Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин А.Бямбабаяр: Рийлсээрээ мөнгө олохыг хүсдэггүй. Харин хүмүүст инээд бэлэглэхийг хүсдэг

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
17 минут 33 секунд

Сүүлийн үеийн трэнд болоод буй фэйсбүүк, инстаграмын рийлсчдийн нэг жүжигчин А.Бямбабаярыг энэ удаагийн UbnStory булангийнхаа удаах зочноор урилаа. Түүний хувьд өөрийгөө рийлсчин гэхээс илүүтэй жүжигчнийхээ уран чадварыг ашиглаж, стресстэй нийгэмд багахан ч гэсэн инээд бэлгэлэхийг хүсдэг хэмээн бидэнд ярьсан бөгөөд түүний амьдрал хийгээд уран бүтээлийнх нь талаар ийнхүү ярилцсан юм.

-Сайн байна уу. Өдрийн мэнд хүргэе?

-Сайн байцгаана уу. Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе.

-Охидын шинэ крашаар ЮУ БАЙНА даа?

-Яг охидын краш биш юм байна лээ, охидын шинэ краш болчихлоо гэтэл үгүй юм билээ. Эгч нарын краш юм билээ. Наргиад тийм рийлс хийсэн чинь чамгүй хандалт авчихсан байсан. Түүнээс биш намайг крашлана ч гэж юу байхав. Сайхан залуучууд зөндөө олон байхад тэд нарыг крашилсан дээр шүү дээ.

-Сүүлийн үед уран бүтээлийн арвин их олзтой байх шиг байна. Сүүлд тоглосон 2 кино нь дараалаад нээлтээ хийнэ гэж байсан?

-Тэгэлгүй яахав. Нэгдүгээр сарын 18-ны өдөр Авиа студи, Номадиа пикчерс, Халх интертайнментийн хамтарсан "366 дахь өдөр" МУСК маань бүх IPTV-д орох гэж байна.

Мөн F студи, Update интертайнментийн хамтарсан уран бүтээл болох "Бидний араншин" МУСК нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн бүх кино театруудаар гарах гэж байна. Үнэхээр сайхан байна. Нэг өдөр дараалаад хоёр кино маань нээлтээ хийсэн учраас сайхан байна. Уран бүтээлч хүний хувьд азтай ч гэх үү маш завшаантай мөч тохиосон учраас сэтгэгдэл өндөр байна.

-Кинонуудын маркетинг харьцангуй өөр, өөр байна уу, үгүй юу?

-Мэдээж хэрэг киноны маркетингийн багийнхан дор бүрнээ ажиллаж байгаа. Миний хувьд ч тэр өмнө нь "Аавуудын цэцэрлэг" МУСК-ныхоо маркетинг дээр ажилласан. Үнэхээр хэцүү юм билээ. Сошиал дээр контент бүтээдэг дүү нараасаа гуйгаад, дараа нь ах нь тусална гэж хэлээд контент хийлгээд цацахад сэтгэгдэл, хандалт нь маш сайн байсан. Түүнээс нь хараад киноныхоо маркетингийг сайн явж байна гэж бодсон ч яг кино театруудаар гаргатал бодсоноос, төсөөлснөөс тэс өөр байсан. Тиймээс энэ маркетинг хөөстэй юу үгүй юу гэдгийг сайн харах хэрэгтэй юм шиг санагдсан. Таны контент хүмүүст хүрсэн ч тэр нь чанартай байна уу үгүй юу, үр ашгаа өгөх үү үгүй юу гэдгийг нь сайн бодолцох хэрэгтэй юм шиг санагдсан.

Өмнө нь өөрөө киноны маркетинг дээр ажиллаж байсан хүний хувьд бас жаахан ч гэсэн өөрийнхөө туршлагаас хуваалцахыг хүслээ. Ер нь л аливаа нэг уран бүтээлийн маркетингийг хийхдээ маш сайн төлөвлөж, тооцоолж, бодолцох хэрэгтэй юм шиг санагдсан.

Тийм ч учраас би рийлсээрээ ямар нэг ашиг харахгүй, хүний маркетингийг хийхгүй байгаа. Нуулгүй хэлэхэд надад бараа бүтээгдэхүүний гээд төрөл бүрийн л санал ирж байна. Яахав би утсаа гаргаж ирээд хэдэн монтаж хийгээд өгөхөд асуудалгүй. Гэхдээ би мянга хүний бүтээгдэхүүнийг сурталчиллаа гээд надад өгсөн тэр мөнгөө олж чадах уу, нэмж чадах уу гэдэг их чухал. Тийм болохоор би аливаа санал, рекламнаас аль болох татгалзаж байгаа.

Би бол жүжигчин хүн. Рийлс хийсээр байгаад өөрийнхөө мөрөөдлийг үнэгүйдүүлж болохгүй

-Ингэхэд та яагаад рийлсийн ертөнцөд хөл тавих болов?

