Өнөөдөр УИХ-ын гишүүн, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүн Хөрөнгө оруулалтын хууль болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Оюутолгойн 34 хувийг өндөр хүүтэй зээлээр авах гэрээг С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар хийсэн. Ийм эрсдэлтэй гэрээг эсэргүүцсэн биднийг 2008 оноос хойш гүтгэж, харлуулж байна" хэмээсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаараа дамжуулан дараах хариу тайлбарыг өгчээ. Тэрбээр,
"2009 онд Оюутолгойн төслийг УИХ-аар хэлэлцэхэд Ерөнхий сайд байсан би "Энэ 34 хувийг авч яах юм. Гарах бүх зардлын гуравны нэг. Бидэнд тийм мөнгө алга. Зээл авна, өрөнд орно. Тэрний оронд АМНАТ-аа ахиухан авъя. Уул уурхайн төсөл угаасаа эрсдэлтэй" гэхэд хэсэг гишүүд түрсээр байгаад хувьцааны 34 хувь заавал авах тухай УИХ-ын 57-р тогтоол баталсан.
Энэ гишүүн тэгэхэд "Бүр 51 хувь авах ёстой" гэж байв. Энэ тухай "60-60" номонд тодорхой бий. Одоо буруутан нь Ерөнхий сайд асан би. "Цагийг эзэлсэн их аварга" бол буянтан. Хувь заяаны шоглоом оо гэж" тайлбарлав.