Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Зээл авсан иргэн, ААН-үүдийг шалгана

Ангилал
 Хууль эрх зүй АТГ-ААС АСУУЯ
Огноо
Унших
4 минут 45 секунд

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Н.Тэмүүлэнгээс хөгжлийн банктай холбоотой зарим асуудлыг тодрууллаа.

-Зээл эргэн төлүүлэхээс гадна хөрөнгүүдийг битүүмжилж эхэлсэн талаар та бүхэн мэдээлсэн. Тухайлбал, үл хөдлөх 186, үйлдвэрийн барилга 1 битүүмжилсэн гэсэн. Зээлээ төлөх гээд явж байхад нь зээлээ төлөх боломж эх үүсвэрийг нь битүүмжилчихээр яаж зээлээ төлөх юм бэ? Хөрөнгийг нь битүүмжлэхгүй байж тэдгээр хүмүүс зарж борлуулан зээлээ төлөх боломжтой юм биш үү гэх өнцөг нийгэмд байна. Ямар учраас хөрөнгийг битүүмжилдэг вэ?

-Битүүмжлэх бус захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан байгаа. Захиран зарцуулах эрхийг хязгаарлах нь учирсан хохирлыг барагдуулах зорилготой ажиллагаа юм. Хэргийн ажиллагаанд оролцогчийн хувьд зээлээ уг хөрөнгөнөөсөө эргэн төлнө гэдэг байдал байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиран зарцуулах эрх нь хязгаарласан хөрөнгийг хэрхэн хохирол барагдуулахад ашиглах талаар хүсэлт гаргах эрхтэй. Энэ хүсэлтийг харгалзан үзээд тухайн нөхцөл байдалд шийдэгдээд явах боломжтой гэсэн үг.

-Тухайлбал, "Гантиг Вилла" хотхоны 9 блок барилгыг битүүмжиллээ гэсэн. Жишээлбэл, зээлдэгч уг хотхоноосоо 1 блокоо зарж зээлээ төлмөөр байна гэвэл нээлттэй гэж ойлгож болох уу?

-Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хүсэлтээ гаргаж болно. Хүсэлтийг хянан үзэж тодорхой нөхцөл байдалтай нийцэж буй эсэхийг нягталж үзээд зээл, хохирлын эрргэн төлөлтийг хийгээд явах бүрэн боломжтой.

-Баялаг бүтээгчид болон төслөө зориулалтын хэмжээнд ашиглан зарцуулж байгаа зээлдэгчдийг АТГ түрүүлж цохон шалгаж байна гэдэг шүүмж яваад байна. Ажлаа хийж төслөө зориулалтын дагуу аваад явж байгаа зээлдэгчдийг цохон шалгаад байгаа нь ямар учиртай вэ? Энэ дээр улс төрийн холбоо хамаарал байна уу гэдэг хардлага байна. Энэ тухайд та мэдээлэл өгнө үү?

-Энэ асуултыг их асууж байна. Жишээлбэл, “Монполимет” компани дээр түлхүү асууж байна л даа. Чанаргүй зээлдэгчийн материал дотор “Монполимет” компанийн мэдээлэл ирсэн. Хуулийн хүрээнд бүгд шалгагдах ёстой. Шалгагдаж байгаа гэдгийг хүмүүс гэм буруутай гэж ойлгоод байдаг. Шүүхээр тогтоогдсон тохиолдолд л гэм буруутай гэж үзнэ. Мэдээлэл ирсэн бол шалгах нь бидний ажил. Шалгалтын ажиллагаагаар зээл нь журамдаа нийцсэн эсэхийг тогтоодог. Тиймээс баялаг бүтээгчдийг илүүтэй шалгаж байна гэдэг нь өрөөсгөл ойлголт.

-Ялгаваргүйгээр шалгана гэлээ. Чанаргүй зээлдэгчийн нэрсийн дунд “Империал гоулд майнинг” компани 16 тэрбумын зээл авсан байсан. Энэ компанийн эзэмшигч нь УИХ-ын дарга Г.Занданшатар гэх мэдээлэл гараад эхэлсэн. Улстөрчдөөс хамгийн өндөр албан тушаалтай хүн хүртэл хөгжлийн банкны зээлэнд холбогдсон юм уу? Жишээлбэл, энэ компани дээр ямар шалгалт ажиллагаа явагдаж байна вэ?

-“Империал гоулд майнинг” компани чанаргүй зээлдэгчийн мэдээлэл дунд ирсэн. Одоогоор шалгалт хийгдэж байна. Энэ жишээн дээр УИХ-ын дарга болон түүний хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээд уг компаниас ашиг хүртдэг, эсвэл уг компанид байгаа гэсэн зүйл одоогоор тогтоогдоогүй. Одоогийн байдлаар хамаарал бүхий зүйл гарч ирээгүй.

-Хөгжлийн банкны зээл авсан 13 төрийн байгууллага байгаа ба өр нь 1,1 их наяд төгрөг болсон байна. Олон нийтийн сүлжээнд зээлийн асуудлыг ярихдаа зөвхөн хувийн хэвшлийн аж ахуйг дэлгэн зээлийг нэхэж байгаа нь харагдаж байна. Төрийн байгууллагын зээлийг төлүүлэх тал дээр ямар ажиллагаа хийгдэж байна вэ?

-Төрийн байгууллага бол байхгүй. Харин төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд л байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Зээл авсан бүх хүн, аж ахуйн нэгжийг шалгана.

Дөрвөн настай хүүхэд угаалгын машины хатаагчинд гацсаныг аюулгүй гаргажээ
Дөрвөн настай хүүхэд угаалгын машины хатаагчинд гацсаныг аюулгүй гаргажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.