UBN сайт амьдрал дээр бус цаасан дээр хэрэгждэг амьгүй хууль, мартагдсан тогтоол шийдвэрүүдийг цувралаар нэхэн сануулж байна. Энэ удаад бид 2018 оны зургаадугаар сарын 20-нд батлагдаж, 2019 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг уутыг хэрэглээнээс хасах Засгийн газрын тогтоолыг онцолж байна.
Та бүхэн санаж байгаа бол тухайн үеийн сайд, дарга нар нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглож, хэрэглээнээс халлаа хэмээн сүржин мэдэгдэл хийж байсан.
Н.ЦЭРЭНБАТ: НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАЛАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ГАРЛАА
Тухайлбал, тухайн үеийн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, "Нэг удаагийн нийлэг хальсан уутын хэрэглээг 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хориглох Засгийн газрын тогтоол өнөөдөр гарлаа. Байгальд хамгийн их хог хаягдал үүсгэдэг, бут сөөгөнд наалддаг, цэвэрлэх боломжгүй хүндрэл учруулдаг төрлийн уутнуудыг ийнхүү хориглож байгаа нь Монгол Улс байгаль орчноо хамгаалах чиглэлээр аливаа бохирдол хог бий болгож байгаа бүх эх үүсвэрийг хязгаарлах бодлогын эхний алхам" хэмээн мэдэгдэж байсан бол2019 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан М.Оюунчимэг,
"Аюултай хог хаягдал гялгар уутны хэрэглээ нь хорт хавдрын үндэс болж байна гэдгийг тогтоогоод, гялгар уутны хэрэглээг халж чадлаа" хэмээн сүржин мэдэгдэл хийж байв.
Харамсалтай нь монголын хууль гурав хоног гэгчээр тус тогтоол эхний хэдэн capдаа нэр төдий хэрэгжиж, зах худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдийн нимгэн гялгар уутыг хурааж авах ажил эрчимтэй өрнөсөн боловч сүүлдээ замхарсан. Өнөөдөр ийм тогтоол байдаг эсэхийг ч мартаж, өдөр тутамдаа өнгө алаглуулан хэрэглэсээр байна. Бид БОАЖЯ-наас Засгийн газрын 189 дүгээр тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эсэхийг тодруулахад, "Засгийн газрын 189 дүгээр тогтоол цуцлагдаагүй. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байгаа" гэв.
Нимгэн гялгар уутны хор хөнөөл их учраас хэрэглээнээс халах зайлшгүй шаардлагатай. Харамсалтай нь хориглох тухай Засгийн газрын тогтоол таван жилийн өмнө гарсан амьдрал дээр хэрэгжилгүй өнөөдрийг хүрлээ.
Энэ мэт хэрэгжилт нь 0 заасан хууль, мартагдсан тогтоол шийдвэрүүд манайд олон бий. Эл асуудалд анхаарал хандуулж, хэрэгжүүлж чадахгүй бол өөрчлөх, эсвэл засаж сайжруулах замаар хэрэгжилтийг нь хангах шаардлагатай байгааг UBN сайт онцолж байна.