Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL TOIM: 1990 оноос хойш Монгол Улсад 35.6 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн бөгөөд 2012 онд 5.7 тэрбум ам.доллар буюу түүхэндээ хамгийн өндөр дүнд хүрч байжээ

Ангилал
Visual toim
Огноо
Унших
16 минут 34 секунд

Сүүлийн өдрүүдэд улстөрийн хүрээнд гэлтгүй иргэд олон нийтийн дунд багагүй "хэрүүлийн алим" дэгдээгээд буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр /2024.01.11/ УИХ-аар хэлэлцэх гэж байна. Дуудаад ч ирдэггүй гэгдэх "Женко"-г Төрийн ордонд өөрийн биеэр хөл тавихад хүргэсэн "галтай" хуулийн төслийг хэрхэх эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна. Харин үүнээс урьтаад өнгөрсөн хугацаанд манай улсад гадаадын хөрөнгө оруулалт ямар түвшинд явж ирсэн болон тус хуулийн төсөлтэй холбоотой зарим сонирхолтой мэдээллийг бэлтгэн сонирхуулж байна.

-30 жил...-

Монгол Улсын Үндсэн хуулийн чиг хандлагад нийцүүлж анхны хөрөнгө оруулалтын хуулийг 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай нэртэйгээр баталснаар Монгол Улс гадаад зах зээлд нээлттэй бодлогыг баримталж, улмаар гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ үнэмлэхүй өссөн байна. Улмаар хөрөнгө оруулалтыг хадгалах бодлогыг баримтлах, татварын болон татварын бус дэмжлэгийг хөрөнгө оруулагч нарт үзүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үед шинэчилсэн. Харин өнгөрөгч оны зургаадугаар сарын 23-нд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлж, одооогоор хэлэлцүүлгийн шатанд явж байгаа нь энэ билээ.

-11 удаагийн НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ-

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 2013 оны шинэчлэлээс хойш даруй 10 гаруй жил болж байгаа энэ хугацаанд хуульд нийт 11 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хуулиар хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах зорилгодоо хүрсэн эсэхийг дүгнэх зайлшгүй шаардлага үүсч байгаа талаар ЭЗХЯ-наас дурдсан байдаг.

-33 жилд 35.6 тэрбум ам.доллар-

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж Үндсэн хуулиа шинэчлэн баталсантай холбоотойгоор эрх зүйт төрийн үндсийг хуульчилж, төрийн эрх мэдлийн хуваарилалт хийж, шүүхийн бие даасан байдлыг хуульчлахын сацуу, хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрх ашгийг хамгаалан, дэлхийн эдийн засгийн түгээмэл чиг хандлагад нийцүүлж эдийн засгаа удирдах, чөлөөт зах зээлийн зарчмыг нэвтрүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин бүрдсэн. Тэгвэл Монгол Улсад 1990 оноос хойш нийт 35.6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна.

-Гадаадын хөрөнгө оруулалт 2011,2012 онуудад түүхэн дэх оргил буюу 5.7 тэрбум ам.долларт хүрч байжээ-

Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2000-2010 онд уул уурхай салбарын өсөлтийг дагаад жилд дунджаар 20-25 хувийн тогтмол өсөлтттэй явж ирсэн боловч 2011 оноос хойш өсч, буурсан үзүүлэлттэй явж ирсэн. Ингэхдээ үүний шалтгааныг дэлхийн зах зээл дээрх эрдсийн түүхий эдийн ханшийн уналтаас шалтгаалсан хэмээн дүгнэж болох талаар ЭЗХЯ дурджээ. Тодруулбал, 2011 онд 5.0 тэрбум ам.долларт хүрч байсан Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурч 2015 онд 1.4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 2016 оноос сэргэж 2019 оны жилийн эцэст 3.1 тэрбум ам.долларт хүрсэн. Гэвч цар тахлын үр нөлөөгөөр 2020 оны жилийн эцэст өмнөх оноос 22.8 хувиар буурч 2.5 тэрбум ам.доллар болсон байна.

