Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Ламжав: Надад Д.Амарбаясгалан дарга ч, Ц.Чулуунзагд ч, Б.Энхбаяр сайд ч ГАЙ болж байна…

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
63 минут 0 секунд

NTV телевизийн "Лхагвын тойм" хөтөлбөрийн ээлжит дугаарm “Админерал” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Ламжавыг урьж ярилцлаа.

-Үзэгчдэд Ц.Ламжав гэдэг хүний талаар товч танилцуулвал. Хаана төрсөн, ямар мэргэжилтэй, бизнесийн замналд төдийгөөс өдий хүртэл яаж алхаж яваа хүн бэ?

-Би Говь-Алтай аймгийн хүн. Аав, ээж хоёр маань хоёулаа багш мэргэжилтэй хүмүүс. 40 гаруй жил улсад ажиллаад тэтгэвэрт гарсан хүмүүс бий. Эцэг, эхээс наймуулаа. Нутагтаа дунд сургуулиа төгсөөд 1990 онд Улаанбаатарт оюутан болж ирээд түүнээс хойш Улаанбаатар, Дархан гээд ажиллаж байгаа. 1992 оноос хойш би бизнес хийж эхэлсэн. Бид нарыг оюутан болох цаг үе Монгол Улсад ардчилал гарч, зах зээлийн эдийн засагт шилжиж байх үетэй таарсан. Та нар сургийг нь зөндөө л сонссон байх. 1990 онд монголчууд бүгдээрээ л ганзагын наймаа хийж, Хятад, Орос хоёрын хооронд явж эхэлсэн. Би ч ялгаагүй. Олны жишгээр 1991 оноос хойш Москва Бээжингийн хооронд ганзагын наймаа хийж байгаад эхнийхээ хуримтлалыг бий болгож, түүгээрээ бизнес хийж өдийг хүрч байгаа. Энэ хооронд төрд ажиллаж үзээгүй. Ганцхан удаа 1995 онд билүү дээ, татварын байгууллагад жил хүрэхгүй хугацаанд ажилласан байдаг юм. Ийм л хүн.

-Ганзагын наймаанаас бизнесээ эхлүүлж байсан юм байна. Ер нь энэ бизнесийн салбарт хэрхэн хөл тавив?

-Би залуугаасаа үйлдвэрлэлийн чиглэлээр ажилласан юм. Ганзагын наймаа хийж байгаад мах, талх, сүүний үйлдвэр гэх мэтчилэн нэлээн хэдэн үйлдвэр байгуулж ажиллаж байсан. 2006 оноос хойш Европын таван зөвлөхтэй хамтран ажиллаж байсан юм. Германы хоёр, Даний нэг, Голландын хоёр гээд. Европын өндөр хөгжилтэй орнуудын зөвлөхөөс би их зүйл сурсан.

-Бизнесийн хувьд ямар замналтай явж ирсэн бэ гэдгийг товч сонсохыг хүссэн юм. Одоо гол асуудал руугаа оръё. “Админерал” ХХК-ийг хэзээ, ямар зорилготойгоор байгуулав?

-Германуудтай ажиллаж байсан гэж би өмнөх яриандаа хэлсэн. Монгол чинь зэс, алт, нүүрс, төмрийн хүдэр хэдхэн төрлийн түүхий эдийг гадагш экспортолж, түүгээрээ амьдарч байна шүү дээ. Би Германуудтай ажиллаж байхдаа, дэлхий дээр түүхий эдийг түүхийгээр нь зарж байгаа улс орон баяжиж байна уу аль эсвэл өндөр технологитой нь баяжиж байна уу гэдгийг ойлгосон. Өнөөдөр Герман, Япон, Солонгос зэрэг улсуудад түүхий эд, эрдэс баялаг байхгүй. Гэхдээ маш өндөр технологиудыг тэд бий болгосон. Тиймээс түүхийгээр нь гадагш борлуулж зарж байгаа Оросуудаас, Монголчуудаас хамаагүй их ашиг олж байгаа байхгүй юу. Боловсруулаад гэсэн үг шүү дээ. Гашуунсухайтаар бид энэ жил экспортолсон нүүрсний хэмжээ 60 сая тоннд хүрлээ гэж байна. Түүнийг хятадууд боловсруулаад хэдэн зуун төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Тэр бүтээгдэхүүнийг бид Эрээнээр өндөр үнэтэй буцаан худалдаж авч байна шүү дээ. Эндээс л анх санаагаа олсон. Германы шинжлэх ухаанч байдаг юм. Тэр хүнд "Монголын говь нутагт ус алга. Тиймээс нүүрсийг хуурайгаар нь баяжуулдаг технологи байна уу" гэж асууж байсан юм. Үүний дагуу бид нарыг Германы Томро гээд маш том компанитай холбож өгсөн. Тэр бол рентген туяагаар нүүрс ялгадаг, ганц нүүрс гэлтгүй бүх төрлийн бүтээгдэхүүний сортинг хийдэг тоног төхөөрөмж хөгжүүлдэг компани. Германд нүүрсний салбар, нүүрсний аж үйлдвэржилт гэдэг зүйл байхгүй болчхоод байна шүү дээ. Гэхдээ Томрогийн салбар Австралид байгаа юм. Австрали бол дэндүү хол байсан. Тиймээс биднийг хятадуудтай холбосны дагуу тэнд үйлдвэрлүүлж авч эхэлсэн. Энэ судалгаа 2018 оноос эхэлж, 2019 онд хоёр хөрөнгө оруулагчийнхаа нэгтэй нь уулзсан. Хоёр хөрөнгө оруулагчийнхаа нэгийг угаасаа таньдаг байсан. Хятадын үл хөдлөх хөрөнгийн дундаас дээш түвшний бизнестэй, 30-аас дээш давхрын зочид буудал үйлчилгээний төвийг эзэмшдэг, олон хотуудад үл хөдлөх хөрөнгийн бизнестэй.

-Тэр нь аль компанийн төлөөлөл билээ?

-Руйшен Глобал ХХК-ийн төлөөлөл. Уг нь Хятад хүн л дээ. Хонгконгд бас компанитай юм билээ. Энэ хүнд анх "Бид нарт Германы технологи байна, бид үүнийг хийвэл Монголд түүхий нүүрс асар их байгаа учраас баяжуулж зарвал болох юм байна" гэж санал тавьсан. Энэ хүн Хятадын баян мужийн Quzhou Longyuan Trading Co LLd-ийн фторт химийн үйлдвэрийн бизнес хийдэг хүнийг ятгавал энэ бизнест оръё гэсэн. Тэр хүн нь өөрөө 20 мбт-ын усан цахилгаан станцтай. Аялал жуулчлалын томоохон сүлжээ компанитай. Химийн үйлдвэрлэл, нүүрсний бизнесийн талаар мэдэх хүн. Гэхдээ технологи чинь ажилладаг байх ёстой гэдэг шаардлага тавьсан. Бид ажилладаг гэдгийг нь нотлохын тулд Эрдэнэс Тавантолгой ХК-аас туршилтын нүүрс худалдан авч, үйлдвэрлэлийн туршилт хийлгэсэн. Яг тэр үед ковид таарсан.

-Яг асуух гэж байлаа. Он сар нь хэзээ гэж байсан юм?

