Өнгөрсөн оны аравдугаар сард ХУД-ийн 18 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай, хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Тухайн үед НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган "Анх есдүгээр сарын 21-нд хүүхдүүд хордсон гэх дуудлагын дагуу яаралтай түргэн тусламжийнхан ажилласан. Улмаар хордлого тайлах эмчилгээг өгч ажилласан. Гэтэл аравдугаар сарын 12-нд дахин дуудлага ирсэн. Дуудлагын дагуу ажиллахад 15 хүүхэд тодорхой бус хордлогын шалтгаантай байсан. Тиймээс түргэн тусламжийнхан ажиллаж, 7 хүүхдийг ЭХЭМҮТ-д хэвтүүлэн эмчилсэн. Хордсон хүүхдүүдийн 4 нь өмнө нь хордсон хүүхдүүд байсан" гэх тайлбарыг өгч байсан.
Харин уг хэргийн дүгнэлт гарсан эсэх талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн зарим сурагчид 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үл мэдэгдэх зүйлээс хордож, эмнэлгийн тусламж авсан" гэх хэрэг бүртгэлтийн хэргийг Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тухайн хэрэгт шинжээчийн дүгнэлтүүд эцэслэн гараагүй ба олон нийтийн цахим сүлжээнд энэ хэргийн талаар албан бус мэдээлэл явж байна" гэлээ.