Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлж, “ТУУЛАЙЧЛАХ“ сэтгэлгээнээсээ САЛЪЯ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 27 секунд

Нийслэлчүүд өглөө, оройдоо автобусанд суух гэж “АЗ”-аа үзэх шиг л болж байна. Азтай нь автобусандаа багтаж, азгүй нь жолоочид “Багтахгүй нь үлдээдэх, битгий чихээд бай” гэж загнуулаад үлдэнэ. Сэргэлэн ч гэх үү, бүдүүлэг ч гэх үү хэд нь хойд хаалгаар чихээд орно. Мэдээж мөнгө төлөхгүй.

Тэд “Нийтийн тээврээ хөгжүүл, автобусаа нэм” хэмээн бухимдаж амандаа үглэнэ. Нийтийн тээвэрт сүүлийн 10-15 жил парк шинэчлэл дорвитой хийгээгүй, эрх бүхий албан тушаалтнуудын буруу гэдгийг олон нийт хэлж, Хотын удирдлагууд ч хүлээн зөвшөөрсөн. Харин нөгөө талаасаа автобусны “ТУУЛАЙ”-нууд ч нийтийн тээврийг хөгжлөөс ухрахад нөлөөлж буй. Учир нь жолоочид 100, 200 гэх мэт задгай бэлэн мөнгө өгнө эсвэл “ШИРЭН НҮҮР”-лээд мөнгө ч төлөхгүй тэр чигээрээ хойшоо яваад өгнө. Жолооч “Хөөе, картаа дар” гэж шаардсан ч чихгүй толгойлно. Харин нөгөө хэсэг нь дээр хэлсэнчлэн, хойд хаалгаар нь чихдэг сэргэлэн ч юм шиг, бүдүүлэг ч юм шиг хүмүүс. Автобус ирэнгүүт уралдан гүйх хүмүүсийг жолооч урд хаалган дээрээ бөөгнүүлж байж, хойд хаалгаа нээхгүй бол эд “АЛААН” болж байхад нээвэл тэгээд л чихэцгээнэ дээ.

Ингээд автобусаар зорчигчдын дийлэнх нь зохих журмын дагуу буюу картаа уншуулж төлбөрөө төлдөггүйгээс нийтийн тээврийн салбарыг алдагдалд оруулах том хүчин зүйл болж буй юм. Мөнгөө төлөхгүй байж, соёлтой сайхан үйлчилгээ нэхнэ гэхээр санаа зовмоор ч юм шиг...

Мөнгөгүй дээ биш, түрүүлж сандал дээр суух гэж дайрах "АМИНЧ ҮЗЭЛТЭН"-үүд

Ний нуугүй хэлэхэд, 500 төгрөггүйдээ ч биш хүн ихтэйгээр далимдуулж, мөнгө төлөхгүй санаа. Зарим нь бусдаасаа түрүүлж сандал дээр суухын тулд автобусны хойд хаалгаар чихэж буй. Сандал дээр суух гэснээс 40-өөс дээш насны эгч нар яаж "ДААМ" гардгийг залуучууд мэдэх биз. Залуучууд өвчтэй, ядарсан байх, эмэгтэйчүүд жирэмсэн байх нь бараг л хамаагүй. Тэд өөрсдийнхөө дөрвөн мөчөө амрааж байвал бусдын тав тух хамаагүй.

Автобус руу орж ирэнгүүтээ л "олз" хайсан аятай нүд нь гялалзаад, "хаанаас хэнийг хөөж босгох вэ" гэж бодож буй нь илт. Босохгүй бол толгой дээр цүнх, саваа тавина. Хэл амаар доромжилно. Жишээлбэл,

"Чи над шиг эцэг эхгүй юу, над шиг хөгшрөхгүй юу" гэх мэтээр загнана. Заримдаа "Муу сайн өнчин өрөөсөн юмнууд, настай хүнийг хүндлэхээ мэдэхгүй" гэж нас намбандаа баймгүй авир гаргана даа.

Соёлтой сайхан нийтийн тээврээр зорчмоор байвал өөрчлөлтийг иргэд өөрсдөөсөө хийх шаардлагатай байгаа нь энд харагдана.

Х.Ганхуяг: Баянгол дүүрэгт хийгдсэн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2020 онтой харьцуулахад 6,5 дахин нэмэгдсэн
Х.Ганхуяг: Баянгол дүүрэгт хийгдсэн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2020 онтой харьцуулахад 6,5 дахин нэмэгдсэн
 
Outlaw хамтлаг 20 жилийн ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ
Outlaw хамтлаг 20 жилийн ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.