Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай НҮҮРСЧИД захиалаад байгаа юм биш биз…

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 55 секунд

“Засгийн газрыг унагаахыг хүсвэл Оростой ярь” гэх үг зүгээр ч нэг гараагүй. Энэ замналаар өмнөх үеийн хэд хэдэн Ерөнхий сайд чирүүлж, танхимынхаа хойдохыг уншуулж байсан. Тиймээс л энэ дүрэмгүй мэх улс төрийн томчуудын зүрхэнд шар ус хуруулах хэмжээнд алдаршаа биз. Монголчууд дор бүрнээ л “ах нарыг яг юунд уурлаад шатахуун, цахилгаанаа таслаад эхлэв” гэж асууцгааж байна. Зарим нь ураны төсөл, усан цахилгаан станц, хийн хоолой гэх мэт бүдүүн, бүдүүн асуудлыг хөндөж харагдана. Мэдээж энэ бүгд Оросуудад таалагдаагүй. Ер нь Монголын өндийх гэж оролдсон бүх үйлдэл том гүрэнд өргөс шиг л харагдана. Гэхдээ аливаа асуудал жижиг зүйлээс, хамгийн ойроос үүдэлтэй байх нь гачлантай. Шатахуун, цахилгааны энэ нөхцөл байдал цаагуураа Монголын маань хэдэн нүүрсчидтэй холбоотой байх вий гэх хардлага хамгийн түрүүнд төрж буйг нуух юун. Саарал ордонд ч энэ асуулт арын өрөөнүүдэд яригдаад эхэллээ.

Тэр жил МАН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд түүнд ямар ч хамаагүй аргаар “нус” нааж, “хутга тулгахыг” оролдож байсан. АН, МАН-ын бүлэглэл хоёр ч удаа “зэвсэглэн” боссоны эцэст арай гэж дүн өвлөөр Шинэчлэлийн Засгийн газрыг бахтайгаар онхолдуулсан. Энэ акцынх нь гол хэсэг бол шатахууны хомсдол байсан. Шатахуун импортлогч компаниуд тухайн үед албаар биелэгдэшгүй шаардлага засгаас нэхэж, шанд нь иргэдэд бензинээ өгөхгүй хав дарсан. Хомсдол үүсээд ирэхэд нийгэм бүхэлдээ бухимдаж, зохион байгуулагчид нь сайхан сэвж байсан түүхтэй. Мэдээж шатахуунгүй бухимдсан улс Засгийн газар байтугай, улсаа ч хөмрөх хэмжээний бухимдлыг үүсгэнэ. Энэ л уг хомсдолыг зориуд зохион байгуулагчдын туйлын хүсэл, үнэн зорилго.

Ийнхүү асуудлыг хяналтаас алдах эрсдэл байгааг мэдсэн Н.Алтанхуяг Ерөнхий сайд шатахуун импортлогчдыг дуудаж тусгай зөвшөөрлөөс нь эхлээд Орос хараал хүртлээ цам харайсны эцэст шатахуун импортлогчид номондоо орсон гэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн үед иргэдийг бухимдуулж Засгийн эсрэг турхирах хамгийн эхний үйлдэл нь шатахууны хомсдол байв.

Тэгвэл энэ удаад гэнэтхэн шатахуун хомсдохоос гадна Оросоос манайд нийлүүлдэг эрчим хүчний хомсдол үүсэх нөхцөл байдал үүслээ. 345 МВт эрчим хүч хойноос авдаг тулдаа л арай гэж онд ордог манай эрчим хүчний салбар 150 МВт-ийн эрчим хүч авбал товчхондоо бүх зүйл дуусна. Оросуудаас бид нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг авдаг. Гэтэл тал нь байхгүй болчихоор аж ахуйн нэгжүүдээс даваад, иргэдийн амьдралд энэ нь шууд мэдрэгдэж эхэлнэ. Энэ эрэн зуунд лаа бариад эсвэл, өдөрт хоёр цаг тогоо таслуулаад сууна гэвэл ямар ч захын хүн “түй май”, “Ажлаа хийж чадахгүй Засгийн газар зайл л” гэж хэлнэ.

Магадгүй энэ нөхцөл байдал, энэ нийгмийн эмх замбараагүй байдлыг л хүсч байгаа учраас манайд шатахуун нь ч хомсдоод, цахилгаан дээрээ ч Оросуудыг новшруулаад байгаа юм биш биз. Нүүрсний сонсгол ирэх долоо хоногт нам, төрийг эргүүлэх хэмжээнд очих эрсдлийг тооцсон учраас АН, МАН-ын нүүрсчид нэг агуулга дээр иргэдийн амьдралаар тоглох хэмжээнд сэтгэж байх вий гэх хардлага яалтчгүй төрч байна. Ирэх сонсголоор хамгийн их ноолуулах хүмүүс АН, МАН-аас хэн байх вэ. Хэрвээ сонсгол явагдчихвал, нийгэм бужигнахгүйгээр сонсголыг сонсоод ухаарчихвал хэнд хортой вэ. Нүүрсчдэд л хортой. Тиймээс ах нартай холбоотой холбоо сүлбээгээ ашиглаж нүүрсчид эцсийн сумаа тавих гэж байх өндөр магадлалтай болоод ирлээ. Тасалдсан шатахуун өдрөөс өдөрт хомсдол нь ихэсч, баасан гарагийн оройноос эхлээд эрчим хүч асуудалд орвол хэсэгчилсэн болон нэг, хоёр цагийн хязгаарлалт хийж зохицуулахаас өөр аргагүй.

Ийм зүйлийг иргэд хэзээ ч хүсэхгүй, үзэж туулаагүй удсан ч учраас нийгмийн бухимдал дээд цэгтээ тулна. Яг энэ үед нь жагсаал цуглаан, Засгийн газарт хариуцлага тооцох гэх зэрэг адал балмад улс төрийн тоглолт явагдах эрсдэлтэй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уначихвал нүүрсний хулгай ч дагаад унах нь ойлгомжтой. Ийм зүйлийг унтаж ч чадахгүй тийчилж яваа нүүрсчид хамгийн ихээр хүснэ. Мэдээж Монгол дотроо бужигнаж, том төслүүдээ гацаах нь арын айлд л хэрэгтэй.

Тиймээс аливаа асуудалд эрүүл ухаанаар хандаж, бүх төрлийн агуулгыг нэгтгэн эргэцүүлэн дүгнэж асуудлыг том зургаар нь харах нь илүү чухал байна. Түүнээс биш цээжний эх орончдын сэтгэлгээрээр талбай руу гарвал дагуулж тонгоруулж мэднэ шүү.

ҮЙЛ ЯВДАЛ: “PUBG Mobile” цахим спортын ДАШТ-ий аварга болон тэргүүн байр эзэлсэн тамирчдад шагнал гардуулна
ҮЙЛ ЯВДАЛ: “PUBG Mobile” цахим спортын ДАШТ-ий аварга болон тэргүүн байр эзэлсэн тамирчдад шагнал гардуулна
 
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.