гэвч МАН төрийн эрхийг барих найман жилийн хугацаанд олж харсангүй. Иймээс өнөөдрийг хүртэл арга хэмжээ авч чадахгүй байна. Авлигын идээг олж харах бүх мэдээлэл төрд өөрт нь бий. Бас шударга, асуудлыг ойлголдог мэргэжлийн хүмүүс ч судалгаанууд хийж байна. Үүнийг ажил хэрэг болгож өөрчлөх зорилго удирдлагын түвшинд алга.
-Төрийн өмчийн хувьчлах бодлогыг хэрхэх вэ гэдэг нь анхаарал татаж байна?
-Төр нь авлигажсан, эдийн засгийн бүтэц нь алдагдсан шалтгаан нь гэнэт олдож буй байгалийн баялгийн орлого. Бид баялгийн менежментийн аргаа олохгүй 10 гаруй жил боллоо. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2011 онд батлахдаа баялгийн дөрвөн эх үүсвэрээс олсон нөөц орлогыг 2030 он хүртэл хуримтлуулахаар баталсан. Харамсалтай нь, энэ хууль хэрэгжихээс өмнө Хүний хөгжлийн сангийн хууль хэрэгжиж байхад баялгаас олсон эхний орлогыг иргэдэд тараасан. Үүний өр, авлага 1 их наяд төгрөгийг барагдуулсаар байгаа. 2019 оноос мөн л баялгийн нөөц орлогоос бага багаа хуримтлал үүссэн ч саяхан хүүхдийн мөнгөнд тараасан. Мөн хуримтлалд орох ёстой “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогоос төмөр зам барьсан. Энэ мэтчилэн бид хуримтлуулж чадахгүй, баялгийн менежментийн аргаа олохгүй байна.
Өнөөдрийг хүртэл Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдахгүй байгаа нь улс төрийн хүсэл сонирхол алга. Улс төрчид улс төрийн оноо авах төсөл хөтөлбөр лүү зарж байна.
Төмөр зам барих хэрэгтэй ч баялгийн санд очих хөрөнгөөс биш өөр эх үүсвэрээр барих ёстой байсан. Олон улсад тогтсон үр дүн нь хэвшил болсон стандартуудаа хэрэгжүүлж чадахгүй л зовлон байна.
-Энэ зовлонг танай, манай нам ялгаагүй бүгд адил гаргасан байх?
-Уг нь хүүхдийн мөнгө олгох санаа халамжийн бодлого биш хүн амын тоог өсгөх зорилготой байсан. Монгол Улсын хүн ам багадаа 10 сая болсноор дотоодын зах зээл томорч эргээд нийлүүлэлт хийх чадамжтай болно. Энэ том зургаар харж хүүхдийн мөнгө олгосон ч халамж болж хувирсан. Энэ нь сүүлдээ хүнсний талон шиг хүүхдүүдээ алагчилж эцэс сүүлд нь бүх хүүхдэд Ирээдүйн өв сангаас мөнгө тараалаа.
- Ер нь халамжийн бодлого энэ хэвээрээ цааш үргэлжилбэл манайд ямар эрсдэл үүсэх вэ. Эдийн засагч хүний хувьд та олон талаас харж байгаа байх?
-Халамжийн бодлого хавтгайрсаар байвал манайд иргэд нь бүтээлч сэтгэлгээгүй болно. Хүмүүс бүтээмж сэтгэлгээтэй, өөрийнхөө амьдралыг авч явах хэмжээний сэдэл, урамшууллыг төрүүлж байдаг зүйл нь өрсөлдөөн. Бусдаасаа илүү чадаж байж тэр хүн амжилтад хүрэх нь шударга өрсөлдөөний орчин.Хэн чадаж байна, тэр сайхан амьдрах ёстой. Үгүй бол нэг хэсгийг нь ажилгүй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон, орон нутагт ажилгүй, өвчтэй гэх зэрэг олон шалтгаан шалтаг халамжийн маш олон хэлбэрээр төсвийнхөө дотоодын нийт бүтээгдэхүүний тоо өсч байна. Жилээс жилд төсвийн зарлагын мэдэгдлээс харахад нэмэгдсэн дүнтэй байгаа юм. Иймээс бидэнд оновчтой халамжийн бодлого үгүйлэгдээд байна.