-2021 оны нэгдүгээр сарын 2-нд бид санамж бичиг байгуулсан байдаг юм. Тухайн үед компанийн нэр, мэр байхгүй шүү дээ. Ер нь хамтарсан компани байгуулъя л гэдэг яриа хэлцэл болсон гэсэн үг. Эхний санамж бичгийг ингэж байгуулсан. Бүх зүйл л бичиг цаасаар явна шүү дээ. Эхний нүүрсийг цагаан сарын үеэр буюу 2021 оны хоёрдугаар сард, дараагийн нүүрсийг 2021 оны дөрөвдүгээр сард худалдаж аваад Хятад руу явуулсан. Ковидын үе таарсан учраас нөгөө нүүрс нь дөнгөж зургаадугаар сард гарч байгаа юм. Хил дээр гацаж, гацаж байгаад эхний туршилт амжилттай болж энэ бизнесийг хийе гэсэн үүднээс манай компани 2021 оны долоодугаар сарын 2-нд байгуулагдсан. Компани байгуулах үед бид тэр хоёр хүнд, "Манай улс Шинэ сэргэлтийн бодлого гэж зарлаж байгаа. Энэ бодлогын гуравдугаарт аж үйлдвэрийн сэргэлт гэж бий. Манай улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм бодлого барьж байгаа. Аж үйлдвэрийн сэргэлтийн нэгдүгээрт, хайгуулын лицензийг цахим хэлбэрт шилжүүлж зардлыг бууруулна, дэвшилтэт техник технологи ашиглан нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж, эрдэс баялгийн нөөцийг арвижуулна гээд заагаад өгчихсөн. Хоёрдугаарт нь, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспортын нэмэгдүүлнэ гэж заасан. Энэ хоёр бодлогын хүрээнд бидний түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингээж экспортыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх гэж байгаа энэ төсөл бүрэн нийцэж байгаа" гэж хэлсэн. Үүнийг чинь орчуулаад л, сурталчлаад л явсан. Хятадууд чинь монголоос авч буй мэдээллээ шууд орчуулаад Wechat дээрээ тавьж байгаа шүү дээ. Гуравдугаарт, 20 хувиас дээш эслэгтэй нүүрсийг хятадын хилээр оруулахгүй гэдэг шийдвэр гарсан. Энэ бүхэн Монголд баяжуулах үйлдвэр байгуулахад Хятад, Монголын аль алиных нь Засгийн газрын бодлого нийцэж байгаа учраас үүнийг хийе гэж эхлүүлсэн. Ийнхүү манай компани 2021 оны долоодугаар сарын 2-нд байгуулагдсан. Тэр үед бид Бортээгийн талаар ямар ч ойлголт, мэдээлэлгүй явж байгаа шүү дээ.

-Байгуулагдах үедээ Бортээгийн талаар ямар ч ойлголт, мэдээлэлгүй явж байсан хэрэг үү?

-Тиймээ. Сонсоо ч үгүй, мэдээчгүй явж байсан. Яагаад гэвэл, тэнд бэлэн байгаа нүүрс дээрээ бид судалгаа хийгээд байж байгаа шүү дээ. Биднээс мөнгө төлөөд худалдаад авсан баримт нь байна, байгуулсан гэрээ нь байж байна. Туршилтын нүүрс гэдэг чинь жоохон л нүүрс шүү дээ.

-Туршилт хийсэн нүүрсээ Тавантолгойн аль ордоос авсан юм. Бортээгээс авсан юм уу?

-Тавантолгойн баруун цанхаас. Тэр үед Бортээг нээгдээгүй байсан. Одоо ч нээгдээгүй шүү дээ. Тэгэхээр баруун цанхын 3,4,8,9 дугаар давхарга дээр байгаа нүүрс гээд олон төрлийн нүүрс явуулж байгаа шүү дээ. Бид Цогтцэций сум дээр очсон. Гадаадын хөрөнгө оруулалттай компани 100 мянган ам.доллар оруулж компани байгуулна гэсний дагуу бид хууль журмынх нь дагуу компани байгуулж, Цогтцэций сум руу хандаж байгаа юм. Ингэхдээ бид хуурайгаар нүүрс баяжуулах үйлдвэр барих гэж байна, бидэнд газар олгооч гэдэг хүсэлт тавьсан. Цогтцэций сумын ИТХ-аар хоёр удаа орсон. Гэтэл тэднийх хуралдахгүй. МАН, АН-ын суудал нь ойролцоо.

-Тавантолгой ордод газар авсан асуудлыг ярих гэж байна уу?

-Тиймээ. Тэгээд хоорондоо маргалдаад л, хурал нь хойшлогдож явсаар байгаад МТАС түншлэлийн толгой компани болох “МОНГОЛИАН КОНТРАКТ МАЙНИНГ СЕРВИС” компанитай таарсан юм. Тэд ч бас хуурайгаар нүүрс баяжуулах технологитой компани хайгаад явж байсан юм билээ. Тэгээд л бидний хүсэл зориг нэгдсэн. Бид ч удахгүй Бортээгийн уурхайн тендер зарлагдах гэж байгаа талаар хэлсэн. Есдүгээр сард билүү дээ. Бид бүх шаардлагыг хангаж байгаа учраас энэ тендерт хамтраад орох уу, гэхдээ манай шинэ компани гэдгээ хэлсэн. Боломжтой бол оръё гэдэг хариуг хэлсэн. Тэртэй тэргүй жилд таван сая тонн нүүрсийг хуурайгаар баяжуулдаг үйлдвэр дээр туршилт хийсэн том, жижиг компани байгаагүй. Одоо ч байхгүй. Ийнхүү тендерийн баримт бичгийг бид татаж үзсэн.

-Тэр нь хэдэн сар уу?

-Есдүгээр сард шиг санагдаж байна.

-Таны үзсэн нь?

-Тийм байх. Тендер нь tender.gov.mn-д тавигддаг шүү дээ. Тавигдангуут нь үзэж байгаа юм.

-МТАС түншлэлийн толгой компани болох “МОНГОЛИАН КОНТРАКТ МАЙНИНГ СЕРВИС” компанитай хэзээ уулзаж, тендерт оролцох шийдэл нь гарсан юм?

-Есдүгээр сард бид анх уулзаж байгаа юм. Тендер зарлагдсан байна, үзээдхээч гэсэн. Үзээд болж байвал нийлж оръё гэсэн юм. Тэгээд л бид нар тендерийн материалыг үзсэн. Түүнийг нэг хуульчид үзүүлж, шаардлагад нийцэж байгаа эсэх, төрийн болон орон нутгийн өмчит хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар боломжтой юу гэдгийг харуулсан. Түншлэлийн бүх гишүүдийн нийлбэр чадвараар нь үнэлэх учраас боломжтой юм байна гэсэн. Төрийн болон орон нутгийн өмчит хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заагаад өгчихсөн байна. Түүнээс биш чи хэдэн хувийн чадвартай аль эсвэл санхүүгийн боломжтой байх ёстой гэсэн зүйл байхгүй. Үүнийг гаргаж болно. Доод хэмжээг зааж болно. Захиалагчийн тавьж буй шаардлагын дагуу болох юм байна гэсэн. Ингэж л бид нар түншлэл болж тендерт оролцсон. Гол хэлэлцээг Эрдэнэс Тавантолгой ХК-тай биш түншлэлийн толгой компанитай л ярьж байгаа юм. Ухаандаа, нэг төсөвт өртөг байгаа шүү дээ. Нэг мкуб уулын цулыг 12 мянган ам.доллароор олборлоход түүнээс нь бид баяжуулалтыг хэдэн төгрөгөөр хийх вэ гэдгийг бид толгой компанитай л тохирч байгаа байхгүй юу. Тэр тогоон дотроо л ярих юм чинь.

-Тендер рүү орохоос өмнө компанитай холбоотой тодруулах зүйл байна. Долоодугаар сард байгуулагдахдаа хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, хэр хэмжээний нөөц хөрөнгөтэй компани байгуулагдаж байсан юм?

-Хуурай баяжуулах үйлдвэр байгуулах зорилготойгоор гурван оролцогч нийлж байгуулсан компани. Монгол талын компани нь “Моновант” гэдэг төслийн компани байгуулаад бид 45 хувийг нь эзэмшиж байгаа. “Моновант” ХХК “Админерал” ХХК-ийн 45 хувийг эзэмшиж байгаа гэсэн үг. “Моновант” компанийг Германы их сургуульд доктор хамгаалсан Өвөрмонгол хүн эзэмшиж байгаа юм. Руйшен Глобал ХХК бол 34 хувийг нь эзэмшиж байгаа. Quzhou Longyuan Trading Co LLd үлдсэн 21 хувийг эзэмшиж байгаа. Ингэж бид нэгдэж, тэр тендер рүү орсон. Нэгдүгээрт бид технологио өгсөн. Хоёрдугаарт, бид ажлаа хийнэ. Тэр хоёр мөнгөө гаргана. Яагаад гэвэл ковидтой байсан учраас ирэх боломжгүй байсан. Тиймээс бид өнөөдрийг хүртэл бүх ажлаа гардаад хийгээд явж байгаа.

-“Админерал” ХХК-ийн гурван хувьцаа эзэмшигчийн хамгийн жин дарж байгаа нь таны байгаа “Моновант” ХХК нь?

