Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нийгмийн сүлжээнд дуулсан дуугаараа хамгийн өндөр хандалт авсан байлдагч“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 7 секунд

Түүнийг Хүдэрийн Батзориг гэдэг. Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат. “Их засаг” их сургуулийн аюулгүй байдал, эрх зүйн хоёрдугаар дамжааны оюутан. Гар бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй. Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2022-2023 онд хугацаат цэргийн албаа хааж, саяхан халагдсан байлдагч. Эрхэм байлдагчийг халагдсан ч онцлохын учир нь тэрбээр 2023 онд Монгол Улсад сошиал хуудас хэрэглэгчдийн хамгийн өндөр эерэг хандалтыг авсан контентийн нэг эзэн нь. Дуу хөгжим сонирхогчдод зориулсан “The Open Mic Mongolia” пэйж хуудасны уран бүтээлчдийн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийнхантай хамтран бүтээсэн “Эр цэрэг дуулж байна” төслийн хүрээнд хийгдсэн “Нутгаа зорино” аялгуу дуугаар тэр 100 мянган хүний зүрх, лайк, 4 мянган эерэг сэтгэгдлээр булагдаж, 18 мянган иргэн нь цахим хуудаснаа хуваалцаж түгээсэн байв. Гурван сая гаруй иргэний хандалт авчээ. Энэ нь Зэвсэгт хүчний хүрээнд 2023 онд түгээгдсэн сурталчилгаагаас хамгийн өндөр хандалт төдийгүй Монгол Улсын хэмжээнд эерэг сэтгэгдлийг түгээгч контент нь болж чадсан юм.

-Эрхэм байлдагчийн сурлага өндөр үү. Эргээд бодоход цэргийн албанаас халагдах мэдрэмж ямар байв?

-Сурлага өндөр байна. Ярилцлага авахыг хүссэнд тань баярлалаа. Яг үнэндээ цэргийн албаа, цэргийн орчноо, онжавуудаа их санаж байна. Хэдийгээр өдрийн цагаар хичээл сургууль гээд олонтойгоо бужигнаж өөрийгөө сатааруулж байгаа ч гэртээ хариад унтах гээд хэвтэхээр л жагсаалын бэлтгэл, салааны захирагчийнхаа бидний өмнөөс баярлаж байсан нь, хүндэт харуулын хувцастайгаа алхаж байсан минь бодогдоод байдаг юм. Халагдахынхаа өмнөх орой хүндэт харуулын хувцсаа хураалгахдаа хайртай хэн нэгнийхээ орхиж байгаа юм шиг сэтгэлд хөндүүр байсан. Эргээд бодоход хугацаат цэргийн алба хаасан хэнд ч гурван циклийн мэдрэмжүүд байдаг шигээ. Нэгдүгээрт, цэргийн албанд татагдсан эхний өдрүүдэд ний нуугүй хэлэхэд амаргүй байдаг. Энгийн чөлөөтэй амьдралтай залуус цэргийн дүрэмт захирагдаж, эмх цэгц, зохион байгуулалтад орчихоор тухгүй санагддаг нь нууц биш. Харин жагсаалаар алхаж сураад, цэргийн эрдэмдээ шамдан суралцаж, цэргийн тангаргаа өргөчихөөр сэтгэгдэл шал өөр болно. Цэргийн дарга нар бол үүнийг албандаа дасах гэж ярьдаг юм билээ.

Хоёр дахь нь халагдах болохоор гэр рүүгээ яарах бас хуарандаа хорогдох нь зэрэгцэх мэдрэмж. “Халагдах цэргийн вальс” дуунд гардагчлан “Гэр гэр рүүгээ мордоно гэхээс гэгэлгэн сэтгэл минь хуарандаа хоргодоно” гэдэг шиг л. Халагдана гэхээр баярламаар ч эргээд уулзахгүй гэхээр гунигтай санагдана.

Гурав дахь нь халагдаж ирээд дасал болсон орчноо эргэн санах нь юм байна. Албаныхаа хэвшилд дасчихсан байгаа нь тэр биз. Яг энэ гурван мэдрэмжийг авчээ гэж өөрийгөө хэлнэ.

-Хүндэт харуулын ангид алба хаасны хувьд төрийн болон цэргийн ёслолын арга хэмжээнд багагүй оролцсон байх?

-Тэгэлгүй яах вэ. Дарга, онжавуудынхаа хамтаар төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн 100 гаруй арга хэмжээнд оролцсон. Үүнээс дөрөв нь энэ жилийн хамгийн том айлчлалууд буюу дэлхийн орнуудын Ерөнхийлөгч нарыг угтах ёслол байсан. Франц, Польш, Киргиз Улсын Ерөнхийлөгч, Ромын папыг угтан авахад онжавуудтайгаа жагсаалд зогсож байхдаа өөрөөрөө бахархаж зогссон. Ёслолын жагсаал дунд зогсож байхад Төрийн дуулал эгшиглэх ёстой нөгөө шар үс босно гэдэг шиг л юм болно.

