Манай улс жил бүр л анх удаа өвлийн улиралтай нүүр тулж буй мэт хүлээн авдаг. Нэг ёсондоо улс төдийгүй ард иргэд нь ч хүртэл өвөлдөө бэлтгэл муутайхан байдаг гэхэд буруудахгүй болов уу. Хүйтний улирлыг дагаад хэд хэдэн асуудал хамт ирдэг. Түүний нэг бол ханиад, томуу. Өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул төрөлжсөн эмнэлгүүдэд 575 ор, дүүргүүдэд 297 орыг дэлгэсэн" хэмээн мэдээлсэн. Энэ нь томуугийн өвчлөл цаашид нэмэгдэх хандлагатай байна гэдгийг илэрхийлж буй юм.
Иймд Ubn.mn сайт энэ удаа томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл болон эцэг, эхчүүдэд зөвлөмж өгөхөөр дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Улаанбаатар хот, СБД-ийн VIII хорооны "Манай эмч" ӨЭМТ
Ubn.mn сайтын сурвалжлах баг иргэдийн хамгийн түрүүнд зорьж үйлчлүүлдэг анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх зорилготой ӨЭМТ-ийг зорилоо. Сүүлийн үед бага насны хүүхдийн ханиад томуу хүндэрч, хатгалгаа өвчин болж буйтай холбоотойгоор тус "Манай эмч" ӨЭМТ-ийн клиникийн профессор, их эмч Б.Болормаатай ярилцсан юм. Тэрбээр,
Хүүхэд ханиад, томуу хүрсэн бол яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Хэрэв хүндэрвэл уушгины хатгалгаа өвчин болох эрсдэлтэй
"10 дугаар сарын сүүлээс эхлэн томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж байна. Мөн сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНХАУ-д гарч буй уушгины хатгалгаа өвчин эрчимтэй тархаж байгаа гэх мэдээлэл гарч байгаа. Мөн салбарын сайд ч мөн мэдээлж байгаа. Гэхдээ энэ өвчин нь одоогоор манай улсад бүртгэгдээгүй байна.
Гэхдээ томуу, томуу төст өвчний тархалт 0-5 насны хүүхдүүдийн дунд ихээхэн тархалттай байна. Хэрэв хүүхэд томуу өвчнөөр өвчилсөн бол яаралтай ӨЭМТ-өө хандаж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө мэдээлэл авч, яаралтай эмчлэхгүй бол уушгины хатгалгаа өвчнөөр өвдөж, хүндрэх магадлал маш өндөр байна. Тиймээс хүүхдүүдээ өвдсөн даруйд нь заавал эмчид хандаж, зөв эмчилгээг цаг алдалгүй хийлгэх нь зүйтэй. Мөн эцэг, эхчүүд маань хүүхдүүдээ дулаан хувцаслах, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх витамин, амин дэмийг өгөх, болж өгвөл гадуур авч явахгүй байх арга хэмжээ авахыг зөвлөж байна" хэмээв.
Томуу, томуу төст өвчнийг үүсгэж байгаа шалтгаан нь вирус болон бактерийн гаралтай гэсэн хоёр төрөлтэй байдаг. Эдгээрээс шалтгаалан эмчилгээ нь мөн өөр байдаг байна. Тиймээс эцэг, эхчүүд дур мэдэн эмчилгээ хийж болохгүй.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр /2023.12.04/ томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэх хандлагатай байгаа талаар ийнхүү мэдээлсэн юм. Тодруулбал,
Томуугийн дэгдэлт цаашид нэмэгдэх хандлагатай байна
"Томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжилийн түвшинд буюу 2 дахь шатны ангилалд байна гэж үзэж байна. Амбулаторийн үзлэгийн 5,5 хувь нь томуу, томуу төст өвчний тохиолдлоор үзүүлсэн байна. Томуугийн дэгдэлт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа учраас ЭМ-ийн сайдын тушаал гаргаж, төрөлжсөн томоохон эмнэлгүүд, Цэргийн нэгдсэн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгүүдэд ор дэлгэх арга хэмжээг авсан. Нийт 575 ор шинээр дэлгэсэн бол 9 дүүрэгт 297 орыг дэлгэн ажиллаж байна" гэсэн байдаг. Тиймээс цаашид томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгаа ба салбар яамны зүгээс бэлэн байдлыг хангаж, эмнэлгүүдэд шинэ ор дэлгэж буй аж.
