Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ орон нутгийн түвшинд хүн амыг тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах, эрт илрүүлгийг зохион байгуулах асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймгийн хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулахын тулд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг аймагт байгуулах талаар санал солилцож, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Энэ талаар сайд Т.Мөнхсайхан:
“Засгийн газраас эмнэлгийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт сайжруулах, шаардлагатай бүх төрлийн үзлэг оношилгоо, эмчилгээг хийдэг болгох, эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах, дэмжих тал дээр анхаарч ажиллахаар үндсэн чиглэлдээ оруулсан. Энэ хүрээнд эрүүл мэндийн яамнаас хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын асуудлуудыг шийдвэрлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ удаад бид хамгийн их хүн амтай сумдад тооцогддог Мандал болон Түнхэл тосгонд ажиллаж байна. Бид эмнэлгийн хүчин чадлыг сайжруулахаас гадна иргэдээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн дэмжих төвийг бодит үр дүнгээ үзүүлэх хэмжээнд байгуулж, ажиллуулахаар төлөвлөж байна” гэлээ.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам