"Орон нутгийн машин Улаанбаатарт олон хоновол татвар авна" гэх асуудал яригдаад буй. Тэгвэл уг асуудалд Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр "Улаанбаатар хотод дугаар олголт хязгаарлачихаад орон нутгийн автомашинууд чөлөөтэй зорчоод байвал дугаар хязгаарласны үр дүн гарахгүй. Тиймээс орон нутгийн автомашинууд 48 цаг дотроо хэвийн зорчоод, 48 цагаас хэтэрвэл хоногийн 5000 төгрөгийг зам ашигласны төлбөрт төлнө.
Мөн Улаанбаатар хотын захын гурван цэгт орон нутгаас ирж буй автомашинуудад зориулсан үнэгүй зогсоол байгуулж, тус чиглэлүүдэд нийтийн тээвэр явуулах юм. Тухайн зогсоолуудад машинаа байрлуулаад хот руу орж ирэх сонголт бий болгож байгаа. Зам дээр автомашинууд багтахаа больж байна. Үүний хязгаарыг тогтоосныхоо дараа авто замын сүлжээг нэмэгдүүлэх, холбох гэх мэт арга хэмжээг авах шаардлагатай. Түгжрэлийн асуудлаа шийдсэн улс орнууд энэ мэт л хүнд шийдвэрүүдийг гаргах замаар явсан. Лондон хот төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийхэд маш том бослого гарч байсан ч асуудал нь шийдэгдсэн. Тэгэхээр бид том хотод тулгамддаг асуудлуудтай тулгарч байна. Тиймээс асуудлаас зугтаж, халшрах бус, нүүр тулан шийдвэрлэхээс өөр аргагүй" хэмээлээ.