-Би Японы "Вивант" олон ангит киноны пробонд ороод тэнцсэн юм. Тэгтэл 4-5 сцень дээр оролцуулъя гэсэн санал тавилаа. Тэгээд би ийм том гаднын төсөлд орох хэрэгтэй гэж шийдээд байж байтал нуруу маань өвдсөн юм. Тиймээс надад тус төсөлд орох уу болих уу гэсэн сонголт тулгарсан. Гэхдээ дахиад надад ийм том боломж олдохгүй ч байж мэднэ. Би түүнийг хэлж мэдэхгүй шүү дээ. Тиймээс за би оролцъё гээд оролцтол миний нуруу бүр их өвдсөн. Тэгээд л бараг 1 сар хэвтлээ, хэвтэж байхдаа богино рийлс үзээд за ер нь ингээд рийлс хийвэл яадаг юм гэж бодоод, уйдаагаа гаргах гэж л рийлс хийж эхэлсэн дээ.

Түүнээс биш үүгээрээ хүн амьтанд танигдъя, мөнгө төгрөг олъё гэсэн бодол нэг ч байхгүй. Зүгээр л уйдаагаа гаргах гэж хийж байгаа. Дээр нь хүмүүст гоё инээд бэлэглэхийг хүссэн.

Манай Монгол ямар их стресс бухимдалтай байгаа билээ. Бараг л стрессний эх орон шиг. Тиймээс энэ их уур бухимдал дунд тэр дундаа фэйсбүүк, инстаграммаа гүйлгэж байгаа хэн нэгэнд жаахан ч, нэгхэн минутын инээд бэлэглэж, өмнөх стрессээ багахан ч болов мартаасай гэж хүссэндээ рийлсээ хийдэг. Түүнээс биш үүнийг мөнгөний төлөө хийгээгүй. Тэгээд ч би өөрөө жүжигчин хүн. Зөвхөн рийл хийгээд рийлсчин болчихвол муухай байх. Өөрийнхөө хүсэж, зорьж байсан мөрөөдлөө өөрийнхөө гараар үнэгүйдүүлж болохгүй шүү дээ.

-Уучлаарай. Хувийн чанартай зүйл асуух гэсэн юм. Таны рийлсүүд ихэвчлэн хостой болмоор байгаагаа илэрхийлсэн байдаг шүү дээ. Үнэхээр ганц бие хэрэг үү?

-Тийм. Ганц бие байж болохгүй юм уу. Хүн хүнээ нууж болохгүй шүү дээ. Хүмүүс хоорондоо үерхвэл, ханилбал ил л байх хэрэгтэй. Зүрх сэтгэл гэдэг зүйлийг хорьж болохгүй шүү дээ.

Би өмнө нь оюутан байхдаа боддог байсан юм. "За би яг 25 нас хүрээд хүнтэй сууна" гэж. Гэтэл би 25 нас хүртэл өөрөө бүрэн төлөвшиж амжаагүй байсан. Тэгэхээр нь би "За тэгвэл 30 хүрээд, хүний үг даадаг болоод, хэрэгтэй, хэрэггүйг нь ялгадаг болоод хүнтэй гэрлэнэ" гэж бодсон. Одоо бол яг тохиромжтой нас. Бас би тэр чанаруудыг бага ч болов өөртөө суулгасан. Гэхдээ хараахан болоогүй байна. Хэзээ нэг өдөр хэн нэгэнтэй сууна, тэр цаг хугацаа хүрээд л ирнэ. Тэр болтол би өөрийгөө хөгжүүлмээр байна, хэл сурмаар байна, аяламаар байна.

Бидний ээж, аавууд үнэхээр үр хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж, амьдарсаар байгаад өөрсдийнхөө жаргах насан дээр жаргаж чадаагүй байхгүй юу. Харин одоо л хүүхдүүд нь эцэг, эхийнхээ ачийг хариулж байна. Нэг л мэдэхэд хүнтэй суучихсан байна. Хүүхдүүдтэй болчихсон цэцэрлэг, сургууль, төлбөр гээд л эхэлнэ.

Дээрээс нь ялангуяа учраа мэдэхгүй 17, 18-тай залуучууд хүнтэй суугаад, үр хүүхэдтэй болчихсон байдаг. Өөрсдөө ч бүрэн төлөвшөөгүй эцэг, эх болчихсон. Яг ийм амьдрал төд удалгүй л уйтгартай болж эхлэхийг үгүйсгэхгүй. Тиймээс хүнтэй суух хамгийн тохиромжтой насыг би 25 наснаас дээш нас гэж боддог. Учир зүггүй яараад буруу сонголт хийх шаардлагагүй байхгүй юу. Эцэст нь гэр бүл сална, хүүхэд өнчирнө. Гэтэл тэр хүүхдэд ямар ч буруу байхгүй шүү дээ. Тиймээс би үүнд жаахан эмзэглэж явдаг юм.

