Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батсумъяа: “Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн“ кино Монголчуудын сайхан сэтгэл, Монгол орны үзэсгэлэнт байгалийг дэлхийд таниулж байгаад баярлаж байна

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
22 минут 31 секунд

Монголын төдийгүй Солонгосын үзэгчдийг байлдан дагуулж буй "Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн" СОАК-ны зураг авалт Монгол Улсад хийгдсэн бөгөөд Монгол жүжигчид тоглосон гэдгээрээ онцлог. Тэгвэл тус киноны гол дүрийн охин болох Нам Сүн-ий монгол аавын дүрд жүжигчин, СТА Ц.Цэрэнболд тоглосон бол ээжийн дүрд СТА Б.Батсумъяа дүр бүтээсэн байдаг.

Иймд Ubn.mn сайт энэ удаагийн UbnStory булангийнхаа удаах зочноор жүжигчин, дуу оруулагч Б.Батсумъяаг урин оролцуулж, шинэхэн уран бүтээлийнх нь талаар сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ.

-Ярилцлагаа "Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн" СОАК-оор эхлүүлье. Жүжигчин Ц.Цэрэнболд та хоёрын хувьд энэхүү кинонд тоглох боломж хэрхэн олдов?

-Өнгөрөгч 2022 онд "Hero entertainment"-аас яриад Солонгосын талтай хамтраад кино хийх гэж байгаа гэж ярьсан юм. Тэгээд Монголын жүжигчдийг "CV"-ээ явуулахыг зөвлөсөн юм. Гэтэл хэсэг хугацааны дараа видео явуулахыг хүсээд 2022 оны 7-р сард найруулагчийн багийнхан ирээд жүжигчдээс проб авсан юм. Тухайн пробонд маш олон жүжигчин оролцсоноос Ц.Цэрэнболд бид хоёр тоглохоор болсон. Ингээд л бид хоёрт энэ кинонд тоглох боломж нээгдсэн дээ.

-Өөрийн тань хувьд энэ кино нь гаднын уран бүтээлчидтэй хамтарч буй анхны кино юу?

-Тийм шүү. Мэдээж энэ кинонд тэнцээд, энэ баг хамт олонтой хамтарсандаа их бахархалтай байна. Гэхдээ миний хувьд гаднын багт ороод ажиллахад, хоёр улсын нөхцөл хэчнээн өөр байгаа вэ гэдгийг харлаа.

Учир нь Солонгосын кино баг Монголд ирэхэд 200 гаруй уран бүтээлч ирсэн л дээ. Гэтэл Монгол кинонд 100, 200 хүн арын албанд ажиллахад хүндрэлтэй шүү дээ. Бас тус кинонд ажиллаж байхдаа харсан зүйл маань,

Манай Монгол залуучууд ямар их чадварлаг юм бэ гэдгийг харсан. Монгол кинонд ажиллаж байгаа 1 залуу Солонгосын кинонд ажиллаж байгаа 5-6 хүний хийж байгаа ажлыг ганцаараа хийдэг юм байна гэдгийг бүр илүү харлаа.

Түүнээс гадна нэг хөгжилтэй зүйл ярихад, "Солонгосын болон Монголын талын нүүр хувиргагчид ажиллаж байсан юм. Тэгээд Солонгост очоод зургандаа орох гэтэл эхний өдөр нүүр хувиргагч маань миний нүүрийг будчихаад, "Та маргааш надаар нүүрээ будуулах уу үгүй юу гэдгээ менежерээрээ дамжуулаад надад хэлээрэй" гэдэг юм байна. Тэгээд би гайхаад маргааш дахиад зураг авалттай юм чинь яагаад ингэж асууж байгаа юм бол" гээд бодсон юм. Тэгээд зургийн талбай дээр очтол тэнд 10-аад жүжигчин байсан юм. Гэтэл тэд нар бүгд өөрсдөө нүүр хувиргагчтай бас 5-6 хүн дагаад явж байдаг юм билээ. Тэгээд л өөрсдийнхөө нүүр хувиргагчаар нүүрээ будуулдаг учраас надаас тэгж асуусан байсан. Тиймээс би Монгол нүүр хувиргагчдаараа нүүрээ будуулж зургандаа орсон.