-Төсвийн зарлага 2016-2024 онд 260 хувиар тэлсэн. Удагүй цалин, нийгмийн халамжийг нэмэгдүүлнэ. Сонгуулийн жил угтсан төсөв тэлдэг, мөнгө тараадаг жишиг тогтлоо?
Өнөөдөр нэг сая 600 мянга орчим хүн ямар нэгэн байдлаар халамж хүртдэг. Энэ нь манай нийт насанд хүрсэн ажиллах хүчний тодорхой хэсэг халамжаар “угжуулсан” баялаг бүтээгч бус болсон гэсэн үг. Төсвийн зарлага цалин тэтгэвэр нийгмийн халамжаас гадна боловсролын салбарт их нэмэгдсэн. Тооцоход 1.2 сая хүнд санал өгөх төсвийн хуваарилалт хүрсэн. Үүнийг “төрийн эрхийг төсвийн хуульчинлсан авлигаар авах” гэдэг. Үе үеийн эрх баригчдын тактик ч ийм болсон. Манай иргэд ч хэрсүү боллоо. Яагаад цалин тэтгэврийн нэмэгдлийг өнгөрсөн онд өгч болоогүй юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд цалинг нэмж болох байсан шүү дээ. Сонгуулийн өмнө жил төсвийн хэт тэлэлт явуулдаг нь улс төртэй холбоотой. Үүнийг зогсоохын тулд бусад улс орны сонгуулийн хуульд хориглосон заалт байдаг. Оны өмнө УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хийж байхад Ардчилсан намын бүлгээс санал гаргасан л даа. Сонгуулийн өмнө сонгуулийн жилийн төсвийг батлахдаа олон нийтийг хамарсан санал авахад нөлөө үзүүлж болох төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх төсвийн зарцуулалтыг хийхийг хориглоё гэсэн саналыг гаргасан. Хуулийн төслийн хэсэгт би ажиллаж байсан учраас энэ саналыг оруулсан ч харамсалтай нь дэмжиж хүлээж аваагүй. Энэ ямар сөрөг үр дагавартай вэ гэхээр жилийн дараа энэ их хэмжээний тараасан мөнгийг бид төгрөгийг худалдан авах чадварыг дахиад бууруулна. Дахиад л инфляци өснө гэсэн үг. Бүх цаг үед төр засгийн удирдлагууд үүний сөрөг үр дагаварыг мэддэг мөртлөө хийдэгт л асуудал байна. Эдийн засгийг чөтгөрийн тойрогт оруулж буй үндсэн шалтгаан нь байхгүй юу.
-Зуд болохоор улс төрийн намын гишүүд АН, МАН ялгаагүй хандив цуглуулж энд тэнд зураг хөрөгөө даруулдаг боллоо. Гэхдээ зуд өмнө нь ч болж байсан, ирээдүйд ч болно. Зуд болсны дараа эдийн засагт ямар хохирол үүсч байна. Эдийн засгаа яаж хамгаалах ёстой вэ?
-Ган, зуд байгалийн гамшиг. Хэзээ ч тохиолдож болох зүйл. Гамшигт үзэгдэл болоход эрсдлийн менежментийн төлөвлөгөө бий. ОБЕГ энэ төлөвлөгөөг Улсын онцгой комиссоор батлуулж бэлэн байдлаа хангах ёстой. Гамшиг бэлэн байдлыг шалгаж харин бид самгардаж байгаа учраас л Их хурлын гишүүд нь Ерөнхий сайдтайгаа нийлж өвс малчдад дөхүүлж байна. Энэ бол төр, иргэд бэлтгэлгүй байгааг л харуулж байгаа шүү дээ. Яагаад нэгдсэн зохион байгуулалт байхгүй байна вэ. Энэ нь манай төрийн гамшиг. Өнгөц харахаар бүгд сайхан сэтгэлтэй юм шиг. Төрийн тогтсон систем нь зөв ажилладаг бол аль нам нь ялах тийм ч чухал биш. Намаас хамаарахгүй төрийн ажил урагшилдгаараа л урагшилна.