Хамаатнуудын ярианаас айгаад сонин амьдрал эхлүүлээд яах юм бэ. Гоё амьдрал босгоно

-Удахгүй цагаан сар болох гэж байна шүү дээ. Танаас хамаатан, садан тань хэцүү асуулт асуудаггүй юм уу?

-Цагаан сараар хэцүү биш ээ. Цагаан сарын хэцүү асуудалд орохгүйн тулд сонин амьдрал эхлүүлээд яах юм бэ, гоё амьдрал босгоё л доо. Ганц л амьдарч байгаа шүү дээ.

Харин түүний оронд ах дүү, хамаатан саднаасаа бултаж, аяга таваг угаасан шиг л өнгөрөх хэрэгтэй. Өөрийгөө тэр ярианд огт оролцуулахгүй л байх ёстой байхгүй юу. Бас тэр хүмүүсийн амыг нь хоосон байлгахгүй, юм яриулахгүй л байх хэрэгтэй. Бууз, салатыг байнга өгөөд л байх хэрэгтэй.

-Ингэхэд та ямар араншинтай хүн бэ?

-Би их муухай ёдрын ааштай хүн л дээ. Гэхдээ энэ нь ганц бие явсантай маань хамааралтай биш шүү. Ер нь л ёдор ааштай. Хүүхэд байхдаа ч тийм байсан. Өөрт дургүй зүйлээ шууд хэлчихдэг, дургүйг маань хүргэсэн хүн байвал зайгаа барьчихдаг. Өөрөөр хэлбэл, сэтгэлд сэв суулгачихвал тэр хүнтэй дахиж юм ярьж, дуугардаггүй. Гэхдээ мэндтэй, устай байлгүй яахав.

Би чинь хилэнцийн ордны хүн шүү дээ. Манай хилэнцийн ордныхон их муухай хүмүүс байдаг юм. Жишээлбэл, хэн нэгэн надад худал хэлбэл эсвэл миний сайхан сэтгэлийг ашиглаад өнгөрвөл би түүнийг нь заавал олж мэддэг. Өөрт маань ч нэг тийм мэдрэмж төрдөг. За энэ ч худлаа ярьчихлаа даа, худлаа байна даа гээд. Тэр мэдрэмж төрөх юм бол би хаанаас ч яаж ч ухаж байгаад л үнэнийг нь олчихдог. Үнэхээр тэр нь худал байвал би ямар ч харилцааг хэн ч байсан дуусгаж чадна. Хэрэв би мөрдөгч байсан бол их сайн мөрдөгч болох байсан байх.

Ер нь л их ёдрын ааштай. Гэхдээ надтай хамт байсан, надтай нөхөрлөдөг хүмүүс намайг мэдэх байх. Нэг дэврэхээрээ гоё дэвэрдэг, нэг унахаараа унадаг, заримдаа нэрэлхүү зантай болчихдог, заримдаа яасан юм гэмээр хоёр хөмсгөө зангидаад, ёдор зан нь ороод ирчихдэг. Ер нь их сонин хүн дээ.

-СУИС-ийг жүжигчний мэргэжлээр сурж төгссөн шүү дээ. Үнэхээр хүсэж жүжигчин мэргэжлээ сонгосон уу?

-Би сургуулиа төгсөөд кинонд тоглохгүй хэсэг хугацааг өнгөрүүлсэн юм. Тэгж байхдаа жаахан сэтгэл гутралд ороод, тэгж байхдаа "Намайг зүгээр сургалтын төлбөрийн төлөө сургууль маань авчихсан юм биш үү дээ, зүгээр л хүүхдийн тоо нөхөөд авчихсан юм болов уу" гээд бодсон юм.

Яг яаж сургуульдаа орсон бэ гэхээр, "СУИС-д бүртгүүлэхдээ ээж, аав хоёртоо мэдэгдэлгүйгээр бүртгүүлчихсэн юм. Тэгээд СУИС-ийг хайж олж очоод шалгалт өглөө. Эхний түүвэр дээр нь этүд хийлгээд л ур чадварын шалгалт авсан юм. Гэтэл би 70,9 оноотой тэнцчихлээ. Ерөнхийдөө 70 оноогоор тасалсан чинь би 0,9 оноогоор тэнцчихсэн. Миний нэрний доор 3 билүү 6 хүүхэд л байсан юм.

Би их инээдтэй. Шалгалтаа өгчихөөд дүн нь гарсны дараа нэрээ харахдаа дээрээс нь эхлээд яваад л байлаа. Тэгээд нэрээ хайгаад л байсан чинь миний нэр байдаггүй. Бүр доош нь харж байтал Бямбабаяр гээд миний нэр гараад ирсэн. Тэгээд өөрийгөө хасагдчихаж байгаа юм болов уу гэж бодтол яг миний нэрний доогуур тасалчихсан байсан.

