Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын нэр бүхий гишүүн өөрийг нь хууль бусаар тагнаж чагнасан гэх асуудлаар тусгай хяналтын дэд хороонд өргөдөл өгсөн тухай мэдээлэл тарсан. Өргөдөлдөө хоёр жилийн хугацаанд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж албан тасалгаанд нь тагнаж чагнасан тухай дурьдаад тодорхой баримтуудыг өгсөн гэх мэдээлэл бий. Тэгвэл өргөдөл өгсөн хүн нь УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэдгийг МАН-ынхан батлах боллоо. Мөн ноцтой нэг мэдээлэл байгаа нь Л.Оюун-Эрдэнэ уг өргөдөлдөө МАН-ын удирдлагын түвшний нөлөө бүхий улс төрч үүнийг гардан зохион байгуулсан гэдгийг шууд нэрлэжээ.
МАН-ын залуу лидер дараагийн намын дарга, Ерөнхий сайд болох өндөр магадлалтай хүн гэгддэг Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнаж чагнах бөх зүрхтэй амьтан хэн бэ? гэдэг асуулт улс төрчид, сэтгүүлчдийн сонирхолыг ихэд татаж байгаа. Нөгөө талдаа МАН-ын удирдлагууд, У.Хүрэлсүхийн баг гаднаа нэгдмэл харагдаж байгаа ч дотооддоо маш их асуудал хуримтлагдсан ба хэдийн хагараад эхэлснийг энэхүү үйл явдал нотолж байгаа юм.
Тусгай хяналтын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд уг өргөдөлтэй биечлэн танилцсан бөгөөд ихэд нууцалж, сэтгүүлчдээс бултсаар байгаа ажээ. Ямартай ч ирэх долоо хоногт тусгай хяналтын дэд хороо хуралдсанаар асуудал улам тодорхой болох нь лавтай.
Зарим эх сурвалжууд УИХ-ын гишүүн, ЗГХГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан асуудлыг Эрдэнэтийн 49%-ийн бүлэглэлтэй холбон тайлбарлаж байна. Тэрээр уг асуудлаар нэлээд ширүүн улс төрийн тэмцэл өрнүүлсэн болохоор Худалдаа хөгжлийн банкны гэгддэг бүлэглэлийн зуултанд орсон. Хоёр жилийн хугацаанд түүний өрөөгөөр хэн орж гарсан, ямар яриа өрнөсөн гэх мэт олон зүйлийг өрсөлдөгч бүлэглэл нь гартаа оруулсан орон нутгийн сонгуулийн өмнө дэлгэж тавина гэх мэдээлэл ч байна.
УИХ-ын тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг дагнан хариуцаж ажилладаг. Хэрвээ энэхүү үйл явдал нь баримтаар нотлогдвол уг ажиллагаа зохион байгуулсан МАН-ын удирдах нөлөө бүхий албан тушаалтан албан тушаалаасаа огцорно. Ингэснээр МАН дотор жинхэнэ зодоон үүснэ гэдгийг Тусгаар тогтнолын ордны шар шувуу жиргэх боллоо.
Тусгай хяналтын дэд хороо нь дараах бүрэлдэхүүнтэй.
Тусгай хяналтын дэд хороо:
Т.Аюурсайхан
Н.Алтанхуяг
С.Батболд
Д.Бат-Эрдэнэ
Б.Дэлгэрсайхан
Б.Энх-Амгалан
Ц.Сэргэлэн.