Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Энхтөр: Гэр бүлийн хүчирхийллийн давтамжийг холбогдогчийн регистрийн дугаараар бүртгэж, дахин ЯЛ ЗАВШИХ ЭРХ олгохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 31 секунд

  • Цагдаа байна. 102... Байна уу. 102 сонсож таныг сонсож байна...
  • Манай ээжийг зодоод байна...
  • Ээжийг чинь хэн зодоод байна гэнэ ээ?
  • Ээжийг зодоод байна...
  • Ээжийг чинь хэн зодоод байгаа юм бэ. Хариулаарай?
  • Аав...

Яг ийм агуулга бүхий дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарт өдөр бүр ирдэг. Дуудлага мэдээлэл өгч буй иргэдийн дийлэнх нь айж сандарч, тэвдсэн байх бөгөөд ард нь хүчирхийлэл үйлдэгчийн харааж зүхэх хийгээд хохирогчийн орилж, тэмцэж буй чимээ сонсогддог.

Энэ бол яах аргагүй хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл. Өдрөөс өдөрт оюун ухаант хүний энэ үйлдэл буурах ёстой байтал харин эсэргээрээ нэмэгдсээр. Хамгийн харамсалтай нь энэ төрлийн дуудлага мэдээллийн 50 гаруй хувь нь давтамжтайгаар бүртгэгдсэн байдаг аж. Үүний учир шалтгааны ихэнх хувийг өнөө л бор дарс эзэлдэг. Тэгвэл Цагдаагийн байгууллага хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн тоон мэдээллийг тэр дундаа тухайн айлд хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ямар давтамжтай бүртгэгдэж буйг тогтоох, цаашлаад хохирогч, гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор "ECS" программыг хөгжүүлж, хохирогч, холбогдогчийн регистрийн дугаар болон дуудлага мэдээлэл өгсөн утасны дугаараар давтамжтай дуудлага мэдээллийг бүртгэлжүүлж эхэлжээ.

Тэгвэл энэхүү программыг яагаад боловсронгуй болгож, гэр бүлийн хүчирхийллийг багасгах зорилго тавьсан талаар ЦЕГ-ын УСГ-ын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн Ахмад Ш.Энхтөрөөс тодруулахад,

Гэр бүлийн хүчирхийлэл давтамжтай бүртгэгдсэн тохиолдолд холбогдогч этгээдийг ял завшихаас сэргийлж, хохирогчид үүсэж болзошгүй аюул ослоос хамгаалж чадах юм

"Дуудлага мэдээллийн давтамжийг бүртгэлжүүлснээр хохирогчийн аюулгүй байдлыг бүрэн хангах, хохирогчид төрийн үйлчилгээг бүрэн үзүүлэх гол ач холбогдолтой. Мөн хохирогч өөрөө дуудлага мэдээлэл өгсөн ч дараа нь гэр бүлийн харилцааны онцлогоос хамаараад 3-4 хоногийн дараа “Дуудлага мэдээллээ буцаая. Би гэр бүлээ хамгаалж үлдмээр байна” гэдэг. Тиймээс энэ үйлдлийг таслан зогсоох мөн энэ бүрийг бүртгэж авдаг программ хангамжтай л болсон гэсэн үг.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгөхөд Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл болон Хэв журмын зөрчил мөн бусад ангиллаар ангилагдан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад ECS программаар мэдээлэл очно. Үүний дараа харьяа дүүргийн цагдаагийн байгууллага нь ECS программаас шууд дуудлага мэдээлэл хүлээн авч, шалгах эрх бүхий албан тушаалтан буюу эргүүлийн цагдаа нарын таблет төхөөрөмжид дуудлага мэдээллийг шилжүүлдэг байгаа.

