Беларусь дахь эсэргүүцлийн жагсаал. Зургийн эх сурвалж: AFP
Ням гарагт Беларусь улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж, тус улсыг олон жилийн турш удирдсан Александр Лукашенко урьдчилсан дүнгээр хамгийн олон санал авчээ. Харин сонгуулийн дүнд итгэхгүй байгаа хэдэн мянган иргэн бослого гаргаж, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн байна.
Тодруулбал, 1994 оноос хойш засгийн эрхэнд байсан Лукашенко 79.7 хувийн санал авч, ялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч Светлана Тихановская 6.8 хувийн саналаар удаалжээ.
Үүний дараа 37 настай улс төрийн шинэхэн сөрөг хүчин болох Тихановская сонгуулийн дүнд эргэлзэж буйгаа хэвлэлийн хурлаар шуудхан мэдэгдэж, эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн байна.
Ийнхүү хэдэн мянган эсэргүүцэгчид нийслэл Минск хотын төв хөшөөний дэргэд цугларахад тэднийг дарахын тулд цагдаа нар өндөр даралттай усаар шүршдэг их буу, гранат хүртэл ашиглажээ. Харин одоо нийслэл хот төдийгүй бусад хотуудад ч иргэд жагсаж эхлээд байгаа аж.
Эх сурвалж: AFP
Х.Үүрийнтуяа