-Солонгос төдийгүй олон улсад маш өндөр үнэлгээтэй байгаа юм билээ. Түүнээс гадна манай улсыг сурталчилж байгаагаараа илүү онцлогтой. Тиймдээ ч Монголчууд ч мөн маш ам сайтай байна. Таны хувьд тус кинонд дүр бүтээсэн учир мөн адил сэтгэгдэл өндөр байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Кино гарснаас хойш БНСУ-д маш их сэтгэгдэл ирсэн юм билээ. Гэтэл тэр сэтгэгдэл дотор "Хүчирхэг охин Кан Нам Сүн" гарахаас өмнө хүмүүс Солонгосын Ганнам дүүргийг PSY-ийн дуулсан "Gangnam Style" дуугаар төсөөлж байсан бол кино гарсны дараа "Нам Сүн Монгол Стайл" гэсэн яриа их гарсан байна лээ. Киноны үйл явдлын тухайд,

Нам Сүн жаахан байхдаа ээж, ааваасаа төөрөөд Монголд ирчихдэг. Гэтэл Монгол ээж, аав хоёр нь охиныг олоод 20 нас хүртэл нь өсгөөд, том болсных нь дараа Солонгос руу явуулдаг. Тэгээд Нам Сүн Солонгост очоод ээжийгээ хайгаад явж байхдаа "Хэрэв ээ би ээжийгээ олох юм бол өдөр болгон мөнгө олоод гоё, гоё хоол авч өгнө. Хэрэв миний ээж байшингүй байвал ээждээ гэр барьж өгнө" гэж ярьдаг.

Энэ нь Монголчуудыг сайхан сэтгэлийг харуулснаас гадна кинон дээр дүрслэгдэж буй Монгол орны байгаль, өргөн дэлгэр нутгийг дэлхий дахинд харуулж өгсөн гэж бодож байгаа.

-Кино багийн зүгээс дэлхий дээрх энэ олон улсаас заавал Монгол Улсыг сонгосон шалтгаан нь юу байсан юм бол. Яагаад тэр хүүхэд ээж, ааваасаа төөрөхдөө Монголд төөрсөн юм бол. Яг энэ асуултын хариуг сонирхож буй олон хүн байгаа байх?

-Миний хувьд Монголчууд энэ кинонд хамтран ажиллах болсон нэн тэргүүний шалтгааныг Монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, хүмүүсийн сайхан сэтгэлтэй холбоотой байх гэж бодож байна. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд Солонгосчууд аялал жуулчлалынхаа орноор манай улсыг зорин ирж байна.

Түүнээс гадна кинонд Нам Сүн Солонгост оччихоод байр түрээсэлтэл хүмүүст хулхидуулчихдаг байхгүй юу. Тэгээд Нам Сүн цэцэрлэгт хүрээлэнд гэр барьж амьдардаг. Гэтэл энэ нь Солонгост байж болохгүй асуудал юм байна л даа. Хэн нэгний зөвшөөрөлтэй газар дээр өөр нэгэн дураараа байр барьж амьдарч болдоггүй юм байна. Тэгтэл Монголчууд бид өргөн уудам тал нутагтаа тэр дундаа зуны цагт хүссэн газраа очоод майхнаа бариад амьдарч болдог. Дээр нь аялал жуулчлалаар ирж буй ямар ч хүнийг сайхан цай, хоолоороо угтаж авдаг. Тиймдээ ч энэ бүхэн нь магадгүй манай улсыг сонгож, кино зураг авах гол шалтгаан болсон юм болов уу.