Тухайн дуудлага мэдээллийг хүлээн авсан алба хаагчид зөрчлийн болон хэргийн газар очсон даруйдаа дуудлага мэдээллийн анхны нөхцөл байдлын зурган мэдээллийг таблет төхөөрөмжөөр авч, ECS программд оруулдаг болсон. Ийнхүү тухайн зөрчлийн материалыг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан шүүх дээр тухайн зураг мэдээллийг нотлох баримтаар ашиглах боломжтой. Ингэснээр тухайн холбогдогчийг ял завшуулахаас урьдчилан сэргийлж буй юм" хэмээв.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл

Энгийнээр тайлбарлавал, Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл давтамжтай бүртгэгдэж, холбогдогч этгээдэд зохих ял шийтгэлийг тухай бүрт нь оногдуулснаар ял завшихаас сэргийлж, улмаар гэр бүлийн хүчирхийллийн тоо буурах боломжтой юм.

"ECS" программыг урьд өмнө цагдаагийн байгууллага ашиглаж байсан бөгөөд зөвхөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдлын давтамжийг бүртгэлжүүлж буй аж. Учир нь энэ төрлийн хэргийг бүртгэлжүүлснээр дуудлага мэдээлэлд очсон цагдаагийн алба хаагчид ч өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж, тухайн хүчирхийллийг үйлдэж буй гэмт этгээдийн зан төлөв болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ ашигладаг зүйлсэд дүн шинжилгээ хийж, эрсдэлийг тооцоолох боломжтой болох юм.

Гэр бүлийн хүчирхийллийн эцсийн зогсоол нь нэг нь шоронд орж, нөгөө нь шороонд булагдсанаар төгсөх нь бий. Үүний олон жишээ ч нийтэд ил болж байв. Иймд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах жишээнүүдийг дурдъя.

БОДИТ КЕЙС

Кейс 1: 2021.01.21-ны өдөр БЗД-ийн ... дугаар хороонд 1991 онд төрсөн 30 настай эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ж-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар багалзуурдан онц ноцтойгоор амь насыг нь хөнөөв...

Кейс 2: 2018.05.31-ний шөнө Төв аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт иргэн Н-ийг хамтран амьдрагч Б гэгч нь амь насыг нь хороогоод, цогцсыг нь гэрийн хажууд байсан тэргэнд хийгээд ойролцоох жалганд оруулан шатаасан. Улмаар шүүгдэгч Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Н-ийн толгой, цээжин тус газарт нь цохин алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноов...

Кейс 3: Сэлэнгэ аймгийн ... сумын ... багт оршин суух Д эхнэр Ж-тэй архидан согтуурсны улмаас маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараараа болон усны гутлаар нүүрэн тус газарт нь цохиж, амийг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан. Гэрчийн мэдүүлгээр талийгаач “Хийлдэг гудас дээр уруул нь сэтэрч цус болж нүүр нь хөхөрч ухаангүй байсан. Харин нөхөр нь толгойг нь түшээд хажууд нь сууж байсан, гурван хүүхэд нь гэрийнхээ үүдний өрөөнд уйлалдаад сууж байсан” гэж мэдүүлж байв.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн голомт

Иймд иргэд та бүхэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй ойрын хамаатан садан, хөршийн болон танилын хүмүүсээ эрсдэлээс хамгаалж Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт дуудлага мэдээллийг цаг алдалгүй өгөхийг уриалж байна. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийг нуун дарагдуулах нь хамгийн буруу алхам бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг иргэн та өөгшүүлж болохгүй юм. Эцэст нь хохирогч мөн гэмт хэрэг үйлдэгч хүчирхийлэгч танд гэр бүлийн хүчирхийллийг нуух сонголт үлдээгүй гэдгийг "ECS" программын хөгжүүлэлтээс харах боломжтой боллоо.

МЕТРО ХОТ: Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлж, “ТУУЛАЙЧЛАХ“ сэтгэлгээнээсээ САЛЪЯ
МЕТРО ХОТ: Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлж, “ТУУЛАЙЧЛАХ“ сэтгэлгээнээсээ САЛЪЯ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.