УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Хэбэй мужийн удирдлагуудтай уулзаж зам тээврийн салбар болон Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Хэбэй мужийн орлогч дарга Жин Хуй “Хөрөнгө оруулалт худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөтгөх чиглэлд анхаарч ажиллана. Мөн хөнгөн үйлдвэрийн салбар тэр дундаа ноос ноолуур, арьс шир боловсруулах гэх зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулахад хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд цар хүрээнд хөгжүүлэх хүсэлтэй байгаа”-гаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Хоёр улсын харилцаанд тээврийн салбар чухал үүрэгтэй. Зөвхөн 2023 оны гадаад худалдааны 80 хувийг БНХАУ-тай хийсэн байна, энэ бол маш өндөр үзүүлэлт. Манай улсын эдийн засаг ковидын үед -5 хувьд хүрч байсан бол одоо 7 хувийн өсөлттэй байна. Энэ дотор манай ЗТХ салбарын өсөлт 73 хувьтай байна. Хоёр улсын худалдаа, эдийн засаг болон хоёр улсын иргэдийг ая тухтай зорчиход зам, тээврийн салбарын үүрэг чухал үүрэгтэй байна. Энэ ч хүрээнд бид 1949 оноос хойш Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан төмөр замаар зорчдог байсан бол ойрын хугацаанд 5 төмөр замаар зорчдог болох ажлыг хийж байна. Тухайлбал Шивээхүрэн-Сэхэ, Гашуун сухайт-Ганц мод, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч гэх зэрэг олон төмөр замын бүтээн байгуулалтыг бид хийж байна. Мөн Ази-Европыг холбосон ганцхан төмөр замтай байсан бол Бичигт-Чойбалсан-Арцсуурь-Шивээхүрэн-Нарийнсухайт гэсэн төсөр замуудыг холбохоор ажиллаж байна. Автозамын тухайд өнгөрсөн жил бид Цагааннуур-Ховд-Такешкен гэсэн автозамтай болж Ази-европыг холбосон 2 коридортой болсон. Цаашид үүнийг 5 болгоно.
Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих олон хэлэлцээрүүдийн нэг болох Монгол Улсад үйлдвэрлэсэн 7200 гаруй бүтээгдэхүүнийг европын орнуудад татваргүй гаргах боломж бүрдсэн. Бас 5000 гаруй бүтээгдэхүүнийг тарифын хязгаарлалт ямар нэгэн татваргүйгээр гаргах боломжтой. Энэхүү боломжийг ашиглан Монгол Улсад, зам тээврийн салбарт мөн Баруун бүсийн Үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалтыг танилцуулан хамтран ажиллахыг хүссэн байна.
Дашрамд, Хэбэй муж малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулалтаараа шилдэг, мөн хөнгөн үйлдвэрлэл хөгжсөн муж. Монгол Улс 70 гаруй сая малтай ч ноолуурыг хагас боловсруулж байна, бусдыг нь боловсруулж чадахгүй хаягдаж байна. Иймээс малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингээж орлого олох Баруун бүсийн Үйлдвэрлэл технологийн паркийн талаар болон бүтээн байгуулалтын талаар танилцуулж хамтран ажиллахаар болжээ.