Өнгөрсөн хугацаанд "тогтворгүй" хэмээх тодотголтой явж ирсэн хуулиудын нэг бол Хөрөнгө оруулалтын тухай хууль. ЗГ-аас тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг 2021 оны нэгдүгээр сард байгуулснаас хойш хоёр жил өнгөрсөн байна. Гэвч хуулийн төслийг бэлтгэх явц тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Харин өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, хуулийн төсөлд тусгагдсан зарчмын асуудлуудын хүрээнд эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Өнгөрөгч долоо хоногт Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Магадгүй хуулийн төслийг хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулаад шинэчлэх цаг болсон гэж та харж байна уу?
-Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин нь таатай бус гэдэг ойлголт харьцангуй бага. 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилэн найруулж баталсан. Хуулийн хүрээнд хөрөнгө оруулагчдад тодорхой хэмжээний татварын хөнгөлөлтүүдийг үзүүлэх, тогтвортой байдалд анхаарах олон давуу талуудыг амласан. Үүгээрээ уул уурхай болон бусад чиглэлд хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгсөн байдаг. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтын ерөнхий нөхцөл байдал тааруухан байгаа нь үнэн. Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт 4-5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан үе бий. Түүнээс хойш хөрөнгө оруулалтын хэмжээ буурсаар байгаа. Үүнд хэд хэдэн шалтгаан бий.
Эрх зүйн орчноос гадна манай улсын гадаадын хөрөнгө оруулалт болон дотоодын эдийн засгийг хөгжүүлэх хөгжлийн бодлогын асуудал нэлээд эргэлзээтэй. Монгол Улс олон талт бодлоготой боловч гадаадын хөрөнгө оруулагчдыг татахуйц тогтвортой бодлого, тодорхой салбаруудад чиглэсэн эдийн засгийн бодлогууд дутагдалтай. Учир нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой болон хөгжлийн бодлогууд маань тодорхой бус, хэрэгжилт нь хангалтгүй, хөрөнгө оруулагчдын өмнө хариуцлагатай байж чаддаггүй. Эдгээр нь хөрөнгө оруулагчид Монгол Улсад эргэлзээтэй хандах байдлыг бүрдүүлж байгаа юм.
Бодлогын тогтворгүй байдлаас шалтгаалж манай улсын нийгэм, эдийн засаг нь савлагаатай эрсдэлтэй байгаа. Энэ нь ч хөрөнгө оруулагчдын Монгол руу хандах хандлагыг сөрөг болгох үндсэн хүчин зүйлсийн нэг. Хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн найруулах гээд байгаа санааг дэмжиж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдад тавих шаардлага, шалгуурыг бууруулах, хөрөнгө оруулалтын доод хэмжээг эргэн харах зэрэг өөрчлөлтүүдийг багтааж байгаа нь зөв.
-Хуулийн төсөлд "сууж" буй чухал агуулга бол хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах явдал. Тэгвэл хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахад бидний зүгээс гаргаж өгөх гол баталгаа нь юу байх ёстой гэж та харж байна?
-Гадаадын хөрөнгө оруулагчид, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөллүүдийн зүгээс Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал таатай бус, танайхаас өгөөж болох боломж бага байна, хэт өндөр татварын дарамттай байна гэх зүйлийг их хэлээд байдаггүй.
Харин бодлого тодорхойгүй, тогтвортой бус, нэг зүйлийг амлаад түүндээ хүрдэггүй, гол нь найдвартай биш байна гэдэг. Бүдүүлгээр хэлбэл "Та бүхэн худалч байна, амласан амлалтдаа хүрэхгүй байна, Засгийн газар, сайд солигдонгуут тухайн салбарын бодлого өөр болдог" гэх зүйлийг хэлдэг.
Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчноо шинэчилж байгаа нь сайн. Гэвч нөгөө талдаа хөрөнгө оруулагчдын зүгээс хүлээдэг зүйл нь "урт настай" хөрөнгө оруулалтын орчин, манайхаас амлаад байгаа зүйлс бодитоор хэрэгжих үү, үгүй юу л гэдэг зүйл. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид бидэнд итгээд ороод ирэхэд хэлсэн ярьсан зүйлс маань урт удаан хугацаанд бодитойгоор хэрэгжих үү гэдэг л бидний баталгаа болно.
