Манай улсад шатахуун хомсдож, иргэд олон цагаар дугаарлан, шатахуун худалдан авч буй. Гэвч уг асуудалд одоогоор дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа бөгөөд шатахууны хомсдолыг ОХУ-ын дотоод асуудал болон бусад шалтгаантай холбон тайлбарлаж буй. Түүнээс гадна салбарын сайд Ж.Ганбаатар шатахууны үнэ нэмэгдэхгүй талаар өөрийн байр сууриа илэрхийлснээс гадна удахгүй шатахууны нөөц хэвийн болно гэж мэдэгдээд амжсан.
Гэтэл шатахууны хомсдолтой нүүр тулсан энэ үед чоно борооноор гэдгийн адилаар "ШАГИЙН ШАТАХУУНЧИД" олноор гарч, нэг литр бензинийг 5000-6000 төгрөгөөр худалдан борлуулаад эхэлжээ. Өнөөдрийн байдлаар АИ-92 авттобензин дунджаар 2390 төгрөгөөр худалдаалагдаж буй бол шагчид энэ үнийг хоёр дахин нугалж, өөрсдийн бяцхан бизнесээ цэцэглүүлээд амжиж. Тэгвэл уг асуудалд жолооч нар хэрхэн хандаж байгаа талаар болон шагчид шатахуунаа хэдэн төгрөгөөр худалдан борлуулж буйг сурвалжиллаа.
Шагийн шатахуун 10 литр нь 50000-60000 төгрөг
Цахим орчинд "Шагийн шатахуун борлуулах хэд хэдэн групп" үүсгэсэн байна. Шатахуун хайж буй иргэд үнийн мэдээллийг асуухад 5000-6000 төгрөгийн үнэтэй талаар шагчид хэлсэн байсан юм. Тэгвэл бид зарим шагчдаас шатахуун хэрхэн борлуулж буй талаар утсаар холбогдон тодруулахад,
Шагчин 1 "АИ-92 зарж байгаа. 10 литрээс дээш хүргэлт хийнэ. Литр нь 6000 төгрөг гэж байгаа. Гэхдээ өнөөдөр дугаарын хязгаарлалттай байгаа учраас хүргэлт хийхгүй" гэв.
Шагчин 2 "Шатахуун нэг литр нь 5500 төгрөг гэж байгаа. 10 литр нь 55,000 төгрөг. Шатахуун авна гэвэл хүссэн хэмжээгээрээ авч болно" хэмээсэн юм.
Шагчин 3 "10 литр бензинийг 55,000 төгрөгөөр зарж байгаа. Үүн дээр дуудлагын хөлс нэмэгдэнэ. Хот дотроо ойрхон бол энэ үнээр хол бол хүргэлт нэмэгдэнэ" гэлээ.
Шагчин 4 "Өмнө нь барилгын ажил хийж байхдаа орон нутгаас хэдэн тонн шатахуун дарчихсан байсан юм. Тэгээд одоо шатахуун дараад байлтай нь биш гээд хүмүүст худалдаалж байна. Литр нь 5500 төгрөг гэж байгаа. Хүссэн хэмжээгээр нь авч болно. Зориулалтын саванд хийсэн, 10 литрээс доош гэхээр сав байхгүй учраас 10 литрээс дээшээ хүргэлт хийж байна" гэсэн юм.
Үүнээс үзэхэд, одоогоор шагийн шатахуунд ямар нэг хяналт тавьж буй байгууллага байхгүй нь харагдаж байгаа ба өмнө нь уг асуудлыг МХЕГ хариуцан ажилладаг байсан аж. Гэвч МХЕГ татан буугдсанаас хойш Газрын тосны улсын байцаагчид хяналт тавих үүрэгтэй болсон байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 7.14.3.3-т "Жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж хуульчилсан байдаг.
Ubn.mn сайтын сурвалжлах баг үргэлжлүүлэн нийслэл хотод буй зарим шатахуун түгээс станцуудад очиж, шатахууны нөөц болон жолооч нарын байр суурийг сонссон юм. Хэд хэдэн колонкоор орсон ч зарим нь хаалттай байсан бөгөөд шатахуун борлуулахгүй байв.
