Өргөн баригдсан цагаасаа эхлэн олон нийтийн дунд багагүй хэлэлцүүлгийг өрнүүлээд амжсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн өөрчлөлтүүдтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Шинэ оны эхнээс Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхэллээ. Тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах агуулгууд орсон. Хууль маань анх өргөн барьсан агуулгаа хэр хадгалж батлагдсан бэ. Заалтуудыг тодруулбал?
-Та бүхэн мэдэж байгаа байх. Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа онц ноцтой гэмт хэргийн нөхцөл байдал ноцтой түвшинд байгаа. Тиймээс Засгийн газраас энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, өршөөл магадлангаар сулладаггүй байх, хорих ялын дээд хэмжээг 25 жил болгох, хөөн хэлэлцэх хугацааг тоолох журамд өөрчлөлт оруулах гэх мэт өөрчлөлтүүдийг санаачлан өргөн барьж батлуулсан. Жишээ татаад ярихад, бага насны хүүхдийг алах болон хүчиндэх, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өмнө 20 жил байсан бол энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр хохирогчийг 18 нас хүрснээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолдог болж байна. Нөгөө талдаа, гэмт хэрэгт үйлдсэн этгээд хорих ял эдэлж байх хугацаанд магадлангаар сулладаг байсан явдлыг үүнээс хойш таслан зогсоож байна. Өршөөл, уучлалд хамрагдахгүй гэсэн үг. Мөн хорих ялын хэмжээг 20 жил байсныг 25 жил болгож нэмэгдүүлсэн.
-Хуулийн төслийг өргөн барих үеийн танилцуулга дээр бага насны хүүхэд гэх ойлголтыг 14 нас хүртэлх гэж авч үздэг байсныг 16 болгохоор тусгасан талаар хэлж байсан. Энэ өөрчлөлт эцэслэн батлагдах хэлэлцүүлгийн явцад хасагдсан юм уу?
-Бага насны хүүхэд гэдэгт 14 нас хүртэлх насны хүүхдийг хамруулан ойлгоно. Эрүүгийн хуульд энэ ойлголт хэвээрээ байгаа. Хууль тогтоогч байгууллагаас хэлэлцэж эцэслэн баталсан. Өргөн барьсан төслөөс өөрөөр буюу хуучнаараа үлдсэн гэсэн үг.
-Хуулийн өөрчлөлт тал дээр олон нийт багагүй мэдээллийг аваад байна. Харин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдэд эргээд хяналт тавих нөхцлийг олон нийт нэлээн шаардсан. Тусгай багаж хэрэгсэл ашиглан хяналт тавина гэсэн байна. Цахим гаваар хяналт тавина гэсэн үг үү?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд энэ удаа нэмэлт өөрчлөлт орсон. Эдгээрийн нэг нь бага насны хүүхдийн эсрэг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээд ялаа эдэлж дууссаны дараа төрөөс тавих хяналтыг чангатгах хуулийн зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, зорчих хөдөлгөөнд нь хязгаарлалт тавина гэсэн үг. Үүнийг зохион байгуулахдаа тусгай багаж хэрэгсэл ашиглана. Ямар журмаар хэрхэн зохицуулах вэ гэдгийг ХЗДХ-ийн сайдын баталсан журмаар нарийвчлан зохицуулна. Ер нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст тавих хяналт бусад улс орнуудад ч чанга байдаг. Дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм хяналтыг тавьдаг. Бусад улс орнуудад ч байдаг энэ жишгийн дагуу бид энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст тавих хяналтыг ийнхүү чангатгаж байгаа юм.
-Хугацааны хувьд?
-Шүүхээс оногдуулсан хорих ялын хугацааных нь 50 хувиас доошгүй хугацаанд хяналт тавина гэж тусгасан. Тухайн этгээдийн хувийн зан чанар, нөхцөл байдлаас хамааруулж энэ хугацаа нь магадгүй 100 хувь байхыг ч үгүйсгэхгүй гэсэн үг.
-Эл хуулийг маш богино хугацаанд боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ хугацаанд хангалттай судалгааг хийж чадсан гэж харж байгаа юу. Олон улсын хууль тогтоомжид хэр дүгнэлт судалгаа хийж, хуульд оруулсан бэ?