-Тиймээ. Толгой гэх нь хаашаа юм. Илүү хувьцаа эзэмшигч гэж хэлж болох юм.

-Компани нь байгуулагдлаа. Туршилт амжилттай болж, хөрөнгө оруулагчидтайгаа яриад тохирчихлоо. Тавантолгой ордыг яагаад сонгосон шалтгаанаа та цухас дурдсан. Ер нь анх хаанаас энэ нүүрсийг авч, ямар нүүрсэн дээр баяжуулах үйлдвэрээ барья гэдэг төлөвлөгөө байсан юм. Нөөц, өөрсдийнхөө ажлаа тодорхойлохгүйгээр ийм том төслийг эхлүүлэхгүй байсан байх?

-Тавантолгойн бүлэг ордыг л бид сонгож байсан.

-Эхнээсээ юу?

-Эхнээсээ. Яагаад гэвэл би бизнес эхлүүлээд 30 жил болж байна. Энэ хугацаанд би Улаанбаатарт нэг ч газар эзэмшиж үзээгүй. Зарж үзээгүй. Нэг ч удаа би лиценз авч үзээгүй. Харин би үйлдвэрлэл рүү л явсан.

-Тэгвэл танай компанийн техник технологийг жаахан сонирхъё. Өндөр технологи гэж яриад байгаа. Говь чинь угаасаа усны асуудалтай. Ирээдүйд энэ чиглэлд хамгийн том проблем тулгарахаар байгаа. Ямар технологиор, ямар үр дүнтэй ажлыг та бүхэн хийх гэж байгаа юм бэ?

-Бидний технологи бол рентген туяагаар нүүрсийг сканердаж хараад, ялгадаг. Түүнд маш том хиймэл оюун ухаанд суурилсан алгоритм ажиллаж байгаа. Нүүрс гэдэг чинь нүдэнд харагдах том ч байна, жижиг хэсгүүд ч байна. Тэгэхээр нэг тонн нүүрсэнд хэдэн тэрбум ширхэг нүүрс байж байгаа шүү дээ. Түүнийг яаж хэрхэн оновчтой ялгах вэ гэдэг алгоритм ажиллаж байгаа юм. Тэгж ажиллахын тулд нүүрсийг эхлээд бүхэллэгээр нь ангилна. Бутлаад гараад ирэхэд нь 50-100 мм, 100-200 мм, 25-50 мм, 13-25 мм гэх мэтээр ангилаад тус тусын шугам руу оруулахаар нөгөөдөх нь оновчтой ялгадаг учраас нүүрсний гарц өндөртэй технологи гэдэг юм. Энэ жилээс Хятадад тренд болж байгаа. Хятадад тренд болж эхлэхээс өмнө бид ашиглаад эхэлчихсэн байхгүй юу.

-Хятад "Админерал" гэдэг компани байдгийг би өөрөөс чинь л сонсож байна-

-Тендерт орох боллоо. Тавантолгой дээрээс нүүрс авч ашиглана гэдэг төлөвлөгөө анхнаасаа байсан юм байна. МТАС түншлэлийн оролцсон тендерийг хууль бус тендер болсон гэж нүүрсний түр хорооноос зохион байгуулсан сонсголоор яригдсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Хууль бус зүйл юу байх вэ дээ. Төр, хувийн хэвшил түншилж буйгийн нэг хэлбэр нь Эрдэнэс тавантолгой ХК-ийн нүүрсийг гэрээт олборлогчоор олборлуулдаг хэвшсэн ажил. Хамгийн анх хятадын компани арван жилийн өмнө энэ ажлыг хийж байсан гэдгийг хэлж байсан шүү дээ. Түүнтэй л адил. Манай түншлэл бараг таван компани. Олборлолтын хоёр ч компани байгаа. Толгой компани болох "Монголиан контракт майнинг сервис" ХХК өөрөө олборлолтын компани. Хоёр дахь олборлолтын компани нь "Таван хур" ХХК. Гуравдугаарт, "Спейшлмайнинг сервис" ХХК нь тэсэлгээний компани. Бүгд л уурхайд ажилладаг туршлагатай компани. Дөрөв дэх нь манай компани. Манайх зөвхөн баяжуулалтаа л хариуцаж байгаа юм. Нийт уулын цулынхаа 59 мянган мкуб уулын цулыг гурван жилийн хугацаанд хийгээд, нэг уулын цулыг 12 мянган төгрөгөөр хийнэ гэж байгаа юм. 59 мянган мкуб уулын цул олборлоно. Түүнээс 17 сая тонн нүүрс олборлоно. Түүнийхээ 50 хувийг бид нар баяжуулна. Гэтэл сонсгол дээр 400 их наядын Бортээгийн ордыг бид нарыг эзэн суучихсан гээд байгаа шүү дээ. Гэтэл бид нийт ажлын 20 хувийг нь л баяжуулна гэж байгаа юм. Үлдсэн 80 хувийг бусад компаниуд. 2.3 тэрбум тонны нөөцтэй нүүрсний ордыг “Админерал” ХХК эзэн суучихсан мэтээр яриад байна. Гэтэл бидний баяжуулж өгөх гэж байгаа 8 сая тонн нүүрс чинь жилдээ нэг сая тонн. Хоёр дахь жилдээ хоёр сая тонн нүүрс. Гурав дахь жилдээ таван сая тонн нүүрс. Ингээд 8 сая тонн нүүрс болж байгаа юм. Энэ бол нийт нөөцийнх нь 0.3 хувь нь. Баяжуулсан нүүрсийг зарах нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн л ажил. Өөрийнх нь өмч шүү дээ. Бид нүүрсийг хүлээж авлаа, баяжуулж өгөх үүрэгтэй.

-Тендерт оролцогч нь Бортээгийн уурхайгаас өөрсдөө олборлосон хагас коксжих эрчим хүчний нүүрс мөн хуурай баяжуулах үйлдвэрээс гарах баяжуулах нүүрс болон завсрын бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаар борлуулах үүрэг хүлээнэ гээд өгчихсөн. Энэ асуудал Түр хороо дээр ч яригдсан. Түүнээс гадна олон ч судлаач шүүмжлэгчид байр сууриа илэрхийлсэн. Уг нь баяжуулах үйлдвэрийн тендер байгаад байдаг. Гэтэл танай компанид нүүрс олборлох үүрэг хүлээлгэчхээд байдаг. Хийх ажлын жагсаалтаас харахад, танайх баяжуулах үйлдвэрээс гадна нүүрс борлуулахыг хариуцдаг юм байна?

-Энийг ярьж байгаа хэр нь гэрээн дээрхийг ярихгүй байгаа байхгүй юу. Гэрээн дээр юу байгаа вэ гэхээр, захиалагчийн зүгээс Бортээгийн нүүрс борлогдохгүй бол та хэдэд ажил өгөхгүй шүү гэдэг заалтыг оруулж өгөөд байгаа юм. Биднийг шахаад байна гэсэн үг шүү дээ. Худалдан борлуулахтай холбоотой заалтууд байгаа юм. Жишээлбэл, гэрээний 3.9-д заасны дагуу нэрлэсэн худалдан авагчтай нүүрс борлуулах авах гэрээ байгуул гэж байгаа юм. Гэтэл бид нар худалдан авагчийг нэрлэнэ гэж байгаа байхгүй юу, борлуулах биш. Хэрэв худалдан авагчаа нэрлэж өгч чадахгүйгээс бүтээгдэхүүн борлуулалтын хэмжээ саатсан тохиолдолд захиалагч гүйцэтгэгчид сул зогсолтын төлбөр өгөхгүйгээр үйл ажиллагааг шууд зогсооно. Яагаад борлуулалт руу оруулаад байгаа юм бэ гэдэг зорилгыг нь би хэлж мэдэхгүй байна. Энэ бол төлбөрийн нөхцөлийн талаар яриад байгаа юм. Борлуулалт биш. Тендерийн дагуу байгуулсан энэ гэрээн дээр энэ хэмжээний нүүрс борлуулна гэсэн нэг үсэг ч байхгүй. Энэ дээр төлбөрийн нөхцөл яриад байгаа байхгүй юу. Ковидын үед алдарт Цагаан хад дээр чинь 9 сая тонн нүүрс овоороод гарч чадахаа больчихсон байсан. Наана нь Эрдэнэс тавантолгой ХК дээр нүүрсээ ачиж чадахгүй, агуулах нь дүүрчихсэн. Санаж байгаа бол, өдөрт 100, 200 машин л гардаг. Ийм нөхцөлд баруун, зүүн цанхын гэрээт олборлогч нарт нүүрсээр төлбөр хийхийг санал болгож байсан юм билээ. Түүн шиг бид нарыг шахсан. Хоёрдугаарт, баруун, зүүн цанхын нүүрс чинь бүрэн коксжих хурдан борлогддог нүүрс. Гэтэл баруун, зүүн цанх дээр 8,9-р давхаргын болоод бусад нүүрс нь зарагдахгүй байгаа нүүрс зөндөө л байсан юм билээ. Гэтэл Бортээгийн нүүрс 3,4 дүгээр давхаргын нүүрс биш. Бүрэн коксжих нүүрс биш гэсэн үг. 8,9 дүгээр давхаргын нүүрс. Тэр нүүрсийг өмнө зарж үзээгүй учраас зарагдахгүй байж магадгүй гэдэг үүднээс мөнгөөр болон нүүрсээр төлбөр хийж болно шүү гээд байсан.