-Хөрөнгө оруулагчдад хүндрэл үүсгэдэг гол асуудлын нэгд төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал гэдгийг нэрлэж болох юм. Жишээлбэл, нэг тусгай зөвшөөрөл сунгуулах гэхэд салбар яамдууд нь өөр өөр байр суурь илэрхийлдэг гэх нь бий. Тэгэхээр энэ чиглэлд бид хэрхэн анхаарах ёстой юм бэ?
-Бид бодлогоо хэрэгжүүлдэг, баталсан хуулиа дээдэлдэг байх ёстой. Хууль дээдлэх зарчим алдагдсанаас Монгол төрийн бодлого тогтворгүй байна. Энэ байдлаас шалтгаалан салбар яамдууд болон яамд хоорондын ажлын уялдаа холбоо, нэгдсэн бодлого төлөвлөлт дутагдаж байна. Тиймээс энэ нь Монгол Улсын бизнесийн орчин болон хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлдөг тал бий. Тиймээс жил гаруйн өмнө ЭЗХЯ-ыг байгуулсан. Хөгжлийн бодлого төлөвлөлт нь тогтвортой байх ёстой гэдгээ Үндсэн хуульдаа баталгаажуулсан. Үүний дагуу ЗГ-ын бүтэц өөрчлөгдөж ЭЗХЯ-тай болсон. Энэ нөхцөлд яам өөрөө Монгол Улсын хөгжлийн бодлогыг бүхэлд нь зангидаж, уул уурхай болон уул уурхайн бус салбаруудыг хэрхэн яаж хөгжүүлэх талаар бодлогыг тодорхойлж түүнийг нь бусад яамдууд хэрэгжүүлэх тогтолцооны суурь тавигдсан гэж харж байгаа.
ЭЗХЯ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх тухай ярьж байгаа нь сайшаалтай. Тухайн яам уул уурхайн салбарын асуудалд онцгой анхаарал хандуулахаас гадна өнөөдрийг хүртэл МУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт юун дээр алдаж ирсэн, яагаад МУ-ыг хөгжүүлэх томоохон бодлогын баримт бичгээ таван удаа шинэчлэн баталчихаад 30 жилийн алдаа завхралын талаар яриад байгаа вэ гэдгээ харах ёстой.
-Хяналт шалгалтын тогтолцоо нь өөрөө хүнд суртал, авилга хээл хахуулийн тогтолцоо болж хувирчихаад байгаа нь хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлж байна-
-Одоо үйлчилж байгаа хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн 25-аас доошгүй хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой гэх "босго" бий. Энэ заалтыг шинэчилсэн найруулгаар хуульд тусгахгүй, авч хаяна гэж мэдэгдсэн?
-100 мянган ам.доллар байна уу, 100 сая ам.доллар байна уу босго тогтоогоод байх шаардлага байхгүй. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчид чөлөөтэй орж ирдэг, хязгаарлалт багатай, тухайн бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэх боломжийг нь чөлөөтэй нээж өгөх хэрэгтэй. Нөгөө талдаа аль чиглэлд гадаадын хөрөнгө оруулалтад тулгуурласан байдлаар эдийн засгаа хөгжүүлэх вэ, аль чиглэлд дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжих вэ гэдэг бодлого нь тодорхой болсон байх ёстой. Мөнгөний хэмжүүр тийм ч чухал биш. Гадаадын иргэд шалгуур шаардлага багатайгаар л Монголд орж ирэх ёстой. Монгол Улс татвараа зөв авдаг, хяналт шалгалтын тогтолцоо нь зөв ажилладаг нь чухал.
-Хөрөнгө оруулагчдад өөр нэг тулгардаг асуудал болох төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах зохицуулалтыг оруулсан юм билээ?
-Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулна гэж ярьж байгаа энэ нөхцөлд авилга, хээл хахууль, гадаадын хөрөнгө оруулагчдад шударга бус ханддаг тогтолцооноос хэрхэн салах вэ гэдгээ бүрэн тодорхойлж, түүнийгээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зарлах ёстой.