-Аливаа хуулийн төслийг боловсруулах явц судалгаанд үндэслэгдддэг. Дотоодын нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт ямар байна вэ гэх асуудал. Нөгөө талдаа бусад улсын сайн жишгүүдийг ч хардаг. Манай Хуульзүйн үндэсний хүрээлэн, Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал хариуцсан байнгын ажиллагаатай комисс ажиллаж байна. Эдгээрт харьцуулсан судалгаанууд хийгдсэн.
Жишээлбэл, бага насны хүүхэд гэх ойлголтыг улс орнууд яаж авч үздэг вэ гэх асуулт. Насыг нь хэрхэн тогтоож байна вэ. Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого ямар байна, дотоодод энэ төрлийн гэмт хэргийн эрүүгийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ мэтчилэн олон зүйлийг харьцуулж судалсны үндсэн дээр хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар оруулж эцэслэн батлуулсан. Тэгэхээр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт олон улсын жишгээс гажаагүй, зөрөөгүй.
Та өмнө яриандаа дурдаж байсан. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст тавих хяналт яаж тавьдаг юм гэж. Улс орон бүр харилцан адилгүй. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хорих ялаа эдэлж дууссаны дараа төрөөс байнга хатуу хяналт тавьж байдаг. Дахин үйлдэхээс нь урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас бүх түвшинд нарийн хяналт тавьж байдаг. Ийм зохицуулалтууд байдаг учраас энэ удаа Эрүү болон Зөрчлийн тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад холбогдох өөрчлөлтүүдийг оруулсан нь энэ юм.
-Төлөхгүйгээр яваад байх биш гарцаагүй л төлдөг болно. Торгууль чинь нэмэгдэнэ эсвэл дараагийн удаад нийтэд тустай ажил хийнэ. Мөнгөгүй гээд суух биш. Биеэрээ ажил хийж төлөх болно гэсэн үг-
-Олон нийтийн анхаарлыг татаж буй хуулийн өөрчлөлт бол торгуулиа төлөөгүй болон согтуу жолооч нартай холбоотой заалтууд байна?
-Тийм ээ. Зөрчлийн тухай хуульд орж буй гол өөрчлөлтүүд согтуурсан үедээ жолооны ард сууж гэмт хэрэг, зөрчил гаргаад байгаа хүмүүстэй шууд холбогдоно. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого чангарч байгаа. Өөрөөр хэлбэл, эхний удаа согтуугаар жолоо баривал Зөрчлийн хуулиар жолооны эрхийг нь нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоног баривчилна. Хоёр дахь удаагаа буюу давтан энэ үйлдлээ гаргасан тохиолдолд танд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Тэр дундаа жолоодох эрхийг 1-3 жил хүртэлх хугацаагаар хасаж, 2.7-14 сая төгрөг хүртэлх мөнгөн торгууль оногдуулах, 270-420 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор хуульчилсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, өмнө согтуугаар машин барьсан иргэнийг Зөрчлийн хуулиар арга хэмжээ аваад явуулдаг байсан бол одоо эхний удаадаа Зөрчлийн хуулиар, хоёр дахь удаадаа танд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх буюу та гэмт хэрэгтэн болно гэсэн үг.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болоод учирч буй хор уршгийн хэмжээ их. Жишээлбэл, сүүлийн таван жилийн байдлаар жилд дунджаар 111 хүн согтуу жолоочийн гарт амь насаа алдаж, хэдэн мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна гэдэг өөрөө маш харамсалтай тоо. Үүнээс л урьдчилан сэргийлж байгаа юм. Согтуурсан үедээ жолоо битгийн бариач ээ л гэж байгаа хэрэг. Согтуу жолооч өөрийн эрүүл мэнд, амь наснаас гадна явган зорчигчоос авхуулаад бусад тээврийн хэрэгсэл жолоодоод явж байгаа хүмүүсийг эрсдэлд оруулж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн ялын бодлого чангарч байна.
-Торгуулиа төлөөгүй жолооч нарт оногдуулах хариуцлага чангарч байна. Нөгөө талдаа заавал төлүүлэхүйц хөшүүрэг болсон заалт ч орж ирсэн байсан?
-Манайд замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчдөг явдал хавтгайрчихлаа. Зөрчсөн нь үнэн хэрнээ торгуулиа төлдөггүй. Хуримтлагдсан торгуулийн хэмжээ 90 тэрбум төгрөгт хүрчихсэн. 50-аас дээш удаагийн торгуультай 3 мянга гаруй жолоочийн төлөөгүй торгуулийн хэмжээ 4 тэрбум төгрөгт хүрчихсэн. Ийм л нөхцөл байдалтай байна.