-Байгалийн зудаас илүү төрийн зуд боллоо. Олон нийтэд танигдах хүсэлтэй улс төрчид зовлон дээр жаргал хийж байгаа л харагдаж байна?
-Ам нээвэл уушги нээ гэдэг. Саяхан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал чуулган төрийн ордонд боллоо. Үүн дээр бүс бүсээр нь хөгжлийн төлөвлөлтийн хэлэлцүүлэгт баруун бүсийн хөгжлийн төлөөлөлд модератороор оролцох саналыг яамны ажилчид санал тавьсан. Илтгэлээ бэлдээд төлөвлөөд очтол баруун бүсийн төлөөлөлд нэр дэвшихээр горилсон хүмүүсээ Засгийн газрын гишүүд эгнүүлээд суулгасан байсан. Харин заалнаас болон сөрөг хүчин, аймгийн төлөөллийг оролцуулахгүй байхгүй юу. Төрөөс эхлээд төрд ажиллах хүмүүсийн сонгуулийн ажлыг бүтэн жилийн өмнөөс төлөөлж хийхээр тэнд ямар ч оновчтой бүсчилсэн хөгжлийн зорилтод тусгагдах санаа гарахгүй.
-Улс төржилт хэрээс хэтрээд удлаа. Бүсчилсэн хөгжлийн тухай 2012 оноос эхлээд яригдаж байлаа. Бүс болгож тодорхойлж буй зүйлийн алдаа, оноо нь юу байна?
-Монгол Улс цөөн хүн амтай ихэнх нутаг нь эзэнгүйдэх маягтай болсон. Үр ашигтай зах зээлийг бий болгохын тулд тодорхой нөөцөд тулгуурлаж орон зайн төлөвлөлт хийдэг нь бүх улсад байдаг. Гэхдээ механикаар 6 бүсийг хот болгож, тэнд төр үйлдвэр барьж үр ашигтай эсэх нь мэдэгдэхгүй төсөл хэрэгжүүлбэл хамгийн ухаангүй зүйл болно.
-Жишээ нь, Завхан аймагт ямар төсөл хөтөлбөр хэрэгиж байна?
-2016 онд Завхан аймагт УИХ-ын гишүүнээр сонгогдоод нийгэм эдийн засаг хөдөө аж ахуйн салбар, газар тариалангийн салбар үйлдвэрлэлийн орчин судалж өрсөлдөх чадвар сайтай, брэндинг бий болгосон аймаг болгохын тулд олон ажлын байр бий болгох төсөл хэрэгжүүлэх ёстой гэж харсан. Завхан аймагт уул уурхай бага, өгөгдлийн хувьд үзэсгэлэнтэй газар бий. Хангай говийн бүс хосолсон нутаг учраас аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Тусгай хамгаалалттай газар нутгийг үндэсний парк байдлаар хөгжүүлж, хувийн секторуудыг дэмжвэл дотоодын эдийн засагт 14 хувийн өгөөж өгөхөөр төсөл эхлүүлсэн. Харамсалтай нь төслийг хэрэгжүүлэх явцад гацсан.
-Шалтгаан нь?
-Төслийн менежмент гэх зүйлийг аймаг сумын түвшинд битгийхэл улсын хэмжээнд ойлгохгүй байна. Том төслүүдийг хэрэгжүүлэх мэдлэг чадвартай хүмүүс хараахан алга. Завханчууд дээрх төслийг хэрэгжүүлж чадна гэдэгт итгэж байгаа учраас би улс төрд дахин нэр дэвших бодолтой байна.
-2024 оны УИХ-ын сонгуульд та нэр дэвших нь тодорхой байх. Жагсаал сонирхож байна уу, тойргоо сонирхож байна уу?
-Ямар хүнийг хаана нэр дэвшүүлэх нь тухайн улс төрийн тактик. Аль болох хамгийн олон нэр дэвшигч сонгогдох боломжийг намын удирдлагууд, сонгууль удирдаж байгаа баг хийх байх. Тэр газар нь очиж нэр дэвшихэд бэлэн гэдэгт өөрийгөө бэлдэж байна.
