Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг хүрэв
2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цалингийн доод хэмжээг 20 хувиар нэмж, 660 мянгад хүргэх шийдвэр гарсан билээ. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660 мянган төгрөгөөр шинэчилсэн юм.
Монгол Улсад 100 мянган гаруй иргэн дээрх хэмжээгээр цалинжиж байгаа аж.
Боловсролын салбарт 15-аас доошгүй жил ажилласан багшийн НЭГ хүүхдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна
БШУЯ-наас боловсруулж, орон даяар хэлэлцүүлснээр Боловсролын багц хуулийн төслийг УИХ баталсан. Багц хуульд багшийн нийгмийн халамжид анхаарсан заалтууд багтсан юм. Жишээлбэл,
Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна. Амьдрах нөхцөлөө сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.
Тэтгэвэр тогтоосон дундаж хугацааг ТАВАН ЖИЛ боллоо
Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Тэтгэврийн тухай хуулийг шинэчлэн найруулж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Энэ хуулийн гол өөрчлөлтийн нэг нь 2019-2023 онд тэтгэвэр тогтоолгохдоо зургаа эсвэл долоон жилийн дундаж цалингаар тогтоолгосон ахмадууд өөрчлөх хүсэлтээ 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор НДЕГ-т өгөх боломжтой бүрдсэн. Хүсэлтээ өгсөн ахмадуудын өөрчлөгдсөн тэтгэврийг нэгдүгээр сарын 1-нээс олгох юм.
Бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогоос 40 хувийн татвар авна
Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оноос мөрдөж эхэлнэ. Энэ хуулийн өөрчлөлтүүд:
Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 17.1.3-т заасны дагуу тодорхойлно.
Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөхөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.14-т заасан журмыг баримтална.
Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.
- Үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнд 2 хувиар;
- Урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар
- Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод 40 хувиар
- Хөрөнгийн орлогод, хөрөнгө борлуулсны, эрх авсны орлогод тус бүр 10 хувиар тус тус татвар ногдуулна.
ТӨРӨӨС САНХҮҮЖДЭГ НАМ ЭВСЭЛ ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨНӨ
Шилэн дансны тухай хуульд долдугаар сарын 7-нд өөрчлөлт оруулж, төрөөс санхүүжилт авдаг нам, эвслүүд энэ хуулийг дагаж мөрдөх болов. УИХ-д суудалтай нам, эвслүүд суудлынхаа тоогоор төрөөс санхүүжилт авдаг байв.
Энэ хуулийн зорилт нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоо /цаашид "шилэн данс" гэх/-г бүрдүүлэх юм.
Шилэн дансны мэдээлэлд төр-хувийн хэвшлийн түншлэлийн жагсаалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, гэрээнд оруулсан өөрчлөлтийг мөн нэмсэн юм.
ТОРГУУЛЬ, ТӨЛБӨР, ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ, ОНОШИЛГООНД ОРООГҮЙ БОЛ НЭГДҮГЭЭР САРЫН 8-НААС ЭХЛЭН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ
Хотын дарга Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн, УИХ-аар батлуулсан. Энэ хуульд:
- Иргэн, хуулийн этгээд торгох шийтгэл,
- Замын хөдөлгөөний төлбөртэй бүс болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр,
- Агаарын бохирдлын төлбөр,
- Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэж заажээ.
Энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 8-ны даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ. Мөн нүүрсхүчлийн хийн хэрэглээнд шууд ногдуулдаг татвар бол агаарын бохирдлын төлбөр. Энэ төлбөрийг хоёр дахин нэмэхээр хуульд тусгажээ.