Мэдээж тэр олон ёслол хүндэтгэлийн арга хэмжээг алдаа мадаггүй гүйцэтгэхэд маш их бэлтгэл сургалт орно. “Ирэх сард тийм айлчлал болно” гээд дарга нар хэлээд л тэр сараас нь бэлтгэж эхэлдэг. Нэг арга хэмжээг угтан авахад дор хаяж нэг сар бэлтгэнэ. Эхлээд хэцүү юм шиг санагддаг байсан ч сүүлдээ үүнээсээ эрч хүч, урам зориг авдаг болчихсон. Ахмад С.Гүрүүдаваа, дэслэгч О.Пүрэвбат, ахлагч Б.Миеэгомбо гээд олон мундаг цэргийн дарга нар биднийг их зүйлд сургасныг хэлмээр байна. Цог жавхлантай сайхан алхвал бидний өмнөөс баярлаад байдаг ах нар даа.

-Таны “Нутгаа зорино” дууг дуулсан контент нийгмийн сүлжээнд хамгийн өндөр хандалтыг авсан байсан. Халагдаж ирээд харсан биз дээ?

-Баярлалаа. Ангийн захирагч хурандаа М.Болдбаатар өнгөрсөн цэргийн баярын өмнөхөн “Манайд дуулдаг цэргүүд олон байх шиг байна, бүгдээрээ нэг контент оролцъё. Заавал сайхан дуулдагтаа биш аав ээж, ахан дүүстээ мэндчилгээ ч хүргэж болно гэсэн шүү миний хүүхдүүд” гэж хэлсэн.

Үүний дагуу ангийн Соёлын төвийн дарга хошууч Б.Норов-Эрдэнэ дуулах сонирхолтой цэргүүдийн судалгааг авч байхдаа намайг “Та нэг дуулмаар байлдагч санагдаад байна” гээд дуулуулж үзээд сонгосон. “Нутгаа зорино” дууг тэр бас өөрөө санал болгож, дуулуулсан. Энэ нь миний нууц авьяасыг цэргийн анги байгууллага маань нээж, нийгэмд хүргэсэн нь тэр л дээ. Түүнээс сурагч байхдаа малд явахдаа л дуулна уу гэхээс тайзан дээр төдийлөн гарч байгаагүй. Аав, ээж хоёр минь бичлэгийг үзээд маш их баярласан байсан. Миний аав С.Хүдэр, ээж Б.Алтанбүс нар маань жирийн л нэгэн малчин өрх. Төв аймгийн Эрдэнэсант сумынх. Нэг ах, гурван дүүтэй. Ахыг Х.Бат-Эрдэнэ, дүү нарыг Х.Бат-Оргил, Х.Ану, Х.Халиун гэдэг, тэдэндээ маш их хайртай.

Мэдээж надаас илүү авьяаслаг, мэргэжлийн сайн дуулдаг цэргүүд зөндөө бий. Минийх яагаад хүмүүст илүү хүрэв гэхээр цэрэгт байгаа хүү нутгаа зорино гэдэг утга агуулгаараа таарч, тэгээд зөөлөн өнгө аясаар дуулсан нь хүмүүсийн сэтгэлд их хүрсэн юм байна даа гэж бодсон. Тэр бичлэгээс хойш ангийнхан маань “Сургуулийн од байлдагч” гээд нэрлээд байгаа.

-Таныг бас хоёр найзтайгаа хамтдаа алба хаасан гэж сонссон юм байна?

-Багаасаа нөхөрлөсөн Д.Мөнхтулга, Э.Хосзориг гээд хоёр найзтайгаа хамт алба хаасан. Бид бас “Их засаг” их сургуулийн нэг курсынх, мэргэжил нь өөр өөр. Халагдаж ирсний дараа сургуулийнхан бид гурвыг их хүндэтгэлтэй угтаж авч, баяр хүргэсэн. Цэрэгт явах сан гэдэг хүслийг сургуулийнхаа дүү нартаа ч сайн өгсөн байх шүү. Бид гурвыг өнөөдөр гар бөмбөгийн сонирхол нэгтгэснээс гадна цэргийн албаны нөхөрлөл бүр л бататгаж. Насан туршийн нөхөрлөлөө олж, насан үүрдийн бахархлаа бүтээсэндээ бид баяртай байна.

https://gsmaf.gov.mn/hztsk/onePost/1663

https://www.facebook.com/watch/?v=2558050677685952

Ахмад Д.БОЛОР

ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
 
Л.Энх-Амгалан: Амины орон сууцанд ИПОТЕКИЙН ЗЭЭЛ олгодог байх хэрэгтэй
Л.Энх-Амгалан: Амины орон сууцанд ИПОТЕКИЙН ЗЭЭЛ олгодог байх хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.