Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: Халуун бас шаргалтсан ГЭРИЙН БООРЦОГ хамгийн амттай

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 57 секунд

Хөдөө нутгийн сайхныг хэлэх үү. Ээж, эмээ, эгч гээд айл гэрийн эзэгтэйчүүд аргал, хомоолоор галаа өрдөн, түмпэн дүүрэн гурил нухаж, тогоо дүүрэн тосонд БООРЦОГ хайрдагсан. Халуун бас шаргалтсан боорцог хичнээн амттай гэж санана. Бараг л хагас, бүтэн сайнгүй айл бүр гэрийнхээ боорцгийг хайран тэр долоо хоногоо өлхөн давдагсан.

Гэхдээ сүүлийн үед Монголчууд гэрийн боорцог хайрахаас илүүтэй худалдааны боорцог авах нь ихэссэн. Арга ч үгүй биз. Ажил, амьдралаа хослуулахын тулд өдөр шөнөгүй зүтгэж буй тул хэзээ нь ч боорцог хайрах билээ. Ялангуяа байр, орон сууцны айлууд боорцог хайрах тухай бодоход ч бэрх. Гэхдээ Монгол орны хаа нэгтээ олон хөдөлмөрч хүмүүс гэрийн боорцог хайран, үйлчлүүлэгчдэдээ чанартай хүнсээр дайлж, ээжийн гарын боорцгийг санагдуулж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Тэгвэл тэдний нэгээхэн төлөөлөл болох "Монгол гэрийн боорцог" цехийг UBN.mn сайт энэ удаагийн эерэг сурвалжилгаараа онцоллоо.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

СБД-ийн VII хороонд /6-р байрны ард/ байрлах "Монгол гэрийн боорцог" цех 2021 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй гэнэ. Анх энэхүү боорцогны цехийг Д.Ариунтуул гэх бүсгүй санаачилсан бөгөөд өнөөдрийг хүртэл олон үйлчлүүлэгчтэй болжээ. Энэхүү үйлдвэр гэрийн боорцогноос гадна хэрчсэн гурилыг ч мөн хэрэглэгчдэд хүргэдэг аж.

Ийнхүү бид "Монгол гэрийн боорцог" цехийн үүсгэн байгуулагч Д.Ариунтуултай ярилцахад,

Гэрийн боорцгонд дургүй Монгол хүн байхгүй байх

"Гэрийн боорцгонд дургүй монгол хүн нэг ч байхгүй байх. Хүн бүр л дуртай байдаг шүү дээ. Түүнээс гадна манай гэрийн боорцог өдөр бүр шинээрээ хэрэглэгчдэд хүрдэг. Иргэд ч гэсэн шинэхэн хүнсэнд дуртай учраас маш их худалдан авдаг. Байрны айлууд л гэхэд гэртээ боорцог хайрж, гурил зуурах боломж муутай. Ядаж л хиншүү гарна шүү дээ. Тэгэхээр яг ийм худалдааны гэрийн боорцгийг их сонирхож авдаг.

Манай хажууханд сургууль байдаг болохоор хүүхдүүд ч мөн дуртайяа үйлчлүүлдэг. Мөнгөө цуглуулж байгаад л 500 төгрөг, 1000 төгрөг гээд л байгаа мөнгөөрөө боорцог авдаг юм. Манайд чихэртэй, чихэргүй, сонгинотой, бүхэл үрийн гэсэн дөрвөн төрлийн боорцог гардаг бөгөөд 1 кг нь 6000 төгрөг. Үнэ харьцангуй боломжийн учраас ойр хавийн айл өрхүүд маань дуртай нь аргагүй худалдан авалт хийдэг. Гадуур худалдаалагдаж буй гурилан бүтээгдэхүүнүүд 1 кг хүрэхтэй үгүйтэй савлагддаг хэр нь илүү үнэтэй байдаг шүү дээ. Тиймээс бид ч мөн аль болох хямд өртгөөр иргэдэд үйлчилж, байгаа боломжоороо л ажиллахыг хичээдэг дээ.

Бас манайх боорцгоо өөхөн тосоор хайрдаг. Сүүлийн үед хүмүүс ургамлын тосноос татгалздаг болсон учраас өөхөн тосоор хайрсан гэхээр их л дуртай хүлээж авдаг" гэлээ.

Үнэхээр "Монгол гэрийн боорцог" цехийн боорцогнууд салахын аргагүй амттай. Чихэртэй төдийгүй чихэргүй нь ч гэсэн маш амттай. Тийм ч учраас иргэд дөнгөж хайраад гарч ирсэн боорцгийг худалдан авахыг илүүд үзэж, зарим нь бүр хайрч дуусах хүртэл нь хүлээдэг байна. Бас хөл, хөдөлгөөн ч ихтэй аж.