-Завхан аймаг хөгжлийн хувьд бусад аймгуудаас хоцрогдсон. Төсвийн хөрөнгө оруулалтын хувьд дорвитой ахисангүй. Алдаа нь юу байна?
-Манай Завхан аймгийн хувьд газарзүйн байрлалаас шалтгаалан дэд бүтцийн хувьд хамгийн сүүлд холбогдсон учраас арал шиг орхигдсон. Голд нь хүний урсгалыг татдаггүй учраас худалдаа үйлчилгээний салбар хөгжихөд сул. Түүхээс нь авч үзвэл улс орны хөгжил бүтээн байгуулалт хамгийн их хувь нэмэр оруулж байсан. Гол нь цахилгаан эрчим хүчинд хамгийн сүүлд холбогдсон хоёр аймгийн нэг шүү дээ. Дэд бүтцийн хувьд хоцрогдсон. Улс төрчийн хувьд хоёр Ерөнхийлөгч сонгогдсон. ардчилсан намаас хоёр гишүүн сонгогдсон. Дутагдалтай нь, хөгжлийн бодлогоо том харж чадаагүйтэй холбоотой байх гэж боддог. Мэдээж ардчилсан нам хоёр удаа төрийн эрхийг барьсан бусад цаг үед ардын нам эрх барьсан. Тиймээс ч эрх барьж буй намыг илүү дэмждэг аймаг. Ер нь давуу талуудаа брэндинг бий болгож үйлдвэр байгуулах төслийг би боловсруулж байсан. Тэгэхээр цогц бодлого явуулж аймаг хөгжинө. Үүний цөм нь мал аж ахуй, аялал жуулчлал. Мөн цахим технологид суурилсан худалдааны салбар хөгжүүлэхэд анхаарч байгаа. Завхан аймаг хөгжлөөрөө орхигдсон ч сүүлийн 2016-2020 онд бүтээн байгуулалт дэд бүтцэд төсвөөс болон олон улсын байгууллагуудаас санхүүжилт авч чадсан. 2020-2024 оны хооронд дулааны цахилгаан станц баригдаж байна.
-Нэг үеэ бодвол урагшилж байгаа нь сайн. Ер нь аль ч газар, ямар ч орчин нөхцөлд хүн хоорондын ойлголцол чухал нам талцахгүй ажиллах нь чухал?
-Монголчуудын хувьд хамтын ажиллагаа чухал. Энэ цаг үед дотоод намын зодоон эдийн засгаа ч улс төрөө ч туйлдуулж байна. Иймээс улс төрчид эдийн засгаа бодсон гадаад нөхцөл байдлаа үнэлсэн зөв бодлого дээр хамтарч ажилладаг, буруугаа шүүмжилсэн ч улс төрийн хэлмэгдүүлэлт хийхгүй, улс төрийн намуудыг жижиглэхгүй байх нь зүгээр гэж хэлмээр байна.
Өнгөрсөн хугацаанд улс төрд сонирхолтой үйл явц өрнөлөө. Танай охин улс төрийн сонголт хийсэн. Үүнийг хэрхэн хүлээж авав?
-Манай охин Ардчилсан намын гишүүн. Мэдээж би намын бодлогыг хэрэгжүүлэх гэж энэ намыг төлөөлж үнэт зүйлдээ үнэнч байдаг хүний хувьд манай гэр бүл дэмжиж улс төрд орсонд баяртай байгаа. Мэдээж эцэг эхээсээ өөр үзэл баримтлал, өөр нам сонгосон хүүхдүүд байдаг.
Энэ бол хувь хүний сонголт. Ардчилсан намын нарийн бичгийн тухайд бодлого тодорхойлдог биш гүйцэтгэх аппаратын хувьд намыг дэмжигчдийн хүрээг тэлэх үүрэгтэй албан тушаал.
Ардчилсан намд олон нарийн бичиг сонгогдсон байгаа. Үүнийг би эерэгээр хүлээж авч байгаа.
-Албан тушаалын томилгоонд ээжийн нөлөө байсан уу?
-Өнөөдөртөө би Ардилсан намд даргын албан тушаал хашихгүй байгаа. Тэгэхээр энэ хардлага надад хамаарахгүй болсон үйл явдал.
