Жолоочид шатахуун горьдож дугаарласаар байна. ШТС-ууд “АИ-92, Дизель түлш дуусан” гэх бичиг нааж, АИ-95 шатахуун л олгож байна гэх...
Энэ нөхцөл байдал зөвхөн Улаанбаатарт ч биш, орон нутагт үүссэнийг нутгийн иргэд хэлж буй. Ялангуяа, амин чухал хэрэгцээ гэгддэг дизель түлш олдохгүй байгаа учраас малдаа явахад ч хүндрэлтэй болж эхэлсэн гэнэ.
Гэхдээ энэ нь ерөөсөө шинэ асуудал биш юм. Өнгөрсөн есдүгээр сарын дунд үеэс л ОХУ шатахууны экспортдоо хориг тавьж эхэлсэн. Шалтгаан нь дотооддоо шатахууны хомсдол үүсэж, үнэ өссөн гэдгийг Оросын тал тайлбарласан. Харин тухайн үед ОХУ-ын Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчилж таарсан. Энэ үеэр тэрбээр “Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй” гэж байсан юм.
Гэвч үүнээс хойш Монгол дахь шатахууны нөөц тогтворгүйтэж эхэлсэн. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хэлэхдээ “ОХУ-аас тогтоосон хоригийн ШОК арилахгүй байна. Удахгүй энэ ШОК арилна” гэж байв.
Энэ ярианаас хойш хэдийнэ нэг сарын хугацаа өнгөрчээ. “ШОК”-ын байдал арилаагүй л байна. УУХҮЯ-наас авсан мэдээллээр,
Монгол Улсын дизель түлшний сарын хэрэглээ 85 мянган тонн байдаг бол нүүрсний экспорт өсөж, уул уурхайн тээвэрлэлт ихэссэнтэй холбоотойгоор 90-95 мянга болсон аж. Харин импортоор ирсэн шатахууны тухайд, 95 мянган тонн дизель түлш байгаагийн долоон мянга нь БНХАУ-аас, үлдсэн нь ОХУ-аас ирсэн гэж Ж.Ганбаатар сайд хэлж байсан юм.
Шатахууны хомсдол үүсэх бүрт олон нийтийн зүгээс "Нефтийн үйлдвэрээ хурдан барь" гэх шаардлагыг тавьсаар байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үед алдсан 13 сарын хугацааг нөхөн яаралтай ажиллаж, 2027 онд газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах”-ыг үүрэг болгосон билээ. Дээрх үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын шатахууны 50 гаруй хувийг хангах тооцоолол гараад буй. Ашиглалтад орох хугацаа нь хоёр ч удаа хойшилсон энэхүү үйлдвэрийг даруй хугацаанд ашиглалтад оруулах шаардлагатай байгаа юм.
Шатахууны үнийг хүчээр барихаа болих хэрэгтэй
Бид шатахуунаа 100 хувь импортоор авдаг буюу бусдын хараанд байдаг орнуудын нэг. Тиймдээ ч үе үе хомсдолд орох эрсдэлийг араасаа дагуулж байдаг. Үүнээс гарах гарц бол нэгдүгээрт, нэн яаралтай газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах шаардлагатай. Хоёрдугаарт, иргэдэд таалагдах гэж шатахууны үнийг хүчээр барьдаг хандлагаа зогсоох хэрэгтэй. Шатахууны хангамж бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Монголын төр, УИХ Газрын тосны салбарт төрөөс баримтлах дунд хугацааны бодлогоо баталчихсан. Үүнд “шатахуун хангамжийн олон эх үүсвэртэй байх”-аар батлагдсан. Тиймээс боомтуудаа идэвхжүүлж урд хөршөөс авах сувгуудаа нээе.