Торгууль төлөхгүй байж болно, дүрэм зөрчиж болдог юм байна, төлөхгүй явахад намайг "Яаав л гэж дээ, болоод л байна" гэх хандлага байсаар байна. Энэ нөхцөл байдал жижиг мэт харагдаж байгаа боловч яваандаа илүү ноцтой гэмт хэрэг зөрчил гаргах суурь нь болж өгч байдаг. Ийм ухамсар хандлага сэтгэхүйд нь яваад байна шүү дээ. Дараагийн удаад амь насаа алдах, бусдын амь насанд эрсдэл учруулах ноцтой үр дагавартай үйлдэл. Тиймээс торгуулиа төлдөггүй жолооч нарт оногдуулах хариуцлага тэр дундаа заавал төлүүлдэг болгох чиглэлд тодорхой өөрчлөлтүүд орсон. Жишээлбэл, торгуулиа хугацаанд нь төлүүлдэг болох нэг хөшүүрэг нь хугацаандаа төлвөл 50 хувь хөнгөлдөг байя гэх заалт. Хуульд заасан хугацаа буюу 15 хоногоос хэтэрвэл торгуулийн хэмжээг нь 50 хувиар нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, хугацаа нь нэмэгдэж хүндэрч байна гэсэн үг. Дараагийн удаад нэмэгдсэн торгуулиа төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх замаар торгуулийг төлүүлдэг болгоно.
Өөрөөр хэлбэл, гарцаагүй төлдөг болно л гэсэн үг. Төлөхгүй яваад байдаг биш. Торгууль чинь нэмэгдэнэ эсвэл дараагийн удаад нийтэд тустай ажил хийх замаар торгуулиа төлнө. Мөнгөгүй гээд суух биш. Биеэрээ ажил хийх нь байна шүү дээ.
Төрөөс авах хэд хэдэн үйлчилгээнүүдийг нь хязгаарлах заалт багтсан. Тодруулбал, тээврийн хэрэгслийн гэрчилгээ авах, иргэний үнэмлэх авах, ангиллаа нэмэх, үнэмлэхийн хугацаа сунгах гэх мэт эрхийг хязгаарлана.
Түүнчлэн торгуулиа төлөхгүй байгаа нөхдүүдийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалт Зөрчлийн тухай хуульд орсон.
-Торгуулиа төлөхгүй байгаа нөхцөлд хөдөлгөөнд оролцуулахгүй байх эрх зүйн орчин нь бүрдчихсэн. Удахгүй УЕП болон ХЗДХ-ийн сайдын хамтран баталсан журам гарч, нарийвчилж зохицуулна-
-Торгуулиа төлөхгүй байгаа нөхцөлд хөдөлгөөнд оролцуулахгүй байх заалт орсон талаар та сая яриандаа дурдлаа. Хэзээнээс, яаж хэрэгжих юм бэ. Тодорхой журам, зохицуулалт батлагдсан юм уу. Одооноос шууд л хөдөлгөөнд оролцуулахгүй байх юм уу?
-Иргэд торгуулиа төлөөд эхэлсэн байна. Энэ бол маш сайн үзүүлэлт. Хууль маань 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ хууль хэрэгжээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ямартай ч торгуулиа төлөхгүй байгаа нөхцөлд тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх эрх зүйн орчин нь бүрдчихсэн. Гэхдээ үүнийг Улсын Ерөний Прокурор болон ХЗДХ-ийн сайдын хамтран баталсан журмаар нарийвчилж зохицуулна.
-Журам нь хэзээ эцэслэн батлагдах вэ?
-Батлах процесс дээрээ явж байгаа.
-Тэгвэл торгуулиа төлөөгүй жолооч нарт хэрхэн хяналт тавих юм бэ. Нийтэд тустай ажил хийлгэх нөхцөл нь бүрдсэн тухай тухайн иргэнд мэдэгдэх юм уу. Эсвэл замын цагдаад л "баригдсанаар нь" торгуулиа төлөөгүй жолооч нараа илрүүлэх юм уу?
-Нэгдүгээрт, иргэний өөрийн үүрэг хариуцлагын асуудал яригдана. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн мэдээлэл нь Torguuli.mn, И Монголиа, Смарткар болон бүх төрлийн аппликейшнээр харах боломжтой. Миний эзэмшдэг тээврийн хэрэгсэл дээр хэдэн удаагийн үйлдлээр, ямар хэмжээний торгууль байна вэ гэдгээ тогтмол шалгаж, хянадаг болно.