Томуугийн дэгдэлтийн идэвхтэй үе нь жил бүрийн 10-р сараас 1-р сар хүртэл үргэлжилдэг. Учир нь манай улсад хүйтний эрч чангарахтай зэрэгцэн ханиад, томууны дэгдэлт нэмэгддэг байна. Түүнчлэн ханиад томууны вирусыг эцэг, эхчүүд өөрсдөө тээж хүүхдүүддээ халдварлуулдаг талаар мэргэжилтнүүд анхааруулж, амны хаалтаа тогтмол хэрэглэхийг зөвлөдөг. Тэгвэл тотмуугийн дэгдэлттэй холбоотойгоор эмийн сангуудаар амны хаалтны худалдан авалт хэр их нэмэгдсэн талаар СБД-т байрлах ... эмийн сангийн эмзүйчээс тодруулахад,
Сүүлийн үед амны хаалтны худалдан авалт эрс нэмэгдсэн. Эцэг эхчүүд ч мөн зөвхөн жороор эм худалдан авч байгаа
"Сүүлийн үед хүмүүс амны хаалтыг сайн худалдан авч байна. 2-5 насны хүүхдүүд болон сургуулийн насны хүүхдүүдийн амны хаалт сайтар зарагдаж байгаа. Ковидын үед бид бүгдээрээ амны хаалтаа хэрэглэдэг байхад ханиад, томуу ч хүртэл бага байсан. Тэгэхээр амны хаалт бол маш хэрэгтэй зүйл.
Мөн сүүлийн үед эцэг, эхчүүд дур мэдэн эм авч, ханиад хүрсэн хүүхдэдээ эмчилгээ хийх нь багассан байна лээ. Бид ч мөн заавал жороор эм олгож байгаа. Ээг, эхчүүд ч гэсэн эхлээд заавал эмнэлгийн тусламж авч байж дараа нь эмийн санд ирдэг болсон" хэмээв.
Томуугийн ерөнхий шинж тэмдэг,
- Халуурах,
- Шингэн нус гоожих,
- Нулимс гарах,
- Найтаах
- Ханиалгах шинж тэмдгүүд илэрдэг.
Вирусын гаралтай ханиадны үед өндөр халуурах бөгөөд 38 градусаас дээш хэмээр халуурдаг байна. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдээ өндөр халуурах үед нь дур мэдэн антибиотик эсхүл халуун бууруулах эм өгөх тохиолдол гардаг. Энэ нь буруу бөгөөд хүүхэд халуурч байгаа нь дархлаа сайн байгааг илтгэдэг аж. Хэрэв хүүхэд 38,5 хэмээс илүү халуурвал хүүхдийн жинд тохируулан парацетамол эмийг хуваан өгч болдог байна.
Бид үргэлжлүүлэн эцэг, эхчүүдийн төлөөллөөс томуу, томуу төст өвчний тархалтын талаар тодруулсан юм. Эцэг, эхчүүд,
Эцэг, эхчүүд өөрсдөө халдвар тээгч болмооргүй байна. Ханиаднаас сэргийлмээр байна
"Ханиад, томуу цэцэрлэгүүдээр их байна гэж харж байгаа. Сургуулиудад харьцангуй бага байгаа юм болов уу. Гэхдээ хүүхэд бүрийн дархлаанаас шалтгаалдаг байх. Бас томчууд ч мөн өөрсдийгөө ханиад, томуунаас хамгаалж чадвал хүүхдүүд өвчлөх нь бага байх юм болов уу. Гэхдээ том хүмүүс бас хэцүү. Хажуугаар ханиалгаад зөрөх тохиолдол ч байдаг. Энэ болгон нь маш хэцүү санагддаг. Эцэг, эхчүүд өөрсдөө халдвар тээмээргүй байгаа юм.
Миний хувьд ямар ч тохиолдолд эмнэлгийн байгууллагад ханддаг. Өмнө нь дур мэдэн эмчилгээ хийдэг л байсан. Гэхдээ яг тийм тохиолдолд дараа дараагийн авах арга хэмжээ нь илүү хүндэрчихсэн байдаг юм болов уу гэж боддог. Тиймээс аль болох эмчид л хандах хэрэгтэй" гэлээ.
