Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэн Г: Тусгаарлалтын байр тоггүй, цэвэр усгүй, 00 нь эвдэрхий, орон доороос нь тамхины иш, бэлгэвч гарч ирсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 4 секунд

Монгол улсын Засгийн газар, УОК-оос гадаадад гацсан иргэдээ шат дараатайгаар татан авч, тусгаарлан ажиглах байранд 21 хоног шинжилгээ аван, тусгаарлаж байгаа билээ. Тэгвэл иргэд харилцан адилгүй газруудад тусгаарлагдаж, зарим нь Юнивишнтэй, тохилог дулаан орчин, амт чанартай хоолтой зочид буудалд, нэг хоёроороо байгаа бол зарим нь оюутны дотуур байр, ашиглагдахаа больсон амралтын газруудад тог, усгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар нэг өрөөнд дөрвөөс наймуулаа тусгаарлагдаж байна. Тиймээс бид энэ удаа Монголын Үндэсний Их Сургуулийн оюутны дотуур байранд тусгаарлагдаж буй иргэн Г-тэй тусгаарлан ажиглах байрны нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Та хэзээ аль нислэгээр ирсэн бэ? Онгоцноос буухад хэнийг хаана тусгаарлахыг та бүхэнд яаж зарласан бэ?

-Би наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Ханой-Улаанбаатарын нислэгээр ирлээ. Хаана ямар байранд тусгаарлахаа огт хэлээгүй шууд МҮИС-н оюутны дотуур байранд авч ирсэн.

-Тусгаарлах байранд очиход ямар нөхцөл байдал угтаж авав? Яагаад зочид буудалд биш оюутны байранд тусгаарлах болсноо тайлбарласан уу?

-Тусгаарлах байранд ирэхэд 00 нь эвдэрхий, зарим газар нь хэсэг хэсгээрээ тоггүй, дээр нь маш бохир байлаа. Яагаад буудалд оруулаагүй гэдгээ тайлбарлаагүй. Эмэгтэй оюутны байр гэсэн боловч орон доор нь маш их хогтой, тамхины иш, бэлгэвч хүртэл гарч ирсэн. Бид нар өөрсдөө цэвэрлээд орсон.

-Нэг өрөөнд хэдүүлээ байгаа вэ? Хоолны амт, чанарын хувьд ямар байна?

-Нэг өрөөнд 4-8 хүн байна. Хоол, цай дажгүй сайхан. Харин цэвэр ус байхгүй, хэлэхээр гэрээсээ ав гэж хэд хэдэн хүнд хэлсэн байна лээ. Тэгээд бид бүгд гэрлүүгээ ус буцалгагч захиж аваад хэрэглэж байна.

-Та бүхний дунд нялх хүүхэдтэй хүн эсвэл өндөр настан байгаа юу?

-Бага насны хүүхдүүд олон байгаа. Ламхай нар болон 4,5 насны хүүхэдтэй хүн байна лээ.

-Тусгаарлалтын байранд хичнээн төгрөг төлсөн бэ? Тусгаарлан ажиглах байр эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа талаар УОК-т мэдээлсэн үү? Өөрсдөө бол иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэж байгаа гэж хэлж байсан?

-Бид 1 сая 60-н мянган төгрөг төлж ирсэн. Ирээд тусгаарлах байр шаардлага хангахгүй байгааг хамгийн түрүүнд УОК-т мэдэгдсэн хүн маань өчигдөр орой энэ байраа магтаж пост хийсэн байна лээ.

-Өөрөө энэ байр эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэж УОК-т хамгийн түрүүнд мэдэгдчихээд дараа нь магтсан пост бичсэн гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Тухайн хүнээс гадна та бүхэн өөрсдөө УОК-т нөхцөл байдлыг хэлж, шаардлага тавьж үзсэн үү?

-Одоо үзэх гээд л ярилцаж байна. Энд байгаа хүмүүсийн олонх нь лам нар юм л даа. Тэд нар бол сайхан цэвэрлээд орчихъё гээд цэвэрлээд л орцгоож байна.

-Гадаадаас ирээд тусгаарлагдаж байгаа зарим хүмүүсийг шинжилгээ өгөхөөс татгалзаж байгаа талаар УОК-оос мэдээлж байсан. Өдөрт хэдэн удаа яаж шинжилгээ авдаг вэ? Шинжилгээ өгөхөд өвдөх гэх мэт татгалзах шалтгаан, зовиур байдаг уу?

-Эхний өдөр шинжилгээ авсан татгалзах шалтгаан байгаагүй. Өглөө болгон халуун үзэж байна. Дараагийн шинжилгээг хэзээ авахыг мэдэхгүй байна.

 

 

 

Ковидын үеэр ч амжилтаа алдаагүй Өмнөд Солонгосын энтертайнмент
Ковидын үеэр ч амжилтаа алдаагүй Өмнөд Солонгосын энтертайнмент
 
ОХУ-ын Санкт-Петербург хотноо Гирийн спортын Дэлхийн цомын тэмцээнд Монгол тамирчин Төрийн далбаагаа мандууллаа
ОХУ-ын Санкт-Петербург хотноо Гирийн спортын Дэлхийн цомын тэмцээнд Монгол тамирчин Төрийн далбаагаа мандууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.