-Хөрөнгө оруулалтын хуулийг танаас асуухгүй өнгөрч болохгүй. Гадны хөрөнгө оруулалт улс орны хөгжлийн чухал хэсэг. Хөрөнгө оруулалтын орчин ямар байна вэ. Хоёрдугаарт, УИХ-аар хөрөнгө оруулалтын орчныг шинэчлэхийн тулд хоёр удаагийн оролдлого явлаа. Энэ нь няцаалттай туллаа. Хөрөнгө оруулагчид ямар сигналь авсан бол?
-Сая өрнөсөн үйл явдлаар Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагч нарт хаалттай гэсэн мессеж өглөө. Улс төр хийхдээ ухаантай байхгүй бол жижиг улс, жижиг зах зээлтэй, хөрөнгө муутай манайх шиг улс гадаадын хөрөнгө оруулалтгүй хөгжих хэцүү. Бүх улс хөрөнгө оруулагчдыг татах бодлого явуулж байна шүү дээ. Манай улсад гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ төсөв ч хангалтгүй. Зөвхөн уул уурхайн салбарт л гадаадын хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь орж ирдэг. Энэ нь зөвхөн олборлох салбарт. Тэгэхээр бид манай зах зээл найдвартай ашигтай гэдгээ харуулах ёстой. 2013 онд баталсан Хөрөнгө оруулалтын тухай хууль манайх нээлттэй шүү гэдэг мессеж өгсөн ч маш олон бариа үлдсэн. Хууль эрхзүйн орчин таатай бус, үл хөдлөх хөрөнгө эзэмшихээс авхуулаад олон асуудал байна.Гадаадын хөрөнгө оруулалт ороход үндэсний аюулгүй байдал яригддаг. Төрийн өмчийн компаниудаас хэт хараат байж болохгүй гэсэн хар хайрцагны бодлого болдог. Нэг улсын нэг төрийн байгууллагаас хэт хараат болохгүйн тулд Засгийн газрын түвшинд шийдэх ёстой. Үүнийг сая шинэчилсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хассаныг нь гайхсан. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагч нар манайд урт хугацаанд хөрөнгөө байлгана гэвэл дотоодын бизнес шиг дэмжих ёстой.
Газрыг ашиглаад эзэмшье гэдэг хоёрхон үгэн дээр л бүх улс төр өрнөлөө. Эзэмших гэдгийг хасна, хасахгүй гэж шуугилаа. Газар эзэмших гэдэг нь хоёр талтай. Одоо олгосон газруудаа хөрөнгө оруулагч нар орж ирээд төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлбэл асуудалгүй.
Ийм нэрийн дор орж ирээд Монголд хөрөнгө оруулаагүй, олон газар худалдан авсан бол мэдээж ард түмэн эсэргүүцнэ. Тэгэхээр тоо баримттайгааг ялгааг нь сайн гаргах ёстой. Танкны үлгэр шиг улс төр болж байна. Улс төрчдийн хувьд маш хариуцлагагүй.
-Сүүлийн жилүүдэд улс төрд ХҮН нам оролцож, гурван нам зонхилох хандлагатай байна. Өнгөрсөн хугацааг харвал улс төрд Ардын нам, Ардчилсан нам гэсэн хоёр гол тоглогчтой байлаа. Хоёулаа өөр, өөрийн үзэл санаа, үзэл баримтлалтай. Ардчилсан нам, Ардын нам хоёр эдийн засгийн бодлогын хувьд тусдаа байх ёстой зүйл нь юу вэ?
-Ардын нам сүүлийн үед социал демократ үзэлтэй нам болж шилжиж байгаа. Бидний үзэл баримтлал, үнэт зүйл өөрчлөгдөж байгаа тухай ярьдаг. Ер нь хоёр нам хоюулаа адил ардчлал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлье гэж ярьдаг. Хамгийн ялгаатай нь халамжийн бодлого. Бид хүмүүс хоорондоо өрсөлдөж тэмцэж амьдрах нь тухайн хүний хөгжилд нэмэртэй, бүтээмжид нэмэртэй тогтвортой амжиргаа гэсэн үзэл баримтлалтай.