Хоёрдугаарт, ТЦА-ны алба хаагчид хяналт тавина. Мөн RFID систем бий болж байгаа. Үүгээр хөдөлгөөнд оролцож буй автомашинуудыг бүрэн хянана гэсэн үг. Хаана ямар зөрчил гаргав гэдэгт хяналт тавих өндөр хүчин чадалтай камерийн хяналт бий болж байгаа. Нэг талаасаа төрөөс хяналт тавина.Нөгөө талдаа жолоочийн өөрийнх нь үүрэг хариуцлага нэмэгдэнэ гэсэн үг.
-Торгуулахгүй гэж байгаа бол зөрчил л гаргахгүй байхад болно шүү дээ-
-Энэ өөрчлөлтийн гол үр дүн, нөлөөлөл нь юу байна гэж харж байна?
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчинө гэдэг бол түгжрэлийн нэг үндэс шүү дээ. Эгнээ байраа буруу эзлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог, явган зорчигчийн эрхийг хүндэлдэггүй зам дээр нь машинаа байрлуулчихдаг гэх мэт. Энэ болгонд торгууль ногдуулаад заавал торгуулийг нь төлүүлдэг болоод ирэхээр энэ төрлийн зөрчлийн тоо хэмжээ багасахаас гадна жолооч нар илүү сахилга баттай, эмх цэгцтэй дүрэм журмын хүрээнд замын хөдөлгөөнд оролцдог соёлд суралцана гэсэн үг. Замын хөдөлгөөний танхайрал багасаад ирэхэд автозамын хөдөлгөөнд тодорхой үр дүн үзүүлнэ. Халаастай нь яриад эхлэхээр бүр цаашлаад мөнгөгүй гээд байвал ажил хийлгээд эхлэхэд илүү сахилга баттай болно гэсэн үг.
Ер нь аливаа хууль тогтоомжийг батлан гаргаж буй нь хэн нэгнийг торгох гээд ч юм уу аль эсвэл эрхийг нь хязгаарлах гээд байгаа асуудал биш шүү дээ. Дүрмээ битгий зөрч, согтуугаар жолоо бүү барь. Энэ бол өөрийн болон бусад амь нас, эрх ашгийг хамгаалахад хамгийн энгийн нөхцөл. Зөрчил гаргахгүй бол торгууль, шийтгэлийн асуудал яригдахгүй. Гэтэл иргэд биднийг торгох гээд байна гэж хүлээж аваад байна.
Торгуулахгүй гэж байгаа бол зөрчил л гаргахгүй байхад болно шүү дээ. Гадаадын улс оронд очихоороо дүрэм журмыг нь сайн мөрддөг шигээ эх орондоо хууль журмаа мөрдөж болохгүй гэж.
-Өнгөрсөн онд торгуулиа төлөөгүй иргэд хуулийн нэмэлт өөрчлөлтөд ямар байдлаар хамрагдах вэ. Зарим нь торгуулиа нугалж төлөх нөгөө талд өмнөх торгуулиа хөнгөлүүлэх үү гэдэг ч асуултууд тавьж харагдана лээ?
-Зөрчлийн хуульд зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй гэж заасан. Тэгэхээр энэ удаа Зөрчлийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хариуцлага нэмэгдсэн тул ихэнх заалтууд буцаж үйлчлэхгүй гэсэн үг. Харин 15 хоногийн хугацаанд багтаан торгуулиа төлвөл 50 хувиар хөнгөрүүлэхээр хуульд шинээр оруулсан заалт нь зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт. Гэхдээ Зөрчлийн тухай хуульд заасан хугацаа буюу 15 хоногийн хугацаанд багтаан торгуулиа төлсөн байх шаардлага тавьсан тул энэ зохицуулалт нь зөвхөн хууль хүчин төгөлдөр болохоос 15 хоногийн өмнө үйлдэгдсэн зөрчлүүдэд хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл, үүнээс хойш буюу хууль хүчин төгөлдөр болохоос 16, 17, 18, 20 хоног, нэг сар, жилийн өмнө үйлдэгдсэн зөрчлүүдэд хамаагүй гэсэн үг. Цаашид үүнийг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу зохицуулна. Хууль бол 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хариуцлага нэмэгдсэн заалтуудын хувьд хууль хүчин төгөлдөр болсноос хойш гаргасан зөрчилд үйлчилнэ гэж ойлгох хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа