Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2024 оны өнгө: Сонгууль, сорилт, тогтворгүй байдал

Ангилал
Улс төр Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 55 секунд

Үймээнтэй 2023 он шувтарлаа, харин 2024…?

Орос Украины дайн, Палестин Израйлын мөргөлдөөн гэх бүс нутгийн ярвигтай асуудлууд, үүн дээр нэмээд их гүрнүүдийн геополитикийн тоглоом зэрэг нь эрэлт нийлүүлэлтийн гинжин хэлхээ ялангуяа дэлхийн эдийн засагт том цохилт өгөв.

2024 он…. "Олон улсын улс төрд юу болох бол, Үүсээд буй дайнууд хэрхэх бол, Дэлхийн эдийн засаг тогтворжих уу" гэх мэт олны анхаарлыг татсан олон асуулт хариултаа хүлээсэн жил байх болно.

“Нью Иорк таймс”-ын нэгэн нийтлэлд, "Бүс нутаг улс хоорондын хурцадмал асуудлууд үүнтэй зэрэгцээд ирэх онд болох олон улс орны сонгуулиуд нь 2024 онд илүү их тогтворгүй байдал үүсгэнэ" гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, 2024 онд дэлхийн 50 орчим орны 2 тэрбум хүн сонгуулийн санал авах байр руу очно. Эдгээр сонгуулийн үр дүнгээс дэлхийн ирээдүйн чиг хандлага тодорхойлогдоно. Сонгууль ойртсон учир газар сайгүй популизм гаарч, гадаад худалдаа, гадны хөрөнгө оруулалт, дүрвэгсдийн эсрэг бодлогоо чангатгах тухай улс төрчид ам уралдах бөгөөд энэ нь Даяаршилд тушаа болох уршигтай.

“Рейтерс”-ийн мэдээлж байгаагаар, “2024 он Ардчилсан систем урд урдынхаас илүү том сорилттой тулгарна" гэв. “Ардчиллын эцэг” гэгдэх Америк оронд хүртэл дотоодын улс төрийн тэмцэл дээд цэгтээ хүрч сонгуулийн ялалтын төлөө түмнийг төөрөгдүүлэх худал амлалт, сурталчилгаанууд ар араасаа хөвөрч Америкчууд өөрсдөө хүртэл сонгуулийн системд итгэх итгэл нь алдарчээ.

2024 онд болох сонгуулиас хамгийн их анхаарал татах нь мэдээж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгуульд өрсөлдөх хүлээлт хамгийн өндөр байгаа нэгэн эрхэм бол экс Ерөнхийлөгч Доналд Трамп. Тэрбээр,

2020 оны сонгуулийн үр дүнг одоо ч хүлээн зөвшөөрдөггүй ба судлаачдын үзэж байгаагаар 2024 оны сонгууль бол Нэгдсэн улсад Ардчиллын ирээдүйг тодорхойлох онцгой сонгууль болох гэнэ. Д.Трамп эргэн ирвэл “Шинэ Худалдааны дайн” эхлүүлж, нуршин ярьдаг импортын өндөр татвар биеллээ олж, дэлхийн улс төр, эдийн засгийн тогторгүй байдал шинэ шатанд гарна гэж шинжээчид дүгнэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль олон улсын улс төрийн амьдралд маш чухал анхаарал татах нь дамжиггүй. Одоогоор Ерөнхийлөгч В.Путин бие даан нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. В.Путин улиран сонгогдвол дотоодын улс төрийн шинэчлэлээ өргөн цар хүрээтэй явуулах ба Украйны эсрэг хатуу бодлогоо үргэлжлүүлнэ.

Тайваний удирдагчийн сонгууль мөн дэлхийн улс төрийн харилцаанд чухал нөлөөтэй. Энэ сонгуульд эх газрын Хятадтай аядуу харилцааг баримтлагчид ялах уу, Тайваний бие даасан байдлыг баримтлагчид ялах уу гэдгээс БНХАУ-ын Тайвань, Япон, АНУ ази номхон далайн бусад улсуудтай харилцах харилцаа тодорхойлогдоно.

Мөн 2024 онд болох олон улсад өндөр ач холбогдолтой сонгууль бол Энэтхэгийн сонгууль. “Рейтерс-ийн нийтлэлд “Энэтхэг бол дэлхийн хамгийн их хүн амтай улс гэсэн хэдий ч Модигийн засгийн газар түүний бодлого шийдвэр иргэдийн эсэргүүцэлтэй тулсаар ирсэн. Иймд сонгуульд Моди дахин ялалт байгуулах уу ялагдах уу гэдгийг ирэх оны 4-5 сард харах үлдлээ” гэжээ.

Түүнчлэн ирэх зургадугаар сард өрнөх Англи Европийн холбооноос гарсны дараах Европын парламентийн анхны сонгууль, байгалийн нөөцөөр баян Индонезийн сонгуулийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Индонезийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалж 2 жил орчим хугацаанд экспортоо зогсоогоод байгаа “никел”-ийн нийлүүлэлт, металийн зах зээлд том хүлээлт үүсгээд байна.

Дээр дурдсан улсууд болон бусад том жижиг орнуудын сонгууль тухайн бүс нутаг, дэлхийн цаашдын хөгжилд их бага хэмжээгээр шууд болон шууд бусаар нөлөөлнө.

Сонгуулиас гадна 2024 онд өдгөө нааштай ахиц гараагүй байгаа Орос Украйны дайн, 20 гаруй мянган хүний амийг авч одсон Палестин Израйлын мөргөлдөөн хэрхэхээс шалтгаалж дэлхийн эдийн засаг сэргэх үү доройтох уу, их гүрнүүдийн геополитикийн тоглоом гүнзгийрэх үү, үгүй юу гэдэг нь тодорхойлогдоно.

Томчуудын зодоонд жижиг улсууд шахагдаж улмаар аль өөрт ашигтай талд байрлалаа эзэлдэг нь өөрөө олон улсын улс төрийн зарчим. Ирэх онд өрнөх геополитикийн олон ярвигтай асуудлууд дээр Америк, Европ, Хятад чухал нөлөөтэй тоглох бөгөөд Энэтхэг, Сауди Араб, Турк, Өмнөд Африк, Бразил улс олон улсын тавцанд онцлох нөлөөтэй оролцох болно.

2024 онд дэлхийн эдийн засаг эрүүлжих үү?

Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг “Ахлах эдийн засагчдын төсөөлөл”-д ирэх нэг жилийн дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг нэг үгээр илэрхийл гэвэл “Тогтворгүй” гэжээ. Судалгаанд хамрагдсан эдийн засагчдын 90 хувь нь геополитикийн нөлөөллөөр дэлхий эдийн засаг тогтворгүй байна гэж дүгнэжээ. Мөн үүнд шууд нөлөөлөгч хүчин зүйл нь хоёр жил орчим үргэлжилж байгаа Орос Украины дайн бөгөөд энэ нь дэлхийн эрчим хүч, түүхий эд, хүнс, эрэлт нийлүүлэлтийн гинжин хэлхээнд тодорхойгүй байдал үүсгэснээс үнийн хөөрөгдөл үүсч Засгийн газрууд инфляцид дарлуулж, бизнесүүд царцаж цаашлаад өрхийн амжиргаанд хүртэл нөлөөлнө.

Палестин Израйлын мөргөлдөөнөөс болж усан тээврийн хөлөг онгоцууд Улаан тэнгисийн гатлах маршрутаа зогсоосон нь тээврийн өртөгийг нэмэгдүүлж таваарын нийлүүлтэд хохирол учруулж байна.

Ирэх оны өнгийг судлаачид тогтворгүй байдал, сонгууль, сорилтын жил гэж тодорхойлж байна. Харин та хэрхэн дүгнэх вэ?

Б.Чойжилсүрэн: Шинэ оны босгон дээр өвлийн оргил ачааллын үед 80МВт хүртэл эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж эхэллээ
Б.Чойжилсүрэн: Шинэ оны босгон дээр өвлийн оргил ачааллын үед 80МВт хүртэл эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.