Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 4-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар цас орж баруун аймгуудын нутгаар салхины дундаж хурд 10-15 м/с, түр зуур 24-38 м/с хүрч ширүүссэн байна. Мөн 4-5-нд шилжих шөнө Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч цасан шуурга шуурсан.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Завхан аймгийн Баянтэс, Тосонцэнгэл, Увс аймгийн Зүүнхангай суманд нийт 3 иргэн сураггүй болсон дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, эсэн мэнд олжээ.
Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт энэ сарын 4-ний 13:00 цагийн орчим гэрээсээ автомашинтайгаа гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Увс аймгийн Баруунтуруун, Дорнод аймгийн Баянтүмэн, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Хэрлэн, Завхан аймгийн Баянхайрхан суманд нийт 24 зорчигчтой, 8 автомашин цасанд суусан дуудлагаар тухайн аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Түүнчлэн хүчтэй салхи, шуурганы улмаас Ховд аймгийн Дарви, Зэрэг, Чандмань сумын нутагт 16 гэр, хоёр байшин, хоёр гараашийн дээвэр, Увс аймгийн Ховд суманд нэг гэр, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд хоёр гэр нурсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд ажиллаж, иргэдэд тусламж үзүүлжээ.
Мөн Ховд аймгийн Дарви, Зэрэг, Цэцэг, Говь-Алтай аймгийн Бигэр, Бугат, Дарив, Тонхил, Төгрөг, Халиун, Хөхморьт, Цогт, Чандмань, Шарга, Эрдэнэ зэрэг нийт 2 аймгийн 14 сумын цахилгаан эрчим хүч тасалдсан бөгөөд “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсгүүд ажиллаж, бүх сумын эрчим хүч хэвийн ажиллагаанд шилжсэн гэдгийг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.