-Танай үйлдвэрийн онцлогийг харж байгаад энэ тендерт оруулж шалгаруулсан байж таарна шүү дээ. Танай үйлдвэр туршилтаар хүртэл баталгаажчихаад байгаа учраас зарагдах нь ойлгомжтой биш гэж үү?

-Баяннуурын одоо ч авч байгаа нүүрс чинь миний яриад байгаа 3 болон 4 дүгээр давхаргын сайн чанарын коксжих нүүрс нь байхгүй юу. Жишээлбэл, Тавантолгой орд чинь 13 давхаргын нүүрснээс бүтэж байгаа юм. 0 давхарга нь хамгийн доод талынх. Одоо зарагдаад байгаа нь 3,4 дүгээр давхаргын нүүрс. 8,9 дүгээр давхаргын нүүрс нь үйлдвэрлэлийн нөөцтэй их хэмжээгээр байгаа нүүрс. Баруун, зүүн цанх чинь 17-23-ын хоорондох сайн чанарын нүүрстэй. Бортээг гээд байгаа чинь 8,9 дүгээр давхаргын нөөцтэй. Үүнийг худалдан борлуулж буй туршлага одоо ч байхгүй. Гэтэл үүнийг борлогдохгүй байж магадгүй утгаар нүүрс өгөх тухай ярьж байгаагаас биш гаргасан бүх нүүрсээ та нар гарга гэж байгаа зүйл биш шүү дээ. Жишээлбэл, би 8 сая тонн нүүрсээ баяжуулаад хариуд нь мөнгө авах ёстой биз дээ. Гэтэл тэр мөнгөө өгч чадахгүй бол нүүрс өгч болно шүү гэдэг зүйл л бичээд байгаа юм. Гэрээн дээр ийм заалт бий. 3.15-д "Экспортын агуулгаар татаж байгаа нүүрс бүтээгдэхүүний хэмжээ нэг сая тонноос дээш давсан тохиолдолд захиалагч гүйцэтгэгчийн ажлыг зогсоож, сул зогсолтын мөнгө өгөхгүй" гээд заагаад өгчихсөн. 1 сая тонн хүрэнгүүт л биднийг зогсоочхоно. Тэгээд сул зогсолтын мөнгө өгөхгүй гэж байгаа юм. Энэ дандаа төлбөртэй холбоотой заалт байхгүй юу.

Засгийн газрын 362 дугаар тогтоол гэж гарсан. Нүүрсний хэрэг гээд бөөн л юм боллоо шүү дээ. ЗГ-ын эл тогтоол гараад нүүрсийг төлбөр тооцоонд өгдөг асуудлыг болиулсан. Одоо 2023 оны долоодугаар сарын 1-нээс эхлээд зөвхөн биржээр худалдана гээд заагаад өгчихсөн. Одоо миний ойлгож буйгаар хуучин том гэрээнүүдээс дөрөв, таван оффтейк гэрээ л уурхайн амаар явж байгаа. Бусад нь бүгд биржээр явж байгаа гэж ойлгож байна. Бид нар нүүрсийг нь атгачхаад ийшээ, тийшээ зарна гэсэн үг, үсэг энэ гэрээнд нэг ч байхгүй. Тэр нь зөвхөн төлбөрийн нөхцөл дээр л гарч ирээд байгаа юм. Төгрөг өгнө эсвэл нүүрс гаргана шүү гэж. Өөр нүүрс биш Бортээгийн нүүрснээсээ л өгөх тухай. Өгөхдөө гэрээний үнэ, нөхцөлийг ЭТТ ХК өөрсдөө л тогтооно шүү дээ. Худалдан авагчийг нэрлэж өгнө.

-Сая таны ярианаас сонсоход цаад худалдан авагчаа олно ирнэ гэдэг чинь та нарт бүр илүү давуу байдал олгочихсон юм биш үү?

-Үгүй ээ. Нэрлэж болно л гэж байгаа юм. Бүх эрх нь Эрдэнэс тавантолгойд л байгаа. Эрдэнэс тавантолгой худалдаж, борлуулж чадахгүй, бид нарын сул зогсолтын мөнгийг зогсооно гэдэг айхтар заалт байгаад байна шүү дээ. Тэр тохиолдолд бид нар санал болгох байхгүй юу. Гэхдээ нөгөө хүндээ худалдан борлуулна гэвэл Эрдэнэс Тавантолгой борлуулж болно. Үгүй гэвэл үгүй л байхгүй юу. Тэнд хатуу үүрэг хүлээсэн зүйл байхгүй.

-Сая гэрээн дээр биччихсэн л байна л даа?

-Тэр чинь бид нарт сул зогсолт өгөхгүй гэж өгч буй үүрэг. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тийм зүйл байхгүй.

-Та хэдэд сул зогсолтод мөнгө өгөхгүй гэдэг агуулга байгаа мөртлөө жинхэнэ хэрэгжиж байгаа агуулга дээрээ нүүрсийг борлуулна, борлуулахаараа цаад хүн сонгож авна гэдэг зүйл байна уу л гэж би асуугаад байгаа юм?

-Ерөөсөө байхгүй. Хоёрдугаарт, нэг аймар заалт оруулж өгсөн. Ашгүй тэр нь хүчингүй болж, намайг нэг юмнаас чөлөөлж өгсөн. Хүчин төгөлдөр дээр завсрын бүтээгдэхүүн гэж оруулж өгсөн. Нүүрсийг баяжуулна гэхээр гурван зүйл гарч ирж байгаа юм. Үүнд, цэвэр нүүрс, завсрын бүтээгдэхүүн, цэвэр хог хаягдал нь гэсэн үг. Тэгэхээр завсрын бүтээгдэхүүн гэдэг нь алдарт шахмал түлшийг хийгээд байгаа мидлинг чинь шүү дээ. Улаанбаатарт үнэгүй өгөөд байна гэж байгаа шүү дээ. Яагаад гэвэл тэр чинь цаашаа гаргах ямар ч боломжгүй. Тэнд нь цахилгаан станц аль эсвэл уурын станц байж л түлнэ үү гэхээс. Тэр засврын бүтээгдэхүүнийг бид нарыг борлуул гэдэг зүйлийг хүртэл оруулаад хаячихсан байгаа байхгүй юу. Засгийн газрын тогтоолоор нүүрс борлуулахаас чөлөөлөгдчихөөд байна шүү дээ. Гэхдээ хадгалагдаад байна гэсэн үг. Овоологдоод л байна.

-Завсрын бүтээгдэхүүнийг борлуул гэдэг заалт гэрээн дээр анх байсан юм байна. Тийм үү?

-Тэндээс гарч ирж байгаа бүх зүйлийг л зараарай л гэчихсэн байхгүй юу. Энд завсрын бүтээгдэхүүн нь ч орж байгаа. Гэтэл завсрын бүтээгдэхүүн хэзээ ч зарагдахгүй байхгүй юу. Хэзээ ч зарагдахгүй.

-Б.Чойжилсүрэн сайдын турших гээд байсан хөтөлбөрт ч ашиглаж болохгүй байсан юм уу?