Бид "EcoOil" ШТС-ийн гадна оочерлож буй жолооч нартай ярилцахад,
Цаг тулсан үед л шагийн бензин авна уу гэхээс цалин муу байгаа энэ үед боломжгүй
"Энд шатахуун өгч байна. Нэг их удаан оочерлоогүй байна. Зарим ШТС-ууд заавал өөрсдийн карттай бол үйлчилнэ гэсэн. Ер нь шатахуун хомс хэвээр л байна.
Сүүлд шагийн бензин зарж байгаа пост фэйсбүүкээс харсан. "10 литр нь 70,000 төгрөг гэхээр нь болохгүй гээд коммент бичтэл авах хүмүүс байна. Чамд хамаагүй" гэж байна лээ. Яг цаг тулсан үед, машин зогссон үед л авч болох ч цалин муутай байгаа энэ үед байнга шагийн бензин авах боломжгүй шүү дээ" гэв.
Харин удаах нэгэн жолооч "Сая хэд хэдэн ШТС орсон. Энд 50,000 төгрөгөнд бензин өгч байгаа юм байна. Фэйсбүүкээр дүүрэн шагийн бензин зарж байгаа гэсэн пост явж байна лээ" хэмээсэн юм.
Мөн бид энэ үеэр ШТС-ын түгээгчээс нөөцийн талаар сонсоход,
"Манай ШТС 24 цагаар хэвийн түгээлт хийж байна. Хүн бүрт тэгш хүртээмжтэй байх үүднээс нэг машинд 50,000 төгрөгөнд шатахуун өгч байгаа. Удахгүй Евро 92 орж ирэхээр хэвийн өгч эхэлнэ. Бусад ШТС-ууд ямар нөөцтэй байгааг хэлж мэдэхгүй. Одоогоор шагийн бензиний талаар огт сонсоогүй. Мэдсэн зүйлгүй байна" гэлээ.
Тэгвэл өчигдөр /2023.12.25/ шатахууны нийлүүлэлтийн асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд дараах тайлбар мэдээллийг өгсөн юм. Тодруулбал,
Шатахуунаа нөхөж авч байгаа. Гэхдээ хоригийн өмнөх хэмжээнд хүрч чадахгүй байна
"Шатахууны тухайд, ОХУ-аас нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн. Нарийн тоон мэдээллийг Ж.Ганбаатар сайд өгөх байх. Монгол Улс Ангарскийн үйлдвэрээс шатахуунаа голлон нийлүүлдэг.
- Нэгдүгээрт, Ангарскийн үйлдвэр засварт орсон.
- Хоёрдугаарт, ОХУ-д дотоодын хомсдол бий болсон учраас тодорхой хэмжээний хориг тавьсан шалтгаанаас болж, нийлүүлэлтийн асуудал үүссэн.
Харин одоо нөхөж татан авалтаа хийж байгаа. Гэхдээ энэ хэмжээ нь хоригийн өмнөх хэмжээндээ хүрч чадахгүй байгаагаас гадна төмөр замын хүчин чадал ч нөлөөлж байна" гэсэн юм.
Тиймээс бид Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны нөөцийн мэдээллийн талаар тодруулахад, "Өнөөдрийн байдлаар шатахууны нөөцийн мэдээлэл шинэчлэгдээгүй байна. Гэхдээ шатахуун импортоор хэвийн орж ирж байгаа" гэх мэдээллийг өгөв.
Мөн ШТС-ууд цагийн хязгаарлалттай болон зөвхөн өөрсдийн гишүүний картаар шатахуун өгч буй үйлдлүүд нь зохиомол хомсдол үүсэх нэг шалтгаан болж байгааг жолооч нар илэрхийлсээр байна. Бас энэ нь шагийн шатахуунчдад ч мөн боломж олгож буй нэг үйлдэл аж. Түүгээр ч үл барав ШТС-ын түгээгч нар таньдаг хүмүүстээ л шатахуун өгч байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархсан нь шагийн шатахуунчдын ард ШТС-ууд байгаа гэх хардлагыг төрүүлж буйг иргэд хэлэлцэж буй. Угтаа шатахууны нөөц хомсдсон энэ үед бензинээр бизнес хийх бус энэ хүнд үеийн хамт давж гарах нь хүн бүрийн үүрэг биз ээ.