За тэгээд хоёр дахь түүвэрт нь орлоо. Тэгтэл 79-өөр тасалсан чинь би 79,9 оноогоор тэнцчихсэн байдаг юм байна. Тэгээд л ээж рүүгээ яриад "Ээж ээ би СУИС-д тэнцчихлээ" гээд хэлсэн чинь "Заа хүрээд ир, бороо ороод байна" гээд л тасалчихлаа. Гэтэл тухайн үед аав, ээж хоёр маань намайг СУИС-руу оруулахгүй, инженер болгоно гээд шидйчихсэн байсан юм. Тэгээд л гэртээ очтол ээж "Тэгээд тэнцчихсэн юм уу" гэж асуугаад л аавтай ярилцсан юм шиг байна лээ. Тэгээд л СУИС-д жүжигчин мэргэжлээр суралцсан даа.

Найзууд маань жүжигчин гэж цоллуулж байхад Бямбаа байрандаа байж байхах нь уур хүрч байлаа

-Ер нь жүжигчин мэргэжил сонгосондоо сэтгэл хангалуун байдаг уу. Магадгүй зарим үед хэцүү зүйл тулгарч байсан байх?

-Сургуулиа төгссөн чинь найз нөхөд, ах дүү, хамаатан садан, гэр бүлийнхэн маань шууд л од болно гэж боддог юм шиг байна лээ. Гэхдээ тэгэхгүй шүү дээ. Ёстой л гэрлийн утас хураагаад л, гэрэл тавиад л, хөлийг нь зөөгөөд л кино урлагийн салбарт хөл тавьж эхэлсэн. Тэр үедээ би "Ямар ч байсан эндээс л холдож болохгүй. Эндээс холдвол өөрийнхөө мөрөөдлийг хаяна" гэж бодоод л тэссэн. Тэр хугацаанд бол шантрах зүйл их байсан.

Яг үнэнийг хэлэхэд ганцаараа уйлах ч үе байдаг байлаа. Найзууд маань од болчихсон, жүжигчин гэдэг цол авчихсан байхад Бямбаа гэдэг хүн зүгээр л байж байхаар уур хүрч байгаа юм чинь. Ёстой л уур хүрэх үе, уйлах үе, болно бүтнэ гэж бодсон үе ч олон байсан даа.

Тухайн үед гэрийнхэн маань асууна. "Чи яагаад кинонд тоглохгүй байгаа юм" гэхээр нь "Цаг нь болоогүй л байхгүй юу" гэдэг хариулт хэлнэ. Сүүлдээ нөгөө хэд маань "Чиний цаг ирэх болоогүй юу" гээд л ёжилно. Тэгээд л кинонд явахын хажуугаар жижиг жижиг хэсгүүдэд орж гараад л, массд тоглоод л, 2, 3 текст ирвэл хүний нүднээс далдуур, ганцаараа бэлдээд л тэгж л өнөөдрийг хүргэсэн байна.

Жүжигчний мэргэжил бол үнэхээр сайхан мэргэжил. Би энэ мэргэжлийг сонгосондоо үнэхээр харамсдаггүй. Энэ миний мөрөөдөл, миний зорилго байсан. Одоо ч гэсэн зорилгоо биелүүлээд явж байна. Зорилгодоо хүрчихсэн гэж өчүүхэн зүйлдээ ташуурч болохгүй байх. Харин үүнийгээ дахин илүү чанга атгаад, хаана хүрч дуусна тэр хүртэл нь явна гэж бодож байгаа.

-Энэ хүрээд ярилцлага маань өндөрлөж байна. Сүүлийн мөчийг өөрт тань үлдээе?

-Ярилцлагадаа урьж оролцуулсанд баярлалаа. Ойрд ярилцлага өгөөгүй болохоор сандралтай байлаа. Гэхдээ үнэхээр сайхан байна.

Мөн нэгдүгээр сарын 18-наас эхлэн "366 дахь өдөр" МУСК маань бүх IPTV-ээр гарч эхэлсэн бол "Бидний араншин" кино маань Монгол орны бүх кино театраар гарч байгаа шүү. Тиймээс та бүхэн маань эдгээр киноноос сайхан, муухай ямар ч зүйлсийг мэдэрч болох юм. Киног маань үзээрэй гэж хэлье. Баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Амгалан: Заавал шинийн 15-ны дотор заслаа хийлгэх ёстой хэмээн тодорхойлсон зүйл байхгүй
Д.Амгалан: Заавал шинийн 15-ны дотор заслаа хийлгэх ёстой хэмээн тодорхойлсон зүйл байхгүй
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.