-Тэр чинь өөр зүйл л дээ. Тэр чинь түлэх зориулалттай, эрчим хүч гаргавал л гаргах эд байхгүй юу. Одоо бол шахмал түлш хийгээд байгаа шүү дээ.

-Танай компани байгуулагдахаас өмнө орчны бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр БНХАУ-ын "Админерал" гэдэг компаниас түүхий эдийг аваад шахмал түлшийн дараагийн үеийн түлшийг гаргаж ирнэ гэж байгаад больчихсон. Тэр талаар та юм сонссон уу?

-Үгүй. Би юу ч сонсоогүй. Хятад "Админерал" гэдэг компани байдгийг би өөрөөс чинь л сонсож байна.

-Надаас уу. Өнгөрсөн долоо хоногийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын орсон дугаарыг та үзээгүй юу?

-Би хальт харсан. Тэр дээр протокол алга болсон ч гэлүү. Тийм зүйл ярьсан.

-Ноцтой л зүйл сонсогдсон?

-Тэр юун ноцтой байх вэ дээ. Бидэнд хамаа байхгүй. Би нүүрс чиглэлд олон судалгаа хийсэн хүний хувьд гэж хэлэхэд, Б.Чойжилсүрэн сайдын хагас кокс гэж яриад байгаа нүүрс чинь шал өөр зүйл байхгүй юу. Байгаль дээр байдаг зүйл биш. Тэр чинь нүүрсийг химийн үйлдвэрээр боловсруулаад гаргаж ирсэн маш цэвэр бүтээгдэхүүн байхгүй юу. Тэрийг байгалийн нүүрстэй хольж болохгүй. Эрдэнэс Тавантолгойн нүүрс чинь коксжих нүүрс гэдэг нэр нь ойролцоо болохоос нөгөөтөх нь хүрэн нүүрсийг химийн үйлдвэрт боловсруулаад гаргаад ирсэн бэлэн бүтээгдэхүүн байхгүй юу. Байгаль дээр байдаг зүйл биш.

-МТАС түншлэлийн дотроос зөвхөн манайхыг сугалж яриад байгааг улс төрийн зорилготой гэж харж байгаа-

-Одоо миний сонирхож байгаа зүйл бол, гурав дахь тендерээс хоёрхон сарын өмнө байгуулагдсан "Админерал" ХХК тендерт орсон. Энэ тендерт орохын өмнө тендерийн баримт бичигт өөрчлөлт орсон. Тухайн тендерийн нийт дүн болох 715 тэрбум төгрөгийн 15-25 хувийн үйл ажиллагааны орлоготой байх ёстой гэсэн заалтыг 107 тэрбум төгрөгийн хэмжээнд гэж өөрчлөөд тендер явагдсан талаар Түр хорооны шинжээч дүгнэсэн. Өмнө компаниуд тус тусдаа байсан гэнэ. Одоо энэ дөрвөн компанийг нэмээд тухайн мөнгөн дүнд хүрч байвал болно гэдэг өөрчлөлт оруулсан. Энэ тендерийн гэрээний өөрчлөлтийг та юу гэж харж байна?

-Би наад асуудал дээр чинь хуульчаасаа зөвлөгөө авч орсон. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар түншлэлийн гишүүд нь тэд, тэдэн хувийн санхүүгийн чадвартай байх ёстой гэсэн ямар ч заалт байхгүй юм билээ. Түншлэлийн гишүүдийн нийлбэрээр л чадварыг нь үнэлнэ гэж байгаа байхгүй юу. Хоёрдугаарт, хуулиар гүйцэтгэлийн баталгаа гэж бий. Тэр үед 5 хувь байсан. Тэр 5 хувь нь 35 тэрбум төгрөгийг манай түншлэлийн толгой компани Эрдэнэс тавантолгой ХК-д гаргаад өгчихөж байгаа юм. Ухаандаа энэ тендерийн ажлыг гүйцэтгэхгүй бол автоматаар банк ЭТТ ХК-д гүйцэтгэлийн баталгааг өгнө. Тэр нь хүчинтэй хэвээр явж байгаа. Гуравдугаарт, тэр санхүүгийн борлуулалтын орлого гээд байгаа зүйл чинь энэ ажлаа хийж чадах юм уу гэдгийг л илэрхийлж байгаа шүү дээ. Гэтэл бид өнөөдөр үйлдвэрээ бариад дуусгачихаад сууж байгаа шүү дээ. Хэрвээ бид үйлдвэрээ бариагүй, ковид гэж олон юм яриад гоншгиноод сууж байсан бол наадхыг чинь ярих байхгүй юу. Бид тендерийн гүйцэтгэлийн баталгаагаа гаргаад өгчихсөн. Бид өнөөдөр үйлдвэрээ бариад дуусчихсан.

-Гол нь энэ тендерт шалгарахад 15 хувийн босго гэж байгаад байгаа шүү дээ?

-15 хувийн босго гэж хаана ч байхгүй.

-Компани тус бүр дээр сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хэмжээний борлуулалтын орлоготой байх ёстой гэсэн байсан заалтыг танай компани тендерт оролцох болсны дараахан өөрчлөөд компаниуд нийлээд 107 тэрбумын борлуулалтын орлоготой байх ёстой болгочихсон гээд байгаа. Энэ өөрчлөлтийг юу гэж харж байгаа вэ гэдгийг л таниас асуугаад байгаа юм?

-Энэ асуудал дээр хууль зөрчсөн зүйл байхгүй гэж харж байгаа. Яагаад гэвэл, тэртэй тэргүй тэдний дотоод хяналт байгаа, сүүлд БЭТ томилогдоод очлоо. Үүнийг аудитын газар хэдэн удаа шалгалаа. Нүүрсний сонсгол гэдгээр өч төчнөөн хууль хяналтын байгууллага нь шалгаад өнөөдөр ажлыг нь үргэлжүүлнэ гээд л байж байгаа. Юмыг яаж харах вэ гэдэг өнцгөөс л шалтгаалаад байна. Чи асуух ёстой гэдэг чинь зөв. Энэ бол цаанаа зорилготой.

-Ямар зорилготой гэж?

-Тэгж яриад байгаа нь улс төрийн зорилготой.

-Хэн, хэн рүү ямар улс төрийн зорилготойгоор тэгж яриад байгаа гэж?

-Нүүрсний сонсголоор МТАС түншлэлийн дотроос зөвхөн манайхыг сугалж яриад байгаа нь улс төрийн зорилготой гэж ойлгож байгаа. Удаа дараа ярьж байгаа. Тэр байтугай манай компанийг нийгмийн даатгалаа огт төлдөггүй гэж ярьсан биз дээ. Би тэр үед нь нийгмийн даатгалынхаа тодорхойлолтыг QR кодтой хэвлээд авч очсон. Би үзүүлсэн. Тэгтэл нэр, регистрийг нь албаар буруу бичсэн байсан.

-Албаар гэж үү?

-Би албаар гэж үзэж байгаа. Тэр үед нь санамсаргүй алдаа гэж бодсон. Яагаад гэвэл дэлгэц хэсэгт буланд нь харуулсан. Тэгээд манай регистрийг буруу бичсэн байхаар нь "Дарга аа, манай регистрийн дугаарыг буруу бичсэн байна шүү дээ" гэж хэлтэл одоо "Гялс шалгаад тодруулаадах" гэчихээд одоо болтол үүнийг залруулаагүй байгаа. Гэтэл ийм бүртгэлтэй, ийм нэртэй компани нийгмийн даатгалын санд бүртгэгдээгүй байна гэж байгаа юм. Энэ чинь нийгмийн даатгалаа төлөөгүй байна гэдэг хариулт биш шүү дээ.

-Танайх нийгмийн даатгал төлдөг үү?

-Энэ байна. Би дахиад л аваад явж байна. Бид нийгмийн даатгалд 422 сая 081 мянган төгрөг төлсөн.

-Хэзээний байдлаар вэ?

-2023 оны жил эцсийн тайлан. Тэгэхээр нь би үүнийг улс төрийн зорилготой, харлуулах гэж байгаа юм байна гэж бодсон. Харлуулах гэж байгаа учраас юу ч гэж ярьж мэдэх юм билээ.

-Би Д.Амарбаясгалантай ажил ярих нь бүү хэл уулзаж ч үзээгүй-

-Та Д.Амарбаясгалан гэдэг хүнийг таних уу?