Хувийн өмчийг чөлөөлж хүмүүс ажлаа хийх боломжийг олгох ёстой. Хэн чадаж байна, тэр сайхан амьдрах ёстой гэдэг үзэл баримтлал барьдаг.
Нөгөө талд, Ардын нам хүмүүс жигд байх ёстой, ялгаа гарч болохгүй, хүнээ хайрлах хэрэгтэй. Гэхдээ чадахгүй байгааг нь төр дэмжиж тусална гэсэн бодлогыг илүү их барьдаг. Үүгээр гол ялгаа гарч байгаа. Энэ нь эргээд эдийн засгийн суурь бүтцийг ганхуулаад байгаа.
-Гэхдээ би танай намын эдийн засгийн бодлогыг ойлгодоггүй. Угтаа зорилт нь тодорхой байдаг. Та ч бас хэллээ. Ийм мөртлөө танай намын нэр бүхий гишүүд малчны зээлийг тэглэх санал гаргалаа. Мэдээж санал гаргах эрхтэй ч либериал төв хаачив. Эргээд бодохоор Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд Ардын намаас ялгаагүй бодлого барьсаар ирсэн. Ахмадын тэтгэврийн зээл, эх орны хишиг зэргээр хоорондоо уралдаад л мөнгө тараадаг. Энэ бодлогыг ойлгодоггүй?
-Энэ бол ардчилсан намын бодлого гэхээс илүү ардчилсан намд олон үзэл бодолтой хүмүүсийн нэгдэл. Саяхны үйлдэлд зарим УИХ-ын гишүүн тойрогт нь цас, зудтай холбоотой хүндрэл үүссэн. Гишүүд тойргийнхоо иргэдийн саналаар ийм зүйл хийсэн болов уу гэж харж байна. Тиймээс биш ардчилсан намын удирдах зөвлөл хуралдаж ийм шийдвэр гаргаагүй. Ер нь нүүдлийн аж ахуйгаа эрсдэлгүй авч явах хамгийн зөв механизм бол даатгалын тогтолцоо. Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдсан ч 10 жилийн өмнөх зохицуулалтаа өөрчлөх цаг нь болсон. Миний харж байгаагаар манай намын гишүүд юуны өмнө өр төлбөр тэглэе гэж дуугарахаас илүү даатгалын тогтоцлоогоо сайжруулахад анхаарах хэрэгтэй. Мөн банкууд ч бас эрсдлийн менежмент хийх нь зөв. Хэрэв малчин үнэхээр гамшгаас болж малгүй, улмаар банкны эрсдлээ дааж чадахгүй нөхцөлд төрийн хэмжээнд энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. Миний зүгээс арай түргэдсэн шийдвэр гаргав уу гэж дүгнэсэн. Гэхдээ энэ бол хувь гишүүдийн санал байсан гэдгийг хэлмээр байна.
-Олон асуудал байгаа ч засаж чадахгүй байгааг бид бүгд харж байна. Ардчилсан намын хувьд засгийн эрх авч, бодлогын түвшинд оролцлоо гэж бодоход зөвхөн эдийн засаг төсөв мөнгөний бодлоготой холбоотой асуудалд та бүхэн юунаас эхэлж засах вэ?
-Зөвхөн төсөв биш системийн хэмжээний өөрчлөлт шинэчлэлт, бүтцийн реформ шинэчлэлт хийх хэрэгтэй байгаа. Үүн дээр улс төрийн эр зориг гаргах хэрэгтэй. Ардилсан нам, Ардын намын аль нь ч ялгаагүй Монголын улс төрийн хүчингийн хувьд улс төрийн намууд, иргэдийнхээ өмнө хариуцлагатай шийдвэр гаргах цаг. Одоо бие биенийхээ ялахын тулд ард түмэнд таалагдахын тулд хэрэгждэггүй мөрийн хөтөлбөр амладаг эргээд эдийн засгийг системийн хувьд буруу тийш нь чирдэг байдлаасаа гарааад эхлэлийн үе энэ жил шүү гэж тооцож мөрийн хөтөлбөрөө гаргаасай. Ялсан нам нь системээ засах мөрийн хөтөлбөр боловсруулах нь чухал. Ардчилсан нам үүнд л зорилт тавьж бодлого хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.