“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн өнгө, онцлогийн талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Амгалантай ярилцлаа.
-Ирж буй “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн ерөнхий шинж ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юү. Шороон үхрийн зурлагад яаж буусан байгаа вэ?
-UBN сайтын нийн уншигчдад ирж буй луу жилийн мэндийг урьдчилан дэвшүүлье. Энэ жил хүн зондоо ээлтэй сайн жил гарна. Идэр залуу хүмүүс болон дунд тушаалын албан тушаалтай тийм дарга ноёдууд ажил амьдралдаа анхаарах шаардлагатай. Учир нь барцад саад янз бүрийн юм тохиолдохыг үгүйсгэхгүй гэж харагдаж байна. Хүүхэд нялхас хийгээд настай хүмүүст ээлтэй сайн. Шороон үхрийн зурлагыг шинжвэл, жилийн дунд үе хийгээд зуны саруудад зарим газраар нэлээн ган гачигтай байхаар харагдаж байна. Тиймээс ган гачиг бусад эрсдэл аюулаас яаж сэрэмжлэх вэ гэдгийг эртнээс тооцоолж байвал зүгээр байх. Жилийн эхэн үе болон сүүлээр хур бороо арвинтай, өвс ургамал сайтай байхаар харагдаж байгаа бол хэсэг газруудаараа үер устай, салхи шуургатай, жоохон хяруу, мөндөр унаж, байгалийн гэнэтийн үзэгдлүүд гарахаар байна. Ард түмний амьдрал эд, эдлэлээр элбэг дэлбэг сайн жил байх бол арилжаа наймаанд одогсдын хувьд арилжаа наймааны олз омог гайгүй байх шинж нигуур гарч байна. Харин төр засгийн хувьд бол үе үе одоо самуун дажин дэгдэхийн нигууртай харагдаж байгаа. Тиймээс ард зон хийгээд төр засгийн түшмэл ноёд анхаарууштай юм уу гэж хэлмээр байна.
-Жил нь орж байгаа болон гарч байгаа хүмүүс юуг анхаарах ёстой бол?
-Жил нь орж буй хүмүүс тусгайлан засал ном хийлгэх учиртай. Ялангуяа жил орж байгаа эрэгтэй хүмүүс жилээ угтаж засал ном хийлгэвэл сайн байдаг гэдэг. Тийм учраас 1988 оны луутай идэр залуу хүмүүс хийгээд 1976 оны луу жилтэн мөн 1964 оны луу жилтэй хүмүүст онцгойлсон заслууд байгаа. Мөн 1991 оны төмөр хонь жилтэй хүнд 33-ны мөчлөг тохиох жил учраас тусгайлсан засалтай харагдаж байна.
-Шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах ёс уламжлалын талаар товчхон мэдээлэл өгөөч. Зөвхөн өрхийн тэргүүн төлөөлөөд гаргахад болох уу. Аль эсвэл гишүүн бүр гаргах уу?
-Гэр бүлийн гишүүд өөрийнхөө хийморийн зүг болон буян хишгийн зүг мөрөө мэдэж байгаа бол бүгдээрээ гаргаж болно. Хэрвээ мэдэхгүй байгаа бол зөвхөн гэрийн эзнээрээ төлөөлүүлж зүг мөрөө гаргах боломжтой. Энэ жилийн тухайд чухалчлан анхаарах ёстой нэг зүйл байгаа нь гал суудалд сууж байгаа эрэгтэй хүмүүсийн цог хийморийн зүг нь зүүн урд зүг рүү таарч байгаа ч тэр зүг рүү гарахгүй. Учир нь луу жилийн хар нохойн ам буюу тэр жилийн цээрлэх зүг нь зүүн урд зүгтээ гарч байгаа. Тиймээс хэдийгээр цог хийморийн зүг таарч байгаа ч гэсэн тэр лүү зүг мөрөө гаргахгүй. Зүүн зүг буюу амин зүг эс бөгөөс эмийн зүг буюу хойд зүг рүү гараад урд зүгээсээ ирэх боломж байгаа. Үүнийг анхаарах хэрэгтэй.
-Энэ жил битүүн тасарч байгаа. Үүнтэй холбоотойгоор битүүлэх ёсоо гүйцэтгэх үү. Яг яах ёстой вэ гэх асуулт их ирж байна. Үүнд хариулт өгөөч?
-Луу жилийн шинийн нэгэн хоёрдугаар сарын 10 буюу хагас сайн өдөр тохиож байна. Төгс буянтын зурхай ёсоор бол өдөр тасрах өдөр нэмэгдэх тохиолдол байдаг. Гэхдээ бид нар билгийн тооллын шинийн 29 буюу шинийн нэгний өмнөх өдөр битүүлэх ёсоо гүйцэтгэж болно. Гэрийнхээ тотгон дээр гурван мөсөө тавьж, айл хотлоороо орж одоо сайхан битүүлж байна уу гэдэг амны бэлгээ ашдын бэлгийн ерөөлөө айлддаг. Энэ ёс заншлаа хийж болно оо. Битүүний өдөр тасарчихсан учраас битүүн огт байхгүй гэсэн ойлголт байж болохгүй.
-Гурван мөс тавих ёс уламжлалыг тодорхой тайлбарлаад өгч болох уу. Залуу гэр бүлүүд төдийлөн сайн ойлгож, мэддэггүй шүү дээ?
-Битүүний өдөр Лхам бурхан гурван мянган ертөнцийг эргэж хүн зоны аж амьдралыг харж, ханддаг гэдэг. Тийм учраас Лхам бурхныг морилж ирэхэд унаж яваа морь луусанд нь зориулж, ундаа бэлдэж байгаа гэсэн домогтой домтой юм. Өнгөрсөн, ирээдүй, одоо гэсэн 3 цагийг бэлгэдэж тэр 3 мөсийг тавьдаг. Битүүний орой битүүлэг хийхээсээ өмнө тотгон дээрээ тавьбал зүгээр байдаг.
-Сүсэгтэн олны дунд шинийн 8 аль эсвэл 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гэх ойлголт байдаг. Засал номоо хийлгэхэд заавал энэ хугацаанд багтаж хийлгэх ёстой байдаг уу?
-Сар шинийн баярын дараа хүрээ хийдийн газруудаар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэх хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгддэг. Гэхдээ заавал шинийн 15-ны дотор заслаа хийлгэх ёстой хэмээн тодорхойлсон зүйл байхгүй. Зурхайн ном сударт нар буцахаас өмнө засалтай хүмүүс засал номоо хийлгэвэл сайн гэсэн утга байдаг. Энэ нь зургаадугаар сарын 22-ныг хэлж байгаа. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр учраас хүмүүс өөрсдөө бэлгэдэж, энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж үздэг байх. Бусдаар бол зурхайн ном сударт заавал шинийн 15-нд багтаж заслаа хийлгэх ёстой гэсэн юм байхгүй.