-Киноны 14-р ангид Нам Сүний Монгол ээж дахин гараад ирсэн. Үзэгчид ч мөн таныг хараад их баярласан байх. Дээр нь тус анги нь хамгийн өндөр үзүүлэлттэй анги болсон байсан шүү дээ?

-Солонгосчуудын зүгээс "Үнэхээр Монгол хүмүүс тоглосон юм уу. Үнэхээр Монгол ээж нь Солонгосыг зориод хүүхэд дээрээ ирсэн юм уу" гэсэн сэтгэгдэл их үлдээсэн байна лээ. Түүнээс гадна Монгол хүмүүсийг ямар сэтгэлтэй хүмүүс байдаг вэ гэдгийг жүжигчдээр дамжуулж гаргаж байгаа нь миний хувьд үнэхээр сайхан санагдаж байгаа.

-Та яагаад ганцаараа тус ангид гарсан юм бол. Аав нь яагаад гараагүй юм бэ?

-Магадгүй энэ нь найруулагчийн шийдэл байсан байх. Үрээ гэсэн эх хүний сэтгэлийг харуулах гэсэн болов уу гэж бодож байгаа.

-Яах аргагүй тус кино Монголчуудын өв соёл, тэр ч бүү хэл ардын дуу, үгийн баялаг гээд маш олон зүйлсийг дэлхий дахинд таниулж өгсөн байх. Түүнээс харахад Солонгосын кино баг маш их ажилласан юм шиг санагдсан?

-Түүм шүү. Солонгосын тал маш их судалгаа хийсэн байсан. Түүнд нь бүр их түлхэц болсон зүйл бол Сумъяа гэдэг нэг Монгол охин байсан юм. Тэр охин маань ямар охин байсан бэ гэхээр,

Анх бид кино зураг авалтдаа ороод байж байтал нэг охин орчуулга хийгээд яваад байсан юм. Гэтэл түүнээс гадна зөндөө хүмүүс орчуулга хийж байсан л даа. Тэгээд л тэдний нэг нь юм байна гээд бодож байтал тэр охин маань Солонгост сургууль төгссөн. Солонгосын олон кинонд найруулагчийн багт ороод ажиллаж байгаа юм билээ. Тиймээс Сумъяа маань Солонгосын багт ихээхэн мэдээлэл өгч, тус дэм болсон гэж бодож байгаа.

-Кино зураг авалт манай улсад хэд хоног үргэлжилсэн юм бол?

-Монголд 2022 оны 7-р сард 10 гаруй хоногийн зураг авалт хийсэн. Харин Солонгост би 2 удаа очиход бас л 10 гаруй хоногийн зураг авалт явагдсан.

-Түүнээс гадна үзэгчдийн хамгийн их сонирхол татаж буй зүйл бол Нам Сүн Монголд байхдаа бас Солонгост ч гэсэн заримдаа Монгол хэлээр яриад л байдаг шүү дээ. Үүнд найруулагчийн баг ихээхэн анхаарсан байх?

-Миний охинд тоглодог И Ю Ми-д ирэхээс нь өмнө монгол текстүүдийг утгаар нь хэлж, зааж өгсөн байсан. Маш сайн бэлтгэл хийсэн байсан.

Түүнээс гадна хүмүүс Солонгос жүжигчдийг моринд их эрэмгий байна гэж ярьцгаасан байна лээ. Гэтэл энд манай Монгол орлон тоглогчид тоглосон. Дээрээс нь маш олон морийг сургачихсан байсан юм. Кинон дээр Нам Сүний 5, 10, 22 нас нь гардаг. Тэр болгонд манай моринд эрэмгий орлон тоглогч охид тоглосон. Гэхдээ Солонгос жүжигчид ч мөн морь сайн унаж байсан. Тэгээд морь яаж сайн унаж байгааг нь асуутал тэд ирэхээсээ өмнө өдөр болгон морь унаж, бэлтгэл сайн хийсэн гэсэн.

-Найруулагчийн багийн зүгээс Монгол ээж, аавыг ч мөн эх хэлээр нь яриулж байгаа нь олон хүний сэтгэлд нийцсэн байх л даа. Гаднын уран бүтээлд тоглож байна гээд гаднын хэлээр ярихгүй байгаа нь ихээхэн сонирхол татсан?

-Тийм шүү. Кинон дээр гарч буй Нам Сүний аав, ээж хоёр нийслэлд биш хөдөө байгаа малчин хоёр хүн байдаг шүү дээ. Үнэхээр сайхан сэтгэлтэй эмэгтэй, эрэгтэй хоёр. Хөдөө байгаа хэр нь тэр жаахан охиныг өргөж аваад, өсгөөд, өдий хүргэж байгаа учраас Солонгос хэлээр ярих шаардлага төдийлөн байхгүй байсан байх.

-Киноны нэг хэсэг сошиалаар их явсан. Нам Сүн ээжтэйгээ уулзаад Монгол аав, ээж хоёртоо бэлэг өгнө гэж мөрөөддөг шүү дээ. Тэр хэсгийн зураг авалт их хөгжилтэй байсан байх?

-Ц.Цэрэнболд бид хоёр кинон дээр энгийн дээлтэй гардаг шүү дээ. Гэтэл яг тэр мөрөөдлийн хэсгийн зураг авдаг өдөр их сүрхий улаан өнгөтэй дээл хувцас аваад ирдэг юм байна. Манайхан гангарсан ч гэсэн төдийлөн өмсөөд байдаггүй хувцас байхаар нь гайхахгүй юу. Тэгтэл бид хоёрыг ёстой хагарчихсан баян харагдуулах гээд тийм дээл хувцас авч ирээд дээр нь бугуйвч, бөгж гээд юу ч хамаагүй холиод зүүчихсэн.

Ёстой охины маань төсөөллөөр ээж, аав нь хамгийн баян байх нь тэгж харагдах юм шиг байгаа юм.

-Кинон дээр Нам Сүн та хоёр маш дотно, яг л төрсөн ээж, охин шиг байсан шүү дээ. Энэ нь магадгүй жүжигчдийн уран чадвар байж болох ч түүнээс гадна та хоёр их дотно байсантай холбоотой юм болов уу?

-Ерөнхийдөө энэ нь киноны зарчим л даа. Магадгүй хайр сэтгэлтэй хосууд ч юм уу эсхүл аав охин, ээж охины дүрийг гаргахдаа жүжигчдийг хооронд нь ээнэгшүүлдэг, дасгадаг найруулагчийн арга барил байдаг л даа. Охин бид хоёр хамт сууж хоол идэх, байнгын харилцаатай байх зэргээр хамт байгаад эхлэхээр хүмүүсийн харц хүртэл өөр болдог. Энэ бол найруулагчийн бас нэг бодлого. Тиймээс л хүмүүст ч хүртэл сайхнаар хүрсэн болов уу.

-Энэ хүрээд "Хүчирхэг охин Кан Нам Сүн" киноны эргэн тойрон дахь дурсамжаа өндөрлөе. Харин жүжигчин Б.Батсумъяагийн талаар илүү ярилцъя. Та Өмнөговь аймгийн унаган хүүхэд шүү дээ. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн ч орчуулгын киноны дуу оруулагчаар олон жил ажилласан байдаг?

-Тийм шүү. Би Өмнөговь аймагт төрж, өссөн. Дунд сургуулиа төгсөөд СУИС-д жүжигчин мэргэжлээр суралцаад 2002 онд Найдангийн Ганхуяг багшийнхаа удирдлага дор төгссөн. Анх АЖ, кино найруулагч Жигжидсүрэн багшийнхаа ангид элсэн орж байлаа. "Guys" хамтлагийнхантай нэг анги. Тэгээд би 3-р курстээ том хүүгээ төрүүлээд, нэг жилийн чөлөө аваад 2002 онд Н.Ганхуяг багшийнхаа удирдлага дор төгссөн.

Яг төгсөх курсийн дадлагын ажлаа хийх гэж байтал манай ангийн А.Миеэгомбо тухайн үед МҮОНРТ-д ажилладаг байсан юм. Архаг дуу оруулагч. Тэгтэл А.Миеэгомбо маань манай ангийнхныг МҮОНРТ-д очиж дуу оруулагчаар дадлагаа хийвэл яасан юм бэ гэсэн санал тавьж, тэр боломжийг олгож байсан юм.

Тэгээд ангиараа Үндэсний телевиз рүү очтол "Гүй Лола Гүй" гэдэг кинонд дуу оруулахаар болоод биеийнхээ хэлэмжээр чи аав нь, чи ээж, чи охин нь гээд л хуваарилж өглөө. Тэгтэл тухайн үед МҮОНРТ-д ажилладаг байсан н.Батцэцэг эгч маань бид нарын дадлагын ажлыг удирдаад, бүгдийг нь студи руу оруулаад дуугараарай гээд нэг бүрчлэн хоолойг нь сонссон юм. Тэгээд сонсож дуусаад Лолагийн дүрд Б.Батсумъяа дуу оруулна гэдэг юм байна. Гэтэл бид нар бүгд гайхаад өнгөрч билээ.

Ингээд хөгтэй ч гэх үү хөгжилтэй ч гэх үү дадлагын ажлаа дуусгасныхаа дараа манай ангийнхантай Бажгаа эгч маань уулзаад ярилцлага хийсэн. Тухайн үед надад маш их түлхэц болсон гоё үг нь "Энэ охины дуу хоолойны өнгө нь орчуулгын кинонд тохирно" гэж хэлж байсан юм. Тэр нь надад орчуулгын киноны жүжигчин болж болох юм байна гэсэн ГЯЛААН өгөөд, түүнээс хойш би өөрийгөө орчуулгын кинонд ажиллаж болох юм биш биз дээ гэж бодож байсан юм.

Тэгээд сургуулиа төгсөөд Өмнөговь аймаг руу аав, ээждээ үнсүүлэх гээд явж байтал замд сүлжээ ортол А.Миеэгомбо маань залгаад "Сумъяа чи хаана байна. UBS телевиз орчуулгын киноны дуу оруулагч сонгон шалгаруулах гэж байна" гээд ярьсан юм. Тэгээд би дөнгөж ээж, аавдаа очиж үнсүүлээд л маргааш нь буцаад UBS телевиз дээр ирж, шалгаруулалтад орж тэнцээд, 1 жил орчим дагалдан жүжигчнээр ажилласан юм.

Гэтэл ТВ9 телевиз 2003 онд байгуулагдаад орчуулгын киноны жүжигчин авна гэхээр нь шалгаруулалтад орж, анхны кинонд нь дуу оруулсан. Түүнээс хойш орчуулгын киноны жүжигчнээр ажиллаад 20 жил болж байна. 10,000 гаруй кинонд дуу оруулсан байна. Орчуулгын кино гэсэн нэг сайхан гэр бүлийн нэг эд, эс нь болж яваадаа баяртай байдаг.

-Орчуулгын киноны жүжигчнээс маш их уран чадвар шаарддаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Маш их уран чадвар шаарддаг. Бид тухайн үед телевизийн түүхэнд анх удаа 200 ангит кинонд буюу "Хөөрхөн төрөх албагүй" дараа нь "Цэргийн сургууль" кинонуудад дуу оруулж байсан юм. Бас "Дүрсгүй Чо Та Ро" кинонд хүртэл дуу оруулж байлаа.

Түүнээс гадна орчуулгын киноны ахмад үеийн олон гавьяатуудаас суралцсандаа маш их баяртай байдаг. н.Элбэгсайхан ахтай хамт кинонд дуу оруулж байсандаа өөрөөрөө маш их бахархдаг.

-Бидний маш сайн мэддэг ч таныг дуу оруулж байсан гэдгийг мэддэггүй ямар кино байдаг юм бол?

-ТВ9 телевизээр гарч байсан "Дүрсгүй Чо Та Ро"-ийн дүрд би дуу оруулж байсан юм. Гэхдээ тэр кино нь хоёр өөр байдаг юм. Нэг нь жаахан бондгор, нөгөөх нь жаахан туранхай. МҮОНРТ-ээр гарсан "Дүрсгүй Чо Та Ро"-д Бажгаа эгч, Оюун эгч эд нар дуу оруулж байсан юм.

Сүүлд "Чо Та Ро"-д намайг дуу оруулсныг мэдээд хүмүүс их гайхдаг байсан юм. Жаахан эрэгтэй хүүхдэд дуу оруулдаг гэхээр хүмүүсийн толгойд нэг их буудаггүй юм шиг байна лээ. Хүүхдүүд дуу оруулдаг гэж боддог байх. Тэр ч бүү хэл 5-хан настай хүүхдэд ч дуу оруулдаг.

-10,000 гаруй орчуулгын кинонд дуу оруулсан юм байна. Тэгвэл дэлгэцийн уран бүтээлд хэчнээн их дүр бүтээв?

-Би 50 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээсэн байдаг.

-Таныг аавын эрх охин гэдэг юм билээ. Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Тэгэлгүй яах вэ. Би ээж, ааваас 7-лаа, айлын 5 дахь хүүхэд. Сайхан аавын эрх охин. Аав, ээж хоёр маань байнга бидний хүсэл мөрөөдлийг дэмждэг байсан учраас өнөөдрийн би бий болсон гэж хэлж болно. Бүр тухайн үед намайг СУИС-д шалгалт өгөх гэж байхад Өмнөговьд элсэлт ирдэггүй байсан юм. Тэгээд л би Улаанбаатар хотод ирээд конкурс өгөөд СУИС-д элссэн. Тухайн үед аав, ээж хоёр маань "Манай удамд урлагийн хүн байдаггүй юм. Энэ хүн л орох юм байлгүй" гээд л хэлж байсан юм. Гэсэн ч өнөөдрийн намайг бий болгож байсан гэр бүлдээ үргэлж талархаж явдаг.

-Цахим орчинд нэг гоё бичлэг их явдаг шүү дээ. Хайр-2 уран сайхны киноны зураг авалтын үеэр таны хань цэцэг бариад гараад ирдэг шүү дээ. Түүнээс л харахад таны ард бат зогсдог хүн бол яах аргагүй таны хань байх тийм үү?

-Тийм шүү. Манай киноны маркетингийн багийнхан маш сайн ажиллаж байсан. Хүн бүрд хүч энерги өгч байсан юм. Тухайн үйл явдлыг би ерөөсөө мэдээгүй юм. Яг тэр зураг авалтаар би муу мэдээ сонсчихсон орчлонгоос тасарч байгаа юм шиг зураг авалттай байсан юм. Тэгтэл найруулагч намайг "Сумъяа эгч ээ та яг энд зогсоно шүү. Таны араар хүмүүс зөрнө та анзаарахгүй байна шүү" гээд л хэлдэг юм байна. Тэгээд л яг тэр точиг дээрээ зогсож байтал найруулагч та саяны хэсгээ инээгээд явчих гэхээр нь гайхаад яагаад гээд асуутал "Та эргээд хар даа" гэхээр нь эргээд харсан чинь нөхөр маань гараад ирсэн. Тэгээд нөхрийгөө хэлэхгүй яасан юм бэ гэтэл танай кино багийнхан хэлж болохгүй гэсэн гэж билээ. Үнэхээр сайхан ханьтай учирсан.

-Энэ хүрээд ярилцлагаа өндөрлөе?

-Энэ сайхан ярилцлагадаа намайг урьж оролцуулсан танай редакцийн хамт олонд маш их баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.

Жанрайсаг бурхны хишиг улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ
Жанрайсаг бурхны хишиг улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.