-1992 оноос хойш орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт оржээ-

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь зөвхөн уул уурхайн салбарт хийгдэж, аж үйлдвэр, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт маш бага хувийг эзэлж байна. Үүнийг салбар бүрээр тодруулж авч үзвэл дараах үзүүлэлт харагдахаар байна.

-Монгол Улс 176 улсаас 128-р байранд эрэмбэлэгдэж байна-

-"Маргаан шийдвэрлэх процесс маань бизнесийн хурдтай нийцэхгүй байна"-

Хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж буй нэг зүйл нь яахын аргагүй гомдол маргаан шийдвэрлэлт байдаг. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн зүгээс "Маргаан шийдвэрлэх процесс маань бизнесийн хурдтай нийцэхгүй байна. Шүүхийн процессоор явбал компаниуд дампуурах хэмжээнд байна" гэх байр суурийг ч илэрхийлж байна.

-6 арбитрын маргаан байгаагийн хоёр нь ХҮЛЭЭГДЭЖ БУЙ "горимд" байна-

Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулалтын асуудлаар үүссэн 6 арбитрын маргаан байна. Тодруулбал,

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн эргэн тойронд ХЭН ЮУ ХЭЛЭВ-

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүний эргэн тойронд улс төрчид ямар байр суурь илэрхийлсэн талаар сонирхъё.

-КАБИНЕТИЙН ЗАРЧИМ алдагдуулсан сайд нартаа хариуцлага тооцох уу-

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал орж ирэх үеэр Засгийн газарт КАБИНЕТИЙН ЗАРЧИМ алга гэх шүүмжлэлийг олон нийтээс хүртсэн. Учир нь хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд, сөрөг хүчнийхэн гэхээс илүүтэйгээр Засгийн танхимын гишүүд хөрөнгө оруулалтын тухай хуулийг багагүй эсэргүүцэж байв.

Тодруулбал, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн болон ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "ЗГ-аас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж байгаа сайд нарт хариуцлага тооцох ёстой" гэх байр суурийг ч илэрхийлсэн юм.

-ЭРГЭН САНУУЛЪЯ: Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар ямар байр суурь илэрхийлсэн бэ-

Үргэлжлүүлэн уншигч танд хуулийн төслийн зарим заалтуудыг хүргэх гэж байна.

-ХУУЛЬД: 2013 онд газар "эзэмшүүлэх" гэж оруулж баталсан байсныг хуулийн заалтаас ХАССАН-

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа гадаадын хөрөнгө оруулагчид газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой олон талт мэдээлэл гараад буй. Тэгвэл 1993 оны хуульд гадаадын хөрөнгө оруулагчийн газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байна гэж заасан байжээ. Ингэхдээ гэрээний хугацааг нэг удаа 40 хүртэлх жилээр сунгаж болно хэмээн тусгасан байсан аж.

Харин 2013 оны хуулиар татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг гэдэгт ашиглуулах гэдэг дээр ЭЗЭМШҮҮЛЭХ гэдэг заалт тусган баталжээ. Харин энэ удаагийн 2024 оны хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ЭЗЭМШҮҮЛЭХ гэх үгийг заалтаас хасаж, АШИГЛАХ гэж үлдээжээ.

-ХУУЛЬД: 100 мянган ам.долларын босгыг авч хаясан-

Дараагийн ээлжинд нэлээдгүй шүүмжлэл хүртэж буй асуудал бол хөрөнгө оруулагчын "босго"-той холбоотой асуудал. Тодруулбал, 2013 оны хуулиар 100 мянган ам.доллароос дээш хөрөнгө оруулалт хийвэл хөрөнгө оруулагч гэж нэрлэнэ хэмээн заасныг энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр авч хаясан.

Харин эл заалт яагаад алга болсон талаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлахдаа "Салбар үл харгалзан Монгол Улс руу 10 мянган ам.доллар шилжүүлсэн ч түүнийг нь Мөнгө угаахтай холбоотой, Терроризмтэй тэмцэх, хээл хахуультай тэмцэхтэй холбоотойгоор нягталдаг. Ямар эх үүсвэрээс гараад хаана очив гэдгийг бүгдийг нягталдаг. Орчин үед мөнгө шилжүүлэх болгон дээр нь хяналттай байдаг учраас төвөг учруулаад байна гэх зүйлийг хэлдэг. Тиймээс 100 мянган ам.доллар бол тухайн компанийн л мөнгө. Мөнгө угаахтай холбоотой, Терроризмтэй тэмцэх, хээл хахуультай тэмцэхтэй холбоотойгоор зохицуулалтаар алга болж байгаа" гэв.