Харин өөр нэгэн ээж,
Хүүхдүүд дахин дахин ханиад хүрч байна. Суурийг нь бүрэн эмчлэхгүй байгаатай холбоотой байх
"Хүүхдүүд ханиалгаж байгаад л төд удалгүй хатгалгаа болоод эмнэлэгт хэвтээд байна. Үүнийг л гайхаад байна. Өнөөдөр зүгээр байж байгаад маргааш нь үзүүлэхээр л хатгалгаа болоод байх шиг байна. Эцэг, эхчүүд ч мөн хайхрахгүй байж байгаад ханиад, томууг нь хүндрүүлээд байх шиг байна. Бас дахин дахин давтах шинжтэй байх шиг байна л даа. Суурийг нь сайн эмчлэхгүй болохоор сэдрээд байгаа юм болов уу гэж харж байна" гэсэн юм.
Тэгвэл бид үргэлжлүүлэн "Бомбордук" хүүхдийн уламжлалт эмчилгээний төвийн эмч С.Сувдтай ярилцахад,
Хүүхэд халуурч, ханиалгах нь багасахаар эцэг, эхчүүд бүрэн эдгэсэн гэж бодоод эмчилгээг зогсоочихдог. Гэтэл ханиад, томуу туссан хүүхэд бүрэн эдгэхэд 1 сарын хугацаа шаарддаг
"Аливаа өвчин эхлэл, өрнөл, төгсгөл үетэй байдаг. Уламжлалт анагаах ухаанд амьсгалын замын өвчнүүдийг,
- Эс боловсорсон үе,
- Боловсорсон буюу дэлгэрсэн халууны үе
- Эдгэрлийн үе шат гэж гурван үе шатад хуваан үздэг.
Эс боловсорсон үе нь бидний нэрлэж заншсанаар нууц үе буюу дөнгөж ханиалгаж, хамар битүүрч, нус гоожиж байгаа үе. Энэ үеийг дуусахаар өвчний ид үе буюу дэлгэрсэн халууны үед хүүхэд халуурна, ханиалгана, найтаана, гүйлгэж, бөөлжих зэрэг бүх шинж тэмдэг илэрдэг. Энэ үед эм тан хэрэглэж, хүүхдийн ханиадыг эмчилнэ. Үүний дараа эдгэрлийн үе шатад хүүхэд эмчилгээ авсан тул ханиаж, найтаах нь багасаад ирэхээд эцэг, эхчүүд нь тайвшраад эмээ зогсоож, дутуу эмчилгээ хийдэг. Гам дэглэмийг нь алдагдуулчихдаг.
Гэтэл хатгалгаа өвчнөөр өвчилсөн хүүхдийн маань уушиг бүрэн дүүрэн нөхөн сэргэхэд багадаа 14-28 хоног шаарддаг. Ойролцоогоор 1 сар. Тэгэхээр хүүхэд ханиад хүрсэн л бол эргээд хэвийн болох хүртэл 1 сарын хугацаа шаардлагатай байдаг байна.
Мөн түүнчлэн уламжлалт анагаах ухаанаар эмчлэгдэх боломжгүй бол бид мэргэжлийн эмнэлгийг нь зөвлөдөг. Европын болон уламжлалт анагаах ухаанд тус бүрд нь тохирсон эмчилгээ гэж бий. Тиймээс бага насны хүүхэд хатгалгаа авсан, ханиад нь даамжирсан тохиолдолд уламжлалт анагаах ухаанаар эмчлэхгүй.
Харин хүүхдийн ханиад бүрэн гүйцэт эдгээгүй буюу хий ханиалгаж байгаа хэрнэ чагнахаар ямар нэг цэргүй, хоолой ам зүгээр байгаа тохиолдолд ханиад, томуу нь бүрэн төгс эмчлэгдээгүй байна гэж үздэг. Энэ тохиолдолд хүүхдэд тохирсон, ханиадыг бүрэн гүйцэт эмчлэх эмчилгээг уламжлалт анагаах ухаанаар хийж болно. Нэг ёсондоо европ анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан хосолсон байдлаар амьсгалын замын өвчнийг бүрэн гүйцэт эмчлэх боломжтой гэсэн үг юм" хэмээлээ.
Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ ханиад томуу тусахаас өмнө урьчилан сэргийлж, дархлааг нь дэмжих хэрэгтэы бөгөөд ханиад, томуу хүрсэн тохиолдолд заавал эмнэлгийн байгууллагад хандаж, шаардлагатай эмчилгээг бүрэн төгс хийлгэх шаардлагатай байна.