Монгол орны ихэнх нутгаар зуд нүүрлэж, олон тооны мал хорогдоод байгаа. Сүүлийн үеийн мэдээллээр 3.3 сая мал хорогдсон гэдгийг Онцгой байдлын байгууллагаас мэдээлсэн. Өвөлжилтийн хүндрэл дээд цэгтээ хүрсэн цагаас л төр, хувийн хэвшлийнхэн болон иргэд ч сайн дураараа малчдад туслаж эхэлснийг та бүхэн санаж буй биз ээ.
Энэ удаагийн зуд нь “Сонгуулийн жилийн зуд” гэдгээрээ олны анхаарлыг илүү татаж буй. Учир нь сонгуулийн жил эхэлсэн тохиолдолд сонгогчдын саналыг татах зорилгоор бараа материал тараах, элдэв амлалт өгөх зэргийг Монгол Улсын сонгуулийн тухай хуулиар хориглосон байдаг. Тодруулбал,
Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээн хуульчилсан байна. Тухайлбал,
48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хоригложээ.
Тэгвэл өнгөрсөн хэд хоногт малчдад өвс, тэжээл, хүнсний багц зэрэг бараа материал тарааж гүйсэн УИХ-ын гишүүд, сонгуульд нэр дэвшихээр горилогчид сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэхэд болно. Засгийн газрын гишүүд ч томсгосон тойрогтой сонгуульд оролцохын тулд өөрийгөө багагүй таниулах шаардлагатай тулгараад буй. Энэ хүрээнд ч УИХ-ын гишүүдтэй хамтрахдаа хамтарч, уралдахдаа уралдаж зуданд нэрвэгдсэн иргэдийг зорьсон юм. “Жийп”-ний цуваа үүсгэн очсон нь малчдад ч хүндрэл учруулж, олон нийтээс ч багагүй шүүмжлэл хүртсэн. Тэгвэл сайд нар Засгийн газрын хийх ёстой ажил гэдэг утгаар хууль зөрчсөн үйлдлээс мултрах боломжтой. Олон нийт ч тэднийг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй болох юм.
Өөрөөр хэлбэл, өвс, тэжээл цуглуулах нь цуглуулж, хандив барьж гүйх нь гүйсэн. Энэ бүгд удахгүй эхлэх сонгуулийн өмнө маш том хэрүүлийн сэдэв болно. Яагаад гэвэл сонгуулийн тухай хуулийг маш ноцтойгоор зөрчсөн. Нэр дэвшихээр горилогчдын хэрүүлийн сэдэв энэ асуудал руу чиглэх юм. Энэ хүрээнд маш олон хүн нэр дэвших эрхгүй болох эрсдэлтэй байна.
Сануулахад, энэ удаагийн УИХ-ын сонгуулиас эхлэн сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулахаар болсон билээ. Томсгосон тойрог нь 3-4 аймагт өрсөлдөөн өрнөхөөр онцлог юм. Тиймээс сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй бол тухайн тойрогт багтсан аймгуудад аль болох өөрийгөө танилцуулахыг хичээх нь гарцаагүй.