Долдугаар сарын 9-ны өдөр Истанбул-Уб чиглэлийн тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн ихэр охид болон эхийн тусгаарлалтын хугацаа дуусаж, өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч байна. Энэ нь Монголын агаарын тээврийн олон улсын нислэгт эх амаржсан анхны тохиолдол төдийгүй, ихэр хүүхэд онгоцонд мэндэлсэн нь дэлхийд анх удаа аж. Тиймээс өнөөдөр тусгаарлалтаас гарч буй эх, хүүхдүүдийг МИАТ компанийн удирдлагууд болон ХӨСҮТ-ийн эмч нар үдэн гаргаж байна.
Түүнчлэн МИАТ компанийн зүгээс онгоцонд мэндэлсэн ихэр охидод 18 нас хүртлээ тус компанийн онгоцоор үнэ төлбөргүй нисэх эрх өгч байгаа юм.
Онгоцонд мэндэлсэн охидыг аль улсын харьяалалд бүртгэх талаар асуухад МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр:
"Агаарын хөлгийн дотор тал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарна. Харин хаана төрсөн бэ гэвэл онгоцонд гэх байх. Энэ бол тун ховор тохиолдол. Эх баригч, сэхээний эмч зэрэг мэргэжлийн хүмүүс онгоцонд байж таарсан. Үнэхээр ус уух хувьтай охид юм. Онгоц дүүрэн зорчигчтой байсан. Истанбулаас 260 зорчигчтой хөөрөөд, 262 хүнтэй буусан" гэсэн юм.