-Би огт танихгүй. Ажил ярих нь бүү хэл уулзаж ч үзээгүй. Телевизээр мэдээж харж байгаа. Манай нутгийн залуу юм билээ. Би чинь эхээс наймуулаа шүү дээ. Миний хамгийн бага эрэгтэй дүү Ц.Чулуунзагд. Надаас арав гаруй насаар дүү. Ц.Чулуунзагдыг дунд сургуулийн хүүхэд байхад нь л би энэ бизнесийг хийгээд явж байсан. МАН-ын нарийн бичгийн дарга болоход нь би бизнесээ хийгээд л явж байсан. Би бүх насаараа өөрөө өөрийгөө болгоод овоо хэдэн хүнд цалин өгөөд, татвар төлсөн. Би монгод гавьяа байгуулж сүйд болоогүй. Гэхдээ гай тариагүй. Тэгэхээр Ц.Чулуунзагд, Д.Амарбаясгалан, Б.Энхбаярын өнцгөөс бодно шүү дээ. Тэгэхээр улс төрийн зөрчил, тэмцэл байдаг юм шиг байгаан. Тэгэнгүүт нь энэ нүүрсний хулгай руу намайг чирж оруулаад биднийг харлуулж гүтгээд байгаа байхгүй юу. Та сэтгүүлч хүн. Хулгай гэдэг чинь гарчихсан үед нь л хэлдэг юм байгаа биз дээ. Тэгэхэд бид нар чинь үйлдвэрээ бариад бидний үйл ажиллагаа эхлээгүй байгаа шүү дээ. Гэтэл дэлгэц дээр баахан гинжин хэлхээ гаргаад л. Яагаад холбоод байгаа юм бэ гээд харсан чинь хоёр төрийн бус байгууллага байна лээ. Төрөлх Алтай гээд ТББ. Тус ТББ нь манай Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн дэргэдэх залуучуудын байгууллага юм билээ. Түүний удирдах зөвлөлд нь Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд хоёр байдаг юм байна. Хоёрдахь ТББ нь Хүний эрх дэвшилтэт үндэсний хороо билүү дээ. Би нэрийг нь буруу хэлж байж магадгүй. Түүнийх нь удирдах зөвлөлд энэ хоёр бас байдаг юм байна. Сүүлд хэвлэлээр хараад байхад, хоёр дахь ТББ нь МАН-ын дэргэдэх байгууллага юм билээ шүү дээ. Тэрний бодлогын зөвлөлд нь 15 хүн байдгийн нэг нь Б.Энхбаяр сайд өөрөө юм билээ. Ингээд холбоод байвал бүгд хоорондоо холбогдоод эмзэглээд, энэ гинжин хэлхээ тасрах юм уу.

-Энэ асуудал дээр шалгах ёстой гэж хараад байгаа зүйл нь, нүүрсний хулгай гэдэгтээ биш улс төрийн хамаарал бүхий байдлаараа тендерт давуу байдал бий болгосон уу. Хоёрдугаарт, таны төрсөн дүү МАН-ын удирдах албан тушаалтан. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, одоогийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг ойр хүмүүс гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэддэг. Нэгдмэл сонирхолтой гэдэг байдлаар компанийн танилцуулгад гарсныг бид бүгдээрээ харсан. Тийм ч учраас би ч асуугаад олон нийт юу болов гэж хараад байгаа юм. Тавантолгой бол манай улсын томоохон нүүрсний ордуудын нэг. Бортээгийн орд нь ямар нэгэн улс төрийн ашиг сонирхол, давуу талаар хэн нэгний халаас руу шилжээд явчихвал асуудал мөн. Ямар дүгнэлт хийх нь та бүхний эрх. Эцсийн дүгнэлтийг хууль хяналтын байгууллага тогтооно. Та Д.Амарбаясгалан даргатай дүүгээ ойрхон гэдгийг мэднэ биз дээ?

-Би мэдэхгүй. Учир нь би улс төрөөс хол хүн. Одоо надад миний дүү ч гай болж байна. Д.Амарбаясгалан дарга ч, Б.Энхбаяр сайд ч гай болж байна. Улс төрийн тэмцлээ хаана хийх ёстой юм. Тэндээ л хий л дээ. Яагаад энд намайг чирж оруулаад байгаа юм бэ. Одоо бүгдээрээ оролдож байна. Д.Амарбаясгалан дарга нь ч цуцла гээд бичиг явуулсан. Дараагаар нь Б.Энхбаяр сайд нь цуцла гээд юм явуулсан гэсэн. Одоо яах юм. Би чинь мөрөөрөө л ажлаа хийгээд явж байгаа хүн шүү дээ. Зөрчил, тэмцлээ өөр газраа хий. Мөрөөрөө явж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хүмүүсийг чирж оруулалгүй үзэлцээч дээ. Сайхан эр улсууд шиг. Хэн нь хэнийх нь буруу гэж үзэж байгаа юм. Түүнийгээ хэлээч дээ. Намайг түүн рүү чирж оруулж яах гээд байгаа юм бэ. Би бол энийг л хүсэж байгаа.

-Дүүтэйгээ уулзаж, учирдаг л байлгүй. Ийм бизнес хийх гэж байгаа талаараа ярьж байсан уу. Таны төсөл дээр танай дүүгийн нөлөө байсан уу?

-Ямар ч нөлөө байхгүй.

-Ямар нэгэн нөлөө байсан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдвол хариуцлага хүлээхэд бэлэн үү?

-Бэлэн. Ямар ч асуудал байхгүй. Би ч гэсэн шударга амьдармаар байна шүү дээ. Би ч гэсэн цагтаа Б.Энхбаяр сайдыг манай БЗД-ээс гарсан, саналаа өгөөд явж байсан. Энэ залуу шударга бусын төлөө яваасай гээд. Би ч үүнийг хүсээд л байж байгаа шүү дээ. Би ажлаа хийгээд явж байгаа байдаг л нэг монгол хүн шүү дээ. Би эх орноосоо дайжаад явсангүй. Жирийн монгол инженерт жилийн 100 мянган ам.доллар, жирийн үйлчилгээний ажилтанд 60 мянган ам.долларын цалин өгдөг төсөл хэрэгжүүлье гэсэн мөрөөдөлтэй явж байгаа хүн шүү дээ. Өөр юм байхгүй.

-Тендер дээр хардаж болохуйц асуудлууд байгаа. Энэ бол түр хорооны шинжээчдийн гаргаж ирсэн зүйл. Эцсийн хариултыг хууль хяналтын байгууллагынхан тогтоох байх. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагаас таныг дуудаж шалгав уу. Танай компанитай холбоотой асуудлыг шалгаж үзэв үү?

-Шалгаж байгаа. Намайг нэг удаа дуудсан.

-Хэдэн сараас хойш шалгаж эхлэв?

-Өнгөрсөн оны эхнээс шалгаж эхэлсэн.

-Нэг жил болж байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Нуугаад байх зүйлгүй. Бидэнд ойлгуулахдаа, Эрдэнэс Тавантолгой ХК-тай гэрээ байгуулсан бүх газруудыг үзэж байгаа гэсэн. Үзээд, шалгаад, тодруулаад л явж байгаа байх.

-Таны энэ хэлж байгаа нь, нүүрсний жагсаал, байгуулагдсан гэрээтэй холбоотой шалгалтууд юм шиг байна. Бортээгийн ордтой холбоотой нарийвчилж шалгаж байгаа юм уу?

-Бидэнд тэрнээс өөр юм байхгүй юм чинь.

-Хэдэн удаа таныг удаа дуудаж байцаалт авсан юм?

-Намайг нэг л удаа дуудсан.

-Хэзээ?

-Би санахгүй байна. Өнгөрсөн хавар шиг санаж байна.

-Түүнээс хойш дуудаагүй юу?

-Дуудаагүй.

-Хууль хяналтынхан шалгаж байна. Түр хорооны тогтоол гарсан. Тогтоолтой уншиж танилцсан уу?

-Би хэвлэлээс л харсан.

-УИХ-ын тогтоолтой холбоотойгоор ЭТТ ХК-аас дуудаж уулзсан зүйл алга. Хүлээхээс өөр яах юм-

-УИХ-аас Бортээгийн тендер хууль бус байсан. Тиймээс Засгийн газраас үүнийг цуцлах ёстой гэж үзсэн. Энэ шийдвэрийг та юу гэж хүлээж авч байна вэ?