Өнөөдөр манай улсын хяналт шалгалтын давхардал гэхээсээ илүү хяналт шалгалтын тогтолцоо нь өөрөө хүнд суртал, авилга хээл хахуулийн тогтолцоо болж хувирчихаад байгаа нь хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлж байна.
-Түүнээс гадна өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдын аюулгүй байдалтай холбоотой эрүүгийн шинж чанартай асуудлууд олон нийтэд ил болсон шүү дээ. Тухайлбал, хөрөнгө оруулагчдыг заналхийлдэг, бизнесийг нь булаадаг гэх мэт?
-Гадаадын хөрөнгө оруулагч нарын эрхийг ноцтойгоор зөрчдөг, хохироодог нөхцөл байдал байгаа нь бараг л тодорхой болчихсон зүйл. Учир нь энэ талаар ХЗДХ-ийн сайд нь хүртэл удаа дараа мэдэгдлүүдийг хийсэн шүү дээ. Хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг, эрхийг нь ноцтойгоор хохироодог, дарамталдаг нөхцөл байдал хэрхэвч байж болохгүй. Үүнийг хөрөнгө оруулалтын хууль гэхээсээ илүү эрүүгийн хууль, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд нь анхаарах ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчид баталгаатай, эрсдэлгүйгээр, ямар нэгэн хууль бус дарамтгүйгээр ажиллах ёстой. Тэр нөхцлийг бүрдүүлж чадахгүй бол Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах таатай орчныг бүрдүүлсэн гэх тодотголыг авахгүй.
Орчинг бий болгох нь зөвхөн хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлах тухай асуудал биш. Монгол Улс засаглалын хувьд төлөвших ёстой байна. Засаглал сайжирч байж тухайн бодлого нь зөв байна. Хариуцлагатай байсан цагт гадаадын хөрөнгө оруулагчдыг урих тухай асуудал яригдана.
-Гадаадын хөрөнгө оруулалтын 74 орчим хувь нь геологи, уул уурхайн салбарт байна. Бид бусад салбарууддаа хөрөнгө оруулалтыг татах чиглэлд ямар шийдэл ашиглах вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүйгээр урт болон дунд хугацаандаа бид хүсээд байгаа эдийн засгийн өсөлтөө гаргах боломж багатай. Шулуухан хэлэхэд бид мөнгө багатай. Монгол Улс хэдийгээр хөгжиж буй орон гэх тодотголтой боловч бодит байдал дээр ядуу, буурай орны хэмжээнд л байна. Хэрвээ бид хөрөнгө оруулалтыг татах гээд байгаа бол дээр дурдсан бүх зүйлийг сайржуулахаас гадна уул уурхай болон бусад салбарт хөгжлийн бодлого ямар байх ёстой вэ гэдгээ тодорхойлох ёстой. Монгол Улсын хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого гэж яриад байгаа зүйлс нь зөв. Тунхаг уриа лоозон шинжтэй олон зорилтууд бий. Эдгээр бодлогууд дунд байгаа олсон нь ч бий. Бидний мэддэг байсан боловч хэрэгжүүлж чаддагүй байсан олон зүйлийг гарган тавьж байна.
Уул уурхай, ХАА, банк санхүү, технологи, хөнгөн үйлдвэрлэл зэрэг салбаруудыг хэрхэн яаж хөгжүүлэх ёстой вэ гэдэг нэгдмэл цогц бодлогоо тодорхойлох ёстой. Энэ бол нэг хүний хийх ажил биш. Тэгэхээр энэ үүрэг ЭЗХЯ-нд бий. Энэ үүргийг хүлээж байгаагийн хувьд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах гэж байгаа бол уул уурхайн салбараас гадна бусад салбартаа баримтлах бодлогоо тодорхойлох ёстой байна гэсэн үг. Яг ч нарийн тодорхойлчихсон зүйл байхгүй байна шүү дээ. Нэг бол аялал жуулчлал яриад л. Эдийн засгаа тэлэх тухай сүүлийн 20-иод жил ярьж байгаа боловч хэрхэн яаж гэх гаргалгаагаа гаргаагүй л байна.
-Ярилцсанд баярлалаа.