-ХУУЛЬД: Хөрөнгө оруулалттай холбоотой харилцааг ЭЗХЯ дангаараа хэрэгжүүлнэ-

Хуулийн төслийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, Хуулийн тогтоомжийн тухай хуулийн шаардлагад нийцүүлсэн боловсруулж, олон нийтээс ирүүлсэн санал, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган 7 бүлэг 33 зүйлтэйгээр боловсруулсан байдаг. Ингэхдээ хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, хөрөнгө оруулагчид үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Эдийн засаг, хөгжлийн яам дангаараа хэрэгжүүлэхээр заажээ.

-ХУУЛЬД: Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг хууль бус үндэслэлээр зогсоох, түдгэлзүүлэх, саад учруулахыг хориглоно-

Хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх тухайд дараах агуулга багтжээ. Үүнд:

Төрийн бусад байгууллага нь хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг жилд 2-оос илүүгүй хийх, хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг хууль бус үндэслэлээр зогсоох, түдгэлзүүлэх, саад учруулахыг хориглоно. Энэ тохиолдолд хууль бусаад хөрөнгө дайчлан авсанд тооцох талаар тусгасан. Мөн хүчин төгөлдөр шүүх, арбитрын шийдвэрээр төрөөс хохирлыг нөхөн төлөх шийдвэр гарсан бол учруулсан хохирлыг буруутай этгээдээр гаргуулах үндэслэл болно хэмээн заасан байна.

-ХУУЛЬД: Татварын хувь хэмжээ тогтворжуулах урамшууллыг үзүүлэх боломжтой-

Хөрөнгө оруулалтын урамшууллын тухайд ямар заалтууд багтсан бэ.

-Хөрөнгө оруулалтын хуулиар татварын бус урамшуулал болон татварын хувь хэмжээ тогтворжуулах урамшууллыг үзүүлэх боломжтой.

-Татварын бус урамшуулал нь хөрөнгө оруулагч үйл ажиллагаа явуулахад шаардлагатай дэмжлэг болно. Үүнд, газрын асуудал, ажиллах хүчний зөвшөөрөл, улсын бүртгэлийн асуудал, оршин суух зөвшөөрөл зэрэг үйл ажиллагаа явуулахад үзүүлэх урамшууллыг хамруулсан байна. Одоо байгаа хуулийн хүрээнд 60 хүртэл жилээр газар ашиглуулах талаар заасан бол үүнийг Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхтэй холбоотойгоор 15-60 жил гэж хамгийн бага хугацааг тодорхой болгосон.

Түүнчлэн 500 тэрбум төгрөг ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх этгээд нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтээ илэрхийлсний үндсэн дээр асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, эрх авсны үндсэн дээр уг гэрээг салбарын сайд, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн сайд хамтран байгуулахаар тусгажээ.

-ХУУЛЬД: Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл ажиллана-

Хөрөнгө оруулагч нь төрийн байгууллага, албан хаагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлд гомдол гаргах эрхийг бий болгосон. Уг зөвлөл нь учирсан нөхцөлийг байдлыг тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх саналыг боловсруулан Засгийн газарт танилцуулж, төрийн захиргааны эцсийн шийдвэрийг гаргах боломж бүрдэнэ гэж үзсэн аж.

-Ж.Дэлгэрсайхан: Гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс манай улсыг “Худалч байна“ гэдэг. Хөрөнгө оруулагчдад “урт настай“ хуулийн орчин чухал-

Өнгөрөгч оны зургаадугаар сарын 23-нд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өргөн барих үед хөрөнгө оруулалтын нөхцөл байдал болон төрөөс авч буй бодлого чиглэлд эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцахад дараах байр суурийг илэрхийлж байв. Ярилцлагын хэсгээс хүргэвэл:

Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахад бидний зүгээс гаргаж өгөх гол баталгаа нь юу байх ёстой гэж та харж байна?