Хүн бүрд л боорцогтой холбоотой дурсамж бий. Ялангуяа хүүхэд насны дурсамж илүү тод хадгалагдан үлдсэн байдаг. Д.Ариунтуул ч мөн бидэнд өөрийнхөө мартагдашгүй дурсамжийг хуваалцахдаа,

Хүүхэд байхдаа дүү нартаа боорцгоо тоолж өгдөг байлаа. Гэтэл нэг өдөр авдарт цоожилсон боорцог дуусчихсан байдаг юм...

"Би олон эрэгтэй дүүтэй. Сургуульд байхад дүү нараа хараад төв дээр байдаг байлаа. Аав, ээж хоёр маань хөдөө. Тэгээд л хагас, бүтэнсайн өдрүүдэд заавал боорцог хайрдаг байсан юм. Түмпэн, түмпэнгээр нь боорцог хайраад л. Өөрөө ч боорцогонд дуртай болохоор төвөгшөөлгүй хийдэг байж.

Тэгээд л хайрсан боорцгоо авдрандаа хийгээд хадгалдаг байсан юм. Бүр цоожлоод үлдээдэг байлаа. Учир нь олон эрэгтэй дүүтэй учраас маш амархан дуусчихна шүү дээ. Тиймээс дүү нартаа өдөрт 10 ширхэг гээд л тоолоод өгдөг байсан юм. Гэтэл нэг өдөр хичээлээ тараад иртэл авдрын маань цоож бүтэн. Гэхдээ боорцог байдаггүй. Тэгээд юу болов гээд хартал дүү нар маань авдраа хойноос нь цоолоод найз нартайгаа хуваагаад идчихсэн байж билээ. Энэ мэт олон сайхан дурсамж байна" хэмээсэн юм.

Ийнхүү түүний дурсамжийг хуваалцах хооронд тэрбээр, өдөржин боорцог хайрч зогсох бас хиншүүнд удаан байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж мэдэх талаар хуучилсан юм.

"Монгол гэрийн боорцог" цех хэрчсэн гурил мөн үйлдвэрлэдэг. Цехэд нийт 3 ажилчин ажилладаг бөгөөд тэдний нэг нь Г.Ганчимэг хэмээх бүсгүй юм. Тэрбээр 2022 онд орон нутгаас нийслэл хотыг зорьж ирсэн бөгөөд ийнхүү Д.Ариунтуул дүүтэйгээ хамтран ажиллаж буй аж. Түүнтэй хэсэг хором ярилцахад,

Хэрчсэн гурил, гэрийн боорцог маань өдөр өдөртөө хүмүүст хүрдэг гэдгээрээ онцлогтой

"Би ихэвчлэн хэрчсэн гурилаа хийдэг. Д.Ариунтуул маань боорцгоо хийдэг бол би хэрчсэн гурилаа хариуцдаг гэсэн үг. Бас л боорцог шиг өдөр, өдөрт нь гараад дуусдаг. Хэрчсэн гурил хийхэд хүний гарын оролцоо тийм ч их биш. Учир нь гурил зуурдаг машин, хавтгайлдаг, хайрдаг, хэрчдэг гээд бүгд техникийн тусламжтай ажлууд байдаг. Хамгийн гол нь эрүүл, аюулгүй хүнс. Бас шинэ гэдгээрээ л онцлогтой юм. Мөн өөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах нь их чухал.

Хэрчсэн гурилнууд маань 1 кг-аар савлагддаг бөгөөд 4000 төгрөгөөр худалдаалагддаг" гэсэн юм.

Ийнхүү бид жирийн нэгэн өрхийн үйлдвэрлэгчдийн цехээр зочилсон нь энэ юм. Хийж бүтээх ид насандаа бусдын эрүүл мэнд тэр дундаа хүнсний аюулгүй байдлыг сайтар ханган иргэдэд үйлчилж, бас ээжийнх нь гарын боорцгийг санагдуулж,эрүүл, аюулгүй хүнсээр өдөр бүр хүмүүсийг дайлж бахархах сэтгэл төрж байв. Тэд бол манай улсад хувиараа бизнес эрхлэгчдийн нэг төлөөлөл бөгөөд олон залуусын өрхийн үйлдвэрлэлийг дэмжих нь Монголчууд биднийг өсөн дэвжихэд ихээхэн нөлөө үзүүлэх юм.

Ц.Элбэгдорж: Гуя дагуулж хүзүү гэгч болж...
Ц.Элбэгдорж: Гуя дагуулж хүзүү гэгч болж...
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.