НИТХ-аар нийслэлийн 2024 оны төсвийг хэлэлцэж баталсан. Энэ үеэр нийслэл хотын нэг хувийн албан татварыг хоёр хувь болгон нэмэгдүүлэхээр болсон юм. Тодруулбал,
Бүх төрлийн тамхи, согтууруулах ундааны төрлийн бараанаас нийслэл хот татвар авдаг. Мөн баар, ресторан, зочид буудал, амралтын газар, авто угаалга, түүгээр үйлчлүүлэгч иргэдээс энэ төрлийн татварыг авдаг билээ.
Тэгвэл дээрх татварын хэмжээг НИТХ-аар хэлэлцэж баталсны дагуу энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр хувь болгон нэмэгдүүллээ. Энэ талаар худалдаа эрхлэгч ямар байр суурь, мэдээлэлтэй байгаа болон НИТХ-ын төлөөлөгчийн байр суурийг тодруулан сурвалжиллаа.
Бид Дэнжийн 1000 явах зам дагуу байрлах нэгэн хүнсний дэлгүүрт очлоо.
Худалдагч: Нэг хувийн татвар авч эхлэхэд нэлээн ачаа, дарамт ирж байсан. Цаашид яахыг хэлж мэдэхгүй байна
-"Өнгөрсөн жилээс эхлэн нэг хувийн татвар авч эхэлсэн. Үүнээс шалтгаалж, архи тамхины үнэ жилийн хугацаанд гэхэд л 3-4 удаа буюу 40 гаруй хувиар өссөн байна. Одоо он гараад хоёр хувь боллоо гэж байна. Үнэндээ, бидэнд ямар ч мэдээлэл алга. Манай дэлгүүр “Ontime” кассын програм ашигладаг. Өнөө өглөө нээхэд л програм дээрээ шинэчлэл гээд оруулаад ирчихсэн байна. Уг нь энэ талаараа тодорхой мэдээлэл, сурталчилгаагаа өгөөд тайлбарлавал өөр шүү дээ. Хэдэн төгрөгийн татвар яаж авах нь ч тодорхойгүй байгаа.
Өнгөрсөн жил нэг хувийн татвар авч эхлэхэд нэлээн ачаа, дарамт ирж байсан. Цаашид татвар нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний үнэ яаж өсөхийг ч хэлж мэдэхгүй байна. Бид бараагаа бэлэн мөнгөөр авах нь ховор шүү дээ. Сараас сарын хооронд зээл авч байна. Харин энэ татварын нэмэгдэлтэй холбоотой ч юм уу, бүү мэд. Компаниуд бараагаа зээлээр олгохгүй гэсэн мэдээлэл бий" гэсэн юм.
Д.Гантулга: Татвар нэмэх гэж байгаа бол үндэслэлээ, татварын орлогоо юунд зарцуулахаа иргэдэд ойлгуулах хэрэгтэй
Үргэлжүүлэн сурвалжилгынхаа хүрээнд НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулгаас тодрууллаа. Тэрбээр,
“Нийслэлийн 2024 оны төсвийг батлах үеэр ХҮН намын бүлэг татвар нэмэх асуудлыг эсэргүүцсэн. Хотын дарга Х.Нямбаатар Хамгийн гол нь татвар нэмэх гэж байгаа бол үндэслэлээ, татварын орлогоо юунд зарцуулахаа тайлбарлаж, иргэддээ ойлгуулах шаардлагатай.
Татвар бол нэг талын асуудал биш, татвар нэмнэ гэдэг нь зарчмын хувьд маш чухал асуудал. Нарийн яривал татварын хувь хэмжээг өөрчлөх субьект нь УИХ.
Нийслэлийн татварыг нэмснээр төсөвт 17-18 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцоолж буй юм билээ. Анх нэг хувийн татвар гарч ирэхэд татварын орлогоо аялал жуулчлалд зарцуулна гэдэг зорилго тавьж байсан. Үүн шиг хоёр хувийн татварын орлогоо Сэлбэ голын далан барихад зарцуулна ч гэдэг юм уу, маш тодорхой олон нийтэд тайлбарлахгүйгээр “Эрх нь бидэнд байгаа юм чинь” гэсэн хандлагаар яваад байвал утгагүй асуудал шүү дээ. Хандлага нь маш буруу.
Татвар нэмж буй асуудал дээр үйлчилгээ эрхэлж буй ААН-үүд дуу хоолойгоо идэвхитэй хүргэх хэрэгтэй” гэв.
П.Сайнзориг: Тодорхой хэмжээний улстөржилт ч гэдэг юм уу, иргэдэд таалагдах гэсэн үйл явц өрнөөд байгаа
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 5-нд нийслэлийн төсвийг баталсны дараа Хотын даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Сайнзориг хэлэхдээ “Нийслэлийн татварыг зөвхөн архи, тамхи жижиглэнгийн худалдаа, зочид буудал, баар, рестораны үйлчилгээнээс авна. Ирэх оноос эхлэн Улаанбаатар хотод багагүй тооны жуулчин хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, жуулчдын үйлчүүлэх субьектээс татвар авах юм.
Харин үүн дээр тодорхой хэмжээний улстөржилт ч гэдэг юм уу, иргэдэд таалагдах гэсэн үйл явц өрнөөд байгаа” хэмээж байв