-Төр өөрийнх нь эрх байна шүү дээ. Шалгана, үзнэ, харна гээд. Би түүнд дандаа хүндэтгэлтэй ханддаг. Шалгана гэвэл шалгана. Байгаа юмаа авч очоод шалгуулахад хэзээд татгалзах зүйлгүй.

-Цуцлах гэдэг дээр?

-Энэ тал дээр албан ёсоор дуудаж уулзсан зүйл нэг л алга. Би "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр хэзээ дуудах юм бол гээд хүлээгээд л байж байна. Бид нарын харьцаж байгаа нь Эрдэнэс Тавантолгой ХК шүү дээ. ЭТТ ХК түүнийх нь дагуу дуудаж арга хэмжээ авах л байлгүй. Одоогоор дуудаж ярилцсан зүйл огт алга. Цуцлах гэж байгаа бол ямар нэг гэрээ хэлцэл болох байлгүй. Түүнээс наана таамаглаж хэлэх зүйл алга.

-Та ярилцлагынхаа үеэр энэ хүмүүс надад гай болоод байна гэж хэлсэн. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр УИХ-ын чуулган хаахтай зэрэгцэн МТАС түншлэлийн Эрдэнэс Тавантолгой ХК-тай хийсэн гэрээг цуцла гэдэг чиглэлийг өгсөн байна лээ. Та үүнийг мэдсэн үү?

-Би хэвлэлээс мэдсэн.

-Хоёр ч газраас цуцла гээд байхад энэ гэрээ, өөрийн тань хүч хөдөлмөр шингэсэн зүйл маань юу болж байна гээд анхаарал хандуулаагүй гэж үү?

-Тэгээд би яах юм бэ. Би анхаарлаа гээд орилоод уйлах юм уу. Гараад гүйх юм уу. Ямар ч байсан хуультай орон байлгүй. Нэг талдаа хэлэлцээ хийх байлгүй гэж бодоод хүлээж байгаа. Хүлээхээс өөр яах юм. Надад хүлээхээс өөр ямар ч арга байхгүй шүү дээ.

-Танай хөрөнгө оруулагчид үүнийг яаж хүлээж авч байна?

-Хөрөнгө оруулагч ялангуяа Хятадын хөрөнгө оруулагчид үүнийг хөрөнгө оруулахын өмнө ярьдаг юм. Танай монгол тогтворгүй, юм нь байнга өөрчлөгддөг гээд л. Айдас хүйдэстэй л байгаа шүү дээ.

-Тэгвэл монгол дахь түншлэлүүд чинь яаж шийдье гэж байна?

-УИХ-ын тогтоол гарахад одоо бид яах юм бэ л гэж байгаа. Одоо "Эрдэнэс Тавантолгой" ямар нэгэн шийдвэр гаргах байлгүй дээ. Бидэнд өөр ямар ч арга байхгүй шүү дээ.

-Ер нь төртэй ажиллах хэцүү байна уу?

-Хэцүү байна. Би төрөөс өмнө айхтар том тендер авч үзээгүй.

-Тэгээд яагаад энэ том зүйл рүү зориглоод ороод ирсэн юм бэ?

-Мэдээгүй л байхгүй юу. Би Эрдэнэс Тавантолгойг зөв модел байна гэж харж байсан байхгүй юу. Төр өөрөө юм хийлээ гэж бодъё. Өнөөдөр монголын нийгэмд төр л юм хийх ёстой гэсэн хандлага бий болчихсон. Төр нэг үйлдвэр байгууллаа гэж бодъё. Түүнтэй нь залгаад өнөөх л хээл хахууль, авлигал, танил талаа татах гээд сөрөг зүйлс нь дагаад гараад ирдэг. Тэгэхээр Эрдэнэс Тавантолгойтой ажиллаж буй модел буюу гэрээт олборлогчоор ажиллах нь өөрөө олборлосноос хамаагүй ашигтай гэдгийг би бизнесийн хүний хувьд мэдэж байгаа шүү дээ. Тийм ч учраас бидний ажил ч зөв явах юм байна гэж бодоод энэ рүү орсон. Ний нуугүй хэлэхэд, би харамсч байгаа. Би Бортээгийн уурхайтай, уурхайгүй зарж чадахгүй байгаа бүтээгдэхүүнийг нь боловсруулна гэдгээрээ л явах байж гэж бодож байгаа. Тэгээд одоо яах юм. Бизнес унаж, босож л явахаас уйлаад өгөлтэй биш, үхэлтэй биш. Эрх биш хууль, засаг төр нь байгаа юм. Шийдэх байлгүй. Гэхдээ төр гэдэг ерөнхий нэрний цаана юмыг ярьж болохгүй байхгүй юу.

-Нэр гэснээс Ц.Ламжав гуай, "Админерал" гэдэг нэрийг хэн өгсөн юм?

-Манай н.Хасбаатар докторын охин Герман охин байдаг юм.

-"Админерал" гэж ямар агуулгатай нэр юм?

-Грек үг юм билээ. Эрдэс баялгийг ихэсгэнэ гэсэн утгатай. Тэр хүүхэд гоё, гоё нэр бодож олдог юм.

-Та энэ нэрийг сүүлийн үед хүмүүс юу гэж тайлбарлаад байгааг сонссон уу?

-Тэр яахав дээ. Монгол хүний ёс суртахуун л ямар байгаагийн илрэл шүү дээ. Би тийм хар бараан зүйлд ач холбогдол өгдөггүй.

-Танай үйлдвэр дуусч байгаа юу. Долоодугаар сарын сүүлээр ашиглалтад орно гэж байсан санагдаж байна?

-Ер нь дууссан.

-Жилд хэдэн сая тонн нүүрс баяжуулах билээ?

-Таван сая тонн нүүрс.

-Гэрээний хугацаа гурван жил. Үйлдвэрээ барьж дууссаны дараагаар төрд буцааж өгөхөөр байгаа биз дээ?

-Үгүй. Бид нар Эрдэнэс Тавантолгой ХК-аас нэг ч төгрөг аваагүй байгаа шүү дээ. 100 хувь өөрийн хөрөнгөө гаргасан.

-Өнгөрсөн хугацаанд Эрдэнэс Тавантолгой ХК танайд нэг ч төгрөг шилжүүлээгүй гэдэг зүйл сонсгол дээр яригдсан. Гэрээний ерөнхий заалтыг та товчлоод хэлээд өгөөч?

-17 сая тонн нүүрсийг олборлогч компаниуд олборлоод гаргаад ирнэ. Түүний 8 сая тонныг нь бид баяжуулаад Эрдэнэс Тавантолгой ХК-д өгнө. Гурван жил буюу 36 сарын хугацаанд. Тэгээд л болоо. Түүнээс цааш борлогдохгүй байгаа нүүрснээс өөрөө аваад явья л гэсэн бодолтой байгаа юм.

-Танай үйлдвэр танай өмч гэдгээрээ тэндээ байсаар байх нь. Зөв үү?

-Тийм.

-Зөвхөн төлбөртэй холбоотой нүүрсийг л гурван жилийн хугацаанд баяжуулж өгнө. Түүнээс цааш танайд өгөөд баяжуулаад авья гэвэл?

-Баяжуулаад авбал тэр л биз. Үгүй бол тэр л биз.

-Өмнө ярьсанчлан үүрэг хүлээлгэчихсэн, цаад талаас сонгоно гэчихсэн байгаа шүү дээ. Гурван жилээс хойш яах юм?

-Байхгүй шүү дээ. Тэр чинь энэ гэрээ дотор л байгаа зүйл.

-Газар авчихсан гээд яригдаад байгаа. Та өмнөх яриандаа цухас дурдсан. Энэ үйлдвэр Админерал гэдэг нэр дээрээ явж байгаа юу. Аль эсвэл МТАС түншлэл дээрээ яваа юу?

-Админерал дээр яваа.

-Газрын асуудал дээр?

-Тэндхийн бүх газар нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн лицензийн талбай дээр байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид газар эзэмших заалт байдаггүй юм билээ. Таван жилийн хугацаатай газар ашиглах гэдгээрээ л явж байгаа.

-30 сая ам.долларын баримт 5-6 удаагийн баримтаар гарч ирсэн. Түр хорооны sonsgol.mn дээр ирсэн баримт байсан. Тэр танай компанийн тамга тэмдэгтэй албан бичиг байсан. Юун мөнгө хаанаас ирээд юунд зарцуулагдчихав?

-Би чинь гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хүн шүү дээ. Манай албан бланк дээр санхүүжилт хүлээн авсан баримт гээд. Энэ бол тооцоо нийлсэн акт гээд л ойлгочих. Жишээлбэл, энэ таван сая гээд байж байна шүү дээ. Тэгвэл энэ дансны хуулга гээд байж байгаа байхгүй юу. Энэ ерөөсөө бэлэн мөнгөний тухай биш. Тэр таван сая доллар нэг удаа шууд ороод ирсэн зүйл биш. Манай хөрөнгө оруулалтын гэрээ гэж байгуулж байгаа шүү дээ. Тухайн гэрээн дээр сар бүр нийлүүлсэн мөнгөний тайланг тооцоо нийлнэ гэсэн байдаг. Харин тэр мөнгө юунд зарцуулагдав гээд байгаа. Манайд ийм зузаан баримт байгаа. Тоног төхөөрөмжийн жагсаалтаас авхуулаад орчуулаад тавьчихсан. Монголын гаалиар бүгд мэдүүлэгдээд ороод ирсэн байгаа шүү дээ. Энэ гэрээний хуулбарууд нь байна. Хоёр талаас тамгаа дараад явдаг байхгүй юу. Бод доо. Тэр мөнгийг үрээд байвал би юугаараа үйлдвэр барих юм. Шинжээчдийг Б.Энхбаяр сайдад буруу, зөрүү ойлголт өгсөн байх гэж би бодоод байгаа.

-Шинжээч нь үү?

-Шинжээч нь. Яагаад гэвэл өнөөдөр монголд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль гэж байгаа. Энэ хуулиар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг Сангийн сайд, Засгийн газрын гишүүн батална гэсэн байдаг. Энэ манай албан ёсны санхүүгийн баримт биш. Тооцоо нийлсэн акт. Гэхдээ энд манай санхүүгийн баримт байхгүй шүү дээ. Энэ дүн хэдэн ч удаа өөрчлөгдөнө. Энэ дотор зээлийн хүү хүртэл байгаа. Гурван талаас байнга маргадаг байхгүй юу. Бид дотроо хэрүүл уруултай л байгаа. Гэтэл энэ хэдэн баримтыг түүж авч ирээд үзүүлж байгаа юм. Гэтэл энэ чинь ардаа зөндөө олон зүйлээр нотлогдоно гэсэн үг шүү дээ. Та манай бүх бланс дээр суучихсан байгаа. Аудитаар ороод Сангийн яамны вэбсайт дээр байршчихсан байгаа шүү дээ.

-Энэ мөнгийг юунд зарцуулсан бэ гэдэг нь байгаа гэсэн үг үү?

-Тийм.

-Тодруулаад асуудахад, Түр хороонд ирсэн баримт нь авлигын баримт гэж ирсэн гэсэн. Одоо үүний араас хууль хяналтынхан шалгалт явуулна гэж байна лээ. Явуулаад нэг талдаа гарсан нь дээр байх?

-Би бол үзээд хэлээсэй л гэж бодоод байгаа юм.

-Гэхдээ энэ мөнгө ковидын үед орж ирээд авлига хээл хахуульд зарцуулагдчихсан юм биш биз?

-Энгийнээр бод доо. Миний хоёр хөрөнгө оруулагч чинь Хятаддаа дундаас дээш түвшний бизнесмэнүүд. Бид нартай зүйрлэхээргүй баян хүмүүс. Нас нь 60 гарчихсан улсууд шүү дээ. Хятад орон сүүлийн 60 жил хөгжихөд тэд улс орныхоо хөгжилтэй цуг яваад баяжчихсан хүмүүс байхгүй юу. Мөнгө тэвэрч гүйгээд, түүнийг нь би энд авч ирж гүйгээд л. Тийм адал явдалтай зүйл гэж юу байх вэ дээ. Монгол түмнийг хэтэрхий доош нь хийж, итгүүлэх гэж оролдох хэрэг байхгүй.

-Одоо нөгөө талаас та бас түүнийгээ нотлох хэрэгтэй л дээ?

-Нотлолцоод байх юу байдаг юм. Баланс тайлан дээрээ бүгд байж байгаа шүү дээ. Би харуулья л даа. Би сонсгол дээр ч харуулсан. Тэгэхэд зарим гишүүд нь хараад, харахгүй гэсэн нь албаар харахгүй байсан. Энэ чинь битүү тоног төхөөрөмж. Бутлуур гэхэд л найман метр өндөр бетонон суурьтай. Монголын хамгийн том бутлуурын нэг. 200 тоннын жинтэй. Тэгэхээр тэр 30 сая ам.долларын зарцуулалт чинь энэ байна. Би хэдхэн тоо хэлье. 1500 тонныг цагт буталдаг бутлуурын систем, 7714 метр кв барилга байгууламж, 35 квт агаарын цахилгаан дамжуулах шугам, дэд шугам, агаарын баяжуулалтын гурван шугам зэрэг ажлууд хийгдэж байгаа шүү дээ. Гуч байтугай ам.долларын ажил хийгдэж байгаа байхгүй юу. Нэмээд хэлэхэд, манайх Эрдэнэс Тавантолгойгоос мөнгө авахгүй юм шүү дээ. Толгой компани мөнгө хүлээж аваад бид нар луу шилжүүлж өгөх юм шүү дээ. Хоёрдугаарт, түүхий нүүрсийг биржийн үнээр зарж байна. Хэрвээ Эрдэнэс Тавантолгой баяжуулчих юм бол биржээр 60 ам.долларын нэмэлт ашиг олно. Үүнийг БЭТ яриад л байгаа. Хэрвээ металлургийн кокс болвол шууд 500 ам.доллар болно. Гэхдээ энд хүрэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үйлдвэр, технологи, боловсон хүчин хэрэгтэй. Би үүнийг л хийж өгч байгаа шүү дээ. ЭТТ ХК-д ийм ашгийг бий болгож өгөхийн төлөө үйлдвэр байгуулсан шүү дээ.

-Үйлдвэр нь цааш явна л даа?

-Тийм.

-Хаа хаанаа л асуудлаа хэлж яриад бодох асуудал. Москва найтаахад Монгол ханиад хүрнэ гэдэг яриа байдаг санагдах юм. Тэнд хийгддэг бизнесийг энд хийх гээд байна шүү дээ. Энд ямар нэг нөлөө байна гэж харж байна уу?

-Байгаа. Мэдэгдээд л байгаа юм. Эрдэнэс Тавантолгойн нойтон баяжуулах үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байгаа. Нэмэгдээд манай энэ үйлдвэр ашиглалтад орно. Тэгэхээр энэ нь Баяннуурын үйлдвэрүүдийн эрх ашгийг хамгийн их хөндөж байгаа байхгүй юу. Тиймээс тэд энэ үйлдвэрийг битгий ашиглалтад ороосой, удаагаасай гэсэн хүсэл асар их байгаа. Б.Энхбаяр сайд болон зарим сэтгүүлчид энэ урхаг холбоог мэдэхгүйгээр олзлогдож, тэдний хүсэл зоригийг биелүүлэхэд дам байдлаар оролцож байгаа үйл явдал харамсалтай санагдаж байгаа. Тэдний гар хөл болж байгаад итгэхгүй л байна.

-Танай компанитай холбоотой ч юм уу таныг шалгасан гэж байсан шүү дээ. Яллагдагчаар татсан ч юм уу хилийн хориг тавьсан зүйл бий юу?

-Шалгаж байгаа. Дуусаагүй л гэж байгаа юм. Би янз янзын зүйл яриад яахав. Шалгалт нь дуусаагүй байхад ингэлээ, тэглээ гээд унах байлгүй дээ.

Ярилцсанд баярлалаа

Н.Учрал: СБД-ийн 18 дугаар хорооны иргэд автобусны буудал дээрх ХУРДАН цэгээс төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой боллоо
Н.Учрал: СБД-ийн 18 дугаар хорооны иргэд автобусны буудал дээрх ХУРДАН цэгээс төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой боллоо
 
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.