-Гадаадын хөрөнгө оруулагчид, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөллүүдийн зүгээс Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал таатай бус, танайхаас өгөөж болох боломж бага байна, хэт өндөр татварын дарамттай байна гэх зүйлийг их хэлээд байдаггүй.

Харин бодлого тодорхойгүй, тогтвортой бус, нэг зүйлийг амлаад түүндээ хүрдэггүй, гол нь найдвартай биш байна гэдэг. Бүдүүлгээр хэлбэл "Та бүхэн худалч байна, амласан амлалтдаа хүрэхгүй байна, Засгийн газар, сайд солигдонгуут тухайн салбарын бодлого өөр болдог" гэх зүйлийг хэлдэг.

Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчноо шинэчилж байгаа нь сайн. Гэвч нөгөө талдаа хөрөнгө оруулагчдын зүгээс хүлээдэг зүйл нь "урт настай" хөрөнгө оруулалтын орчин, манайхаас амлаад байгаа зүйлс бодитоор хэрэгжих үү, үгүй юу л гэдэг зүйл. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид бидэнд итгээд ороод ирэхэд хэлсэн ярьсан зүйлс маань урт удаан хугацаанд бодитойгоор хэрэгжих үү гэдэг л бидний баталгаа болно.

-Хөрөнгө оруулагчдад хүндрэл үүсгэдэг гол асуудлын нэгд төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал гэдгийг нэрлэж болох юм. Жишээлбэл, нэг тусгай зөвшөөрөл сунгуулах гэхэд салбар яамдууд нь өөр өөр байр суурь илэрхийлдэг гэх нь бий. Тэгэхээр энэ чиглэлд бид хэрхэн анхаарах ёстой юм бэ?

-Бид бодлогоо хэрэгжүүлдэг, баталсан хуулиа дээдэлдэг байх ёстой. Хууль дээдлэх зарчим алдагдсанаас Монгол төрийн бодлого тогтворгүй байна. Энэ байдлаас шалтгаалан салбар яамдууд болон яамд хоорондын ажлын уялдаа холбоо, нэгдсэн бодлого төлөвлөлт дутагдаж байна. Тиймээс энэ нь Монгол Улсын бизнесийн орчин болон хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлдөг тал бий. Тиймээс жил гаруйн өмнө ЭЗХЯ-ыг байгуулсан. Хөгжлийн бодлого төлөвлөлт нь тогтвортой байх ёстой гэдгээ Үндсэн хуульдаа баталгаажуулсан. Үүний дагуу ЗГ-ын бүтэц өөрчлөгдөж ЭЗХЯ-тай болсон. Энэ нөхцөлд яам өөрөө Монгол Улсын хөгжлийн бодлогыг бүхэлд нь зангидаж, уул уурхай болон уул уурхайн бус салбаруудыг хэрхэн яаж хөгжүүлэх талаар бодлогыг тодорхойлж түүнийг нь бусад яамдууд хэрэгжүүлэх тогтолцооны суурь тавигдсан гэж харж байгаа.

ЭЗХЯ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх тухай ярьж байгаа нь сайшаалтай. Тухайн яам уул уурхайн салбарын асуудалд онцгой анхаарал хандуулахаас гадна өнөөдрийг хүртэл МУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт юун дээр алдаж ирсэн, яагаад МУ-ыг хөгжүүлэх томоохон бодлогын баримт бичгээ таван удаа шинэчлэн баталчихаад 30 жилийн алдаа завхралын талаар яриад байгаа вэ гэдгээ харах ёстой.

Бүтэн ярилцлагыг энд дарж унших боломжтой

М.Энхсайхан: Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг УИХ хурдан батлаасай гэж бодож байна. Гадаадын хөрөнгө оруулалт нь өр үүсгэдэггүй
М.Энхсайхан: Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг УИХ хурдан батлаасай гэж бодож байна. Гадаадын хөрөнгө оруулалт нь өр үүсгэдэггүй
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.